Ханс Майкл Вайсс: Маврик улсын шигшээ багт 2:0 оор хожигдсон нь бидний амжилт

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Ханс Майкл Вайсс нь Герман улсын иргэн, хөл бөмбөгийн шилдэг мэргэжилтэн бөгөөд дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай юм. Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд чансааны 127-д хүргэсэн амжилт үзүүлж байсан. Тэрбээр Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын Нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай дасгалжуулагч юм. Тэрбээр өдгөө Монголын хөл бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж байгаа билээ. Түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

- Та Монголын шигшээ багийг дасгалжуулаад жил орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын шигшээ багийн чадвар хэр сайжирсан гэж бодож байна. 

- Ерөнхийдөө сайжирсан гэж үзэж байгаа. Би энд ирээд маш чадварлаг, залуу довтлогчийг сонгож авсан. Бие бялдрын хувьд бэлтгэгдсэн эрч хүчтэй залуу тоглогчдыг сонгосон гэхэд болно. Манайд 16-аас доош, 19 наснаас доош насны шигшээ багууд байгаа.  Залуу тамирчид бүхий л цагаа хөл бөмбөгийн бэлтгэлдээ зориулах бүрэн боломжтой байдаг. Тиймээс залуу тамирчдаар шигшээ багаа бүрдүүлсэн

- Саяхан Маврикийн багтай хийсэн тэмцээнд манайх 2:0 оор хожигдсон. Хожигдох шалтгаан юу байв?

- Мэдээжийн хэрэг шалтгаан байгаа. Тэд хоёр гоол оруулсан. Бид чадаагүй. Нөгөө тал бол мэргэжлийн тамирчид. Өдөр болгон сургуулилт хийдэг. Харин Монгол тамирчдын хувьд хоёр долоо хоног бэлтгэл хийгээд тус тоглолтод оролцсон. Гэхдээ манай тамирчид хоёр долоо хоног бэлтгэл хийчихээд Маврикийн багтай 2:0 харьцаатай тоглоно гэдэг маш том үр дүн. Энэ тоглолт гаднын хөл бөмбөг мэддэг хүмүүсийн нүдэнд шал өөр харагдсан. Тухайлбал, Индонез, Хятадаас над руу миний хөл бөмбөгийн танил багш нар мессеж бичсэн. Тэд хэлэхдээ “Хоёр долоо хоногийн бэлтгэл хийсэн хэрнээ яаж танай тамирчид ийм сайн тоглов. Сайн бэлджээ” гэж хэлж байсан. Энэ бол бидний хувьд амжилт. Маврикийн баг нь дэлхийн чансаагаар 158-д бичигддэг, чадварлаг тамирчидтай баг. Харин манайх 189-д бичигддэг юм. Энэ бол том ялгаа.

- Монголд өвлийн улиралд бэлтгэл хийх боломжгүй байдаг нь тамирчдын ур чадварт нөлөөлдөг үү?

- Маш их нөлөөлдөг.  Нийт 12 сарын дөрвөн сард нь л бэлтгэл хийх боломж олддог. Бүтэн зургаан сард нь ямар ч бэлтгэл хийдэггүй. Тиймээс ч гүйцэтгэл сайн биш байдаг. Хэрэв хоёрдугаар сараас эхлээд 12 дугаар сар хүртэл бэлтгэл хийдэг болбол үр дүн маш сайн байна.

- Монголын тамирчдыг бусад орны тамирчидтай харьцуулахад хэр чадварлаг вэ?

- Давуу тал бий. Монгол тамирчид бусад орны тамирчдаас илүү хүчирхэг. Хэрэв сайн сургаж чадвал бусад тамирчдаас илүү байж чадна. Бусад орны тамирчид бие жижигтэй хэрнээ хурдтай харагддаг. Гэхдээ өөр улсын тамирчин Монгол тамирчинтай нэг шүргэлцээд өнгөрөхөд сүрдэнэ. Учир нь Монголын тамирчдаас бяр харагдаж байдаг. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талыг ашиглахын тулд бэлтгэл хийх хэрэгтэй. Гэвч бэлтгэл хийх боломж төдийлөн хангагдахгүй байгаа нь тамирчдын чадварт сөргөөр нөлөөлж байна. Манай багийн ахлагч Төрбат  долоо хоногт гуравхан удаа бэлтгэл хийх боломжтой байдаг. Гэтэл бид өдөр бүр бэлтгэл хийж байх ёстой. Бидэнд өдөр бэлтгэл хийх боломж байхгүй байна.

- Манай хөл бөмбөгийн шигшээ багийн гол тоглогч Солонгост ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

- Энэ тал дээр би хамаагүй мэдээлэл өгмөөргүй байна. Хувь хүний нууц шүү дээ. Бид байгаа тамирчдаа маш сайн бэлтгэж байгаа.  Монголын хөл бөмбөгийн тамирчдад сайхан ирээдүй бий. Сайхан ирээдүйг бий болгоход гагцхүү бэлтгэл хийх боломжийг нь бүрэн хангаж өгөх хэрэгтэй байна. Өөрийн цалингаараа амьдрах боломжтой хүмүүсийг мэргэжлийн тамирчин гэдэг. Хэрэв тамирчдад тодорхой амьжиргаагаа залгуулахад хангалттай хүрэхүйц цалин өгч, бэлтгэл хийх боломжоор нь хангавал маш их давуу талтай. Манай шигшээ багийн тамирчид цалин авдаг боловч амьжиргаанд нь хүрдэггүй.

- Төрөөс хөл бөмбөгийн холбоонд ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү. Ер нь санхүүжилтээ хэрхэн босгодог вэ?

- Улсаас ямар ч дэмжлэг байдаггүй. Бид өдөр болгон залбирдаг. Монголын төр засгаас багахан ч болтугай дэмжлэгийг хөлбөмбөгт өгөөсэй гэж хүсдэг. Санхүүжилтээ Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоо гэх мэт байгууллагаас босгодог. Хэрэв бидэнд илүү их боломжийг олговол бид илүү сайн байх боломжтой гэдгийг хэлмээр байна.

- Та олон оронд дасгалжуулагч хийж байсан. Бусад улс оронд төрөөс нь хөл бөмбөг рүү чиглэсэн дэмжлэг үзүүлдэг үү?

- Филиппиний хувьд бол амжилттай яваа бизнесмен өнөөг хүртэл хөл бөмбөгөө санхүүжүүлээд явж байгаа. Тус бизнесмений хүсэлтээр 2011-2014 онуудад Филиппиний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.  2010 он гэхэд Филиппин Энэтхэгийн түвшинд байсан. Дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан юм. Харин намайг дасгалжуулагч байх хугацаанд, 2013 он гэхэд чансааны 127-д хүрч амжилт үзүүлсэн.  Би Африкт мөн дасгалжуулагч хийж байсан. Африкт Засгийн газраас нь дэмжлэг үзүүлдэг. Ихэнх улс орнуудад Засгийн газраас нь Хөл бөмбөгийн холбоонд нь дэмжлэг үзүүлдэг. Тайландад бол хувийн бизнесийн секторууд дэмжлэг үзүүлдэг. Манай хөл бөмбөгчдийн хувьд хоёр жилийн дараа өөрсдөө цалин аваад хөл бөмбөгөө тоглодог болох байх гэж бодож байна. Хөл бөмбөгийн суурь нь клуб юм. Клубүүд нь тамирчиддаа маш сайн цалин өгөх хэрэгтэй. Харин хөл бөмбөгийн холбоо нь хөл бөмбөгийг дэмжин ажилладаг юм.

- Та яагаад Монголын шигшээ багийг дасгалжуулах болов. Шалтгаан нь?

- Миний хувьд цалин гэхээсээ тамирчид чухал. Би Монголд боломж байгааг олж харсан. Хэдий хүнд нөхцөлд байгаа ч гэсэн боломж бий. Би тамирчдынхаа чадварыг тодорхой хэмжээгээр өсгөхийг хүсч байна. Би 2, 3 жил дасгалжуулагчаар ажиллахад тодорхой хэмжээний суурийг тавьж өгнө. Дараагийн дасгалжуулагч  тамирчдын чадварыг улам илүү ахиулах байх.


- Эвгүй асуулт байж магадгүй. Таны цалингийн хэмжээ сонирхолтой байна?
- Цалингийн хувьд надад Монголын нөхцөл байдалд тохирсон цалинг л өгч байгаа байх. Би өөрөө энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд ажиллаж байна. Надад бол тамирчид чухал. Бид чадах хэрээрээ ажиллаж байгаа.

- Монголын тамирчид хэзээ амжилт гаргана гэж харж байна?

- Өнгөрсөн хугацааг харахад бид амжилт гаргаад эхэлсэн. Харин одоо хэрхэн амжилтаа тогтвортой хадгалах вэ гэдэгт бид төвлөрч ажиллаж байна. Зүүн Азийн хөл бөмбөгийн тэмцээн есдүгээр сард Монголд болно. Тус тэмцээнд Гуам, Макао гэх мэт улсыг ялахыг зорьж байна. Гуам нь Америк хөл бөмбөгчидтэй бөгөөд чадварлаг тоглогч нартай. Тэднийг ялах мэдээж амаргүй байх. Өнгөрсөн зургаан сарын богинохон хугацаанд бид амжилт гаргасан гэж бодож байна.  Малайз, Хятад, Солонгос зэрэг орнуудад очиж тоглож, туршлага судалсан. Өмнө нь 3:0-оор Вьетнамын багт хожигддог байсан бол өнөөдөр оноотой хожигдож байна. Энэ бол маш том ялгаа. Өнгөрсөн тэмцээнүүдэд манай үзэгчид стадионыг дүүртэл ирж өөрийн багаа дэмжиж байсанд бид маш их баярлаж байгаа. Сэтгэл санаагаар дэмжинэ гэдэг маш том зүйл. Есдүгээр сард бид Азийн хэмжээний том тэмцээнүүдэд оролцоно. Биднийг ирж дэмжээсэй гэж хүсч байна.

- Ярилцсанд баярлалаа.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gool(49.142.130.114) 2018 оны 04 сарын 06

Жүдогийн шигшээ шиг бэлдүүлж тусалж дэмжүүлж Баттулга шиг аваад яавчих аавын хүүд алтан жолоог н атгуулчихвал

0  |  0
Оюун(66.181.186.104) 2018 оны 04 сарын 05

Тэгвэл хожигдоод байж дээ .

0  |  0
Ккк(66.181.161.99) 2018 оны 04 сарын 05

Иоэх жил 1: 0 - иор хожигдох зорилт тавиж 1 : 0 - иор хожигдохын төлөө үхтлээ тэмцэх хэрэгтэй

0  |  0
Ахмад хөлбөмбөгч(150.129.143.50) 2018 оны 04 сарын 04

Юун амжилт.Хүйтэнд жихүүцэн,сандал суудал нь хүрэлцэхгүй,зогсоогоороо хэдий ч маш халуунаар дэмжсэн фанатуудаа голд нь ортол гомдоож, ердөө л гудамжны хөлбөмбөг ч тоглож чадаагүй нь үнэн штээ.Дэндүү дээ дэндүү, даанч дэндүү муу байсан.МХБХ-ы ерөнхийлөгчийн сонгуульд Хүзүүгүй хүн шууд гар дүрж,пялдагчид даган баясаж,буруу нөхрийг сонгосны гор ч үүгээр дуусахгүй дээ

0  |  0
ork(182.160.36.237) 2018 оны 04 сарын 04

uneer doromjilj bndoo, hojigdsonoo amjilt geed, mongold hugjiohgui sport bol hul bumbug shuu, torguilt oruulj chadahgui shigsheegiin tamirchin geheer sonin baisaan hahauliin tsoh

0  |  0
Зочин(59.153.112.92) 2018 оны 04 сарын 04

Маврик гэж газрын хаанахын мухарт байдаг улс юм бэ? гүүглэдээд ч илэрц гарч ирэхгүй багт хожигдохдоо баярлаад байдаг...

0  |  0
зочин(202.179.26.228) 2018 оны 04 сарын 04

үнэхээр Доромжилчих юм байна л даа, Маврикт хожигдоход АМЖИЛТ ч гэх шиг,

0  |  0
ч(202.72.245.122) 2018 оны 04 сарын 04

хөл бөмбөг бол бүтээлч спорт байх нь зөв Зүгээр л эсрэг талдаа саад болох ганц философи байх шиг

0  |  0
Top