Александр Бурдонский: Сталины ач хүү гэдгээ мартах юмсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

 ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Виссарионович Сталины ач хүү Александр Бурдонскийгийн өнгөрсөн жил нас барахынхаа өмнөхөн “Известия” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. ОХУ-ын Ардын жүжигчин, Оросын Армийн Төв академик театрын найруулагч байсан тэрээр өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд насан өөд болсон юм. Соёл урлагийн ажлаа тайван хийхийн тулд Сталин гэх овгоо сольж ээжийнхээ овгийг авсан байсан Александр нь Сталины хүү Василийгийн том хүү юм.

45 жил Оросын Армийн театрт ажилласан Александр Бурдонский энэхүү ярилцлагаа маршал Жуковын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээн дээр өгч байжээ.

-Маршалын дурсгалд зориулсан жүжгийг яагаад та найруулсангүй вэ. Энэ сэдэв танд их ойр шүү дээ?

-Надад энэ жүжгийг найруулахыг санал болгосон. Би татгалзсан юм.

-Яагаад?

-Энэ талаар яриад ч яахав дээ. Энэ жүжигт Георгий Константинович Жуковын талаар командлагч, цэргийн хүнийх нь хувьд бүх зүйлийг өгүүлсэн байна. Харин би түүнийг хувь хүнийх нь хувьд дэндүү сайн мэднэ. Түүний талаар маш их зүйлийг уншсан. Ярих ч хэрэггүй зүйлүүд тэр дунд бий. Найруулагч Андрей Бадулин их сайхан талаас нь харуулсан жүжиг тавилаа. Олон зүйлийг тойруулж хийсэн байна. Маршалын дурсгалд зориулж хийсэн жүжиг болохоор тэр их олон дурсамж, дурдатгалыг уншжээ. Ийм төрлийн жүжиг тавихад тэр нь ч хангалттай. Хэрвээ би энэ жүжиг дээр ажилласан бол илүү хүндээр хийх байсан. Тийм хүнд зүйл ямар хэрэгтэй гэж.

-Жүжигт маршалыг илүү ажил хэрэгч талаас нь харуулсан гэж та дүгнэжээ дээ?

-Тодорхой бус харуулсан байна. Жишээ нь, Сталин Жуковт парад хийхийг санал болгосон хэсэг байна. Иосиф Виссарионович цагаан морин дээр мордтол түүнийг булгиад шидчихсэн. Энэ нь мэдээж утгагүй. Ямар ч тодорхой зүйл байгаагүй. Энэ бүх түүх худал. Хоёр удаа цус харваж, гар нь мэдээгүй болсон байсан Сталин морин дээр мордож чадахгүй шүү дээ. Миний аав Василий Сталины талаар ч амьд зүйл алга. Цуурхалыг үгүйсгэх хэн ч байхгүй учраас хүмүүс юу хүссэнээ бодож олох юм.

-Хэн нэгний дурсгалд зориулсан жүжигт дандаа сайн сайхныг нь өгүүлдэг. Харин та ингэх хэрэггүй гэж бодож байна уу?

-Харамсалтай нь яагаад ч юм ийм дүрэм байгаад байдаг. Гэтэл би Сталины талаар бичсэн таагүй зүйлүүдийг өдөр бүр бүх сониноос уншдаг.

-Залуу үе эндээс аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгахад бэрх байх...

-Залууст энэ нь хэрэггүй гэж надад санагддаг. Сталинд өөрийн гэсэн цаг үе байсан. Цаг улиран одох ёстой. Өөр үнэлгээ, өөр зүйлүүд гарч ирэх ёстой. Бүгд тодорхойгүй, маш хэцүү. Сталин, Жуков хоёр энгийн бус харилцаатай байсан. Гэхдээ тэр ерөнхий командлагчдаа таалагдсан анхны маршал байсан. Тэд маш сайн хамтран ажилладаг байсан нь үнэн. Сталин Жуковт итгэсэн. Коневт биш, Рокоссовскийд биш Жуковт итгэснээс нь харахад маршал түүнд их таалагддаг байсан.

«Расторгнут их брак не был. Отец никогда маме развода не давал»

Александр аав, ээжтэйгээ.

-Та овгоо сольж, нам жим амьдрахыг илүүд үзсэн ч угсаа гарал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг нь ойлгомжтой. Өвөө тань ямар хүн гэдгийг эрт мэдсэн үү?

-Би бүр бага байхаасаа л өвөөг хэн гэдгийг нь мэддэг байсан. Сталины ач хүү гэдгээ мартмаар байдаг ч болохгүй юм. Багаасаа л "сургуульд би онц сурлагатан байх ёстой, биеэ үлгэр жишээ авч явах ёстой" гэсэн бодол толгойд байдаг байсан. Өөртөө эрх чөлөө олгож чаддаггүй байлаа. Дараа нь намайг цэргийн хүн байх ёстой гэж ярьцгааж, Суворовын цэргийн сургуульд явуулсан. Аав намайг цэргийн хүний зам мөр хөөхийг шаардсан. Би дургүйцсэн дээ. Удаан хугацаанд хүссэнээрээ байж чадаагүй. Сталины ач хүү гэдгээсээ болоод их чанга амьдралд байсан даа.

-Та өвөөгөө харж байсан уу?

-Хоёр удаа л жагсаал дээр харж байсан. Харин гэртээ бол хэзээ ч харж байгаагүй. Миний аав ч дүүтэйгээ хамт Сталин дээр зүгээр яваад орж чаддаггүй байсан. Тэд аав дээрээ орохын тулд хамгаалагч нараас зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Утсаар ярихад хүртэл зөвшөөрөл хэрэгтэй.

-Аавынхаа талаар дурсаач?

-Аав авъяаслаг хүн байсан. Гэхдээ Сталин гэх нэр түүнээс зүүгдээстэй байсан болохоор аав сэтгэлдээ хямралтай байсан. Тэр бага зэрэг амбийцтай хүн байлаа. Гэр бүлээ салгахдаа дүү бид хоёрыг ээжид өгөөгүй. Бид аавтай амьдардаг байсан. Би дөрвөн нас илүүтэй, Надя гуравтай байлаа. Дүү минь аавд их хайртай байсан. Харин би аавд ээжид тэгж хатуу хандсанд нь үргэлж гомдож явдаг байсан. Бид хойд эхтэй өссөн шүү дээ. Аав хэд хэдэн удаа гэрлэсэн.

Бяцхан Сашад найз байдаггүй байжээ. Дүү Надя нь түүний ганц түшиг тулгуур байв.

-Аав тань залуугаараа нас барсан...

-Тийм ээ. Аав уудаг байсан. Энэ нь түүнийг үргэлж хэл аманд оруулдаг байсан юм. Ээж үүнтэй нь эвлэрч чадаагүй. Нэг удаа аав цонхны хажууд зогсч байгаад “Галка, аав амьд болохоор л би амьд байгаа гэдгийг чи ойлгохгүй байна уу” гэж хэлж байсан. Сталиныг гуравдугаар сарын 9-нд оршуулсан. Харин 29-нд аавыг барихаар ирсэн. Тэр есөн жил хоригдож, суллагдаад удаагүй байхдаа нас барсан.

-Та одоо ч аавдаа гомдсон хэвээрээ юу?

-Би одоо түүнээс хөгшин. Аав 41 настайдаа нас барсан. Харин би 75-тай. Би амьдралынхаа талаар, аавын үйлдлүүдийн талаар удаан эргэцүүлж бодсон. Тэгээд түүнийг заримдаа зөвтгөдөг. Аав түргэн зантай хүн байсан. Ээжтэй байнга ямар нэгэн байдлаар маргадаг байлаа. Ээж минь энэ гэрлэлтээс их уй гашуу амссан даа. Аав хоригдсоныхоо дараа ээж рүү байнга захидал бичдэг байсан. Түүнийг нас барсны дараа би ээжээс аавд яаж ханддаг байсныг нь асуусан. Түүний үгнээс би ээж аавд маш их хайртай байсныг ойлгосон. Түүнээс хүүхдүүдийг нь авч, амьдралыг нь сүйтгэсэн ч гэсэн хайрладаг байж. Гэхдээ аавыг эргэж нийлье гэхэд нь ээж чадаагүй.

Александр Бурдонскийтой салах ёс хийх үеэр. 2017 оны тавдугаар сарын 26.

Иосиф Сталин с сыном Василием и дочерью Светланой, 1935 год

Сталин хүү Василий, охин Светлана нарын хамт.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(174.231.6.163) 2018 оны 04 сарын 09

Muu aluurchin olon saya hyn alsan

0  |  0
R(103.212.117.245) 2018 оны 04 сарын 04

Harin ch ovoogooroo baharhah yostoi,orosiig daind yaluulj manai ulsiig huleen zovshoorch bsn hamgiin gol n shunalgui hun bsn gsen shuu zailuul

0  |  0
Зочин(202.9.41.54) 2018 оны 04 сарын 04

Энэ хүний аав Василийгийн тухай сын отца народов гээд кино тэр чигээрээ л санагдах зүйлийг ярьжээ. Александр мундаг найруулагч байсан.

0  |  0
Top