Хон Хэрээдийн Б.Энхбат: Би МУ-ын ”Цаазын ял”-аас амь мултарсан сүүлчийн бөгөөд цор ганц хүн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

"Чухал зочин” булангийнхаа ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэ дугаартаа бид охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр чанга дэглэмтэй шоронд амьдралынхаа 10 жилийг өнгөрүүлсэн Хон Хэрээдийн Б.Энхбаттай "Цаазын ял"-ын талаар ярилцлаа. Тэрбээр өдгөөгөөс 10 жилийн өмнө цаазын ял сонсож улмаар  амь мултарсан хамгийн сүүлийн хүн юм.

-Монгол Улс цаазын ял”-аас татгалзаад зургаан жил болж байна. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль”-ийг соёрхон баталснаар цаазаар авах ял”-аас татгалзсан улс болсон байдаг.  Үүнээс хойш яг зургаан жилийн дараа “цаазын ял”-ыг сэргээх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гарган ирж олон нийтээс санал асуугаад эхэллээ. Та бол 2008 онд “цаазын ял” сонсож, бараг цаазлуулах шахаж байсан хүн. Тиймээс хоёулаа “цаазын ял”-ын талаар ярилцлагаа эхлүүлье.

-“Цаазын ял” гэдэг бол маш эмзэг сэдэв. ХХ зуунд  Шинэ Монгол Улс байгуулагдсан цагаас хойш буюу 1921 оноос хойших Монгол Улсын түүхийг аваад  үзэхэд,  манай улс “цаазын ял”-гүй болох гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг юм. Анх 1921  долдугаар сарын 30-ны өдөр тухайн үед Монгол Төрийн дээд эрхийг бүрэн аваад байсан “Монгол Ардын Нам”-ын байгуулсан Засгийн Газрын долдугаар хуралдаанаар Монгол Улсад “цаазаар авах ял”-ыг албан ёсоор хориглосон тогтоолыг гаргасан байдаг. Гэвч Шинэ Монгол Улсын дөнгөж байгуулсан үеэс эхлэн Монголын шилдэг эх оронч жанжин Д.Сүхбаатар, Гүн Тогтох, “Хувьсгалт Түр Засгийн Газар”-ын дарга Д.Чагдаржав, Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бодоо нарын олон “шударга эх оронч” нар бусдын гарт цаг бусаар алагдсаны дараагаар Монгол Улсын Төрийн дээд эрх мэдлийг жолоодох албанд Хятад цус холилдсон Бао Лингийн Цэрэндорж тэргүүтэй баахан эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан, ар талдаа Хятад хүмүүсийн дэмжлэгтэй улсууд олноор орж ирсэн юм. Улмаар тэдгээр бусармаг улс төрч нарын удирдсан Засгийн Газрын 1923 оны зургадугаар сарын 29-ны өдрийн хуралдааны 22 дугаар тогтоолоор “цаазын ял”-ыг Монгол Улсад албан ёсоор дахин сэргээсэн байдаг. Үүний уршгаар 1923-1940 оны хооронд Монгол Улс 200 гаруй мянган Монгол хүнээ элдэв хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлэн цаазалж устгасан аймшигт түүх бий. Энэ бол Монгол Улсын Төрийн дээд эрх мэдлийг жолоодох албанд Хятад цус холилдсон Бао Лингийн Цэрэндорж тэргүүтэй баахан эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан, ар талдаа Хятад хүмүүсийн дэмжлэгтэй улсууд олноор орж ирж Монгол Улсад “цаазын ял”-ыг дахин сэргээсний балаг. Үүнээс хойш буюу 1950-иад оны эхээр 1924-1940 онуудад болж өнгөрсөн  аймшигт хэлмэгдүүлэлтэд хохирсон Монголчуудын холбоотой хэргүүдийг дахин шалгах тэднийг цагаатгах их ажил эхлэх үеэр буюу 1953 оны наймдугаар сарын 5-ны өдөр Ардын Их Хурлын 93 дугаар  тогтоолоор Монгол Улсын Төр “цаазын ял”-аас дахин татгалзсан байдаг юм. Гэвч  төд удалгүй Хятадын эрлийз гэгддэг ард түмэн дунд “До Яамны харгис хар” хэмээн адлагддаг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жамбалдоржийн санаачлагаар 1954 оны зургадугаар сарын 16-нд “цаазын ял”-ыг дахин сэргээсэн байдаг юм. Тэр цагаас хойш Монгол Улс “цаазын ял” хэрэглэж явсаар 1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар Монгол Улсад шинэ “Эрүүгийн хууль” батлагдах үеэр Монгол Улс “цаазын ял”-гүй улс болох асуудал дахин яригдаж, НҮБ тэргүүтэй олон улсын томоохон байгууллагууд ч тэр байдлыг дэмжиж Монгол Улсыг цаазын ялгүй улс болох саналыг удаа дараа дэмжин албан тоот, бусад зөвлөмжүүдийг удаа дараа ирүүлж байсан байдаг.

Энэ үед ард түмэн дунд “хоноцын хүүхэд” хэмээн яригддаг, мөн сонин хэвлэлд “хятад цус холилдсон хүн” хэмээн олонтоо бичигдэж байсан П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгч болж улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бутрос Бутрос Галид илгээсэн захидалдаа “...Монгол Улс “цаазын ял”-тай байх ёстой...” гэсэн хариу мэдэгдлийг хийж Монгол Улсыг “цаазын ял”-гүй улс болгох асуудлыг элдвээр эсэргүүцэн байсаар “цаазын ял”-ыг хэвээр үлдээсэн байдаг. Ингэж явсаар хамгийн сүүлд 2012 онд Монгол Улс “цаазын ял”-аас албан ёсоор татгалзсан удалгүй “Эрүүгийн хууль”-аасаа “цаазаар авах ял”-ыг бүрмөсөн хассан. Гэтэл 2017 онд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр Х.Баттулга гэгч хүн гарч ирээд бас дахиад л Монгол Улсад “цаазын ял”-ыг сэргээх тухай асуудлыг ярьж эхэллээ. “Цаазын ял” бол тухайн улсыг хоцрогдсон, харанхуй, бүдүүлэг, дарангуйлал дор оршдог улс болохыг л дэлхийн соёлт хүн төрөлхтөнд харуулдаг зүйлүүдийн нэг. Яагаад гэвэл аливаа нэг улс оронд өөрсдийн хэмжээгүй эрхт дарангуйллаа тогтоохыг санаархсан хүмүүс л “цаазын ял”-ыг сонирхдог. Хууль зүйн салбарын алдартай олон эрдэмтэн мэргэд аль нэгэн улс орон “цаазын ял”-тай байснаар онц ноцтой гэмт хэргийн тоо буурна гэдэг үзэл санаа худал хуурмаг зүйл болохыг хөдөлшгүй баримтуудаар судлан тогтоосон байдаг.

Ер нь “цаазын ял”-тай улс оронд бүх юм эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэх хүний зан авир нь улам харгис болж эхэлдэг.  Монгол Төрийн нэрийн өмнөөс надад албан ёсоор “цаазын ял”-ыг оноож байсан хүний хувьд хэлэхэд, миний олж үзсэн баримтаар бол 1965 оноос 2005 оны хооронд буюу 40 жилийг хамарсан нэгэн судалгаанд Монгол Улс нийт 806 Монгол иргэнээ цаазалсан байдаг. Үүнийг хүн амынхаа тоотой харьцуулбал  манай Монгол Улс урд хөрш Хятад улсаас 2,6 дахин их,  АНУ-аас 8,6 дахин их иргэнээ цаазалсан байгаа юм. Энэ бол аймшигтай үзэгдэл. Хятад Улс хийгээд АНУ хэдэн хүн амтай билээ, Монгол Улс хэдэн хүн амтай билээ...гээд бодоод үз дээ. Тэгээд ч Монгол Улс “цаазын ял”-гүй улс болсноо дэлхий дахинд ил тод зарлах үед Европын Холбооны Улсуудаас эхлээд арлын Япон Улс хүртэл маш олон улс орон талархан баяр хүргэж байсан. Тиймээс өнөөдөр “цаазын ял”-ыг сэргээх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гарган ирж олон нийтээс санал асуулга авна гэдэг бол тэр хүн өөрийнхөө нэр хүндээ Монголчууд дунд өсгөх гэсэн арчаагүй явдлын л илрэл. Монголчууд өнө эртнээс “Мунхаг нэгэн хүн ална, Мунхаг төр нэмээд нэгийг хорооно” гэж зүгээр ч нэг хэлцэж ирээгүй юм шүү.  Гэмт хэрэгтэнд Төрийн нэрээр “цаазын ял” оноосноор хохирогчдын талын гомдол арилдаг гэвэл бүр худлаа. Мөн өөр нэг аюултай тал нь хэрэв өнөөдөр манай улс “цаазын ял”-тай болох юм бол чамаас эхлээд өлгийтэй нялх хүүхэд, 70, 80 настай өтгөс буурал хүртэл бүгд “алуурчин” болно. Яагаад гэвэл аль нэгэн гэмт хэрэгтэнд “цаазын ял”-ыг оноохдоо Женко Баттулгын нэрийн өмнөөс гэж оноодоггүй, “Бүх ард түмний нэрийн өмнөөс, Монгол Улсын нэрийн өмнөөс” гэж оноодог. Тиймээс “гэмт хэрэгтэн”-г цаазалснаар тухайн ард түмэн “ариусах уу?” эсвэл бүх ард түмнээрээ хуульчилсан аллагыг үйлдэхэд оролцдог алуурчин болох уу гэдгийг бид бодох ёстой. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн салбараас улс төрд орж ирэхдээ ардаа дандаа Хятад санхүүжүүлэгчидтэй байсан. Бизнес хийж явахдаа Хятадаас санхүү, эдийн засгийн дэмжлэг авдаг байсан гэдгээ өөрөө ч нуудаггүй. Тэгвэл өнөөдөр энэ хүний санаачлан Монгол Улсыг “цаазын  ял”-тай болгосноор хэнд ашигтай вэ гэвэл БНХАУ-д ашигтай. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Энэ байгууллагынхаа гарсан янз бүрийн тунхаглал, протоколд Монголчууд өөрсдөө эхлээд бид оръё гэж гуйж элсэн орсноо гэнэт болиод бид одоо гарлаа гээд "аальгүйтээд" байвал Монгол Улс НҮБ болон түүний гишүүн олон улс орны өмнө өөрсдийн нэр хүндээ алдахад хүргэж ингэснээрээ Монгол Улсын  тусгаар тогтнолын нэг том баталгаат тулгуур ганхаж эхэлнэ гэсэн үг. Ингэх нь хэнд ашигтай вэ гэвэл Хятад Улсад л ашигтай. НҮБ-ын зүгээс Монгол Улсын  тусгаар тогтнолыг хамгаалах ажиллагаа нь сулрах юм бол  Монголыг эрхшээлдээ оруулах гэж олон зуун жил санаархаж яваа Хятадуудын мөрөөдөл биелэх үйл нэг шат урагш ахина гэсэн үг.

-Таны хэлж байгаагаар Ерөнхийлөгчид Хятадын нөлөөлөл орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн санаа юу?

-Тийм. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад “цаазын ял”-ыг сэргээх гэснээрээ Хятад Улсад л ашигтай нэгэн бодлогыг ил гаргаж ирж байна. Бага балчир насны хүүхдийг хүчиндэх нь “сэтгэцийн эмгэг өвчтэй хүн”-ий шинж. “Сэтгэцийн ноцтой хүнд өвчтөн”-гүүдийн үйлдсэн бузар хэргийн төлөө гэсэн ганцхан шалтгаанаар Монгол Улсын хуульд “цаазын ял” оруулж хэрхэвч болохгүй. Дээр нь  “сэтгэцийн гаж донтой, ноцтой өвчтэй  хүмүүс”-ийн хийсэн үйлдлийг нийгэмд гарч буй аймшигт гэмт хэргүүдийн илрэл болгон олон нийтэд өргөнөөр түгээн сурталчилж болохгүй. Манай Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга олон “ёо ёо”-той хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тэднийгээ өөрийнхөө зөвлөхөөрөө томилчихсон байгаа бололтой. Үүний нэг жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэх Г.Уянга гэгч хүүхэн  юу яриад байгаа юм. Хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд “цаазын ял” оноодог байдлаар “цаазын ял”-ыг сэргээнэ гэдэг нь зүгээр л ард түмний сэтгэлийн хөөрлөөр тоглох гэсэн шоу. Дээр нь “гэмт хэрэгтэн”-г “агтлуулъя” гэж ч байх шиг. “Агтлуулсан эр хүн” өмнөхөөсөө ч аймшигтай, маш харгис хүн болж хувирна. Тиймээс хүнийг агтлах гэсэн ийм санал жаахан “ёо ёо”-той хүмүүсээс л гарах байх

-Та яаж мэдэж байна вэ?

-Би “тайган” нарын түүхийг олон жил судалсан хүн. Миний “Захиалгат аллага” хэмээх түүхэн баримтат цуврал романд “тайган” хүмүүсийн тухай тун тодорхой гардаг. Хүнийг бага балчир үед нь “тайган” болгох, насанд хүрсэн хойно нь “тайган” болгох гэсэн хоёр хэлбэр байдаг. Насанд хүрсэн хойно нь “тайган” болгосон тохиолдолд тэр эр хүний “бэлгийн ажил” хийх чадвар нь хэвээр  үлддэг.

-10 жилийн өмнө “цаазын ял” хүртэж үхэх цагаа хүлээж явсан хүний хувьд сэтгэлзүйн талаасаа яривал?

-Аливаад “ханах” мэдрэмж гэж байдаг шиг “цаазын ял” хүнд нэгэн өвөрмөц ханах мэдрэмжийг  өгдөг. “Цаазын ял” авч байгаа хүнд айдас төрдөг гэж хүмүүс ойлгодог. Гэвч миний анзаарснаар бол тэд “цаазын ял”-аас айдаггүй юм. Харин эсрэгээр хурдан үхэх юмсан гэсэн бодол л төрдөг. Шүүхийн танхимд “цаазын ял” сонсчихоод уйлаад сөхөрч унасан хүнийг үзсэн хүн ховор байх. “Цаазын ял” авсан эрүүл сэтгэцтэй хүмүүс өмгөөлөгч нараасаа “өршөөл гуйх хэрэггүй”, миний өмнөөс “амь гуйж” болохгүй шүү... гэж л хүсдэг. Миний шүүх хурлыг сурвалжилж байсан олон сэтгүүлчид шүүгч нар надад “цаазын ял” өгөхөд миний зүгээс “би та нараас “амь гуйхгүй”... “өршөөл хүсэхгүй” гэж тэдгээр шүүгч нарт хандан чангаар хэлж байсныг тод сонссон тухайгаа сонин хэвлэлд бичсэн байдаг. Энэ бол үнэн шүү. Тэр үед миний сэтгэлд амь гуйх, өршөөл хүсэх бодол огт орж ирээгүй.

-Тухайн үед танд яг юу бодогдож байсан бэ?

-Олон хүн намайг худлаа хэлж байна гэх байх. Би тэр үед эд нар надад “цаазын ял” оноосон ч “Монгол Төрийн сүлд” намайг цаазлуулахгүй гэдэгт итгэж байсан. Тиймээс би шүүх хурлын танхимаас гарахдаа эхнэр хүүхдүүддээ хандан “Төр намайг цагаатгана”... гэж хэлээд цагдаад туугдан явсныг тэнд байсан сэтгүүлч нар сонсож сонин хэвлэлд тэр тухай бичсэн байсан. Монгол Улсын Төрийн сүлд хэнд цаазын илдээ буулгах вэ? хэнд цаазын илдээ буулгах хэрэггүй вэ гэдгээ мэддэг гэдэгт би итгэдэг байсан. Тэр итгэл зөв байсныг ч би өөрийн биеэр үзсэн.  Тухайн үед миний хохирогчийн ар гэрийнхнээс гадна Монголын Төрд өндөр албанд заларсан нилээд олон луйварчид намайг цаазлахыг оролдож, хүсч ч байсан. Яагаад гэвэл  би тэр хэрэг гарч “цаазын ял” авахынхаа  өмнө 1990 оноос хойш Монгол Улсыг самарсан супер луйварчдын эсрэг ид тэмцэж байсан үе. Жишээ нь би тэр үед П.Очирбат, М.Энхсайхан, З.Энхболд нарын олон хүнтэй холбоотой янз бүрийн баримтуудыг АТГ-ын дарга Дангаасүрэнд шалгуулахаар өгсөн байсан юм. Тухайн үед З.Энхболд сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй хүн. Гэтэл Энхбат намайг АТГ-д өгч шалгуулна” гэж байна гэж ярилцлага өгсөн байдаг. З.Энхболд “Төрийн өмчийн хорооны дарга болохоосоо өмнө ганзагын наймаа хийдэг хүмүүсийн нэг л байсан ш дээ. Энэ хүний гараар Монгол Улсын төрийн асар олон өмчүүд орж үрэн таран хийгдэн замхарсан.  Түүний өмнөөс өнөөдөр  үг хэлэх зоригтой баячууд, улс төрчид  алга. Яагаад гэвэл тэд бүгд л түүний гараас хувь хүртсэн учраас тэр өнөөдөр “пээдгэр” байгаа юм. Өнөөдөр Монгол Улсыг сүйрүүлж байгаа “Зөрчлийн хууль”-аас эхлээд олон хууль түүнийг  УИХ-ын дарга байхад нь хийгдсэн. Энэ мэт олон луйварчид намайг цаазлахыг хүсч байсан. Гэтэл Монгол Төр намайг цаазлуулаагүй л байхгүй юу. Тэдний хүслээс төрийн хүсэл илүү байсных. Би төрийг сүнслэг гэж үздэг. Тиймээс ч би Төрийн сүлдний ачаар амьд гарсан.  Мэдээж би хийсэн хэрэгтээ харамсдаг, гэмшдэг. Үнэнийг Монголын Төр л харж байгаа. Хэрэв би Монголын Төр уучлахааргүй хэрэг хийсэн бол Төрийн сүлд намайг цаазлах л байсан.

-Анхан шатны шүүхээс танд “цаазын ял” оноосон ч давж заалдах шатны шүүхээс 25 жил хорих үүнээс эхний 5-н жилийг “Гяндан”-д үлдэх 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болгон хөнгөрүүлсэн.  “Цаазын ял”-аас мултран гарсан яг тэр үед танд юу бодогдсон бэ?

-“Муу бүхэн сайны эхлэл” гэж үг бий. Би Монгол Улс “цаазын ял”-тай байсан үед буюу 2008 онд Монгол Улсын Төрийн нэрийн өмнөөс “цаазын ял” авч буудуулах ээлжээ хүлээн намайг буудахаар авч явахаар ирэх хүмүүсийн хөлийн чимээг чагнан олон сар хүлээж хэвтсэн ч эцсийн мөчид тэр зүйлээс мултран гарах хувь тохиосон хүн.  Надтай хамт хоригдож байсан 20 гаруй залуучууд бүгд буудуулсан. Тэдэн дундаас амьд гарсан цор ганц хүн нь би. Тэр үед Монгол Төрийн “Тусгай байр”-наас буюу “Цаазын өрөө”-нөөс би цаазлуулан булуулах нүх рүүгээ орохоор биш цаашид амьдрахаар болсноо мэдээд гарахдаа тэр өрөөнийхөө хаалгыг нь гаднаас нь аяархан түлхэн хаахдаа юу бодсон бэ гэж үү? Яг үнэнгээ хэлэхэд, би тэр үед яагаад ч юм дахин энэ өрөөний хаалгаар ямар ч Монгол эр хүн дотогш орж цаазлуулахгүй байгаасай л гэж бодсон. Үнэхээр ч надаас хойш тэр өрөөний хаалгыг  дахин хэн ч татаагүй. Би тэр “цаазын өрөө”-нөөс амьд гарч, хаалгыг нь гаднаас нь хааснаас хойш Монгол Улс дахин иргэнээ цаазлахаа больсон. Би “цаазын өрөө”-нөөс шөнө гарсан. Тухайн үед хөлдөө углааш өмсчихсөн байсан. Харанхуйд углааштай хөл  маань халтираад шороон дээр нүцгэн хөлийнхөө улаар гишгэхэд миний хоёр нүднээс өөрийн эрхгүй нулимс сул урсан гарсан.  

-Баярын нулимс уу?

-За ёстой мэдэхгүй. Ямартаа ч хүн ижий болсон газар шороондоо өөрийн нүцгэн биеэрээ хүрч, харанхуй ч дээрхи уудам тэнгэрээ харна гэдэг амьд яваагийн хамгийн дээд баяр баясал юм байна гэдгийг л би тэр үед ойлгосон..

-Тухайн үед тантай хамт байсан 20 гаруй залуус цаазлуулсан гэлээ. Тэдэнтэй байсан хүний хувьд тухайн нөхцөл байдлыг эргэн санавал?

-“Тусгай байр” буюу “цаазлуулах ялтангуудыг хорьдог” байранд байгаа гэмт хэрэгтнүүдээс би нэг л зүйлийг анзаарсан. Тэд бүгд инээмсэглэдэг ч нүдэнд нь гал байдаггүй. Зүгээр л нүд нь  гөлийчихдөг юм билээ. Энд л би Монголчууд “хүний нүдний гал” гэж онцлон ярьдаг учрыг төгс ойлгосон шүү. Бусдаар яах ч үгүй. Яагаад гэвэл тэнд өөрсдийг нь хүлээж буй хувь заяатайгаа эвлэрчихсэн хүмүүс л байдаг. Өөр гарц байхгүй гэдгээ сайтар ойлгосон учраас  зүгээр л өөрийнхөө буудуулах ээлжээ л хүлээж суудаг. Эвгүй ч гэсэн нэгэн жишээ яръя. Надтай хамт хоригдож байсан “цаазын  ял” аваад алуулах мөчөө хүлээж байсан нэг залууг ээж, эхнэр хоёр нь байнга эргэж ирэн илгээмжээр жаахан юм оруулна. Тэр хоёрыгоо ирэх бүрд залуу ихэд уурлана. Гаднаас ээж, эхнэрийн нь өгүүлсэн жаахан юмыг зөөж оруулан ирсэн хянагч нарт наад хоёрыгоо дахиж энд битгий ир гэж хэл. Энэ үүдэнд дахин бүү үзэгд гэж хэл...гээд л уурладаг байв. Тэгээд би нэг өдөр асуулаа. Яагаад эхнэр, ээжийгээ хөөгөөд байгаа юм гэж. Тэр үед нөгөө залуу: Энхбат ахаа  “Нэг өдөр миний ээж, эхнэр хоёр үүдэнд ирээд хоол цай өгөх гэтэл би байхгүй болчихсон байна. Ээж ухаан алдаж унана, эхнэр үсээ зулгаагаад л уйлж унжин түмний шившиг болно. Эртнээс тэднийгээ энэ газраас холдуулсан нь дээр” гэж хэлж байсан юм. Цаазлуулах өдрөө хүлээж байгаа ч гэсэн эр хүний сэтгэл гэдэг аймаар байгаа биз. Ээжийгээ үүдэнд ухаан алдаж бүү унаасай, эхнэр ээ уйлж унжин олны өмнө эвгүй байдалд бүү ороосой гэж бодсон байгаа байхгүй юу. Хамгийн эцсийн мөчид тэр залуугийн эхнэрээс нь  “Би Хөвсгөл орж “бөө”-гөөр мөнх тэнгэрээс амийг чинь гуйлгахаар явлаа” гэсэн, ээжээс нь “Ээж нь Алтан-Овоо руу очиж хүүгийнхээ амийг гуйхаар явлаа” гэж бичсэн зурвас захиа орж ирсэн дээ. Би эндээс нэг л зүйлийг анзаарсан. Монгол хүмүүс хайртай дотно хүмүүсийнхээ төлөө хамгийн сүүлчийн горьдлого тээсэн хүслээ эх нутгийнхаа уул овоо, газар шорооноосоо, энгүй уудам мөнх хөх тэнгэрээсээ л гуйдаг юм байна гэдгийг.

- Өнөөдөр “цаазын ял”-ыг сэргээнэ гээд байгаа талаар өөрийн байр сууриа хэлнэ үү?

-Өнөөдөр хэсэг хийрхсэн хүмүүс Монгол Улсад “цаазын ял”-ыг сэргээнэ гэж шоудаж бол Монгол Улсын тусгаар тогтнол руу заналхийлж буй санаа. “Цаазаар авах ял” оноох үйл өөртөө эрүүл ухаантай хүн дэмжмээргүй маш олон сул талуудыг агуулж байдаг. Үүний нэгдүгээрт “луйварчин улс төрчид”, бохир улс төрийн хүчнийхэн өөрсдийнхөө шударга өрсөлдөгч нараа “намнах”, замаасаа зайлуулахад ашигладаг нэг гол зэвсэг нь “цаазын ял” байдаг. Энэ талаас нь Монголын ард түмэн сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт “цаазаар авах ял”-ын өөр нэг аймшигтай сул тал нь аливаа нэгэн эрх мэдэлтэнгүүд “цаазаар авах ял”-ыг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хамгийн ихээр оноодог. Яагаад гэвэл тэд өөрсдөд нь үндсэн хуулиар олгогдсон шударгаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах гэх мэт олон эрхүүдээ хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод бүрэн эдэлж чаддаггүй. Дээр нь бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, өнөөдөр Монгол Улсад хөдөлшгүй нотлох баримтуудад тулгуурлаж хүнийг яллах шүүхийн тогтолцоо алга байна. Шүүгч нар гэрч нарын мэдүүлэг гэгч юмаар хүнийг ялладаг. Гэхдээ гэрчийн мэдүүлэг дангаараа хөдөлшгүй нотлох баримт болж чадахгүй. Хүний нийгэмд хэн ч ямар ч хүмүүс хэсэг бүлгээрээ үгсэн хуйвалдаад хэн нэгний эсрэг худал мэдүүлэг өгч цаад хүнээ гэмт хэрэгтэн болгох боломжтой. Тиймээс шүүгч нарын хөдөлшгүй нотлох баримт үгүйгээр гаргадаг алдаатай шийдвэрээс болж төрийн нэрээр халхавчлан гэмгүй хүнийг хилсээр цаазлан алах тохиолдол түүхэнд зөндөө гарсан байдаг. Надтай ч хилсээр цаазлуулах ял аваад эцсийн мөчид гэм буруугүй нь нотлогдон амьд үлдсэн хүн ч тааралдаж байсан. Мөн онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлэн хилсээр цаазлуулсан хүний үйлдсэн гэсэн гэмт хэргийг жинхэнэ үйлдсэн хүн нь сүүлд илрэн баригдсан тохиолдлыг ч би харж л байсан. Тиймээс “цаазын ял”-ыг сэргээнэ  гэдэг дэмжихээр зүйл биш.  Би боддог юм. Онц хүнд гэмт хэрэг хийсэн хүнд Төр “насаар нь хорих ял”-ыг нь өгчхөөд тэр гэмт хэрэгтэнг гянданд насаараа хоригдон тарчилж явахад нь хохирогчид нь хүссэн үедээ түүнийг эргэж очоод бидэнд аймшигт гай учруулсан энэ гэмт хэрэгтэн одоо өөрөө өөрийнхөө үйлдсэн нүгэлт үйлийнхээ үрээ эдэлж байна гэж сэтгэлээ тайвшруулбал арай өөр байх. Хэрэв цаазалчих юм бол тухайн гэмт хэрэгтэн нүгэлт үйлийнхээ үрээ эдлэлгүй энэ ертөнцөөс явдаг. Аймшигт гэмт хэрэг үйлдсэн хүн тэр нүгэлт үйлийнхээ үрийг өөрийн бие сэтгэлээрээ эдлэх ёстой.  Тэгээд ч энэ бол үхлээс аймшигтай зүйл. Монголын “эрүүгийн ертөнцийнхөн” дунд “Гянданд очсоноос замдаа боогоод үхсэн нь дээр” гэсэн үг байдаг. “Насаар хорих байр” буюу “Гяндан” бол онц хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг тэр үйлдсэн нүглийнхээ үрийг эдлэх  болгодог аймшгийн сав. Надтай хамт гянданд очсон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн залуу таван жилийн дараа үйлдсэн нүгэлт үйлийнхээ үрийг дааж чадалгүй солиорон, турж эцэж, амьдаараа өтөөд үхэж байхыг нь би өөрийн нүдээр харж л байсан. Тэгээд ч хүн төрөлхтөн дунд оршдог хамгийн аймшигтай шийтгэл бол “мах бодийн тамлал бус сэтгэлийн тамлал” л байдаг. Тиймээс би хэн нэгэн хүн уучлашгүй аймшигт гэмт хэрэг хийсэн тохиолдолд түүнд “цаазын ял”-ын оронд  “насаар нь хорих ял” өгөөд гянданд нь маш хүнд хөдөлмөр хийлгүүлээд цалин мөнгөнөөс нь хохирогчийн ар гэрт нь өгдөг байвал Төрийн хууль зөв  явна гэж боддог.

-Дээр ярианы эхлэлд та “өөрсдийн хэмжээгүй эрхт дарангуйллаа тогтоохыг санаархсан хүмүүс л “цаазын ял”-ыг сонирхдог” гэж хэллээ.Таны хэлж байгаагаар,  Ерөнхийлөгчид тийм сонирхол байна гэж хэлэх гээд байна уу даа?

-Тийм ээ. Женко гэгдэх Баттулгад тийм далд сонирхол байх шиг байна. “Цаазын ял”-ыг сэргээнэ гэдэг Монгол хүний санаа биш, Монгол Төрийн бодлого бол бүр ч биш. Энэ бол ердөө юу ч мэдэхгүй шоучин, тэнэг хүмүүсийн санаа. Эсвэл урд хөршийн маш холыг харсан, аажимдаа Монголыг өөрсдийн хяналтдаа авах гэсэн далд санаархлын нэг илрэл гэж би хувьдаа ойлгож байгаа. Монголын тусгаар тогтнолыг устгая л гэвэл “цаазын ял”-ыг сэргээх буй. Тиймээс Монголын ард түмэнд өөрсдийн улсынхаа тусгаар тогтнолоо устгуулах сонирхол байхгүй гэж бодож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй байсан бол өдийд Монгол Төрийн өмч хөрөнгүүдийг сүйтгэсэн олон хэргүүдэд орооцолдсон гэмт хэрэгтэн гэгдэн “Ганц худаг”-ийн мөрдөнд хоригдож байх байсан. Тэгээд ч Женко Баттулга Ерөнхийлөгчөөсөө буугаад “Ганц худаг” руу явах нь тодорхой хүн. Тиймээс үүнээсээ зайлсхийж дахин хэдэн жил Ерөнхийлөгчийн суудалд суухыг санаархаж ард түмэн дунд нэр нүүр олох, шударга өрсөлдөгч нараа замаасаа зайлуулах гэж “цаазын ял”-ыг сэргээнэ хэмээн улайран дайрч байна хэмээн би харж байгаа. Илэн далангүй ярихад, манай хойд, урд хоёр хөршийн дэлхийд гайхагдсан агуу улс төрч гэгдсэн удирдагчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлж буй зөвлөх нэртэй хүмүүсийн нь балгуудаас болж түүнийг “улс төрч” гэж үзэх ээ больж, албан тушаал алдар нэрийн төлөө зүтгэх луйварчин л гэж хардаг болж байна.

-Гэхдээ л монголчуудын сонголтоор  Ерөнхийлөгч болсон хүн шдээ?

-Тийм ээ. Монголын цөөнгүй “үндэсэрэг үзэлтнүүд”-ийн итгэлийг олж, ард түмний өмнө “үндэсний үзэл” ярьж байж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч одоо энэ хүн өөрийг нь тойрон хүрээлсэн зөвлөх нэртэй хүмүүсээсээ болж ард түмнийхээ болон олон улсын дунд нэр нүүрээ барж байна даа.

-Та нэг ярилцлагадаа “Аль ч улсын шорон хүнийг хүмүүжүүлдэггүй юм” гэж хэлсэн байсан. Тэгэхээр энэ тохиолдолд “цаазын ял” оногдуулдаг байх нь зохистой ч юм шиг, тийм үү?

-Яах гэж “насаар нь хорих ял” гээд байгаа юм. Энэ бол тухайн гэмт хэрэгтнийг “насаар нь хорино” гэсэн үг. Тийм байтал “цаазын ял”-гүй болчихлоо гэж айх хэрэг юу байна. Тухайн гэмт хэрэгтэнг 10 жил хорьчхоод буцаад гаргах гэж байгаа бол өөр асуудал. Гэтэл тухайн гэмт хэрэгтэнг шоронгоос хэзээ ч амьд гаргахгүй гэж л “насаар нь хорих” гэдэг ялыг оноодог. Өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрээр халхавчлан хэсэг зөвлөх нь хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд тэр гэмт хэрэгтэнд “цаазын ял” оноодог байдлаар “цаазын ял”-ыг сэргээнэ гэх зүйлийг ярьж байна. Уг нь аливаа муу зүйлийг устгах гэж байгаа бол  мөчрийг нь огтлох биш, үндсийг тасд. Бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд хүчирхийлсэн тэр этгээдийг цаазаар авах нь мөчрийг нь хугалж байгаатай адилхан.

-Үндэс нь хаанаа байна?

-Та нар мэдэж байгаа шдээ. Үндэс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. 1990 оноос хойш Монгол Улсад янз бүрийн хэвлэл мэдээллүүдийн хэрэгслүүдээр “аллага, хүчирхийлэл”, “садар самуун”, “гүтгэлэг, ташаа мэдээлэл”-ийг  зах замбараагүй сурталчилж байна.  Үүнд болчимгүй нэгэн нь автаж  гэмт хэрэг үйлдэх зам нь нээгдэж байна. Үүнийг хязгаарлаж цэгцлэх цаг нь ирсэн. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөг хааж боож байгаа зүйл биш. Өнөөдөр ямар нэг гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээллийг хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг болж. Энэ нь ард түмнийг цочирдуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүссэн болгоноо түгээн тараах хэт эрх чөлөө нь аюул дагуулах эрсдэлтэй. “Цаазаар авах ял”-ыг сэргээхэд зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хороосон бол цаазаар авна гэж тусдаа ял байх боломжгүй. Эрүүгийн хуульд цаазаар авна гэсэн заалт орсон л бол цаазаар авах ялыг сэргээлээ гэсэн үг. Хэрвээ  Женко Х.Баттулга Монгол Улсыг сүйрүүлж, Монголын ард түмнийг ядууруулж доромжилж байгаа “Төрд шургалсан авилгачдыг цаазалъя” гэсэн санал гаргасан бол өөр хэрэг. Гэтэл Х.Баттулга тэгж чадахгүй л байгаа биз дээ. Яагаад гэвэл өөрөө тэдний нэг нь.   Ам халсных хэлэхэд,  Эрүүгийн ертөнцийн гэмт хэрэгтнүүдийн талаарх эрдэмтдийн нэгэн судалгаа байдаг. Тэнд хүний амь хөнөөгөөд шоронд орсон гэмт хэрэгтнүүд шоронгоос гарч ирээд дахин хүний амь хөнөөх тохиолдол бараг байдаггүй. Хулгайч нар гарч ирээд дахиад л хулгай хийдэг. Хүчиндэгч нар мөн л адилхан давтан хүчин үйлддэг тухай маш тодорхой баримтаар үзүүлсэн байдаг.

-Яагаад тэр вэ?

-Хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн шоронд байх хугацаандаа маш гэмшдэг, ойлгодог. Тиймээс дахин ямар нэг гэм зэмгүй хүний амийг бүрэлгэх муухай санаа сэдэл түүнд огт байхгүй болдог.

-Та “хэцүү нэртэй” газар удаан байсан хүн. Нарны амьдралд эргээд зохицоход багагүй хугацаа орсон байх даа. 

-10 гаруй жил нийгмээс тусгаарлагдсаны дараа буцаад нийгмийн амьдралд ороход сэтгэлзүйн маш хүнд даваа давдаг юм байна. Шоронд 10 жил суугаад эрх чөлөөт ертөнцөд буюу наранд гарч ирээд Монголын ард түмний хүзүү толгой дээр гарч суун зайдалсан “улс төрийн хүрээ”-нийхнийг хараад шоронд ял эдэлсэн биднээс ч адгийн хүмүүс тэд байдаг юм байна гэдгийг ойлгосон. Бид шоронд “адгийн хүмүүс” гэж ял эдэлж байсан бол “жинхэнэ адгийн хүмүүс” нь өнөөдрийн Монголын улстөрд байна. Нэг хүнийг санамсаргүй хөнөөлөө гэхэд “алуурчин” гэж цоллодог. Гэтэл нэг хэсэг хүнийг өмч хөрөнгөгүй, ажил төрөлгүй болгон ядууруулсан, олон мянган ард иргэдийнхээ амь насаар тоглосон алуурчид өнөөдөр “улстөр”-д мэргэжлийн улс төрч гэсэн нэр зүүгээд хээв нэг явж байна. Шударга бус байгаа биз. Үүнийг ард түмэн мэдрэх ёстой. Улс төр гэдэг бол цэвэрхэн түүхтэй, шударга хүний хийх ажил. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бол Монгол Төрийн орших гол хос тулгуур нь. Тиймээс энэ хоёр хүний хажууд Монголын номер нэг гэгдсэн шилдэг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд зөвлөхөөр нь ажиллаж байх ёстой байтал өнөөдөр Г.Уянга мэтийн улстөрийн чиглэлийн эрдэм боловсрол дорой, хов жив, хэрүүл шуугиан хөөцөлдсөн хүмүүс тэр хүмүүсийн зөвлөх нь гээд ичих ч үгүй явж байна. Энэ бол Монголчуудыг дэндүү басан доромжилсон явдал, муухай гутамшигтай үзэгдэл.

-Татвар төлөгчдийн мөнгөөр “гэмт хэрэгтнүүд”-ийг тэжээж байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд бий. Та бол тэдний нэг. Татвар төлөгч нарын мөнгөөр 10 жил тэжээлгэсэн хүний хувьд энэ талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь, уучлаарай. 

-Улс гүрэн, Төр, нийгэм оршин тогтнож байгаа цагт “гэмт хэрэг” байх ёстой үзэгдлийн нэг. Гэмт хэрэгтнүүд орчлонд гэрэл байгаа болохоор сүүдэр байдаг шиг хүний нийгэм байгаа л бол заавал байх зүйлүүдийн нэг. Тиймээс хүний ертөнцөөс гэмт хэрэгтнүүд алга болбол Төр гэгч зүйл бас алга болох буй. Тэгээд ч хүний хорвоод алдаж энддэггүй аавын хүү ээжийн охид гэж үгүй. Харин арай том алдсан эндсэн нь гэмт хэрэгтэн болдог. Өнөөдөр гэмт хэрэгтэн үгүй бол тэр улсад шүүх, прокурор, цагдаа, хуяг гэж байхгүй болно. Тэгэхлээр татвар төлөгчийн мөнгөөр ганц гэмт хэрэгтнүүдийг тэжээдэггүй. Дээр нь энэ ертөнцөд ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй ганц зүйл бол “хүн” өөрөө. Тиймээс тэр үнэт зүйлийг устгалгүй засаж зөв замд нь оруулж авах гэж л шорон оршдог...ХХ зуунд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээснээс хойш өнөөдрийг хүрэх хугацаанд Монгол хүн 3 сая болтлоо өслөө. 1940 оны үед Монгол Улсад хүнийг олноор нь нэг дор бөөнөөр хорих  шорон анх бий болоход тэнд ял эдлэх хоригдлын тоо 5-6 мянган орчим л байсан баримт байдаг. 1980-аад оны үед Монгол улс 1 сая гаруй хүн амтай болоход Монголын шорон мөн л 5-6 мянга орчим хоригдолтой байсан байдаг. 1990-ээд онд хүн амын тоо 2 сая хүрэхэд Монголын шоронгийн хоригдлын тоо 5-6 мянга дотроо л байлаа. Одоо 3 сая хүн амтай болсон байхад Монголын шоронд ял эдлэх хоригдлын тоо мөн л 5-6 мянга дотроо л байна. Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн энэ олон жилийн хугацаанд гэмт хэрэгтний тоо өсөөгүйг дээрх тоо харуулж байгаа биз. Хүн ам нь 3 саяд хүрчихээд байхад гэмт хэрэгтэн шоронд хоригдогсдын тоо нь өмнөхтэйгөө л адилхан байгаа байхгүй юу. Гэмт хэрэгтний тоог хүн амын өсөлтийн тоотой нь харьцуулбал өсөж байх ёстой. Тэгэхлээр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэдэг гэмт хэрэгтнүүдийн тоо өсөөгүй атал, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэдэг өөр хүмүүсийн тоо өссөн байгааг та судалж үзвэл наад асуултдаа өөрөө хариуг нь олно оо.

-Сонин хариулт байна. Ингэж хэлэх нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд байгаа мэт хандлага төрүүлж байна л даа?

-Үгүй дээ. Монголд гэмт хэрэг гаралтын  тоог нэмэгдүүлэх буюу гэмт хэрэгтнүүдийг нэмэгдүүлэх сонирхолтой байдаг хүмүүс бол “бохир улстөрчид”. Бохир улстөрчид л энэ улсад гэмт хэрэг маш ихээр гараад байна шүү, гэмт хэрэгтнүүд олшроод байна шүү, тиймээс улстөрч бидэнд л эрх мэдэл, хүч өг гээд л элдэв шоу хийгээд байгаа биз дээ. Тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр байнга л ярьж, хэлж байгаагаар өнөөдрийн Монгол Улсад онц ноцтой гэмт хэргүүд маш ихээр гараад, гэмт хэрэгтнүүдийн тоо аймшигтайгаар өсөөд байгаа мэт боловч бодит байдалд Монгол Улсад гардаг гэмт хэргийн тоо огт өсөөгүй, гэмт хэрэгнүүдийн тоо ч өсөөгүй байдаг. Бохир улстөрчид л ард түмнийг айлгах механизмаа гэмт хэрэг өслөө, гэмт хэрэгтнүүд олшролоо гэдэг үгээр бамбай хийж өөрсдийн эрх мэдлээ зузаатгаж байгаан хэлбэр.

-“Цаазын ял” сэргээхэд хувь хүмүүсийн үзэл бодол чухал биш. Хамгийн гол нь баримт судалгаа чухал гэж судлаачид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Улс төрд орж ирчихээд зарим хүмүүс өөрсдийн байр сууриа бэхжүүлэх гэж элдэв баримт судалгаа гэж хуурамч зүйл ярих нь байдаг. Өнөөдөр аль ч Засгийн Газрын үед “Монгол Улсын эдийн засгийн статистик судалгаа” гээд л хэдэн тоо танилцуулдаг. Тэдгээр баримт судалгаа гэж танилцуулдаг  статистикийн тоонууд бол ихэнх нь тухайн үед төрийн эрхийг жолоодож буй улс төрчдийн явцуу эрх ашгийг хамгаалах гэж гаргасан хуурамч судалгааны баримтууд байдаг. Баримт судалгааг үнэн зөв шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашигладаг улстөрч  маш ховор байдаг. Харин улс төрийн далд зорилгоор өөрсдийн эрх мэдлээ хамгаалж хадгалах гэсэн бохир улстөрчдийн гаргаж ирдэг баримт судалгаа үнэн байна гэж хэзээ ч байдаггүй. Ямар нэгэн алдар нэр албан тушаалд шунасан улс төрч ард түмэнд өөрийгөө мундаг хүн болгон харуулах гэж ярьж хашигчиж байгаа тэр баримт судалгаагаа гэгч зүйлээ хэнээс, яаж авсныг нь хэн мэдэх юм. Өнөөдөр хэн нэгэн “жудаг”-гүй улс төрч “...Монголын ард түмний 60 хувь нь “цаазын  ял”-ыг дэмжиж байна” гэвэл яг хэн хэн цаазын ялыг дэмжсэнийг хэн ч мэдэхгүй ш дээ. Тэгсэн хир нь ард түмний 60 хувь нь дэмжиж байна гэнэ ээ гээд л цуурна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга “цаазын ял”-ыг сэргээх гол баримт судалгаа гээд нэг тоон судалгаа хэлж байсан. Тэр нь би андуураагүй бол энэ 2018 оны эхний хоёр сард 2-7 насны 298 хүүхэд “бэлгийн хүчирхийлэл”-д өртсөн гэнэ үү. Ердөө хоёрхон сарын дотор ийм олон нялх балчир хүүхэд “бэлгийн хүчирхийлэл”-д өртөж байгаа бол энэ Монгол үндэстэн мөхөж, Монгол Улс устаж байгаагийн шинж шүү... Өмнөх олон жилүүдэд Монголын нялх балчир хүүхдүүд “бэлгийн хүчирхийлэл”-д өртдөггүй байсан юм байх даа. Гэнэт л Женко хэмээгдэх Х.Баттулга гэх нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгч болоод “цаазын ял” сэргээх гэхээр л Монголчууд ердөө хоёрхон сарын дотор гэнэт л 2-7 насны 298 нялх хүүхдүүдээ хүчирхийлээд эхлэв үү. Женко хэмээгдэх Х.Баттулга түүнийг тойрон хүрээлэгч З.Энхболд, Г.Уянга мэтийн улстөрчийн дүрээр өөрсдийгөө халхавчилсан луйварчид Монголын ард түмнийг айдаст автуулж өөрсдийн дарангуйллаа тогтоохыг санаархах энэ жүжгээ нэн даруй болих хэрэгтэй дээ. Эсвэл үнэхээр өнөөдрийн Монгол Улсад  өдөр бүр 20, 30 нялх хүүхдүүд “бэлгийн хүчирхийлэл”-д өртөөд байгаа бол энэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг болон УИХ, Засгийн газрыг нэн даруй татан буулгаж, Монгол Улсад өөр шинэ Ерөнхийлөгч, УИХ-ыг сонгон гаргаж ирээд Засгийн Газрыг шинээр байгуулж байж  л Монгол Улс энэ сүйрлээс гарна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсыг ийм болгосон хүмүүсийн нэг хэсэг нь энэ “цаазын ял”-ыг сэргээе гэж орилоод байгаа Х.Баттулга тэргүүтэй энэ хүмүүс өөрсдөө шүү дээ.

- Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Ш.АДЪЯАМАА

WWW.ZINDAA.MN


Top