Цуврал алуурчин эмч Хенри Холмсын аймшигт түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

 Хенри Ховард Холмс гэх эмч нь АНУ-ын анхны цуврал алуурчин юм. Чадварлаг эмч, гэмгүй цайлган хүний дүрээр амьдарч байсан түүнийг 350 хүний аминд хүрсэн гэж буруутгасан ч тэрээр 27-г нь л хөнөөснөө хүлээжээ. Тийнхүү цаазлуулсан байна. Хенри их хатуу гэр бүлд өссөн, эцэг нь түүнийг бүх зүйл дээр төгс байхыг шаарддаг байжээ. Ангийнхан нь ч түүнийг шоглодог байсан аж. Тэд Хенрийг нас барсан хүмүүсээс маш их айдгийг мэдээд албаар нэгэн эмнэлгийн араг ястай өрөөнд дагуулж очжээ. Гэвч Хенри айгаагүй төдийгүй тэнд байх нь харин ч таалагдсан байна. Удалгүй Чикагогийн их түймэр болж олон зуун хүн нас барахад бяцхан Хенри будгаар тэднийг дүрсэлж таашаал авдаг болжээ. Тэрээр эмч болохоор шийдэв. Гэхдээ хүмүүст туслахын тулд биш тэдний зовлонг харж таашаал авах гэж.

Анагаахын их сургуульд сурч байхдаа Хенри моргоос цогцос хулгайлж, тэднийгээ ямар нэгэн золгүй явдлаар нас барсан болгож харагдуулан таашаал авсаар тэр нь дон болж хувирчээ.

Хенри эмчийн диплом авсан ч эмзүйч хийх болжээ. Тэр их сэтгэл татам залуу байсан тул бусдын итгэлийг олоход амар байв. Тийнхүү настай эмийн санч, доктор Холтоны итгэлийг олж, түүнийг хорт хавдраар нас барсны дараа бизнесийг нь үргэлжлүүлэх болжээ. Дэлгүүр болон эмийн сангийн эзэн болсон тэрээр аптекийнхаа ойролцоох газруудыг худалдан авч эхэлсэн байна. Тэндээ том зочид буудал барьж, хотынхон нь уг барилгыг "цайз" гэх болжээ. Зочид буудлын дотор тал нь Холмс л өөрөө явж чадахаар сонин бүтэцтэй байв. Цонхгүй өрөөнүүд, газар доогуурх хонгил гээд л...

Алуурчин эмч уг зочид буудалдаа зарц нарыгаа, тэдний нууц амрагуудыг болон зочдоо хөнөөдөг байжээ. Тэднийг хөнөөхдөө цонхгүй өрөөнд оруулаад хорт хийгээр хордуулж, эсвэл хоол ундгүй хорьж аминд нь хүрдэг байсан аж. Цогцсуудыг нь тусгай өрөөнд хурааж байгаад задлан, араг яс болон эд эрхтнүүдийг нь анагаахын сургуульд зардаг байжээ.

Хамгийн гайхмаар нь Холмсыг анх хүн алсан гэж биш морь зарахдаа луйвар хийсэн хэргээр баривчилжээ. Мэдээж түүнийг бага хугацаагаар хорьж, Холмс шоронд байхдаа ч нэгэн хоригдолтой хамтран хүн хөнөөж таашаал авдаг ажлаа үргэлжлүүлж байжээ.

Харин шоронгоос суллагдаад удаагүй байхад нь хүмүүс түүний аймшигт зочид буудлыг гадарлах болж, Холмсыг сэжиглэснээр баривчлагджээ. Тийнхүү Хенри Холмсыг 1896 оны тавдугаар сарын 7-нд дүүжилсэн байна. Харин үл мэдэгдэх шалтгаанаар олс чангарч алуурчны хүзүүг хангалттай боолгүй байсаар 15 минутын дараа амьсгал нь боогдож үхжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.5) 2018 оны 04 сарын 05

Бага насны амьдрал нь сэтгэцэд нь юм өгчихөж. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх эсэхээс ийм хамаатай юм шүү дээ хүний амьдрал.

0  |  0
Top