Т.Цэрмаа: Би тэмцээн болгондоо РЕКОРД эвдэж байсан

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09

Одоогоос 62 жилийн өмнө үсээ сүлжиж хойш шидсэн тавхан настай цовоо охин “Сожоо” хүрэн морийг унаж улсын наадамд уралдан баян ходоод болж наадмаа өндөрлүүлж байлаа. Сожоо хүрнийхээ нуруун дээр олон морьдын дунд уухайлж явсан охин аав руугаа эргэн харахад эргээд ир хэмээн даллах шиг санагдсанаас энэ бүхэн болж. Угтаа эцэг нь түүнд чигээр нь явуул гэсэн дохиог өгч байж. Гэтэл эргүүлэн аав дээрээ ирээд хатуу үг сонсон олон морины араас нулимс бөмбөрүүлэн эргэн давхисан үеэ тэр мартдаггүй. Наадмын дараа майхандаа ирээд аавдаа хатуухан зэмлүүлсэн бяцхан охины амжилт түүнээс хойш босоо байсаар өдий хүрчээ. Монголын морин спортын анхны мастер эмэгтэй, гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаагийн "Зиндаа" сэтгүүлийн тод магнай буланд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна. 

 


 

-Ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Бага насаа хаана өнгөрүүлэв?

 

-“Зиндаа” сэтгүүлийн уншигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотод төрж, Амгаланд өсөж торнисон. 10 жилээ 14 дүгээр дунд сургуульд сурч төгссөн. Эхээс бид 14-үүлээ, найм нь одоо хүн болж өдийг хүртэл сайхан амьдарч байна. Миний ах, дүүс бүгд моринд дуртай, морин спортод өөрсдийн хувь нэмрээ оруулж явсаар байгаа хүмүүс. Яагаад гэвэл миний Аав Өвөрхангай аймгаас хотод орж ирэн Төв аймгийн Баянзүрх суманд адуу малладаг байсан юм. Тийм болохоор бид багаасаа моринд их ойр өсөж хүн болцгоосон. Ер нь таван настайгаасаа хойш 11 хүртлээ хурдан морь унасан, багын л морь гэхээр год үсэрдэг хүүхэд байлаа.

 

-Таны ах, дүүс бүгд морьтой холбоотой хүмүүс байдаг гэж байна. Энэ талаараа тодруулахгүй юу.

 

-Тийм ээ, бид эхээс наймуулаа сайхан өнөр өтгөн өссөн. Бүгд Монгол түмний хийморь болсон хурдан хүлгүүдтэй, тэр дундаа морин спорттой салшгүй холбоотой хүмүүс. Миний том ах найман настайдаа хурдан морины үзүүлбэрт оролцохоор Чех улсыг зорьж байлаа. Морин спортын түүхэнд эрэгтэйчүүдээс спортын мастер цолны болзол хангасан анхны хүн нь миний төрсөн ах ОУХМ Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь би өөрөө, манай бурхан болсон хоёр маань ч энэ спортод өөрсдийн хувь нэмрээ оруулж явсан хүмүүс, Маяа гээд миний дүү морин спортын гуравдугаар зэрэгтэй, отгон дүү маань морин спортын мастер цолтой одоо 50 гаруй насны залуу байгаа.

 

Үр хүүхдүүдээ зөв хүн болгоё гэвэл өөрсдөө эхлээд зөв хүн байж,
үр хүүхдүүддээ үлгэр жишээ бол. Хүүхэд эцэг, эхээ дуурайж хүн болдог юм.

 

-Та гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Таны нөхөр бас морин спортын хүн байдаг уу?

 

-Би ханьтайгаа 1971 онд танилцаж байлаа. Адилбишийн Хадбаасан гэж Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, дуу цөөтэй, төлөв даруу сайхан залуу байсан, одоо сайхан өвгөн байна /Инээв/. 1971 онд манай Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт цэрэг болж ирэн Г.Дугарсүрэн генералын жолооч хийдэг байхад нь танилцаж удалгүй нэг гэрт орсон доо. Миний хөгшин 27 дугаар баазад насаараа тээврийн жолооч хийсэн. Мөн жолооны багшаар 10 гаруй жил ажиллаж олон сайхан залуучуудыг жолооч болох гарааг нь эхлүүлсэн хүн. Бид хоёр 1972 онд том охин Х.Бадамцэцэгийг өлгийдөж авч байсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 1976 онд хуримын ордон анх нээлтээ хийж байхад ажилчдын хүүхдээс хоёрт нь бүртгүүлж хуримын ордны нээлтэнд орж гэр бүлээ батлуулж байсан нэгэн сайхан дурсамжтай үйл явдал байдаг юм. Бид нэг сайхан охинтой, гурван хүүтэй болж би айлын дархан бэр болсон. Том охин Х.Бадамцэцэг маань холбооны инженер, том хүү Х.Батбаасан маань токарийн инженер, дунд хүү Х.Бат- Эрдэнэ барилгын инженер, отгон хүү Х.Батболд авто мото спортын ОУХМ, морин спортын мастер. Монгол Улсынхаа хөгжил дэвшил, спортод хувь нэмрээ оруулсаар яваа ийм сайхан дөрвөн хүүхэдтэй. Миний хүүхдүүд ер нь бүгдээрээ моринд хайртай, сонирхолтой. Дунд хүү Х.Бат-Эрдэнэ маань сүүлийн жилүүдэд Улс, бүсийн наадмаас айраг түрүү тасралтгүй авч Монгол Улсдаа нэртэй уяачдын нэг болсон. Бага хүү маань морин спорт болон авто спортын ОУХМ. Том хүү маань мөн авто спортын мастер. Ер нь л миний хүүхдүүд багаасаа намайг дагаад бүгдээрээ л моринд дурлаж өссөөр ирсэн. Түүнийхээ буянд ч өдий зэрэгтэй сайхан явна. Манайхныг спортлог гэр бүл гэхэд хилсдэхгүй.

 

НҮҮР НҮДГҮЙ ЦАСААР ШУУРЧ БАЙХАД АРВАН ХЭДТЭЙ ХҮҮХЭД МОРИН ТОЙРУУЛГА РУУ АЛХААД Л ЯВДАГ БАЙЛАА

 

 

-Та моринд, таны нөхөр машинд сонирхолтой юм байна. Энэ сонирхлыг нь үр хүүхдүүд нь өвлөн авч хөгжүүлж дээ гэж бодогдлоо?

 

-Тэгэлгүй яахав. Миний хөгшин жолооч учраас машинд их хоббитой, машинаа ч их сайхан цэвэрхэн унана. Машин тэрэг ховор үед “Чак” гэдэг машинаар гангараад л явдаг байсан. Хүүхдүүд маань машинд дуртай машин цуглуулах, унах хоббитой. Өөрсдөө чадаж байгаа бол цуглуулаад унахаа унаж л байг гэж боддог. Түүнд нь харин аав нь их сайхан бахархаж суудаг. Бид хоёр тэр гоё машинуудыг унаад давхиад байхгүй ч гэсэн авчраад л “Аав, ээж хараарай” гэхээр нь бахархдаг. Янз янзын л машинууд байдаг. Бүр 1940 оны машин хүртэл байх жишээтэй. Хөгшин бид хоёр хааяа шороог нь арччихаад л гарч ирдэг юм. /Инээв/ Би моринд дуртай. Морины сайхан зураг байсан ч хараад л сууж байдагтай адилхан байх л гэж боддог.

 

-Охин хүүхэд багаасаа адуу малтай ноцолдохоор ижий, аав тань дургүйцэж байсан удаа бий юу?

 

-Байлгүй яах вэ. /Инээв/. Би дээр хэлсэн 11 нас хүртлээ хурдан морь унасан. 11 нас хүрээд хурдан мориноос хасагдаад мориноос холдож чадахгүй, морь унана гэж ижий, аавыгаа зовоож бөөн уйлаан, майлаан болдог байж. Ингээд аргагүйн эрхэнд аав морин тойруулгад дагуулж очин Д.Хадхүү багшид хүлээлгэн өгч байсан. Тэр цагаас хойш л энэ морин спорт гэдэг зүйлд эргэлт буцалтгүй орсон доо. Хүний эх л юм хойно ижий минь их эсэргүүцдэг байлаа. Намайг чинь явуулахгүй гээд л уйлдаг. Эмэгтэй хүн байж чи сургуулиа төгс, дээд сургуульд орж эмч, эсвэл багш болгоно гээд л зүтгээд байдаг байсан. Гэтэл миний ой тойнд тийм мэргэжил огт орж ирэхгүй, нөгөө морио л бодоод байдаг. Би ер нь морины нуруун дээр их билэг танхай, мориноос айдаггүй хүүхэд байсан. Бөхөөр ярих юм бол X.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга шиг л байлаа. Тэгээд л дийлдээгүй 1964 онд энэ спортоор хичээллэж эхэлсэн.

 

Би ер нь морины нуруун дээр их билэг танхай, мориноос айдаггүй хүүхэд байсан.
Бөхөөр ярих юм бол X.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга шиг л байлаа.

 

-Аливаа зүйлийг оролдож эхэлснээс хойш янз бүрийн л бэрхшээл тулгардаг. Охин хүүхдийн хувьд морин спорт их хүнд хэцүү байгаагүй гэж үү?

 

-Би энэ спортоор хичээллэж, ажиллаж ирснээс хойш бэрхшээл гэж зүйл надад байгаагүй гэж боддог. Учир нь би үнэхээр дуртай байсан учраас. Чи бод доо нүүр нүдгүй цасаар шуурч байхад арван хэдтэй хүүхэд морин тойруулга руу алхаад л явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр бэрхшээл гэдэг зүйлийг би мэдэрч байсангүй. Харин одоогийн энэ залуучуудыг харахаар ганц нэг бэрхшээл байдаг юм шиг санагдсан. Морьд нь цөөхөн, бас морьдтойгоо наалдаж, ойлголцож чаддаг залуус цөөхөн болчихож. Нэг, хоёр унахаараа ялархаад орхиод явчих жишээтэй. Маньтай адил толгой тархиа дүйртэл, хөл гараа бэрттэл уначихаад эргээд л энэ спортоороо хичээллэдэг тийм тууштай зан чанар үгүй болсон байх шиг. Одоо үед энэ нь л бага зэрэг асуудал, бэрхшээл болсон харагдаж байна. Түүнээс мань мэт бэрхшээл гэдэг зүйлийг ажралгүй л дурладаг байлаа.

 

-Та “Би морьтойгоо маш сайн ярилцдаг жаахан загнахаар миний морь гомдчихно, жаахан магтчихаар онгирчихдог байсан” гэж хэлсэн байдаг. Одооны залуучуудад ийм зүйл дутагддаг гэсэн үг үү?

 

-Яг энэ спортдоо сонирхолтой, зориод ирсэн хүн бол шал өөр. Зүгээр яахав, морь унахын төдийд явдаг хүүхдүүд бол тийм онцгой гойдоор морьтойгоо харьцаад байж чаддаггүй. Миний хувьд энэ спортод хамаг зүрх сэтгэлээ өгчихсөн, нойр хүрэхгүй хичээл номондоо ч явах дургүй болчихдог байсан учраас тэр мориныхоо дэргэд, тэр тойруулга дээр очоод сууж л байвал бах нь ханасан хүн шиг л болдог байлаа. Адуу гэдэг амьтан чинь ер нь хэл амаараа ярьж чадахгүй ч гэсэн хүний ярьж байгаа бүх зүйлийг ойлгодог. Ер нь ямар ч амьтан тэгдэг байх. Амьтан сургагчид ч гэсэн тэгж л ярина. Миний сургасан морьд уурлаад буугаад явахад ч юм уу, сахар, лууванг нь өгөхгүй үед гэмшдэг. Тэрийг нь харахаар хамгийн хөөрхөн байдаг. Бас морь гэдэг амьтан чинь хүнээ голдог. Айхтар байгаа биз. Би өөрийнхөө морин дээр чамайг сольж өгөөд мордуулчихвал элэг бариад унагаачих жишээтэй. Тэгэхээр морь бол адгуус гэхийн аргагүй ухаантай сайхан амьтан.

 

600 ГАРУЙ МОРЬДООС ШАРГЫГ ХАРААД ЭНЭ МОРИЙГ Л СУРГАЯ ГЭЖ БОДСОН

 

-Тантай уулзаад таны шарга морины түүхийг яриулахгүй өнгөрвөл алдас болно. Тэр сайхан түүхээ хуучлахгүй юу?

 

-Би 50 гаруй жил морьтой холбогдоход эхний 20-30 жилд нь байнга морийг нь сургаж тамирчдад хүлээлгэж өгдөг байлаа. Миний сургасан зөндөө олон морь байдаг л даа. Гэхдээ тэр дундаас би өөрөө онцолж авсан морь нь л шарга морь юм. Хотын аварга болох, рекордоо эвдэх, энд тэнд очиж үзүүлэн тоглолт үзүүлж байхдаа ч ганц шарга морио унадаг байсан болохоор шарга морийг онцолж ярьдаг. Үнэхээр сайхан ухаантай морь байсан. Миний яг ид мандаж, амжилттай сайхан явж байх үеийн улсууд анддаггүй. Шарга морины Цэрмаа гэхэд, бараг Цэрмаа ч гэж нэр байхгүй. Шарга морьт л гэж нэртэй байлаа. /Инээв/ Би шарга морио ер нь их багаас нь сургасан. Хязаалан наснаас нь эхэлсэн санагдаж байна. 20-иод жил шахам энэ спортоор шарга морь маань явж олон ч хүүхдүүдийг энэ спортод дөртэй болоход нь хувь нэмрээ оруулсан. Би чинь шарга морио хэвтүүлчихнэ, босгочихно, харайлгачихна, модерн босоод хар хурдаар нь давхиулчихна гээд л янз бүрээр сургадаг. Би төө хүрэхгүй дөрөөн дээр босоод л хамтдаа давхидаг байлаа. Энэ нь Монголоос өөр хаана ч хийдэггүй үзүүлбэр. Монголчууд моринд аргагүй гарамгай гэдэг нь харагдаж байгаа биз. Бага залуу ч байж, шарга мориныхоо нуруун дээр одоогийн Хэвлэх үйлдвэрээс Засгийн газрын ордны урдуур, тэр цементэн талбай дээгүүр босоогоороо давхисаар байгаад л ордонг тойрдог байлаа. Үнэндээ сайхан аав, ээжийн буянд энэ сайхан алтан туурайттай холбогдсон доо.

 

-Морин спортын төрөл нэлээд хүнд спортын төрөлд орох байх. Эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд ямар байсан бэ?

 

-Ер нь эр зоригийн спорт гэж хэлдэг. Зүгээр хүний сургаж өгсөн морин дээр явж байгаа бол нэг өөр, хаашаа ч хамаагүй аваад шидчихдэг, бусгаад унагаачихдаг, ам нь дийлдэхгүй аваад давхичихдаг, тийм морийг өөрөө сургаад унана гэдэг бол хөдөөний харчуулын л хийдэг ажил биз дээ. Тэгж бодохоор би өөрөөрөө болон энэ спортоороо бахархаж явдаг. Ийм ч учраас хэн ч харсан намайг тамирчин уу гэж асуудаг байсан. Хүний бие махбодыг ийм сайхан болгож өгдөг, өдийг хүртэл энэ дөрвөн мөч эрүүл чийрэг байгаа нь адуутай ноцолдсоны л гавьяа. Өвлийн хүйтэн байсан ч би гадаа бэлтгэлээ хийгээд л байж байдаг байлаа.

 

1966 онд олон улсын хурдан морины уралдааныг Морин тойруулгад хийхээр зэхэж байсан боловч үерийн гамшгаас үүдэн уг уралдааныг зохион байгуулж амжаагүй. Оросын Будённый үүлдрийн долоон азарганы дөрвийг нь манайх худалдан авч, үлдсэнийг нь “ах нар” бэлэглэсэн гэдэг. Уяач Д.Даваахүү, Д.Онон, Д.Гарамжав, Э.Эрдэнэчулуун нарын галаар тархсан хурдан хүлгүүд морин тойруулгаас угшилтай болохыг Т.Цэрмаа эгч өгүүллээ.

 

УЛСЫН НААДАМД ЗУРГААН НАС ЗУРГУУЛАА АЙРАГДАХ ҮЕ Ч БАЙСАН

 

 

-Ямар ч тамирчин хүнд бэртэл гэмтэл гэж дайсан байдаг. Тэгвэл танд бэртэл гэмтэл хэр тохиолдож байв. Түүнээс болоод тэмцээн уралдаан өнжиж байсан удаа бий юу?

 

-Миний хувьд ер нь их хийморьтой. Би орсон тэмцээн болгондоо рекордоо эвдэж, түрүүлж байсан. Унаж байгаагүй гэж худлаа хэлэхгүй, яагаад гэвэл тэр харайж байгаа саад чинь нэг метр 65 см өндөртэй байдаг. Ганц нэг унаж байсан удаа бий. Гэхдээ мориноос унаад бэртсэн удаа надад байхгүй. Түүгээрээ ч би бахархаж явдаг юм. Бурхан багш намайг “Чи ер нь морины л хүн бол” гэж заяасан байх гэж боддог. Би морио ч сүрхий унагаж бэртээж байсан удаа байгаагүй.

 

Зөвхөн аавынхаа ч бус өрөөлийн сойсон хурдан хүлгийг, тухайлбал Монголд алдартай Галшарын хүрэн азарга, Нийгмийн хонгорыг ч унаж л байв. Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас ч шагнал хүртсэн удаатай. Гэхдээ хурдан морь унана гэдэг тоглоом биш. Уралдааны талбарт мориноос унасан удаа бий эсэхийг нь сонирхоход “Тийм тохиолдол үгүй. Хожим сонгомол морин спортын тамирчин болж, улсын дээд амжилт эвдэх зорилгоор бэлтгэл хийж байгаад газар доргитол унасан юм байна” хэмээн өгүүлсэн юм.

 

-Социализмын үед таныг орлон тоглогчоор хэд хэдэн кинонд тоглосон гэж сонссон үнэн үү?

 

-Манай шигшээ багийн тамирчдаас орлон тоглогч, сургуулилттай морь зэргийг авдаг байлаа. “Өглөө” гээд уран сайхны кинон дээр саад харайлгаж байгаа хэсэг дээр би байлаа, “Мандухай цэцэн хатан” кинонд Мандухай хатны орлон тоглогчоор би эхэлж тоглож байсан. Яваандаа манай Н.Сувд их авьяаслаг эмэгтэй учраас өөрөө морио унаж тоглосон.

 

-Наадам дөхөөд ирэхээр моринд хайртай хүмүүс гэгэлзээд л ирдэг байх, ялангуяа уяачид. Таны хувьд яадаг вэ?

 

-Наадам дөхөөд арав гаруй хоногийн өмнөөс л нойр хүрэхээ байчихдаг. Гарч яваад Хүй долоо худгийн дэнж дээрээ очоод гэрээ бариад суучихмаар л санагддаг. Хүний өөрийн хэнийх нь ч морь ороод ирэхэд самсаа шархираад л сууж байдаг. Заримдаа их инээдтэй. Морьд барианд ороод ирэх үед гэрт сууж байсан хүн чинь өөрийн эрхгүй л хашаан дотор гүйж байдаг. Хүүхдүүд хүртэл “Ээж одоо хэн ч хараагүй байхад л аль хэдий нь гүйгээд алга болчихсон байх юм” гээд л шоглоод байдаг юм. Уяа руу бол харин нэг их очоод байхгүй. Миний аав их хатуу хүн байсан болохоор эмэгтэй хүн уяа руу очуулдаггүй байсан. Тийм болоод ч тэр үү уяа руу очихгүй гэрийнхээ гадаа хараад л суудаг. Сайхан шүү Хүй долоон худгийн дэнж дээр гэрээ бариад долоо хоног суухад. Бага байхад морийг нь унадаг байсан хөгшчүүл манай гэрээр ирдэг юм. Тэгээд л золгоод мэнд ус мэдэхээр намайг хүмүүс дандаа хөгшин найзтай ямар янзын юм бэ гэж хэлдэг. /Инээв/

 

-Жилд ойролцоогоор танайх хэдэн морь сойдог юм бэ?

 

-Манайх хорь гаруй морь сойдог, нас наснаасаа хамаараад морьдын бие тэнхээ ямар байх вэ? гэдгээс хамаарч нас насанд хоёроос гурван морь сойдог. Ер нь л айраг, түрүү алдаагүй дээ. Энэ наадмаас хоосон буцчихлаа даа гэсэн удаа миний санаж байгаагаар байхгүй байх. /Инээв/ Заримдаа зургаан нас зургуулаа айрагдах үе ч байсан. Монголд анх удаа Улсын баяр наадамд зургаан насанд зургуулаа айрагдсан тохиолдол миний дунд хүү Х.Бат-Эрдэнийн галаас л гарч байлаа.

 

-Олон жилийг морьтой ойр байж, морин спортын төлөө өнгөрүүллээ. Тиймд та морин спортын өнөөгийн хөгжлийн талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?

 

-Би энэ спортын төлөө яваад 52 дахь жилтэйгээ золгож байна. Амь, амьдрал бүх л юмаа энэ спортод зориулсаар ирсэн. Энэ хугацаанд сайн ч, муу ч олон л зүйлийг харлаа. Энэ спортыг хөгжүүлэх гэж өөрөө ч зүтгэж явлаа. Энэ спорт зах зээлийн хямралд орж нэг хэсэгтээ унтарсан. Сонгомол морин спортод шинэчлэл хэрэгтэй. Нэгэн үед морин уралдаанд 30 гаруйхан настай залуу мориныхоо зүсийг ч мэдэхгүй өөрийгөө уяач гээд явж байдаг үе байсан шүү. Одоо юм хөгжөөд Монголд энэ спортыг дэлгэрүүлж, эрчимжүүлэх боломж зөндөө байгаа. Гэхдээ морин спорт гэдэг чинь өнөөдөр бөх, шүхэр, буудлага зэрэг спорттой адилгүй. Адгуус амьтныг сургаж, адгуус амьтантай ноцолдоно гэдэг өөр. Мөн энэ спортын материаллаг бааз гэдэг юм чинь тусдаа. Гадаадаас оруулж ирдэг байсан үед жаахан хэцүү байлаа. Одоо бол юм сайхан хөгжиж миний шавь нар зөндөө сайхан эмээл, хазаар хийж бидэнд тусалж байна. Байгууллага л юм хойно унаж, босох үе байлгүй л яахав. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жил их дажгүй болж сэргэж ирж байгаа. Одоо ард түмэн ч сайхан мэддэг болж, төр засаг ч сайхан дэмжлэг үзүүлж байна.

 

-Морин тойруулга Монголд байгуулах талаар яригдаж байсан. Энэ спортод хайртай, хөгжүүлэх явцад хувь нэмрээ оруулж байгаа хүний хувьд юу гэж боддог вэ?

 

-Бодолгүй яахав. Амьд байхдаа л энэ морин тойруулга гэдэг юмыг нээчих юмсан. Морин тойруулгыг нээгээд дотор нь энэ сонгомол спорт гэдэг спортыг хэдэн хүнд сайхан сургаад өгчих юмсан гэсэн хүсэл, эрмэлзэл, мөрөөдөл энэ цээжинд байнгын явж байдаг. Үнэхээр моринд хайртай, энэ морийг уралдуулъя гэж бодож байвал морин тойруулга байх ёстой. Манай холбоо жаахан хоцрогдоод, мөн спортоо мэдэхгүй хүн холбоог удирдахаар жаахан учраа олохгүй байх шиг байсан. Саяхан бид хуралдаад энэ тал дээр арга хэмжээ авахаар болсон. Цаашдаа сайхан болох байх аа.

 

-Та дөрвөн сайхан хүүхдийн ээж, найман сайхан ач, зээтэй, таны сургамжлан захих үгийг сонсохыг хүсч байна.

 

-Зөвлөмж гээд байх ч юу байхав. Өөрийн бодож явдаг зүйлээ л хэлэх нь зүйтэй байх. Өдий хүртэл өөрийн дөрөв, өөрийн хүүхдүүдийн найман хүүхдийг өсгөлөө. Манай хүүхдүүд ач, зээг минь төрөөд удаагүй хоёр, гурван сартай байхад нь л над дээр авчраад өгчихдөг юм. Сүүлийн хэдэн жил найман хүүхэд өсгөх өндөр хариуцлагатай ажил хийлээ. /Инээв/ Одооны залуучуудад захиж хэлэхэд хүүхдүүдээ зөв л хүмүүжүүлэх хэрэгтэй. Гараагүй юм гарчихсан юм шиг багаас нь эрхлүүлэх буруу. Би ер нь хүүхэд эрхлүүлэх дургүй, хатуухан аргаар өөрийн дөрвөн хүүхдээ өсгөсөн. Хэдэн ач, зээгээ ч би хатуухан аргаар өсгөсөн. Хамгийн гол нь хүүхэд багаасаа зөв боловсон ярьдаг. Ээж, аавыгаа хүндэлдэг ах, захаа мэддэг л байх хэрэгтэй. Мөн залуу эцэг, эхчүүд маань өөрсдөө зөв хүмүүжилтэй байх хэрэгтэй. Хүүхэд яг таныг дагаж, дуурайж хүн болно. Тэгэхээр хүүхдээ зөв хүн болгоё гэвэл өөрсдөө бас зөв байх хэрэгтэй байх.

 

-Бидний урилгыг хүлээн авч өөрийн амьдралын гэгээхэн дурсамжуудыг сөхөн ярилцсан танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

-Тэгэлгүй яахав. Та бүхэнд маш их баярлалаа. 20 жилийн түүхтэй энэ сайхан “Зиндаа” сэтгүүлийн хамт олонд цаашдын ажилд нь гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе.

 

Ярилцсан: Б.Энхтулга

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top