А.Өлзий-Орших: Монголчууд хэдийнээ театрын соёлтой үйлчлүүлэгч болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг 10 бүжигчнээс бүрдсэн “Номадик балет продакшн”-ы ээлжит уран бүтээл “Тouch the feeling” модерн бүжиг, “Carmen Suit” сонгодог балетаас бүрдсэн шинэхэн бүтээл 4 дүгээр сарын 21-нд Corporate зочид буудлын Convention центрт тавигдана. Тоглолтын талаар Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, “Номадик балет продакшн”-ы захирал СТА А.Өлзий-Оршихтой ярилцлаа.


- Балетын нэр их онцгой санагдлаа. “Тouch the feeling” буюу “хүрэх мэдрэмж” гэж нэрлэжээ.  Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

 -Хүнд маш олон төрлийн мэдрэхүй бий. Энэ дундаас бид хүрэх мэдрэмжийг бүжигтээ илүү барьж ажилласан. Хүн бие биедээ хүрэхэд ямар мэдрэмж төрдөг билээ. Яг түүнтэй ижил балетыг үзээд хэн нэгэнд юм уу эсвэл, аливаа зүйлд хүрч байгаа юм шиг тэр бодит мэдрэмжийг аваасай гэж хүссэн. Бүжгийн тавилт ч мөн маш их хүрсэн, шүргэсэн хөдөлгөөнүүд ихтэй.


-Энэ удаагийн тоглолт өмнөх тоглолтуудаасаа ямар онцлогтой вэ?

-Манай продакшн байгуулагдсанаасаа хойш модерн хөгжмийн бүжгийн нэлээдгүй тоглолтыг хийсэн. Энэ удаагийн тоглолт арай мэргэжлийн гэдэг талаас нь харуулахыг зорилоо. Мөн гаднын бүжиг дэглээч биш монгол бүжиг дэглээчийн шинэ бүтээл гэдгээрээ онцлог болж байна.

-Балет хоёр хэсгээс бүрдэх юм байна. Хоёр тусдаа бүжгийн төрлийг нэг дор үзэх боломжтой нь бас нэг онцлог байх.

-Тэгэлгүй яахав. Сонгодог бүжгийн урлаг, орчин үеийн бүжгийн урлагийг хамтад нь мэдрэх боломжийг олгож байгаа юм.  Эхний хэсэг Тouch the feeling буюу хүрэх мэдрэмж нэртэй модерн Comtemporary бүжиг. Үүнийг манай продакшны найруулагч, дэглээч Э.Эрдэнэжаргал найруулж байна. Хоёр дахь хэсэг нь Жорж Бизегийн “Carmen Suit” бүжгийн жүжиг. "Кармен" дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхтгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан байдаг. Дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхтгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.


-Энэ балетыг үзсэнээр үзэгчид ямар мэдрэмж, ямар таашаалыг авах бол?

-Модерн бүжиг янз бүрийн утга санаа, чиглэлийг харуулсан байдаг. Тэр нь үзэгчдэд яг ийм эсвэл яг тийм гэсэн утгыг тулгаж харуулахаасаа илүү үзэгчид өөрийн гэсэн дүгнэлтийг хийхийг гол зорилгоо болгодог. Бид бие биенээсээ олон төрлийн мэдрэмжийг шууд ба шууд бусаар мэдэрч хүртэж байдаг. Энэхүү үзэгдлээс бүжиг дэглээчийн бодол, сэтгэлийн хөдлөл, мэдрэмжийг хурд хүч уян зөөлөн байдал, тэсрэлт намуун дөлгөөн үйл хөдлөлөөр илэрхийлж, өөр өөрийн сэрэл мэдрэмж хүртэхүйг мэдэрч болно.

“Номадик балет продакшн”-ы талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Анх 2016 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Дандаа залуу уран бүтээлчид учраас шинийг сэтгэж жүжиг, бүжгээ өөрсдөө дэглэн тайзнаа тавих зорилготой байгуулагдсанаас хойш нэлээдгүй олон тоглолтыг үзэгчдэдээ хүргэжээ. Монголын балетын бүжигчид болон үзэгчдийг бэлтгэх зорилгынхоо хүрээнд жил бүр “Номадик балет” тэмцээнийг зохион байгуулдаг. Нас насны ангиллаар зохион байгуулдаг, сонирхогчид оролцож болдог учраас одоо хичээллэж байгаа, хэдэн жил сурч байгаад орхисон гээд энэ урлагт хайртай, дур сонирхолтой хэнд ч нээлттэй байдаг.

Мөн манай продакшн улиралд нэг удаа шинэ уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй ажилладаг. Бид Монголдоо илүү шинэлэг, сонирхолтой, дэлхийн түвшинд очихуйц хэмжээний уран бүтээлийг гаргахыг зорьж байна. Энэ удаагийн тоглолт мөн зорилгын маань нэг хэсэг.


-Сонгодог бүжгийн мэргэжлийн болон сонирхогчдын дунд жил бүр уралдаан зохион байгуулж байгаа нь их сайхан санагдлаа.  

-Манай продакшн Монголын балетын бүжигчид болон үзэгчдийг бэлтгэх зорилгынхоо хүрээнд 2016 оноос эхлээд сонирхогчдын болон мэргэжлийн “Номадик балет” уралдааныг жил бүр уламжлал болгон явуулдаг. Энэ жил 4 дүгээр сарын 16-нд болно. Эхний жил 70 гаруй балетчид нас насны ангилалд оролцож байсан бол өнгөрсөн жил 120 гаруй болж нэмэгдсэн. Хичээллэж байгаад орхисон юмуу эсвэл сурч байгаа хүүхдүүд өөрийгөө ямар түвшинд байгааг бусад сургуулийн хүүхдүүдтэй харьцуулах, үр дүнгээ тодорхойлох зорилготой тус тэмцээнийг зохион байгуулдаг юм. Амжилттай оролцсон хүүхдүүдэд мэргэжлийн бүжигчидтэй нэг тайзнаа гарах боломжийг олгодог.

- Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын хөгжил өнөөдөр зөв голдрилоор явж чадаж байна уу?

-Балетын урлаг хөгжлийн тухай яривал боловсон хүчний асуудал хамгийн чухал байдаг. Нэг үе зогсонги байсан бол буцаад сэргэж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой болжээ. Монголын балетын урлаг Азидаа дээгүүрт ордог. Манай балетчидын ур чадвар дэлхийн балетчидтай эн тэнцүү л явна гэж харж байна. Хувь бүжигчний хувьд шүү дээ.

-Харин үзэгч, сонирхогчдын хувьд?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сонгодог урлаг сонирхогчдын  тоо нэмэгдсэн. Бас нэг баярлууштай зүйл нь гадуур жижиг, том гэлтгүй балетын сургуулиуд, дугуйлангууд нэлээдгүй бий болж, хувь нэмрээ оруулж байна. Нэг үеэ бодвол үзэгчдийн энэ урлагийн талаарх мэдлэг ч нэмэгдсэн. Балетчидын мэргэжлийн түвшинг анзаардаг болж, хэн гоцлох гэж байна түүнийг зорьж ирж үздэг болсон байна. Ирэхдээ энгийн өдөр тутмын хувцастайгаа ирэх биш маш их анхаарч, хэдийн театрын соёлтой үйлчлүүлэгч болжээ.



Номадик балет продакшн болон тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс


 

Д.Амартүвшин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(66.181.182.139) 2021 оны 03 сарын 15

SOYLOOR ULSIIG DUGNEDEG TSAG BOLSON

1  |  0
Top