Улсаа дампууруулсан Иди Амин насан эцэслэтлээ алт алмаазан дунд хөлбөрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин танкны хүчээр замаа шулуутгасан. Миасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан. Энэ гурван хүн дорхноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-ын үндэсний бүх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж үзсэн. Ингэж байж гурвуул үлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ.
Амин францын Фигаро сонинд өчихдөө "Улсыг захирах нь хувийн компанийг удирдахтай адил. Компанийн төлөө зүтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах эрх надад буй" гэжээ. Бокасса Францын, Амин Английн, Масиас Испанийн армид офицер байв. Эдгээр улсууд гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа. Дэмжихийн сацуу, бид л удирдахгүй
бол африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан. Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй байв. Улсын нэгэн түгээмэл лоозон нь "Масиасын төлөө Бурхан Экваторын Гвинейг бүтээсэн юм" хэмээнэ. Амин насан туршийн ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий эзэнт улсыг ялан дийлэгч гэгдсэн. Бокасса улсаа үе залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ.
Амин Масиас хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв. Угандын дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэр хаана л байна, тэнд инээд баясал үүсдэг байжээ. Гэхдээ мань хүний хошигнол хэнийг ч гомдоохооргүй эвлэгхэн. Бас Амин бор дарс яггүй хүртчихнэ. Энэ нь түүнийг бүх хүнтэй найз нөхөр болгожээ. Хамаг мөнгөө хүн дайлаад л үрчихнэ. Зарим нь, энэ гэмгүй сайн хүнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гунигтай царайлна.
Аажимдаа тэр харьцах хүнийхээ хүрээг хумьжээ. Өөрийнх нь цэцэрхлийг бишрэгч офицеруудтай л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгүй байдлаа ялан дийлж, хувьсгал хийж хэн болохоо харуулна гэж ярина. Түүнийг хөндлөнгийн хүмүүс архины цагаан солио туссан хэмээн таамаглаж, төдийлөн үл ойшооно.
1971 оны нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа хамтаар төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин согтуу багийг хуу татан хаялаа. Тэрбээр харгис хэрцгий, хязгааргүй шуналтай нэгэн байжээ. Өөрийнх нь дургүйг хүргэж байсан 500 гаруй хүний нэрсийг аль эрт бэлдчихсэн жагсаалтыг гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван амьдарч болох боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн үнэнч фэнүүдийгээ өндөр албан тушаалд тавьж байсан бөгөөд тэдний олонх нь бичиг үсэггүй байв. Гагцхүү улсын эд баялгийг тонохыг л тэд мэднэ.
Гэхдээ Аминыг хэрхэн гүйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд хоёрхон цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг, нийгмийн бүх салбарыг удирдах онцгой эрхийг өөртөө олгосон. Оюуны "хөрөнгө оруулалтынхаа" төлөө тэр улсын орлогын тавин хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Уг тавин хувь нь зуун хувь болж өссөнийг таахад түвэггүй. Хувийн, кофе, цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин үр ашиггүй байна гэсэн нэрийн дор улсын болгов. Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг ферм юм уу, үйлдвэрийн эзэн дээр Амины хүмүүс ирээд л "их фельдмаршалд аж ахуй чинь таалагдлаа, тийм учир азтай тавилангаа биширч, өчүүхэн өмчөө аугаа жанжиндаа өргө" гэдэг байв. Хэрэв үгүй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар үржүүлгийн газрын амьд хоол болно. Эсэн мэнд үлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий хүмүүс их олноороо өмчөөсөө татгалзаж, Идид өргөн барьж байлаа.
Амин дорхноо дэлхийн 100 баян хүний тоонд оров. "Уганд бол Бурхнаас надад заяасан миний хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд" гэж байн байн давтах боллоо. Улсыг компани гэж үзэж л удирдах ёстой гэсэн болхидуу "онол" дэвшүүлэв.
Энэ бодолдоо хэт автсан Амин хүн ардыг ямар ч эрхгүй болгосон төдийгүй, өөрийн каква угсаатныг хамгийн аугаа дээд үндэстэн гэж зарлаад, бүгдийг нь "компанийн удирдах местэнд"” томилов. Каква бус угандчуудыг хэзээ ч удирдах ажил хийж болохгүй боолууд хэмээсэн. Нүүдэлчин карамажонгуудыг мал хариулдаг мал гэж
тооцож байв.
Амин зөвхөн харгислалын тусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. Үсэг бичиг үл мэдэгч түүний мэргэн ухаанд өчүүхэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар төгсөнө. Английн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Боомилогч хоч зүүжээ. 50-иад онд Кенид гарсан бослогыг даралцаж байхдаа Иди олон хүнийг боомилж алсан байна. Хожим тэр угандын ард түмнийг боомилон, хамаг шүүсийг нь сорсон.
1979 онд Угандын өмнөд хэсэгт Амины эсрэг бослого гарлаа. Тэднийг дор нь дарж, зугтсан босогчдыг мөшгих нэрийн дор Танзаний нэлээд нутгийг эзлэн авчээ. Эзэлсэн нутагтаа Амин өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. Үүнд эгдүүцсэн Танзаний арми угандын зэвсэгт хүчинд үхлийн цохилт өглөө. Уганд даяар Амины эсрэг бослого өрнөж, манай хүн Англи руу зугтахаас өөр аргагүйд хүрчээ. Лондон дахь тансаг ордондоо ирээд Амин "Найман жилийн дотор компаниасаа олж болох бүх ашгийг би авч чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуургүй компани байсан юм. Тэгээд л дампуурлаа" гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан дунд хөлбөрөн жаргасан юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.180.21) 2018 оны 04 сарын 15

Har bolohoos busdaaraa bol manai huzuugui Elbegdorj baina.

0  |  0
Н(66.181.161.19) 2018 оны 04 сарын 13

Элбэгдорж чингис хаанаас ч илуу баян тансаг амьдарч байна ухэр монголчуудаа

0  |  0
У(202.21.106.121) 2018 оны 04 сарын 13

Манай зарим нэгэн удирдагч нарыг ингэж амьдар гээд бга юм уу арай ч иймдээ тулаагүй биз дээ

0  |  0
1(64.119.18.83) 2018 оны 04 сарын 13

MANAI S.BAYAR YUM BISHUU

0  |  0
Top