Р.Эмүжин: Сараа ... амиа хорлохоор шийдсэн гашуун өдөр ...

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн “Зууны дуу хоолой, би Сараа” хэмээх ном  шинээр мэндлээд буй. Түүний дурсамж, номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн юм. Тэрээр уг номныхооо талаар ийн бичжээ.


Заримдаа...

Заримдаа тэр надаас зугтчихна, магадгүй хагацлын өмнө...амьдралынхаа хамгийн хэцүү мөчүүдэд тулж ирмэгцээ харц нь гунигтай, хэрсүү, уяхан болчихно...заримдаа тэр омголон, бардам, огтхон ч зовлон гээчийг мэдэхгүй мэт аашилна...заримдаа тэр бараг л нисч явна...амжилт, бахархал, алтан тайзнаа 30 жил дуулсан дуу, бүтээсэн бүтээлээрээ амьсгална...утсанд нь холбогдох тоолонд өмнөөс "Хайрын бурхан" эгшиглэнэ, лав бүтэн жилийн турш...анхны дурлал, Ганхуягийг анх олж харсан халуухан мөч, анхны тоглолт, анхны шагнал...амиа хорлохоор шийдсэн гашуун өдөр...СУИС-ын оюутан Сараа...найман боодол демадрол...тэвчээр...анхны хүүхдээ төрүүлэхгүй байх шийдвэр...салалт...анхны CD, дахиад л хайр...Болдхуяг...дурласан Сараа...нулимс, эргэлзээ, итгэл...хагацал гуниг, аз жаргал...Мэдээж "Зууны дуу хоолой-Би Сараа" намтар зохиолыг бичих гэж би түүний сэтгэлийн нугачаа бүрийг хөндсөн, зүрхнийх нь аялгуу бүрийг анирдсан, давуу болон сул талуудыг нь тэмтэчсэн...үүний тулд шарыг нь малтсан, хатуурхсан, аргадсан...тэгээд найз маань нэгэнт туулсан амьдралаа дахин туулах болгондоо яг тэр үеийн зовлон жаргалаараа дахин амьсгалж, амьдарч, шархалж, жаргаж буйг хараад өөртөө багахан гэмшсэн. Сараа үнэхээр илэн далангүй байж чадсан. Үүнийг ямар ч эмэгтэй чадахгүй, зориглохгүй...Юуны төлөө тэр вэ? Дуулах дуу, туулах зам нэгтэй бүсгүйчүүдээсээ тэр юуг ч нуухыг хүсээгүй, эмэгтэй хүний сэтгэлд үүрээ нэгэнт зассан ч бол хайрлах учиртай гэдгийг нь эрчүүдэд сануулахыг хүссэн...эцэст нь "Зууны дуу хоолой-Би Сараа" ном хэвлэлтээс гарсан. Бид санасандаа хүрч, номтой болсон. Гэвч энэ ном дэлгүүрүүдэд байхгүй. Учир нь Сараа хамгийн дотнын найздаа ч харамлаад яримгүй амьдралын нууцуудаа олон нийтэд дэлгэн худалдахыг хүсээгүй. Харин зөвхөн түүний Дуучин Б.Сарантуяа пэйж хуудсаар дамжуулан сэмхэн захиалж нууцхан авч болно. Яагаад гэвэл энэ бол ном биш. Зууны манлай дуучин, хатагтай Б. Сарантуяагийн зүрхний бичээс, сэтгэлийн долгион, тархины бичлэг... Түүний туулсан жаргал зовлон, алдаа оноо...өнгө дүрс, өгөө аваа, нулимс, инээмсэглэлтэйгээ, бас цаг үетэйгээ бий. Гэвч энэ бас ном!

Д.Түвшин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top