Ричард Гир: Хүүхнүүдийг ”найрах” миний арга их энгийн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Холливудын алдарт жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн Ричард Гир Голланд, Ирланд, Англи гээд олон цус холилдсон удамтай. Түүнийг Европчууд “өөрийн хүн” гэж тооцдог бол америкчууд “манай жиголо” хэмээн дотносдог аж. Энэ нь 1980 онд бүтээгдсэн, түүнийг “од” хэмээх статустай болгосон киноных нь нэр л дээ. Олон хүүхэдтэй фермерийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр Хойд Сиракьюзын дунд сургуулийг төгсөөд Амсхерт дэх Массачусетсийн Их сургуулийн Гүн ухааны факультетэд тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон байна. Тухайн үед ирээдүйн алдартан маань онц сурлагатан, гимнастикаар муухан тамирчнаас илүү амжилт үзүүлчих чадвартай, хөгжим тоглож бас зохидог, товчхоноор хэлбэл Форрест Гамп маягийн нөхөр байжээ. Гэхдээ Форрестоос ялгаатай нь улс төрийг ихээхэн сонирхдог байж.

Тэрбээр зуны амралтаараа Катмандуд очиж, тэр зунаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон гэдэг. 1993 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр БНХАУ-ын Түвдийн талаар баримталж буй бодлогыг шүүмжилсэн үг хэлсэн тул энэ шагналд өрсөлдөх эрхийг нь хассан. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчнээр шалгарч үзсэн тэрбээр хэрвээ “Оскар”-т оролцдог байсан бол энэ шагналыг хүртэж чадах байсан гэдэг нь магад.   

Түүний оюутан ахуй цаг буюу 60-аад он бол залуус Хиппи буюу тэнэмэл, эрх дураараа амьдрах явдлыг ид сонирхож байсан үе. Тэрбээр нэг хэсэг бусад залуусын адил “Харли” унан давхиж, өөдөөс үлээх салхийг залгиж явжээ. Кокаин, цоохор мөөг түүний хувьд ердийн хэрэглээ байжээ.    Тэрбээр энэ үеэ “50-иад оны үзэсгэлэнт од Рита Хэйворттой төстэй бүсгүйг сундлаад моторт хүлэг дээрээ үл мэдэг найган давхих дуртай байлаа” хэмээн дурссан байдаг юм. Тэр үед Гир “Chevelles”, “Strangers” зэрэг хамтлагт тоглон Боб Диланы дуунуудыг сонсдог байв. Энэ үед тэр супер баатруудын тухай өгүүлсэн кино үзэх дуртай байснаас бус жүжигчин болох тухай огт бодож байсангүй. Ямар нэг рок хамтлагийн гишүүн болж амжилтад хүрэх нь түүний гол зорилго байжээ. Түүнийг жүжигчин болоход нөлөөлсөн гол хүчин зүй нь Вьетнамын дайн байлаа. Дайн эхэлсний дараа тэрбээр сургуулиа орхиж, жүжигчний дамжаанд суралцах болжээ. Тэрбээр дөнгөж жүжигчин болсныхоо дараа жил Бернардо Бертолуччи, Акира Куросава нарын бүтээлд тоглосон азтай эр.   

Түүнийг буддын шашин шүтдэг болохоор нь “даруу эр” гэж андуурав зай. Хорвоогийн тоосыг 60 жил хөдөлгөхдөө Жулия Робертс, Шарон Стоун, Ким Бэсинжер, Жоди Фостер, Ума Турман зэрэг холливудын сайхан бүсгүйчүүд, Синди Кроуфорд зэрэг тоолохын аргагүй олон загвар өмсөгчидтэй учир ургуулж явжээ. Тэдний дунд Vogue сэтгүүлийн редактор Лайза Лав хүртэл бий. Түүний хүүхнүүдийг “панаалдах” арга тун энгийн. Өөрөөр хэлбэл, хүүхэн найрахын тулд тэр юу ч хийдэггүй. Тэд өөрсдөө л гүйгээд ирцгээдэг гэнэ. Түүний хайрын балнаас нэг хэсэг амталсан Жулия Робертс Р.Гирийг залхуу мууртай зүйрлэсэн байдаг. Үнэхээр тэр хүүхнүүдэд юу ч амладаггүй. Гэрлэлт, хүүхэд, итгэл, тэр байтугай хайр… Гэсэн ч хүүхнүүд түүнд яг л баланд дурлах зөгий мэт гүйсээр байдаг бөлгөө. Түүнийг зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн шүтээн гэдгийг та мэдэх үү. Карьерийнхаа эхний жилүүдэд тэр ижил хүйстэн залуугийн дүрд тоглосноос хойш гомо залуусын шүтээн болсон юм. Р.Гирт баатрын дүр зохидоггүй. Хүссэн бол тэр “Хатуу самар”-т тоглож чадах байлаа. Найруулагч нь Брюс Уиллисээс урьтан түүнд санал тавьсан ч тэр татгалзсан. Энэ нь ч зөв шийдвэр байсан юм. Б.Уиллис хэдийгээр хоёр дахь сонголт байсан ч дүрийг гайхалтай амьдруулсан билээ. Ингээд түүний нэгэн ярилцлагыг хүргэе.

-Та Түвд рүү байнга зорчих юм. Тэнд амьдрахад тийм сайхан байдаг хэрэг үү?

-Тэгж хэлж болно. Түүнээс гадна миний багш нар байдаг болохоор би байнга очдог юм. Далай лам болон бусад оюунлаг хүмүүсийн дэргэд байхад маш таатай байдаг юм. Тэнд миний гэр бий. Сүм дотор байдаг, 12-хон м2 хэмжээтэй тэр өрөөнд ор, ширээ сандлаас өөр юу ч үгүй. Гэхдээ л тэнд би бүрэн эрх чөлөөг мэдэрдэг. Сэтгэлзүйн хувьд би аль хэдийнэ лам болсон гэж хэлэхэд болно.

-“Анхны рыцарь” кинонд Шон Коннеритэй хамт тоглосон. Ямар байсан бэ?

- Шон бол уул, Эверест шүү дээ. Түүнийг өрөөнд орж ирэхэд Артур хаан биеэрээ ороод ирэх шиг л санагддаг байлаа.

-Жулия Ормондын тухайд?

-Надад таалагдсаан. Жулия бол Британи школтой жүжигчин. Тэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Дүрийг бүтээхдээ өөрийнхөөрөө л хамтрагчаа удирдаад явчихдаг юм билээ.

- “Хөөрхөн хүүхэн” кино бол таны цорын ганц уянгын инээдмийн кино. Бас хамгийн их орлого олсон киноны жагсаалтад өрсөлдөж байсан нь . Энэ амжилтаа яагаад давтаж болохгүй гэж?

-Олигтой зохиол алга. Байсан бол бодож үзэх байсан.

-“Хатуу самар”-т тоглохоос яагаад татгалзсан юм бэ. Түүхэнд үлдсэн шилдэг кинонд дүрээ мөнхөлж, нэр хүндээ өсгөх алтан боломж юм биш үү?

-Үгүй дээ, би энэ талаар огт бодоогүй. Хэрвээ би тоглосон бол тэр дүрийг Брюс шиг амилуулж чадахгүй байсан гэж бодож байна.

-Тэгвэл тоглосон жүжигчнээс нь илүү бүтээж чадмаар юм шиг санагдах дүр байдаг уу?

-Том Хэнксийн бүтээсэн дүрүүдийг би бүтээж чадах юм шиг санагддаг.

-Форрест Гампыг ч гэсэн үү?

-Би алдаж байж болно. Гэхдээ Форрест Гампын зохиолд гол баатрын хувийн онцлогуудыг ихээр шингээж өгсөн байдаг. Ийм дүр надад тохирдог юм.      

-Та гурван ч киноны продюссерээр ажилласан. Найруулагчийн ажилд өөрийгөө сорих хүсэл байна уу?

-Тийм ч их биш ээ. Надад жилд зургаан сарын хугацаагаар Түвдэд байх л сайхан байдаг. Тэнд би өөрийгөө яг л гэртээ байгаа мэт мэдэрдэг юм.

-Гэхдээ танд энд гэр орон бий шүү дээ?

-Тийм ээ. Зүүн эрэгт байшингууд бий. Тэнд ч бас таатай байдаг.

-Бас Калифорнид хоёр байшин байгаа?

-Тэднийг зарах гэж байгаа…

-Арнольд, Сильвестр нар “Холливудын Ертөнц” рестораныг нээгээд багагүй хугацааг үдлээ. Ашиг ч муугүй олдог бололтой. Танд тэдний арааас замнах бодол бий юу?

-Надад мөнгө олохоос илүү кинонд тоглох л таалагддаг.

-Танд амралтаа сүмээс өөр газар өнгөрүүлэх хүсэл төрдөггүй гэж үү?

-Дээхэн үед би Лондонд Вэн Моррисоны концертод оролцож байсан. Тэр бол миний хамгийн дуртай хөгжимчний нэг. Намайг тайзан дээр урисан. Надад татгалзах шалтгаан байгаагүй.

-Нээрэн та тэгэхэд гитар дээр аялгуу тоглосон гэдэг байх аа. Тэр үед танд ямар санагдаж байсан бэ. Ямар дуу тоглосон юм бол?

-Гайхамшигтай, бас их хөгжилтэй. Вэн намайг бүр хамтлагтаа тоглохыг урьсан шүү. Тэр “Ричард чи манай хамтлагт тогломоор байвал орж болно шүү” гэж байсан.

-Ямар дуу тоглосон бэ?

-Жаз дуу байсан. Согтуу байсан болохоор яг ямар дуу байсныг мартжээ.

-Та хөгжмөөс кино урлагт шилжээд хэдийнэ 40 жил өнгөрсөн байна?

-Тийм удсан гэж үү. Надад 20 жил шиг л санагдаж байна.

-Та одоо 65 настай. Өөрийгөө хэдэн настай юм шиг мэдэрч байна?

-30


С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(202.9.41.225) 2018 оны 04 сарын 20

Түвдэд далай лам байдаг болоо юу

0  |  0
Top