Гучин зээрээс хоёрыг нь чононд нэгийг нь шинжилгээнд ”өгчээ”

Өнгөрсөн өвөл зудын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн бэлчээрийн даац даган нүүдэллэсэн зээрийн сүрэг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тулж очин малчдыг нь нэлээд түгшээгээд авсан. 7000 зээр тус аймгийн нутаг дэвсгэрийг зүг бэлчин буйд малчин иргэд тухайн үед ихэд сандарч аймгийнхаа Онцгой комиссын албаныханд хандаж байв. Харин энэ удаад тус аймгийнхан нутагтаа өвөлжсөн зээрийг хоргоож, тогтоож авахыг хичээж байгаа аж.
Одоогоос 70 жилийн өмнө тус аймгийн нутаг дэвсгэрт зээрийн сүрэг идээшиж байсан баримт бий аж. Харин дахин орж ирсэн нь нутгийн зоны сэтгэлийг хөдөлгөж байгаа ч гоц халдварт шүлхий вирус тээж байж мэднэ гэсэн хардлагыг төрүүлсэн байна. Тиймээс дээрх өвчнөөс урьдчилан эсргийлэх зорилгоор зээрээс дээж материал авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит явуулж шинжлүүлэхэд, "шүлхийн вирусийн ген илрээгүй эрүүл" гэсэн дүгнэлт гарч малчдын сэтгэлийг тэнийлгэжээ.

Зээрийн сүрэг Их-Уул сумын нутаг Начингийн ар гэдэг газар тогтсон гэнэ. Цагаан зээрийн сүрэг байршиж байгаа газарт тандалт хийж биотехникийн арга хэмжээ авч, өвс тэжээл тавьж өгч чоно болон бусад амьтны идэш хоол болохоос хамгаалах арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг  гаргасан байна. Цагаан зээрийн байршиж болох тойргийн сумд буюу Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Түнэл, Рашаант сумдын Засаг дарга нарт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дээрх зөвлөмжийг хүргүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, нийт 30 зээр өвөлжсөн боловч нэгийг нь шинжилгээнд өгсөн, хоёр зээрийг чоно идсэн, өнөөдрийн байдлаар 27 зээр идээшиж байна гэсэн мэдээллийг тус аймгаас ирүүлжээ.
Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page