Орон нутгийн сэтгүүлчид “Эрдэнэт” үйлдвэртэй танилцлаа

2018 оны 04 сарын 18

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран зохион байгуулж буй "Орон нутгийн сэтгүүлчдийн форум” өнөөдөр Эрдэнэт хотод эхэлж байна. Форумд 21 аймгаас МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн 160 гаруй  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож байгаа юм.

Орон нутгийн сэтгүүлчид  “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар “УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” үндэсний чуулган Эрдэнэт хотноо анх удаа зохион байгуулагдаж, 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд чуулж байна. Энэхүү арга хэмжээ нь “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-тай давхацсан бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн 160 гаруй сэтгүүлчдэд уурхайчин эмэгтэйчүүдийн чуулганыг сурвалжлах боломж гарч буйгаараа онцлог аж.

Дээрх арга хэмжээнүүдийн дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжил” үзэл санааны тухай танилцууллаа. Форумын үеэр "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө" үзэл санаанд тулгуурлан Олон улсын байгууллагад болон төрийн байгууллагад төсөл бичих, Маркетингийн төлөвлөгөө боловсруулах тухай, Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлууд, зураглаач, эвлүүлэгч, дизайнер, фм радиогийн хөтлөгч найруулагчийн төрөлжсөн сургалтууд зэрэг цогц сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдах юм. Форумын үйл ажиллагаа Сэлэнгэ амралтын баазад энэ сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Т.Түвшин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top