Б.Замилан: ”Говийн домог” кинонд тоглох болсноо сонсоод бараг таван минут уйлсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

UBS телевизийн бүтээл “Говийн домог” кино саяхан нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн. “Содура” киноны уран бүтээлчид Галбын шаргал говьд хоёр оныг дамнан хийсэн тус бүтээлээ дэлхийн тавцанд сойх зорилготой байгаа билээ. Ингээд тус киноны гол дүр Эгээрэл гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Замилантай ярилцлаа. Тэрээр энэхүү бүтээлээр кино урлагийн ертөнцөд анхлан хөл тавьсан юм.


 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Болор-Эрдэнийн Замилан гэдэг. СУИС-ийн жүжигчний гуравдугаар курсын оюутан.

-Кино зураг авалт хоёр жил гаруй үргэлжилжээ. Том ажлын ард гарах тэр мэдрэмж ямар байна вэ?

- Кино гэдэг чамгүй олон хүний хөлс хөдөлмөрөөр бүтдэг агуу зүйл юм байна. Анхны бүтээл минь болохоор хэцүү зүйл олон байлаа. Хүнд зураг авалтууд ч их байсан. 40 хэмийн халуунд, шөнийн харанхуйд гээд янз бүрийн нөхцөлд ажилласан. Гэхдээ энэ бүхний ард гарч чадсандаа маш их баяртай байна. Ийм том бүтээлд дүр бүтээнэ гэдэг тэр дундаа гол дүрийг бүтээнэ гэдэг оюутан хүнд ховор тохиох аз гэж ойлгож явдаг.

-Гол дүрд хэрхэн тэнцсэн бэ? Шалгуурлалтанд орсон уу, шууд сонгогдов уу?

-Миний хувьд кинонд тоглоно гэдэг холын мөрөөдөл байлаа. Яагаад гэвэл жүжигчний А үсгийг заалгаж байсан үе. Анх ээж минь ийм проб явагдаж байгаа юм байна ороод үзээч гэж санал болгосон. Нэгдүгээр курсээ төгсөөд өөрийгөө сориод үзье, туршлага хуримтлуулъя гэж бодоод шалгаруулалтад орсон. Хэд хэдэн удаа проб хийгдсэн бараг долоо найман удаа дуудагдсан байх. Тухайн үед түүхэн кино юм байна гэсэн ерөнхий ойлголтоос өөр ямар ч мэдээлэлгүй шалгаруулалтад ороод л явж байсан. Тэгээд сүүлийн шалгаруулалт дээр дуудаад, “Бид киноныхоо дүрийг олчихлоо” гэж хэлэхэд нь би өөр хүн сонгогдсон, ирсэнд баярлалаа миний дүү гэж хэлэх нь гэж бодоод “Намайг шалгаруулалтдаа оруулсанд баярлалаа” гэж хэлээд гарах гэтэл. “Хүүе ээ чи чинь хаачих нь вэ? Үгүй ээ бид чамайг сонгосон” гэдэг байгаа. Би ер итгээгүй. Бүр “Худлаа яриад л, тоглоод байгаа юм уу” гэсэн. Гэтэл “Бидний хайж байсан хүн чи мөн” гэж байна. Тэр үгийг сонсоод таван минут уйлсан. Уйлж байхдаа, хальтхан гараад өнгөрдөг залуу насны дүр эсвэл бага насны дүр байх гэж дотроо төсөөлж байлаа. Тэгээд киноныхоо талаар мэдээллийг аваад “Говийн домог” нэртэй домог туульсын сэдэвтэй кино юм байна. Би Эгээрэл гүнжийн дүрийг бүтээх юм байна. Энэ нь гол дүрийн гүнж юм байна гэдгийг мэдээд бүр шоконд орсон доо. Амьдралд минь гарч байсан хамгийн том өөрчлөлтүүдийг нэг байсан.


-Элсэн цөлд дөрвөн улирал кино зураг авахуулахад ямар санагдаж байв?

-Хоёр жилийн хугацаанд дөрвөн улирал дамнан үргэлжилсэн учраас сурч мэдсэн зүйл асар их. Тэр болгоныгоо тоочоод барамгүй. Кино группийнхээ хүн бүрээс цаг тутамд суралцаж байлаа. Говийн 40 хэмийн халуунд, өвлийн 40 хэмийн хүйтэнд зураг авалт хийж байсан. Нэг явахдаа 40-50 хонодог байсан. Бидний дүрийн хувцас маш зузаан. Тэр зузаан хувцастай тэр халуун наранд өдөржин байна гэдэг чанга л даа. Хоол идэхэд аяганы ёроолд элс тунарчихсан байдаг байсан. Аманд мөнхийн элс шажигнаастай. Сүүлдээ тэрэндээ бүүр дасчихсан. Анх гэрээсээ хол их хэцүү санагддаг байлаа. Эхний зураг авалтаас эхлээд л факталж эхэлсэн дээ. Тэндээс л их зүйл бодогдож, өөртөө маш том хариуцлага хүлээлгэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Нууц биш бол яаж факталж байв?

-Эхний зураг авалт байсан. Бидний байрлаж байсан газраас зураг авалтын талбай нэлээн хэдэн км зайтай. Талбай дээр очоод жүжигчид хувцсаа өмсөөд зураг авалтандаа гарах гэтэл, “Нөмрөг чинь хаа байна?” гэж асуудаг юм байна. Би нөмрөгөө орхиод ирсэн байсан. Авч явна гэж бодоогүй л дээ. Үнэнээ л хэлсэн. Тэгээд бүгдэд нь загнуулсан.Инээв Тэрнээс хойш жижиг хэрэгслээ ямар ч үед, нэг ч удаа мартаагүй. Анхныхаа кинонд ийм гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч ажилласан минь аз тохиол гэж боддог. Киноны туршид надад зааж зөвлөж, мэргэжлийн бөгөөд хувь хүний хувьд тусалж дэмжиж байсан бүх кино багийнхандаа талархаж байна.

-Эгээрэл гүнж моринд их эрэмгий юм билээ. Хаана морь унаж сурсан бэ?

- Унаган хотын хүүхэд болохоор өмнө нь морь унаж үзээгүй. Гэтэл хамгийн эхний зураг авалт киноны оргил хэсгээс эхэлсэн. Морьтой зугтаж байгаа тийм хэсэг байдаг. Нэгэнт л итгэл хүлээлгэсэн болохоор айж бэргээд байх эрх надад байгаагүй ээ. Суралцах хугацаа ч хомс байсан. Ингээд л олны тус дэмээр зургийн талбай дээр морь унаж сурсан даа. Эхэндээ мордуулж сургах гэж зовдог байсан бол сүүлдээ наад мориноосоо буугаач ээ гэдэг болсон. инээв Унаад сурчихаар салхи татуулан давхиад л баймаар юм билээ.


-Киноны нээлтийн зургийг харж байхад өөрөө Хятадын алдартай жүжигчидтэй их төстэй харагдаж байна лээ. Тэднээс үлгэр дууриалал авдаг уу?

- Баярлалаа. Хятаддаа төдийгүй дэлхийд танигдсан Гон Ли, Жан Цзыи хоёр миний хайртай жүжигчин. Ази гэдэг утгаар нь нөгөөтэйгүүр гайхалтай чадварлаг жүжигчид учраас үлгэр дууриалал авдаг. Хэт жүжиглэлт гаргахгүй хэрнээ багахан жүжиглэлт нь маш гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж найруулагчийн санааг төгс харуулж чаддаг. Тийм л жүжигчин болох гэж хичээж явна. Мэдээж бүх зүйлийг нь дагаж дууриахгүй ч гэсэн чиг баримжаагаа болгодог.   

-Цаашдын төлөвлөгөө.

Хүний мөрөөдөл, зорилго цаг үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж, улам боловсронгуй болж байдаг байх. Миний хувьд мэргэжилдээ илүү гаршихыг хүсч байна. Өнөөдөр жүжигчний мэргэжил улам л босго өндөртэй болсон. Дан ганц чадвартай эсвэл гоо үзэсгэлэнтэй байх хангалтгүй. Энэ киноноос морь унаж, нум сум харваж сурсан бол цаашид усанд сэлж, дуучин шиг дуулж, бүжигчин шиг бүжиглэж сурах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьдаг болсон. Хэрвээ чадал чансаа минь хүрвэл гадаадын кино урлагт хөл тавихыг мөрөөддөг.

-Залуу хүн ямар байх ёстой вэ?

-Хүн болгоны бодол өөр байх. Миний хувьд залуу хүн маш их алдаж үзэх ёстой гэж боддог. Алдаж үзнэ гэдэг нь олон зүйл дээр өөрийгөө туршиж үзэхийг хэлж байгаа юм аа. Манай багш “Оюутан байхдаа та нар алдаж болно. Алдах эрхтэй. Яагаад гэвэл та нар оюутан. Буруу зөрүү хийвэл хүлээн зөвшөөрөгдөнө. Харин амьдрал дээр алдах эрх чинь хязгаарлагдмал болно шүү” гэдгийг байнга хэлдэг. Бас аав ээж хоёр минь 30 наснаас дээшээ амьдрал тогтоод нэгэн хэвийн байр сууринд орчихдог гэж ярьдаг. Тиймээс залуу хүн 30 хүртлээ маш зоригтойгоор ихийг хийх ёстой байх.

-Хичээлийнхээ дундуур цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-Маш их баярлалаа.

Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөсөн юм. Дашрамд дурьдахад киноны уран бүтээлчид өмнө нь ямар ч кино групп очиж байгаагүй газарт, авч байгаагүй зургийг авах том зорилгыг өмнөө тавьж хоёр жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн шаргал говийн Хэрмэн цав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гэх зэрэг дэлхийд гайхагдсан үзэсгэлэнт газруудыг анх удаа кино хальснаа буулгасан байна.  




/Гэрэл зургийг "Говийн домог" Фэйсбүүк хуудаснаас ашиглав./

 

 Д.Амартүвшин

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнх оргил (66.181.161.57) 2022 оны 01 сарын 25

Гоё яриалцаг бна аа их юм ойлгож авлаа

1  |  0
Замилан(66.181.161.91) 2021 оны 01 сарын 30

Замилан гэж юу гэсэн утгатай нэр вэ?

0  |  0
МӨСТ(168.235.195.136) 2019 оны 01 сарын 23

Замилан гэх гэсэн юм шүү

0  |  0
Мөст(168.235.195.136) 2019 оны 01 сарын 23

Заримдаа чиний нэр чинь их өвөрмөц юмаа

0  |  0
Хонгорзул(202.179.27.74) 2019 оны 01 сарын 13

Үнэхээр гоё харагдаж байна яг л хэзээч бууж өгч гутаршгүй гэмээр чи бас өөрөө их мундаг хөөрхөн юм.Амжилт

0  |  0
zochin (202.21.111.10) 2019 оны 01 сарын 23

Одооны монгол кино ч дээ нэг үзээд л уйдах кино хийдэг болж дээ. Яагаад дээр үеийн тэр сайхан хийцтэй кино гарахгүй байна.

0  |  2
Гоё(112.72.14.42) 2020 оны 06 сарын 07

Киног үзсэн, энэ охин маш сайн тоглосон бнлэ, кино харин нэг их сэтгэлд хүрээгүй хэт их алаан хядаан цохион зодоонтой цус урсгасан санагдсан. Гол дүрийн жүжигчид мундаг бсн

2  |  0
Шшш(182.160.36.143) 2022 оны 01 сарын 25

Хятад хатан шиг л харагдаж байна даа.жүжигчинээ буруу сонгожээ

2  |  2
otgoo(66.181.161.5) 2022 оны 11 сарын 23

Goy kino bnle

3  |  0
зочин(202.179.25.217) 2022 оны 11 сарын 23

Дүү Охинд их Аз шовойж дээ, Гэнэтийн энэ их Аз , Нэр хүнд эргээд бас эзэндээ хор болдог ч тал бий олны хар цагаан хэл ам, атаа жөтөө гээд л тийм учраас Дүү охин минь Лам хар дээр очиж худлаа үнэн ч гэсэн Хэл амны ном, засал хийлгэсэн дээр дээ

0  |  2
Эмэгтэй(203.91.112.137) 2022 оны 11 сарын 23

Хөөрхөн юмаа.АМЖИЛТ ХҮСЬЕ

3  |  0
Top