ЧУУЛГАН: ”Ерөнхийлөгч нь хүртэл төрийн албан хаагчдын томилгоонд нөлөөлдөг болох нь”

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай,  Хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлт болох  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад нь томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм. 
Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Гомдол гаргасан иргэн  нь өргөдлөө татаж авах нь хэний санаачлага вэ гэдгийг мэдмээр байна.  Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстойгоос хууль зөрчсөн үү үгүй юу гэдгийг шалгах ёсгүй. Хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Хууль зөрчсөн тэр зөрчил нь Үндсэн хуулийн зөрчил болох уу эсвэл үгүй юу. Хэрвээ Үндсэн хуулийн цэц хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна гэж шийдэж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн шүүгч нар өөрсдөө хууль дээдлэх зарчмаа зөрчсөн байгаа. Үндсэн хуулийн цэц намайг улстөрийн намын хуралд оролцсон гээд надтай маргаан хийгээд явж байна.  Төрийн  ордонд намын Их хурал зохион байгуулсан гээд. Улс төрийн зорилгоор ажилладаг юмуу энэ цэцийн гишүүд. Миний ойлгож байгаагаар хууль дээдлэх зарчим гэдэг бол хуулийн тодорхой заалт,үг, үсэг зөрчсөн болонгуут хуулиа дээдлээгүй гэсэн үг биш юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Би бол цэц биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж хэлэхэд,  Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэр усыг дуудаж байгаа нь зохисгүй байна. Насыг нь хүндлээд асуудалд наанатай, цаанатай хандмаар байгаа юм. Насны асуудлыг ярьж ярьж л өнгөрсөн жил Төрийн албаны тухай хуулийг баталсан. Ахмад хүн л бол хөөж явуулах ёстой гэдэг байдлаар хандаж болохгүй. Ингэж ярилаа гээд би өөртөө хамаатуулаад байгаа юм биш шүү.

Үндсэн хуульд хууль дээдлэх зарчим гэж үг бий. Тэгэхээр хууль зөрчсөн тохиолдолд л Үндсэн хуулийн цэц гаргаж, яригдаж ирсэн. Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын хоорондын харилцаа байнгын сөргөлдөөнтэй байдаг.  

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Хуулиар бол Захиргааны хэргийн шүүх, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Захиргааны хэргийн шүүх  эрхгүй болсон байгаа. Жишээ нь нийтийн эрх зүйн асуудлаар аливаа шийдвэр гаргалаа гэхэд хувь хүн хаана өргөдөл гаргах нь тодорхойгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН хамгийн их Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн. Гэтэл өнөөдөр эрх баригч нам болчихоод үүнийхээ эсрэг ярьж байгаа нь харамсалтай.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

-Орон нутгийн удирдлагуудыг тогтвортой байлгах шаардлага байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж, Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар яригдана. Засгийн газраас Хөвсгөл аймгийн Засаг даргыг долоон жил төрийн албанд ажилласан гэж томилсон. Гэтэл Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын шийдвэрүүдийг хууль бус гэж үзсэн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх 1995 оны хуулиар улс төрийн албан тушаалыг төрийн албанд ажилласанд тооцно гэсэн журам өнөөдөр ч хүчин төгөлдөр байхад Үндсэн хуулийн цэц яагаад үүнийг авч үзээгүй юм бэ. Үндсэн хуулийн зөрчлийн асуудал, ердийн хуулийн зөрчлийн асуудал нь хоёр өөр асуудал.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН:

-Гишүүдийн ярьж байгаа зөв. Захиргааны эрх зүйн тухай хууль 2004 оноос хэрэгжиж байгаа. Захиргааны албан тушаалтны хэргийг захиргааны шүүх шийдэх ёстой. Гэтэл иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа юм. Иргэн Ганболд нь 2009-2013 оны хооронд аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан байна. Үндсэн хуулийн цэц дээр нэхэмжлэгч өөрөө татгалзчихаад байхад цэцийн дунд суудлын хуралдаан яагаад болсон юм бэ. Цаашид хуулийн засаглалын  зааг ялгааг сайтар гаргахгүй бол болохгүй нь.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

-Манай улсад эрх зүйн маргааны олон төрөл хэлбэрүүд нэгэн зэрэг  хуулийн байгууллагад  шалгагдаад яваад байна. Захиргааны хэргийн шүүх гэхэд өөртөө тааламжтай хэргээ авч хэлэлцээд, тааламжгүй зүйлээ Үндсэн хуулийн цэц рүү шилжүүлдэг болчихлоо. О.Баасанхүү гишүүн зөв ярьж байна. Хууль дээдлэх гэдэг утгыг цэц хэт өргөн утгаар нь авч хэлэлцэх зүйл биш ээ. Яг үнэндээ хэлэлцэж байгаа энэ маргаан цэцийн асуудал биш. Хөдөлмөрийн маргаантай л холбоотой асуудал. Дэлхий дээр манай Үндсэн хуулийн цэц шиг өөрт хамааралгүй асуудлаар өргөдөл болгоныг хүлээж авдаг цаашлаад улстөрийн зорилгоор  шийддэг үндсэн хуулийн манаач байгууллага гэж байхгүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР:

-Цэцийн дүгнэлийг хүлээж авахыг боломжгүй гэдгээ хэлмээр байна. Хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч АТГ-ын даргыг огцруулна гэж хэлсэн. Үүнээс харахад, төрийн албан хаагчдын томилгоонд нөлөөлдөг байдал бий болчихлоо.

Ийн гишүүд үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн үндэслэлээр санал хураахад, дэмжигдсэнгүй.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.118.242) 2018 оны 04 сарын 19

МАН-ны нөхдүүд хууль бус юмыг мөн ч их өмгөөлөх юм даа . Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг ноен ч гэсэн төрд ажиллаж байгаагүй нөхрийг томилсон шүү дээ . Энэ нь тэгээд ариун явдал мөн үү

0  |  0
Иргэн(202.179.31.123) 2018 оны 04 сарын 19

Зөв шүүдээ. Улс орон х8мүүсийн амьдрал хэцүү байхад авилгачид оффшорчид, 60 тэрбумын хэргийг шалгаж шийдвэрлэж чадахгүй АТГын даргыг зайлуулсан нь дээр.

0  |  0
Top