Зөв талаар дулимаг Зөрчлийн хууль

Зөрчлийн тухай хууль. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлэн үүргээ үг дуугүй биелүүлж, улсын төсөвт тодорхой нэмэр болж буй хууль бол энэ. Магадгүй зөв тал нь энэ байх. Зөрчил гаргадаггүй албан байгууллага, хувь хүн нэг ширхэг ч үгүй биз.  Энэ хуульд давуу тал бий нь ч бий. Согтуугаар машин жолооддог иргэд, гэр бүлдээ агсам согтуу тавьж, хажуу хавиргадаа хүндрэл учруулдаг иргэдийг бол “хашраадаг”-аараа давуу талтай мэт харагддаг. Нууцгүй хэлэхэд энэ хууль жирийн иргэдийн халаас руу шууд гараа шургуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Гэсэн ч нэгэнт батлагдсан учир дагаж мөрдөхөөс өөр аргагүй.   

Тухайлбал, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхэд ямар нэг шалтгааны улмаас эцэг эхчүүд хоцорч очих тохиолдол цөөнгүй энэ тохиолдолд бүртгэлийн 18 300 төгрөг дээр нь 30 000 хүртэлх төгрөг шууд торгуулж байгаа юм. Хөдөө орон нутагт бол улирал цаг агаарын байдал, за тэгээд мундахгүй олон шалтгаантай тулгарна. Мөн торгууль төлөх мөнгөтэй мөнгөгүй иргэн хаа сайгүй. Иргэний цахим үнэмлэх шинээр авах болон түүний сунгалтын асуудал бас байна. Хугацаандаа очоогүй тохиолдолд мөн л торгууль. Халаасны хулгай, санамсаргүй байдлаар алга болгохоос эхлээд ердийн үзэгдэл болсон асуудал.  Харин түүнийгээ буцааж олж авахын тулд бөөн дараалалд зогсож, дээрээс нь төлбөр, торгууль төлж байж олж авна гэдэг дэндүү хэрэг л дээ. Улсад төлөх ёстой үйлчилгээний зардлаа төлчихөөд, хэн нэгэн халаасны хулгайчид иргэний үнэмлэхээ алдсаныг зөрчил гэж үзэх нь ч бас утгагүй.

Хүүхдийн уйлаан шуугианаар, дээд доод давхрын айлууд нь дуудлага өгчихнө. Гэр бүлийн бяцхан маргаан үүсэхэд бусдын ая тухыг алдагдуулсан гээд л мөн цагдаагийн жижүүрийн утас хангинах жишээтэй. Тэр бүрт очих үүрэгтэй учир цагдаа нар хаалгыг нь тогшино. Гэхдээ тэдэнд, “та нар ийм, тийм зөрчил гаргасан байна” гээд сануулаад эргэх эрх байдаггүй. Дуудлага өгсөн л бол тэмдэглэгдсэн учраас ямар нэг арга хэмжээ авна. Шулуухан хэлэхэд “Хуурамч дуудлага” өгсөн нэрээр 50 000 төгрөг аваад гарах хуулийн заалтаа л мөрдөнө. Орон сууцанд амьдардаг олон хүүхэдтэй айлын аав ээжүүд энэ тухайд санаа зовон ярихтай олон таарсан. Тэдний амнаас “энэ хүүхдүүд бужигнаад, дээд доод айлынхан дуудлага өгчих вий гэхээс их айх юм” гэдэг өгүүлбэр урсдаг.

Хамгийн ноцтой буюу архичдынхаа асуудал руу одоо оръё. Шөнөд нэг дүүргийн эрүүлжүүлэхэд  30-40 орчим хүн эрүүлжүүлэгддэг гэсэн тооцоо бий. Харин баяр ёслолын үеэр эрүүлжүүлэх байрууд хүнээ багтаадаггүй гэлцдэг. Тэд мэдээж дийлэнхдээ гэр бүлийн хэрүүл маргаанаас үүдэн тийш зүглэцгээдэг. Эрүүлжүүлэхэд нэг бус удаа орсон нэгэн нөхрийн ярьсныг жишээ болгоё л доо. “Ширүүн борооноор орох газар олдоогүй тул албан байгууллагынхаа хаалгыг балбалаа. Оруулдаггүй. Учир байдлаа хэллээ. Жаахан халамцуу явсан болохоор хаалганы бариулаас хүчтэй угзартал сугараад ойччихлоо. Жижүүр харин түргэхэн хаалгаа тайлаад, “ийшээ сууж бай...” гэлээ. Тэгтэл удалгүй цагдаагийн машины дохио дуугараад хүрээд ирлээ. Орж ирж жижүүртэй ёслоод, намайг аваад гарсан. Тэгээд л шууд эрүүлжүүлэх байранд аваачсан.

 Маргааш нь шартсан, шаналсан баахан эрчүүд нүүр нүүрээ харж байгаа юм. Нэг камерт арав гаруй хүн, тэрүүхэн хооронд танилцаад өөр өөрийн зовлонгоо ярилаа. Ихэнх нь гэр орныхонтойгоо маргалдсан зөрчилдсөн хүмүүс. Тэтгэврийн насныхнаас эхлээд арван жилийн хүүхэд хүртэл байна. Тэдний гол айдас бол, гараад яаж торгуулийн мөнгө олох билээ гэдэг асуудал. Зарим нь бол шийдчихсэн “хариад муу гичийг гүйцээнээ...” гэж ч байх шиг. Нэг муу хөгшин ах байна. Орой намайг ороход эрүүл  байсан л даа. Асуусан чинь юм дуугараагүй. Өглөө харин тэднийг яриад эхлэхэд, “эмгэнтэйгээ нийлж жаахан архи уугаад. Тэгээд жаахан халамцаад унтаж байх хооронд эмгэн охин хоёр түр тархийгээд байсан юм. Би ч тоогоогүй. Харин нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн зогсож байна. Юу болов гээд боссон чинь, энэ өвөөгөөс архи үнэртэж байна байна гээд аваад ирлээ. Тэгэхнээ нь охин маань ээждээ гомдоод цагдаа дуудчихаар нь эмгэн хашир хүн учраас урьтаад зугтчихаж. Хоосон буцахаар гээд намайг бариад ирж л дээ. ” гэж байгаа юм чинь.

Тэгээд бас хадам ээж нь бариад өгчихсөн, найзтайгаа зодолдоод орчихсон гээд л түмэн жорын зөрчилтэй хүмүүс сууцгааж байгаа юм. Зах дээрээс хулдаас хулгайлж яваад баригдчихсан согтуу хулгайч хүртэл байгаа юм. Гэхдээ гэр бүлээ авч яваа голдуу эрчүүд байсан. Ажил төрөлтэй, сайхан залуучууд найз нөхөдтэйгөө дарвиж яваад орчихсон байх юм билээ. Дараа нь биднээр эрүүлжүүлэхийн мөнгө гэж 4300 төгрөг төлүүлээд хэсэг хэсэг рүү нь авч очиход, өнөөдүүлийг хэн ирж авч байна гээч... өнөө муу өвгөний насаараа ханилсан хань нь, нэг мөсөн гүйцээхээр шийдээд байсан эхнэр нь, хүргэнээ хашхичаад байхаар нь “явуулчихсан” хадам ээж нь,  хаанаасаа ч юм бэ хэдэн төгрөг олоод атгачихсан гэмшсэн царайтай ирж байх жишээтэй... Тэгээд нэгэнт хэн ч ирж авахгүй намайг байцааж байгаад, 100 000 төгрөг олох аянд хоёр цагдаагаа дагуулж гаран танилаасаа мөнгө зээлсэн дээ. Дараа нь миний цалингаас 100 000 төгрөг сох дутаж гэр бүлийн хурлаар олж, үнэнээ өчиж, хүүхдүүдийнхээ нэг сарын хоол унааны мөнгөнөөс хумсалсандаа санаа зовж явна.” гэж ярив.

Ингээд бодохоор энэ хууль гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн бус харин ч нуун дарагдуулахад нөлөөлж ч мэдэхээр санагдана. Гэр бүлээс нь мөнгө урсаад байхаар дараа дараагийн дарамтуудыг тэсэж үлдэхээс өөр аргагүй болноо доо. Тэр 50 000, 100 000 төгрөг хэнээс гарах вэ, тэр гэр бүлээс, эсвэл тэднийг 7-30 хоног баривчлахад хэн хохирох вэ, аавгүй хүүхдүүд, нөхөргүй эхнэр... Тэдэн дотор гэр бүлээ авч яваа нь олон. Нэг удаа гэнэдээд, нөхрөө хашраагаад орхиё гэсэн дуудлага нь нэгэн насных нь занал гомдол болж ч мэдэхээр. Хуулиа мөн сурталчилж таниулах ажил ч тийм өргөн хүрээнд хийгдээгүйд бас нэгэн сул тал оршиж буй. Энэ хууль улс эх орны цаашдын ирээдүйд хэрэгтэй болоод УИХ-аар батлагдсан байх учиртай тул энэ хүргээд өндөрлөе.

 

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Иргэн [ 182.160.2.155 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 12:08 минутанд

Маш зөв хууль болж. Хууль зөрчих юм хийхгүй л байвал болоо ш дээ. Заавал энэ бүхнийг хийх гэж мачийгаад дараа нь пянгий нь даахгүй гоншигноод байх хэрэггүй ш дээ, ямар хүүхэд биш.

ttt [ 202.21.106.145 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 10:28 минутанд

Шал амьдралгүй тэнэг хууль

Go to top of page