Татварын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орно

2018 оны 04 сарын 19

ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм. Энэ удаа хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын талаарх мэдээллийг хүргэе. 

 

АСУУЛТ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдрах зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн  албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежид суралцдаг бол баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Энэ дагуу олгогдох 2017 оны хувь хүний орлогын албан татварын буцаан олголт зарим иргэдийн дансанд өнөөг хүртэл ороогүй байгаа юм. Тэгвэл буцаан олголт хэзээ орох талаарх мэдээллийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг өглөө.

ХАРИУЛТ: Түүний өгч буй мэдээллээр татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлжээ. Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байгаа гэнэ. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхлэх аж. Тодруулбал, буцаан олголт 4 дүгээр сарын 20-ноос хойш иргэдийн дансанд орж, эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд бүрэн орно гэсэн мэдээлийг Нийслэлийн төрийн сангаас өгсөн байна.

Иргэдийн нэр, данс зөрүүтэй байвал татварын алба иргэдтэй холбогдож, мэдээлэл нь алдаатай байгааг мэдэгддэг. Иймд иргэд банкин дахь харилцах данс зөрсөн тохиолдолд яаралтай залруулах хэрэгтэй.

Банкны ачаалалтай холбогдуулаад иргэдийн дансанд өмнө, хойно орох тохиолдол байдаг. Иймд иргэд буцаан олголттой холбоотой лавлах зүйлээ Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой юм.

Дашрамд дурдахад 2017 онд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгчээ. Харин нийслэлийн хэмжээнд 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байгаа аж.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top