Н.Амарзаяа: Монголын ирээдүйн хувь заяатай холбоотой ГЭРЭЭГ шалгах нь маш том үүрэг хариуцлага

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Оюутолгойн гэрээг Монголд ашигтай үгүйг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд байгуулсан. “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий  Ажлын хэсэгт багтан ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай цөөн хором ярилцлаа.

-Оюутолгой ордыг шалгах ажлын хэсэгт та багтсан. Ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа. Ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Оюутолгойн ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, Дубайн гэрээг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, удирдамж чиглэлээ тодорхойлоод ажил эхлээд явж байна. Ажлын хэсэг дотроо  таван дэд ажлын хэсэгт хуваагдсан.  Тухайлбал, миний бие татвар, санхүүгийн болон бүсчилсэн хөгжил, дэд бүтцийн ажлын хэсэгт багтсан.  Сангийн яам болон Барилга хот байгуулалтын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан бусад салбар чиглэлийн хүмүүс оролцон ажлаа эхлээд явж байна.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?

Ажлын хэсгийн дүгнэлт зургаадугаар сарын 24-нд дуусаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж танилцуулна.

-Гэрээг шалгаснаар Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинээр байгуулах нөхцөл бүрдэнэ гэж зарим гишүүд үзэж байна.   Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан Оюутолгойн гэрээг шинэчлэх боломж бий юу?

-Ажлын хэсгийн гол зорилго нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргахад оршиж байгаа. Нөхцөл байдлыг нягталж шалгая. Ямар боломжууд байна, ямар өөрчлөлт хийх нөхцөл байгаа зэргийг  нэгбүрчлэн нягталсны дараа судалгаатай, тоо баримттай танилцуулах нь манай ажлын хэсгийнхний үүрэг.  Үүний дараа л бид албан ёсоор хариултаа өгнө.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах хэрэгтэй, хэрэггүй гэсэн хоёр талцал нийгэмд үүсээд байна л даа. Монголын талд ашигтай эсэх талаар та хувь гишүүнийхээ зүгээс байр сууриа илэрхийлбэл?

- Аливаа төсөл хэрэгжих явцыг нягтлах, шалгах, хянах нь аль улс оронд байх л асуудал шүү дээ. Ард түмэн нягталж шалгахыг, энэ гэрээ бидэнд хир ашигтайг л мэдэхийг хүсч байна. Ийм ч учраас орон нутагт ажиллах явцад уулзалт бүхэнд л иргэд минь энэ сэдвийг хөндөж байна. Энэ бол стратегийн томоохон орд, Монголын минь ирээдүйн хувь заяатай холбоотой учраас л Улсын их хурал өөр дээрээ авчирч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Би яаран ямар нэгэн дүгнэлт хиймээргүй байна. Гэхдээ үндэснийхээ, иргэдийнхээ эрх ашгийн төлөө л ажиллаж байгаа гэдгийг та бүхэн минь ч ойлгох хэрэгтэй.

- Томоохон стратегийн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн талаар  сүүлийн үед багагүй шүүмжлэл гараад байна. Ажлын хэсэг гэрээг өөрчлөх хэмжээнд дүгнэлт гаргах уу, үгүй юу гэдэг эргэлзээ  ч олон хүнд байна л даа? 

-Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой мэргэжлийн олон байгууллагуудын зөвлөмж, санал дүгнэлтүүдтэй танилцаж байна. Аливаа зүйлд үнэн бодитой тайлан, мэдээлэл, тооцоо, судалгаа шинжилгээнд суурилан ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүх түвшний гэрээнд тусгагдсан зүйл заалтуудыг гэрээний бүх талууд  хэрэгжүүлж чадаж байна уу үгүй юу гэдгийг баримттайгаар тодруулахад л чиглэж байна.

-Ажлын хэсэгт та өөрийгөө багтах ёстой гишүүний нэг гэж хэлэх үү. Мөн томоохон гэрээний хэрэгжилт дээр ажиллах боловсрол мэдлэгийн хэр туршлагатай вэ? 

- Ажлын хэсэгт орж ажилла гэсэн шийдвэрийг УИХ-аас үүрэг болгож надад өглөө. Маш том үүрэг хариуцлага. Үүргийн дагуу ажиллах ёстой. Аливаа асуудалд мэдлэг, чадвар, туршлага гэхээс илүүтэй эх орноо, ард иргэдээ гэсэн чин сэтгэл л чухал. Нөгөө талаар Оюутолгойн орд газар манай аймгийн баялаг, Монголын баялаг, газар нутгийн онцлогийг илүүд чухалчлах хэрэгтэй.

Ш.АДЪЯАМАА

Top