Засгийн газар хөдөө орон нутагт явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх эхний мэдээллийг улс орны хөгжлийн нэг чухал тулгуур болох хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралтын асуудлаар хийхээр бэлтгэлээ.

НҮБ-аас 2015 онд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтуудыг тодорхойлсон. Энэ хүрээнд УИХ 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан 2030 онд хүрэх зорилтоо тодорхойлсон билээ. Энэ баримт бичигт эрүүл мэндийн чиглэлээр:

Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлж дундаж наслалтыг 78-д хүргэх
Эх, нялхсын эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах
Халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, тархалтыг бууруулах гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг:

“Хүн амыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эдийн засгийн тооцооллыг бий болгож, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ”,

“Хүн амын урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол олгох, дадал, хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр 2017 онд Засгийн газар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн онд эх оронд маань 74 мянга 328 нялх үрс шинээр мэндэлж, хүн ам гурван сая хоёр зуун мянгад хүрлээ. Их зохиолч Д.Нацагдоржийн“Монголын үрс маш олон болтугай” хэмээсэн билэгтэй сайхан ерөөл биеллээ олсоор байна. Нялх үрсээ өлгийдөн авч, ам бүл нэмсэн айл өрх бүрт эрүүл энх, аз жаргал хүсье.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь тухайн улс орны хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт болдог.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2016 онд 1000 амьд төрөлтөд 20,8 промиль байсан бол 2017 онд 16,7 болж буурсан. 2030 онд энэ үзүүлэлтийг 9 промильд хүрэхийг зорьж байна.

Нялхсын эндэгдлийн тухайд 2016 онд 1000 амьд төрөлтөд 16.8 промиль байсныг 2017 онд 13.6 болгож буурууллаа. Тогтвортой хөгжлийн зорилтод энэ үзүүлэлтийг 8 промильд хүргэнэ.

Манай улс 2015 онд эхийн эндэгдэлийн үзүүлэлтээр Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн есөн орны нэг болж 100 мянган амьд төрөлтөд 199 просантимиль байсныг 26 болгож бууруулж байсан хэдий ч 2016 онд энэ үзүүлэлт 48-д хүрсэн. 2017 онд 26,9 болсон амжилттай ч бид Тогтвортой байдлын зорилтод хүрэхэд хичээн ажиллах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтод эхийн эндэгдлийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 15 болгохоор заасан. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ зорилтод бид хүрнэ.

10 мянган хүн амд ногдох зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 2017 оны байдлаар 17,4 промиль байгааг 2030 онд 14, хорт хавдраас шалтгаалсан нас баралт 13 промиль байгааг 2030 онд наймд хүргэхийг зорьж байна. Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 2030 онд 99.8 хувьд хүргэх зорилттой байгаа бол 10 мянган хүн амд ногдох вируст хепатитийн өвчлөлийн тохиолдлыг хоёрт хүргэхээр ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар сүрьеэ өвчний тохиолдол тууштай буурахгүй байна. 2017 онд сүрьеэгийн 4300 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 5.6 хувийг нь эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол эзэлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд 10 мянган хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 13 хүртэл бууруулахаар тусгаж, Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Манай улсад нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 549 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хүн амд үйлчилж байна. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж , үйлчилгээнд хамруулахад анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх, тусламж, үйлчилгээний багц болон санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. 2018 онд өрх, сум, тосгодын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг өмнөх оноос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

ДЭМБ-ын тайлан илтгэлд жил бүр 150 сая хүн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн улмаас санхүүгийн дарамтад орж, улмаар 100 сая хүн ядууралд өртөж байгааг анхааруулжээ.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх тулгуур баганы нэг нь санхүүгийн хамгаалалт буюу иргэн санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх явдал гэж үздэг.

Манай улсын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хувиасаа шууд төлөх төлбөрийн хэмжээ 2014 онд 42 хувь байсан. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж, ядууралд өртөх шалтгаан болж байна.

Түүнчлэн эмчийн үзлэг, эм болон оношилгоо, шинжилгээний төлбөр зэрэг шууд зардлын улмаас иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жигд авч чадахгүй байна.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайлбал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр 5.2 тэрбум төгрөг төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалд хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэлээ өөрсдөө төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн даатгалын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцүү байсныг 2018 оноос нэг хувь болгон бууруулсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулахад ихээхэн чухал алхам болно.

Мөн ирээдүйд иргэдийн эрүүл мэнд, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг одооноос тодорхойлж, түүнд чиглэсэн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн зардал, хорт хавдрын хими, туяаны өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар төсөвт өмнөх оныхоос дөрвөн тэрбумаар нэмэгдүүлж нийт 34,5 тэрбум төгрөг суулгалаа.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх удаах тулгуур багана нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Өнөөгийн байдлаар нийт 3500 эрүүл мэндийн байгууллагад 50 гаруй мянган эмч, мэргэжилтэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж байгаагийн үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан өвчний тоо 39 байсныг бууруулж 32 болголоо.

Мэдрэлийн мэс заслын хоёр, хавдрын хоёр, гэмтлийн нэг, үргүйдлийн хоёр өвчнийг шинээр эх орондоо эмчилж байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын эмчилгээ, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг дурдаж болно.

Энэ оны нэгдүгээр сард Донорын тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэддээ эх орондоо тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Өнөөдрийн байдлаар элэгний 48, бөөрний 153, ясны чөмөг шилжүүлэн суулгах 10 удаагийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг ажиллаж анхны туршилтаа амжилттай хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. 2017 онд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагч 26,8 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт эдэлсэн. 2018 онд ерөнхий нэршлийн 184, худалдааны нэршлийн 817 эмэнд 40-80 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын санг 04 дүгээр сарын 01-нээс цахим системд шилжүүлж, мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн түвшинд нэвтрүүлж эхлээд байна. Цахим програм хангамжийг бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч бүрт тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл цахимаар очиж, тусламж үйлчилгээний чанар болон зардалд тавих хяналт сайжирна. Даатгалын сангаас үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөл ил тод болж, иргэдэд учрах тусламж үйлчилгээний чирэгдэл багасна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бий болгох гурав дахь тулгуур нь эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээнд хүн амыг бүрэн хамруулах явдал юм.

Монгол Улсад иргэн бүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хуульчилж, эрүүл мэндийн даатгалын хамралт 95.4 хувь байгаа хэдий ч, бага орлоготой иргэд, албан бус салбарт ажиллагсад, хөдөлгөөнт хүн ам, даатгалгүй иргэд, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэд тусламж, үйлчилгээнд хамрагдалгүй орхигдох, эрүүл мэндийн тэгш бус байдалд орох магадлалтай байдаг.

Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-тай хамтран мобайл технологи нэвтрүүлж, зайн оношилгоонд 54 мянга гаруй малчин, иргэнийг хамруулсан нь ихээхэн үр дүнтэй болж байна.

Засгийн газар хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, урьдчилсан үзлэг хамруулах зорилгоор явуулын амбулаторийн үйлчилгээ бий болгоно. ДЭМБ-аас гаргасан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд энэ үйлчилгээ ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна.

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурлыг бууруулах зорилгоор баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатит В, С вирүсийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг 2017 онд зохион байгуулсан. Үзлэгт 40-65 насны хүн амын 57 хувь буюу нийт 535 мянга гаруй иргэнийг хамруулжээ.

Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 31,1 мянган хүн хепатитийн В вирүс эерэг гарсан бол 58,5 мянган иргэнд С вирүс эерэг гарсан байна. С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 58,5 мянган хүн хамрагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ үйл ажиллагааг 6,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүллээ.

С вирүс устгах эмчилгээнд нийт 20,3 мянган даатгуулагч хамрагдаад байгаа бөгөөд даатгалын сангаас эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгоод байна. Мөн хепатитийн В вирүс илрээгүй 93 мянга гаруй иргэнийг сайн дурын дархлаажуулалтад хамрууллаа.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шатанд 15-39 насны, 65-аас дээш насны 1 сая 200 гаруй мянган хүн хамрагдана. 2018 онд даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум, элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож, шаардагдах төсвийг баталсан.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар энэ сарын дөрөвний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж чадна.

Мөн манай улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд урьдчилан сэргийлж, харьцангуй эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, хүн амын нас баралтын шалтгааны 77 хувийг эзэлж, эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байна.

Судалгаагаар манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний 10-т орж, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь байна.

Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хэмжээнээс 2,2 дахин их байна. Хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, сүүлийн үед хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэх болсон судалгааны дүн гарчээ.

Хүн амын дунд архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл зохистой хооллолтыг дэмжихийг хүн бүрийн идэвхтэй оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж чадвал зүрх судасны өвчлөлийг 80 хувь, чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын өвчлөлийг 30 хувиар бууруулах боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг ирэх хичээлийн жилээс эхлэн оруулахаар шийдвэрлэсэн нь ирээдүй хойч үеэ эрүүл саруул амьдралын дадал хэвшилтэй болгоход чухал ач холбогдолтой болно.

УИХ-ын гишүүд ээ,

ДЭМБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын шалгуур үзүүлэлт болох “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын үзүүлэлт манай улсын хувьд 63.1 хувь байгаа нь бүсийн бусад улс оронтой харьцуулахад дундаж түвшинд байна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах ач холбогдолтой.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, монгол хүнийхээ насыг уртасгах үйлс зөвхөн эрүүл мэндийн салбарын бус хувь хүн, айл гэр, хамт олон, бусад бүх байгууллагын хамтын хүчин чармайлтын үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, эрүүл мэндийн салбарт зориулж буй төсөв хөрөнгийн зэрэгцээ иргэн таны эрүүл саруул амьдрах эрмэлзэл, хүсэл зориг, хичээл зүтгэл нэмэгдвэл бид бүгдээрээ өвчин эмгэгээс ангид эрүүл саруул байж, урт наслах бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэн, судлаачид зөвлөдгийг эцэст нь тэмдэглэе.

Монголын нийт ард иргэддээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хз(182.160.34.45) 2018 оны 04 сарын 21

Алслагдсан газарт урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал.Түүнийгээ үнэгүй хийгээд өгөх хэрэгтэй.Ер нь хүүхдийн мөнгө нэртэй архичдын бэлийг нилээд боловсронгуй болгомоор байнаа.Өөрөөр хэлвэл ядарсанд нь өгсөн шиг өгч баячууд дундчуудын хүүхдүүдийг хассан байхад хэн ч хохирохгүй.Харин хяналт нарийн байх хэрэгтэй.Шшудангийг зарим үйлчилгээ,эрүүл мэндийн зарим үзлэг,нийтийн бие засах зэргийн үйлчилгээг үнэгүй болгож иргэддээ туславал мөн ч зүгээрдээ.Бээжин гэхэд төв талбайдаа хэдэнч хүн орсон саадахааргүй томоохон бие засах газрыг үнэ төлбөргүй ажиллууллаг.

0  |  0
эмч(66.181.177.82) 2018 оны 04 сарын 20

Хэлээ зажилсан ТМС-н авгайгаа аваачээ манай салбараас. Хуулийг уландаа гишгэж салбарыг унагаж бна. Шийлгийг шорон явуулсан МАХН-ын Оюунханд гж авгайг яаманд газрын даргаар авчирч хулгай хийх аргаа заалгуулж бгаам бхоо. Бас Содномжамц гж нэг тур орлон гуйцэтгэгч газрын даргад ТНБД-д хавсруулсан - энэ Сжамц нь Билэгт авгайн сонгуулийн менежер бсан, одоо Билэгтийн хавдарын хашаанд барьсан эмнэлгийг улсад худалдан авах ажлыг хийх зорилготой гэжуагай

0  |  0
Top