Даян дээрхийн зургаан харуул

Манж чин улсын төрөөс Монголын хойд талын хил хязгаарт тавих хяналтаа сайжруулах, хаант Оросын нөлөө дэлгэрэхийг хязгаарлах зорилгоор хатуу чанд хууль гаргаж 1727 оноос харуулын алба бий болгон Хиагтаас 2 тийш 47 гэр харуул байгуулж байсны 19 нь баруун тийш байсан бөгөөд халх 4 аймгийн сайн ноён, Засагт хан аймгийн олон хошуунаас харуулын албанд дайчлагдан хугацаагүй харуулын албанд явуулсан байна. Эдгээр харуулын дотор Эрээнцалам, Архан буурал, Уялган, Дархинт, Хөх толгой, Хатгал боом  гэсэн 6 харуулыг даян дээрхийн 6 харуул гэж түүхэнд бичигджээ. Даян дээрхийн хэмээх 6 харуулын нэг онцлог Манжийн төрөөс тогтоосон журмын дагуу дотуур харуул байсан байна. Анх эдгээр 6 харуулыг хоёр улсын хилийн дээсийн дагуу, хилд ойрхон байгуулсан боловч тэдгээртэй холбоо тогтоох, нааш цааш зорчиход ихээхэн хүндрэл бэрхшээл учирч байснаас дотогш татаж, Хөвсгөл нуурын чиглэлийн газарт нүүлгэн нутгийн гүнд байршуулсан учир дотуур харуул гэдэг болсон түүхтэй. Харуулууд нь манжийн төрөөс баталж өгсөн хуваарьт тусгай газрын зураг бүхий газрыг хариуцан эргэж тойрч хянаж шалган, нааш цааш зорчигчдын хэргийг хянан байцаах үүрэгтэй ажилладаг байв. Даян дээрхийн зургаан харуулаас Уялган харуул, Дархинт харуулын нутаг одоогийн Цагаан-үүр сумын нутагт хамрагдаж байжээ. Харуулууд өөр өөрийн харалдаа Оросын хилийн харуултай хугацаа болзон уулзаж, хилийн тэмдэгт овоогоо шалган сэргээж, хилийн байдлаа бие биедээ мэдээлэлж, хэрэв хэрэг зөрчил байваас эв зүйгээр шийддэг байв. Хилийн энэ уулзалт яваандаа хоёр улсын иргэд эвтэй найртай байхын бэлгэдэл болсон эв модны наадам буй болох эхлэл болсон юм. Сүүлдээ хоёр талын хилийн харуулууд жил жилийн ханш нээх өдрөөр болзож эв мод нийлүүлэн, харилцан мэнд мэдэцгээдэг болжээ. Манж чин улсын төр гэрэлтийн арваннэгдүгээр он буюу 1832 онд Даяндээрхийн зургаан харуул эв модны ёслол үйлдсэн тухай Улиастай дахь Манж яаманд өргөн мэдүүлсэн нэгэн бичигт ”дархинт харуулын занги Шагдаржав, хуяг Цагаандай нар 10 дугаар сарын 27-ны өдөр мордож эсрэг орших Оросын Торхон харуулд очиж мэндчилж явав” гэсэн бол “Уялган харуулын занги Гиваа, хуяг Гэндэн нар 6 сарын 1-ний өглөө мордож, эсрэг орших Оросын Барцага харуулын газар очиж мэдээчлэн явав” гээд уул өргөсөн мэдээллийн төгсөлд “Бүгд зургаан харуулын занги, хүнд цэрэг нар Орос харуулын газар одож тэдний харуулын орос даамал нар лугаа найртай ёсоор уулзаж учирваас орос нар эелдэг сайн, хэрэг зүйл үгүй, хоёр этгээдээс нийлүүлэх эв модыг нийлүүлж ёслоод мэдэчлэн гүйцэтгэж яваад хойш эргэн ирэв” гэжээ. Эрээн цалмаас Хатгал хүртэлх зурвас нутагтай “харуулын халхчууд” хэмээгдэх Даян дээрхийн зургаан харуулынхан эртнээс бөөгийн шашныг шүтэж иржээ. Тэд жил бүр Даян дээрхийн онгоныг тахиж ирсэн бөгөөд яваандаа бөөгийн шашны төв болсон байна. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо олсны дараа жил буюу 1921 онд харуулын албыг халж, харуулуудыг татан буулган, цөөн тооны хуяг цэргүүдийг тухайн харуулын нутгийн овоо тахилгатай уулыг харж хамгаалах үүрэгтэй болгож, үлдсэнийг нутаг хошуунд нь буцаах шийдвэр гаргасан ч хэрэгжээгүй, нутгийн иргэд болжээ.

 

 

Эх сурвалж:Tsagaan-uur.khs.gov.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 62.4.139.48 ]      |     4-р сарын 23 -нд, 08:06 минутанд

Энэхүү түүхэн мэдээллүүдийг хүүхэд залуусдаа сайтар уншуулж танилцуулж сургалтын материалд оруулж байгаасай л гэж бодож байна даа

Go to top of page