Баянхонгор аймгийн ”Соого Сейко” сургуулийнхан өргөтгөл барьж өгөхийг хүсэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг зорин ирээд буй тус аймгийн төрийн өмчит “Соого Сейкео” сургуулийн удирдлага, багш нар болон урлаг, спортод томоохон амжилт үзүүлсэн авьяаслаг сурагчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд тус сургуулийн захирал, сурган хүмүүжүүлэх ухааны доктор С.Оюунбилиг сургуулийнхаа талаар товч танилцуулав. 

“Соого Сейкео” буюу “Найрамдал” нэртэй сургуулийг 2006 онд Баянхонгор аймаг болон Японы Ойта муж хоорондын шууд хамтын ажиллагааны үндсэн дээр Ойта мужийн ард түмний хандиваар байгуулжээ. Тус сургуульд өнөөдрийн байдлаар 45 багш, ажилтан ажиллаж, 730 сурагч суралцаж байна. “Соого Сейкео” сургуулийн захирал С.Оюунбилиг “Манай сургууль эрдэм боловсролтой монгол хүнийг бэлтгэхийн зэрэгцээ хүүхдүүдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх чиглэлд алсын хараатай ажиллаж байна. Манай хүүхдүүд өөрсдийн сонирхлын дагуу хичээлээс гадна 22 дугуйлан, секцэнд хамрагдаж, багагүй амжилт гаргасан. Тухайлбал, оюуны спорт соробан сампингийн төрөлд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл, даамын спортод Азийн аварга, бокс, сумо, чөлөөт бөхийн төрлөөр тивийн болон олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож,  чамгүй амжилт гаргасан. Энэ бол манай сургуулийн багш, эцэг, эхчүүдийн хүчин чармайлт, хүүхдүүдийн маань тууштай, мэриймтгий, хичээл зүтгэлтэй зангийн ололт амжилт юм” гэв. 

Баянхонгор аймгийн “Соого Сейкео” сургууль 325 хүүхдийн хүчин чадалтай. Гэвч  тус сургуулийн ололт амжилт, сургалтын чанар зэрэг сайн нөлөөлөл нь эцэг, эхчүүдийн хүүхдээ тус сургуульд оруулах эрэлт, хүсэлтийг дийлэхгүйд хүрчээ. Улмаар сургуулийн хүчин чадал 2.5 хувиар нэмэгдэж , хүүхдийн тоо 730-д хүрч, гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Иймд тус сургуулийн удирдлагууд урлаг, спортын заал бүхий өргөтгөл барьж өгөх хүсэлтээ яамны удирдлагуудад уламжлав. Мөн урлаг, спортын заал бүхий өргөтгөлийн барилга, байгууламжийн зураг төслийг БСШУСЯ-ны удирдлагуудад өргөн барилаа.  Тэдний хүсэлтийг яамны удирдлагууд дэмжиж буйгаа хэлээд 2019 оны төлөвлөгөөнд оруулах боломжийн талаар судална гэсэн юм. 

Энэ үеэр Баянхонгор аймгийн “Соого Сейкео” сургуулийн 8а ангийн сурагч Б.Бадамхатан үзүүлсэн амжилтынх нь талаар тодруулахад “Малайзын Куала Лумпур хотод 2017 оны 12 дугаар сарын 9, 10 –нд олон улсын соробан сампингийн тэмцээн болсон. Энэ тэмцээнд нийт 65 орны 4000 гаруй тамирчид оролцсоноос Монголын баг тамирчид дэлхийн чансаагаар гуравдугаар байр эзэлсэн. Нэгдүгээр байранд Иран, хоёрдугаар байранд Энэтхэг улсын баг тамирчид орсон. Миний хувьд энэхүү тэмцээнд оролцож, мөнгөн цомын эзэн болсондоо баяртай байна” гэв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page