Элэгний эмгэггүй Архангай төслийн II шат үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шат амжилттай болсон талаарх танилцуулга, уулзалт өнгөрөгч долоо хоногт Эрдэнэбулган суманд боллоо. Арга хэмжээнд төслийг санаачилагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, дэмжин оролцсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, “Харвони” эмийг хандивлагч Гилеад Сайнсис компанийн Ази, Номхон далай хариуцсан захирал Бен Камарк, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл болон 18 аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн Засаг дарга нар оролцлоо.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элэгний эмгэггүй Архангай” төслийг 2016 оны аравдугаар сард эхлүүлж байсан юм. Тус аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хорт хавдар бичигддэг юм байна. Сүүлийн зургаан жилд Архангай аймагт хорт хавдрын улмаас бүртгэгдсэн нас баралт 10 мянган хүн амд 11-15 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин хавдрын өвчлөлийн нэгдүгээрт элэгний хавдар бичигдэж байжээ. Тухайлбал, 2013 онд аймгийн 10 мянган хүн амд элэгний хатуурал өвчлөл 31.6 байсан бол 2016 он гэхэд 36 болж өссөн талаар уулзалтын үеэр онцолж байлаа. Элэгний архаг үрэвсэл өвчлөл 2013 онд 26 бүртгэгдсэн бол ердөө гуравхан жилийн дараа 84 болж огцом нэмэгджээ. Түүнчлэн аймгийн хөдөлмөрийн насны нийт хүний 19.8 хувь нь элэгний хатуурлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг ерөнхий үзүүлэлт гарчээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Харвони эмийг Монголд оруулж ирсэн “Омбол” компанийнхантай уулзаж, тус эмийг үйлдвэрлэдэг АНУ-ын Гилеад Сайнсис компанитай холбож өгөхийг хүссэн аж. Ё.Баатарбилэг гишүүн Гилеад Сайнсис компанийнхантай уулзаж Харвони эмийг хандиваар авахаар тохирсон юм. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шатанд аймгийн 40-65 насны нийт 21700 иргэнийг богино хугацаанд илрүүлэг шинжилгээнд хамруулжээ. Цаг агаар хүйтэрсэн, айлууд өвөлжөөндөө буух зэргээр нүүдэл суудал болж байсан тул гурван сарын хугацаанд шинжилгээнд хамруулна гэдэг амаргүй байсан талаар эмч нар ярьж байсан юм. “Элэгний эмгэгүй Архангай” төслийн илрүүлэг шинжилгээ 2016 оны арваннэгдүгээр сард эхэлж 2017 оны нэгдүгээр сарын 20-нд дууссан байна. Ё.Баатарбилэг гишүүн “Архангай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олон гадны ямар ч том төслийг хэрэгжүүлэх туршлагатай, мэдлэгтэй, зохион байгуулалттай боллоо. "Элэгний эмгэггүй Архангай” төсөл амжилттай хэрэгжиж 2300 орчим хүн С вирусгүй болж эрүүлжиж, 40 гаруй хүн эрт илрүүлэгээр хорт хавдар нь илэрч эмчилгээнд хамрагдлаа. Хичээж ажилласан төслийн багийнхаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа, гүн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Гилеад Сайнсис компани, Засгийн газарт, төсөлд идэвхтэй оролцож шинжилгээ оношлогоонд хамрагдаж эрүүл мэндээ хамгаалж чадсан Архангайчууддаа талархал илэрхийлье. Архангай аймгийн 40-65 настай иргэдийн 81.3 хувь нь шинжилгээнд хамрагдсан нь манай төсөлд итгэснийх. Орон нутаг болон эрүүл мэндийн салбарын хамт олны хичээл зүтгэлийнх байсан юм шүү. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм амар байсангүй. Нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл гарахаас эхлээд шуугьсан. Гэхдээ бид даван туулж чадсан. Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн гишүүн нар маань маш сайн дэмжиж, бодлогын дэмжлэг үзүүлж ажилласан. Нийгмийн даатгалын сан дээр асуудлууд гарч гацаа үүсэхэд дор бүр нь шийдэж, дэмжиж ажилласан тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, гааль татварын асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж дэмжиж өгсөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, түүний Засгийн газарт баярлалаа” хэмээн талархал илэрхийлэв. “Гилеад Сайнсис” компанийн зүгээс таван тэрбум төгрөгийн “Харвони” эмийг Архангай аймагт хандивласан нь 2300 иргэнийг элэгний С вирусээс ангижрах боломж бүрдсэн юм. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн хоёрдугаар шат өнгөрсөн оны есдүгээр сард эхэлж 15-39, 65-аас дээш насныхныг бүрэн хамруулах ажил эхэлж 50 хувьдаа хүрсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг бүрэн дуусгах тал дээр Засгийн газар анхаарлаа хандуулахыг хүсье” хэмээн онцлон хэллээ.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол Улсын 21 аймгаас анх удаа Архангай аймагт нэг жил гаруйн хугацаанд хэрэгжсэн “Элэгний эмгэггүй Архангай” хөтөлбөр хэрэгжлээ. Хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирустэй 2300 орчим иргэнд Харвони эмийг үнэгүй өгч эмчиллээ. АНУ-д 90, Сингапурт 60 гаруй мянган ам.доллараар борлуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөнгөлөлтөөр нэг хүн 3-4 сая төгрөгөөр манай улсад эм авч хэрэглэдэг. 2300 иргэнд энэ эмийг үнэ төлбөргүй өгч эмчилснээрээ төслийн давуу тал нь. Төслийн нэгдүгээр шат 40-65 насны хүмүүсийг хамарсан бол хоёрдугаар шатанд 15-39, 65-аас дээш насны хүмүүс хамрагдаж байна” гэдгийг хэлж байлаа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжлээ. Архангай аймаг уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ том хөтөлбөрийн эхний шанг амжилттай татлаа. Төслийн үр дүнд монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эхний 10-т багтах үзүүлэлтэд хүрлээ” гэдгийг тодотголж байв.


Уг уулзалтын үеэр Харвони эмийг хэрэглэн элэгний С вирусээсээ салсан нутгийн иргэд ирцгээж, УИХ-ын гурван гишүүндээ талархал илэрхийлж байлаа. Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн иргэн Г.Ганбат “Энэ төслийн хүрээнд оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, элэгний С вирустэй гэж тогтоогдсон. Амгалан эмчийнхээ хяналтанд Харвони эмийг гурван сарын турш гурван удаа ууж анх тоологдохдоо 4.3 сая вирустэй гэж гарч байсан. Эм уугаад сүүлийн шинжилгээ өгөхөд нэг ч вирусгүй болсон байсан. Тиймээс бурхад чуулсан Булган уулынхаа өвөрт төрж өссөн, буянтай үйл хийж байгаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нартаа талархал илэрхийлье. Энэ сайхан буян тань түм бумаар арвижиг” хэмээн хэлж байлаа.

zindaa.mn

Д.Дорж

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page