Н.Учрал: Дарга нараасаа залуу гишүүд нь хамаагүй илүү идэвхтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ажлын хэсэгт багтах гишүүдийн тоог хязгаарлаагүй байх. Ажлын хэсэгт оръё гэсэн хүсэлтэй байгаа бүх гишүүдийг оруулмаар байна. Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох чухал хууль. Тиймээс аль болох олон гишүүдийн туршлага чухал гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь  хэт нэг талыг барьсан. Ажил олгогч болон ажилтан хоёр ижил эрх, үүрэгтэй байх ёстой. Тухайн ажилтныг ажлаас шууд  халах биш өмнө нь заавал сануулга өгдөг байсан бол одоо ямар ч сануулагагүйгээр ажлаас нь шууд халж байна.  Хуулийг бүхэлд нь бол дэмжиж байгаа. Дотор нь орж байгаа зарим зүйл заалтуудыг ажлын хэсэг эргэж хараасай.Миний хувьд дэд ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хөдөлмөрийн тухай хууль маш муу хууль болсон. Би Арбитрын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж байсан. Хөдөлмөрийн арбитр гэдэг ойлголтыг оруулж ирсэн байсан. Ажилтан, ажил олгогч хоёрын  эрх үүрэг ижил тэнцүү байх ёстой. Үе үеийн Засгийн газар дамжсан хуулийг зассан болгоод оруулаад ирсэн юмуу.

Энэ хуулийн төсөлд ажиллах Ажлын хэсгийн гишүүдийг  бодож оруулсан нь дээр.  УИХ-ын дэд дарга Ажлын хэсгийг ахалж амжих юм уу. Завтай, чөлөөтэй, сууж ажиллах хүнээр ахлуулахгүй бол ажил явахгүй ээ.  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бараг батлагдаад  хэрэггүй дээ.  Буцаасан нь дээр. Хуулиа эхлээд сайтар уншиж, судалж байж ажлын хэсгээ байгуулах хэрэгтэй. Ажлын хэсэгт багтсан долоо гишүүн нь бүгд дарга нар байна. Дарга нар хуралд ирдэггүй гэдгийг Ажлын хэсэг ахалж явсан хүний хувьд би мэднэ. Харин залуучууд нь хамаагүй идэвхтэй, оролдлоготой байдаг. Дарга нар цугларсан ажлын хэсэг хуралддаггүй юм.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top