Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2018 оны 04 сарын 25

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.04.24) 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018  оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан ажиллахаар боллоо.  

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт, нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттайгаар бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг нь экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарчээ. 

2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай  хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Хуулийн төсөлд Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг  гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан  байна. Экологи, нийгэм эдийн засгийн  ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа  дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухй хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ. 


Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж  нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-ыг зөрчиж байгаа эсэх, он гарснаас хойших энэ төрлийн татвараас  бүрдүүлсэн орлогын хэмжээ, цаашлаад хуулийн дагаж мөрдөх хугацаа, хууль батлагдсанаар хэчнээн төгрөгийн татварыг хөнгөлж байгааг илүүтэй тодруулав.  

Ажлын хэсгийн зүгээс, Хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгасан. 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар  энэ төрлийн татварын орлого 97.9 сая төгрөг байна. Хууль батлагдвал энэ төрлийн гаалийн албан татвараас 2018 оны үлдсэн хугацаанд 200 сая, 2019 онд 300 сая, 2020-2021 онд 400 сая орчим төгрөгийн орлого татварын хөнгөлөлтөд хамрагдана гэж хариулж байлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын газар нутгийн найман хувь нь ойгоор  бүрхэгдсэн талбайтай байна. Ойн санг тодорхой хэмжээгээр нөхөж, нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуй, модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого барих шаардлагатай. НҮБ-аас манай орны ойн нөөц, талбайн хэмжээ маш бага байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Иймд асуудалд улстөржилгүйгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналыг хэлсэн.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдлаа. 

Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх явцад мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр  ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн  хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан  аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж  нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэхээр тусгавал хуулийн зөрчилгүй болно” гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top