Өмнөговь аймгийн Гурвантэс сумын оюутан залуус гурван жилийн дараа чууллаа

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын ЗДТГ, ИТХ, “Бласт” ХХК-тай хамтран сумынхаа оюутан залуусын чуулга уулзалтыг энэ сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтанд “Гурвантэс” сумын Засаг дарга О.Баттогтох, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаяр, Ерөнхий санхүүч Ц.Сумъяа болон Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал  Ш.Хишигсүрэн нар оролцсон юм.

 

Энэхүү чуулганы гол зорилго  нь улс орны ирээдүй болсон оюутан залуусынхаа үзэл бодлыг сонсох, тэднийг хэрхэн зөв зүйтэй талаас нь дэмжин ажиллах талаар санал бодлоо солилцох гэдгийг уулзалтанд ирсэн зочид онцолж байлаа.

 

Мөн сумын оюутан залуус нэгдэж шинэ оюутны зөвлөлийн дарга болон гишүүдээ сонгосон байна. Оюутан залуус цаашдаа нутгийн удирдлагуудтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв.

Гурвантэс сумын оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Х.Сүхбат энэ жил “Отгонтэнгэр” их сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараа эхлэх гэж байгаа тул ийнхүү шинэ бүрэлдэхүүн ажлаа хүлээн авч байгаа аж. Шинэ тэргүүнээр “Их засаг” олон улсын сургуулийн 2-р дамжааны оюутан С.Шинэсар, Дэд тэргүүнээр ХААИС-ийн оюутан Б.Ганбат, Ц.Солонго, Т.Дамдинжав, М.Жижлха, О.Намуундарь, Б.Баянжаргал Т.Отгонсувд нар тус тус ажиллахаар сонгогдсон байна.

Шинээр сонгогдсон оюутны зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор “Гурвантэс” сумын засаг дарга О.Баттогтох 200 мянган төгрөг, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн 100 мянган төгрөг болон 500 мянган төгрөг бүхий лекцийг зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын оюутнуудад тавина гэдгээ амласан юм.

Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн “Гурван тэс” суманд үйл ажиллагаа явуулдаг “АГМ Майнинг”, “Жавхлант орд” ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, амжилттай сурч байгаа зургаан оюутныг дэмжиж, нэг жилийн сургалтын төлбөрийг нь 100 хувь дааж буйгаа илэрхийлж, төлбөрийг гардуулан өгсөн юм. 

Үүнээс гадна Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нарын бие төлөөллүүд хүрэлцэн ирж, амжилттай суралцаж байгаа оюутан залуусдаа тэтгэлэг болон мөнгөн шагналуудыг тус тус гардуулсан юм.

Ингээд чуулга уулзалтанд оролцсон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлагууд болон оюутан залуусын сэтгэгдлийг хүргэе.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох: Бүрэн эрхийнхээ хугацаанд сумын оюутны зөвлөлтэйгөө нягт хамтран ажиллана

 

Өнөөдрийн чуулга уулзалтын гол зорилго юу байв. Цаашид оюутан залуустайгаа хамтарч нутаг орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө юу, юу хийхээр ярилцаж, төлөвлөсөн бэ?

Бид Гурвантэс сумаас 1000 шахуу км яваад Улаанбаатар хотод ирчихсэн байна. Энд Гурвантэс сумаас маань нийтдээ 180 орчим оюутан их дээд сургуульд суралцдаг. Тиймээс эдгээр оюутнуудтайгаа уулзах, дуу хоолойг нь сонсох ер нь ирээдүйд, эргээд орон нутагтаа хэд нь ажиллах юм. 2018 онд төгсөж байгаа оюутнууд ямар чиглэлээр хаана, хаана ажиллах боломжтой юм, ажлын байраар яаж хангах юм. Мөн нэг, хоёрдугаар курсын оюутнуудаа яаж сурах идэвхийг нь сайжруулах юм гэдэг тал дээр түлхүү анхаарч, ярилцах нь бидний энд ирсэн гол зорилго байлаа. “Их хуралдай” амралтын газар байрлаад урлаг, спортын арга хэмжээнүүд зохиож, оюутны зөвлөлөө шинэчлээд, даргыг нь шинээр сонголоо. Гурвантэс сумын 180 орчим залуус гэдэг бол миний бодлоор их тоо. Эдгээр залуус маань энд суралцахаас гадна, бид сумынхаа хөгжил дэвшилд яаж татан оролцуулах, нийгмийн идэвхтэй байлгах юм гэдэг талаас нь өөрсдийнх нь санал бодлыг сонслоо.  2018, 2019 оны сумынхаа ажлын төлөвлөгөөнд залуучуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа юу хийж чадах юм, нийтийг хамарсан ажлаар, оюутны зөвлөлийн хүрээнд юу хийж чадах вэ гэсэн энэ асуудлуудыг харилцан ярилцаж ерөнхий шийдвэр гаргалаа. Оюутнуудынхаа судалгаа шинжилгээг хийж, үндэслэлээ гаргаснаар 11, 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдийн мэргэжил сонголтон дээр түлхүү анхаарах ёстой юм байна. Мөн 180-аад оюутны сурч боловсорч байгаа нөхцөл ямар байгаа юм, байрны асуудал, сургалтын төлбөрөө төлж чадаж байгаа юу, үгүй юу гэдэг асуудал дээр орон нутгийн зүгээс, төрийн зүгээс, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа салбарын зүгээс анхаарлаа хандуулна. Өнөөдөр 100 гаруй хүүхдүүд ирсэн байна. Энэ хүүхдүүдтэйгээ шийдэлд хүрч, бас тодорхой оюутнуудадаа тусламж дэмжлэг үзүүлэхээр бэлдэж ирсэн. Дунджаар 4-5 хүүхэд одоо болтол сургалтын төлбөрөө төлж чадаагүй л явж байна. Үүнийг бид шийдлээ. Дээрээс нь үнэхээр сургуульдаа Гурвантэс сумын нэрийг гаргаж, оюутнууд дундаа нэр хүндтэй, сурлага хөдөлмөрөөр тэргүүлэгч 10-аад оюутныг шагнаж, урамшуулж, урам хайрлах ийм ажлуудыг зохион байгуулаад явж байгаадаа сэтгэл өндөр байна

Оюутан залуустайгаа уулзаад, ярилцаад явж байхад тэдэнд тулгамдаж байгаа гол асуудал юу байв?

Манай оюутнуудад сурч боловсроход асуудал бага байна. Оюутнуудад сурч боловсроход суурь боловсролын асуудал их чухал байдаг. Суурь боловсрол муу байснаас болоод үеийнхнээсээ хоцрох асуудлууд гардаг. Бид энэ тал дээр одоо ч гэсэн ярьсаар байна. ЕБС-ийнхаа чанарыг сайжруулах, нэмэгдүүлэх энэ асуудал дээр нэлээн анхаарал хандуулах ёстой. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд сургуулийн багш удирдлагуудтай шат дараалсан арга хэмжээг авч,  ажиллаж эхэлсэн байгаа. Мөн өөрийгөө нээх боломж нь бага байдаг юм байна гэж үзээд нэг, хоёрдугаар курсын оюутнуудад илтгэх урлагийн чиглэлээр сургалт хийхээр болсон. Өөрийгөө нээх, илтгэх, бусдын өмнө өөрийгөө таниулах талын сургалтыг хийх ёстой юм байна. Мөн ахлах курсын оюутнууд судалгаа шинжилгээний ажил дээр түлхүү анхаарал хандуулах ёстой юм байна гэдгийг харлаа. Гурвантэс ирээдүйд яаж хөгжих, бизнесийн салбар, төрийн байгууллагууд нь ямар байх, боловсролын үйлчилгээний байгууллагууд нь яг яах юм. Өнөөгийн их дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудад маань ямар санал, санаачлага байгаа юм гэдэг дээр баг болоод ажлын хэсэг гараад, судалгаа, шинжилгээ хийгээд, бидэнд ийм гарц байна, ийм боловсролтой хүмүүсийг бэлдэх ёстой юм байна. Боловсролын аль шатанд, ямар түвшинд нь анхаарлаа хандуулах ёстой юм, тэнд нь оюутнууд болон сум, иргэд, төрийн байгууллагууд ямар оролцоотой байх юм зэрэг асуудлууд дээр нэлээн ажиллах шаардлагатай юм байна гэж ойлголоо. Залуучууд, оюутнуудад маань сурахад тодорхой хэмжээний орчин нөхцөл, боломж, техник хэрэгсэл гээд олон зүйл хэрэг болдог юм байна. Энэ тал дээр бид анхаараад, холбогдох хүмүүстэйгээ уулзаж, ямар боломж, бололцоо гарах нь уу, бас нэг тийм жижигхэн оффис ч юм уу, оюутны мэдээллийн төв ч юм уу нээгээд, өөрсдөө ирээд суугаад юмаа хийчихдэг байвал зүгээр юм байна гэж бодогдлоо. Мөн хүүхдүүд маань олуулаа амьдардаг юм байна. Байр хөлслөөд, наймуулаа амьдарч байгаа хүүхдүүд ч байдаг юм байна. Олуулаа байдаг учраас хичээл номоо хийдэг нөхцөл боломж нь сайн биш. Интернэт, сошл орчинг ашиглах боломж нь бага. Тиймээс бидэнд анхаарах асуудлууд олон байна. Оюутнуудын маань үйл ажиллагаа хоёр, гурван жил тасарчихсан байж. Бид бүрэн эрхийнхээ хугацаанд оюутнуудтайгаа хамтарч ажиллахаа амлалаа. Нөгөө талаас, сумынхаа оюутны зөвлөлийг Улаанбаатар хотын, мөн Өмнөговь аймгийнхаа холбоотой ойртуулж өгөх ёстой юм байна. Залуучуудын байгууллагуудтай уулзуулж, холбож өгөх ёстой юм байна. Харилцан мэдээлэл солилцдог, ярилцдаг боломжуудыг нь нээж өгөх, тэр зам харгуйг нь зааж өгөх гээд нэлээд ажлууд байна гэж ойлгоод явж байна.

Таныхаар уулзалтын зорилго биеллээ олж байна уу, оюутнууд хэр хүлээж авч байна?

Сумаас ирсэн бидний зорилго бол оюутнуудтайгаа уулзах, санаа оноог нь сонсох, зохион байгуулалтад гар бие оролцуулах, шинэчилсэн зохион байгуулалтад оруулах зэрэг байсан учраас биелсэн гэж үзэж байна. Гэхдээ оюутан залуусынхаа санаа бодлыг сонсоод, уулзаад явахаар хийх  ажил маш их гарч ирж байна. Бидэнд шат дараатай, тодорхой цаг хугацаанд багтааж хийх нэлээн ажлууд гарч ирсэн.

Шинээр томилогдсон оюутны зөвлөлийн гишүүдтэйгээ хамтарч ойрын хугацаанд ямар ажил хийхээр зорьж байгаа вэ?

Бидэнд цаг хугацаа маш бага байна. Гэхдээ ойрын хугацаанд оюутны зөвлөлтэйгээ хамтраад 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдийн мэргэжил сонголтын асуудал дээр ямар нэгэн байдлаар ажиллана. Энд ирсэн 180 хүүхэд дунд мэргэжлээ зөв сонгож чадаагүй хүүхдүүд нэлээд байдаг юм байна. Тэр нь яваандаа нэг, хоёрдугаар курсээсээ ангиа солих, сургуулиа солих, дахиад нэгдүгээр курсдээ сурах зэрэг асуудлыг үүсгэчихдэг. Тэгэхээр мэргэжил сонголт тал дээр хожимдолгүй мэдээлэл өгөх нь бидний нэн түрүүнд хийх ажил юм байна гэж ойлгосон. Удахгүй оюутнуудын маань амралт эхэлнэ. Амраад сум орон нутаг, аав, ээж дээрээ очсон хойно нь энэ сайхан боловсролтой залуучуудыг юунд ашиглахав, нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийх юм зэргээр ажлууд үргэлжлээд явна. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд бид олон шинэ оюутнуудтай болно. Жилд дунджаар 60-70 хүүхэд их дээд сургуульд элсэж ордог. Тэр хүүхдүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарна гэж бодож байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр: Орон нутгийн удирдлагын зүгээс оюутан залуусаа дэмжиж, хамтран ажиллахад бэлэн

Гурвантэс сумын оюутан залуусын чуулга, уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагч талаас хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

Гурвантэс сумын оюутан, залуусын чуулга уулзалтыг сумын Иргэдийн хурал, ЗДТГ-аас амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2004 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд энэхүү арга хэмжээ маань тасарсан байсан ч энэ жилээс сэргээд явж байна. Удирдлагуудын зүгээс энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болно. Чуулга уулзалтын маань зорилго нь Гурвантэс сумын сэхээтнүүдийн нэг хэсэг, нутаг орныхоо ирээдүйг өнгөлөх, тодорхойлох улсууд байгаа учраас хоорондоо нэгдэх, нэг нэгнээсээ туршлага судлах, орон нутгийнхаа хөгжлийн талаар өөр хоорондоо ярилцах тийм давуу талтай. Сум, орон нутгийн удирдлагууд оюутан залуусаараа дамжуулаад нийгмийн тустай ажлыг хийхэд түлхэц болох болов уу гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгууллаа.

Оюутнуудын хувьд сэтгэл өндөр байгаа нь ажиглагдаж байна. Цаашид оюутны зөвлөл болон оюутан залуусаа дэмжих тал дээр нутаг орны удирдлагуудын хувьд хэрхэн ажиллах вэ?

Уулзалтад ирсэн оюутнууд маань сэтгэл өндөр байгаад баяртай байна. Оюутан залуусаа дэмжих зорилгоор сумын ИТХ-аас их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууддаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 34 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж ажилласан байна. Хөтөлбөрийн зорилго нь сумын хэмжээнд дутагдалтай байгаа мэргэжилтнээр сум орон нутгийг хангах, зайлшгүй тусламж дэмжлэг шаардлагатай оюутнуудыг суралцах боломжоор хангахад оршдог. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрт сум орон нутгийн залуучуудыг хамруулж, гадаадын их дээд сургуульд мэргэших, мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Оюутны уулзалтыг зохион байгуулснаар оюутан залуучууд маань нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж, нэгдсэн бодлогоор сум орон нутгийн хөгжил цэцэглэлт цаашлаад өөрсдийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмших, нийгмийн тустай үйл хэрэгт оролцож, өөрийгөө бусдад ойлгуулах, туршлага солилцох боломж бүрдэнэ. Орон нутгийн удирдлагын зүгээс оюутан залуусаа дэмжиж, хамтран ажиллахад бэлэн бөгөөд энэ нь оюутны зөвлөлийн санал санаачлагыг үндэслэн хэрэгжих бүрэн боломжтой юм.  Ингээд Гурвантэс сумын хөгжлийн ирээдүй болсон  оюунлаг залуучууддаа үргэлж манлайлагч нь байж оюуны их далайд өөрийн сонгосон мэргэжлийг бүрэн төгс эзэмшиж орон нутгийн, цаашлаад Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе.

Отгонтэнгэр их сургуулийн оюутан, Оюутны зөвлөлийн дарга асан Х.Сүхбат: Сумаа хөгжүүлэх  үйлсэд хойшоо суугаад байж болохгүй

Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгаас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд оюутнуудаа амжилттай оролцуулсан байна. 2016-2017 оны Гурвантэс сумын оюутны зөвлөл маань аймгийн шилдэг зөвлөлөөр шалгарсан байгаа. Шинэхэн баг бүрэлдэхүүндээ ажлаа хүлээлгэж өглөө.  Зөвлөлийн есөн гишүүн маань сумынхаа 170 гаруй оюутныг төлөөлөн, дуу хоолой нь болж, юу хэрэгтэй байна, бид юу хийх ёстой, удирдлагаас юу шаардах ёстой гээд энэ бүгдийг дээш нь холбож өгөх үүрэгтэй. Энэ бүхнийг холбохын тулд оюутан бүрийн холбоо хэрэгтэй. Би энд хэрэггүй гэсэн хойрго байдлаар хандаж болохгүй. Бид дөрвөн жил сураад, эргээд сум орноо хөгжүүлнэ. Сум орноо хөгжүүлэхийн тулд би юу гэж сумаа хөгжүүлдэг юм гээд суугаад байж болохгүй шүү дээ. Хүн болгон амьдрахын төлөө зүтгэх юм чинь оюутан байх хугацаандаа энэ чадвараа олж аваарай гэж дүү нартаа зөвлөе. Сум орон нутгийн зүгээс биднийг их дэмждэг. Ямар үйл ажиллагаа зохиомоор байна, саналаа өг гээд биднийг болж бүтэх талаас нь дэмжиж ажилладаг. Төсөвт тусгагдаагүй байсан ч сэтгэлээрээ биднийг дэмжиж, залуучууд руугаа чиглэдэг нь биднийг илүү хөгжих том гарцыг нээж өгдөг. Энэхүү уулзалт маань гурван жил тасарсан байсан. Учир нь сонгууль болж байсантай холбоотойгоор, сонгуулийн сурталчилгаа болно гэж үзэж хойшлуулсан байдаг юм. Удирдлагууд маань бидний ирээдүйд хөрөнгө оруулахын төлөө зүтгэж байгаад нийт залуусынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын оюутны зөвлөлийн дарга С.Шинэсар: Надад итгэл хүлээлгэж зөвлөлийн даргаараа сонгосон оюутан залуустаа баярлалаа

Гурвантэс сумынхаа холбооны үйл ажиллагаанд оролцоод гурван жил болж байна. Надад итгэл хүлээлгэж зөвлөлийн даргаараа сонгосон явдалд оюутан залуустаа юун түрүүнд талархал илэрхийлье.  Сургуульд байхдаа би илтгэх урлагаар явъя гэж боддог байсан, гэвч төгсөхдөө нэг илтгэх урлагийн тэмцээнд орж маш их ичиж байлаа. Гэвч түүнээс хойш илтгэх урлагаар хичээллээд улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлсэн. Тэгэхээр сумынхаа оюутнуудын спорт, урлаг мөн нийгэм талын мэдлэгийг илүү хөгжүүлье илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэхэд нь хувь нэмэр оруулъя, тийм клуб байгуулъя, тэр талын үйл ажиллагааг илүү идэвхжүүлье гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл, илтгэх урлагт чадвараас гадна судалгаа их шаардлагатай болдог учраас иргэн хүний мэдлэгт,  ирээдүйн манлайлагч болоход нь тус нэмэр болно гэдэг үүднээс энэ талыг барина гэж бодож байгаа юм. Өмнөх жилүүдэд манай сум спортын үйл ажиллагаагаар дээгүүрт явдаг, харин нийгэм талаа орхигдуулаад байдаг юм шиг санагддаг байсан. Тийм учраас энэ талын үйл ажиллагааг түлхүү явуулна гэж бодож байгаа. Дээрээс нь, тасалдаад байсан оюутан залуусын уулзалтыг зохион байгуулж байгаа сум орон нутгийн удирдлагууддаа болон “Бланс” ХХК-ийн хамт олондоо талархаж байна. Мөн энд идэвхтэй хамрагдаж байгаа, өөрийнхөө нийгмийн идэвх оролцоогоо дээшлүүлэх гээд хамт олонтойгоо өдрийг өнгөрүүлж байгаа залуучууддаа туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье.

МУИС-ийн оюутан,  Гурвантэс сумын оюутны зөвлөлийн гишүүн Э.Чулуун-Эрдэнэ: Би нутгийнхаа тэтгэлэгт хөтөлбөрөөр хоёр жил сурч байна

Манай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлагуудын хувьд оюутан залуусаа маш их дэмждэг. Жишээлбэл, 2017-2018 оны хичээлийн жилд нийт 34 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрөөр сургалтын төлбөрийг нь даасан. Улс орны хөгжил, ирээдүй гэдэг залуучуудаар тодорхойлогддог. Энэ үүднээс залуучуудаа мэдлэгтэй, боловсролтой байлгахын тулд үйл ажиллагаагаа бидэн рүү чиглүүлж, зохион байгуулдаг нь таалагддаг. Би нутгийнхаа тэтгэлэгт хөтөлбөрөөр хоёр жил сурч байна. Нутгийн удирдлагууддаа баярлаж явдгаа дахин дахин илэрхийлмээр байна. Миний мэдэж байгаагаар манай сум 100 гаруй оюутантай, түүний 3/1 нь тэтгэлэг авсан. Ийм газар байдаггүй байх гэж боддог. Оюутан залуусаа дэмжихээс гадна манай нутгийн удирдлагууд сумынхаа хүн амын тулгамдаад байгаа асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс талархаж, баярлаж явдгаа дахин дахин илэрхийлье дээ.

 

Д.Атарцэцэг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 66.181.160.98 ]      |     4-р сарын 25 -нд, 14:18 минутанд

Сайхан арга хэмжээ болжээ. Ингэж л гар сэтгэл нийлж ажиллах хэрэгтэй. Удирдлагуудад нь болон шинэ зөвлөлд нь мөн нийт оеутнуудад амжилт

Сүхбат [ 59.153.113.213 ]      |     4-р сарын 25 -нд, 11:29 минутанд

Сайхан мэдээлэл болсон байна ажлын амжилт хүсье

Go to top of page