Ч.Өвгөнхүү: Бөхийн өргөөг Даваасамбуу, Данзан, Нямдорж бид хэд л босгосон юм шүү дээ

“ХХ зууны манлай начин”, ХХI зууны анхны харцага, Гавьяат дасгалжуулагч, уран барилдаанч Чойдорын Өвгөнхүүг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын багш” цол хүртээд байхад нь уулзаж хөөрөлдлөө.


Танд Монгол Улсын “Ардын багш” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе?

Баярлалаа. Миний хөдөлмөрийг үнэлж төрийн өндөр цол хүртээсэнд өвгөн ах нь хязгааргүй их баярлаж сууна.

Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулж дууссаны дараа хэлсэн үгэндээ таныг онцолж байсан. Монголын үндэсний бөхийн жудаг төгс харцага... Багш минь гээд л ...?

1983 онд ЗХУ-ын Киевт Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход би багийнхаа туслах дасгалжуулагчаар явсан юм. Баттулга маань самбо бөхийн Дэлхийн аварга болсон жил. Тэр бүхнийг санан дурсаж, баярлаж явдаг бололтой, хөөрхий минь. Намайг хүүхэд байхад багш байсан. Одоо ч багшаа хийж байна. Мөн монголчуудаа эрүүл, чийрэг бие бялдартай байлгахын төлөө зохих хэмжээний ажил хийсэн хүн гэж даруухан өгүүлж байна билээ. Шагнуулсан хүмүүсийн хамгийн эхэнд зогсч байгаад Ерөнхийлөгчөөсөө шагнал авлаа. Монгол Улсын 163 дахь Ардын цолтон юм байна, би.

Таны төрсөн нутаг, ус гэвэл?

Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Мааньт гэдэг газарт 1942 онд төрсөн. Намайг эхээс төрөөд долоо хононгуут авга ах Дашнямд өргүүлсэн. Айлын өргөмөл хүүхэд юм. Бага насаа тэр үеийн хүүхдүүдийн адил л өнгөрөөсөн.

Бөх, спорттой хэрхэн холбогдсон түүхээсээ сонирхуулна уу?

1961 онд цэрэгт явсан. “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд 1964 оны өвөл болсон барилдаанд оролцохоор боллоо. Мөнхбатыг нэгийн даваанд хаясан. Улсын арслан Мөнхбат улсын наадамд хоёр жил дараалан түрүүлсэн “унаж үзэх юмсан” гэж ярьдаг байсан гэдэг. Тэр үед нь би давсан юм. Энэ үйл явдал урам өгч үндэсний бөхөөр барилдах сонирхолтой болгосон.

1964 оны нэгдүгээр сарын 5-нд Армийн аварга шалгаруулах барилдаанд 48 бөх орж, 24 бөх шатарчилж барилдсан. Тэр барилдаанд 16 давсан цагдаа Сэрээтэр, Артаг, “жижиг” Шаравдорж бид дөрөвт Цэргийн арслан цол өглөө. Бөөн баяр хөөр болсон. Хавар нь цэргээс халагдсан. Цэргээс халагдаад хаана очив?

Их барилга трестэд цахилгаанчин хийлээ. Жил орчим болоод саналаараа “Алдар” нийгэмлэгт очсон. 1966 онд улсын наадамд барилдаж Бээжин арслангаар тав давж Улсын начин цол хүртсэн.

Их үерийн жил байна шүү дээ?

Тийм. Үерээс шалтгаалж 7 дугаар сарын 17-нд одоогийн Спортын төв ордонд үргэлжлүүлэн барилдсан юм. Дараа жилийн наадамд “том” Санжаагаар тав, Бээжин арслангаар зургаа давж, долоогийн даваанд Баянмөнх аваргад өвдөг шороодсон. 1968 онд улсын арслан Хайдаваар зургаа давж, долоогийн даваанд аварга Баянмөнхөд унасан. Улсад таван удаа тав, хоёр удаа зургаа давсан. 1968 он дуустал алдар нийгэмлэгт тамирчин, ахлагчаар байгаад 1970 онд Алдар нийгэмлэгт бөхийн багшаар Биеийн тамирын хороо хуваарилсан. Тэндээсээ тэтгэвэртээ гарсан. Одоо зөвлөх багш, дасгалжуулагч хийж байна.

Хэдэн он билээ. Монгол бөхийн өргөө баригдах үе үү?

Бараг тийм. 1990 онд. “Алдар” нийгэмлэг 80 хүнээс 40 хүнийг цомхотгож, 25 жил ажилласан учраас би тэтгэвэртээ гарсан.

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨГ БАРИХАД ОРОН НУТГААС ХАНДИВ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ БИ ХАРИУЦСАН


Таныг Монгол бөхийн өргөөг босгох хандив цуглуулахад их хувь нэмэр оруулсан гэдэг?

1992 онд Монголын бөхийн холбооны дарга Даваасамбуу Монгол бөхийн өргөөг барих хандив цуглуулах ажилд оролцохыг хүсч “Тусгай үнэмлэх” олгосон. Дорнодоос эхлээд Дундговь, Өвөрхангайгаас бусад аймагт очсон. Зарим аймагт 2-3 удаа очлоо. Даваасамбуу дарга “Өвгөнхүү чи Дорнод аймагт дахиад оч. Түрүүнд очоод гурван зуун төгрөгтэй ирсэн” гэв. Би дургүйлхсэн ч Б.Түвшин заантай дахиад Дорнодыг зорилоо. Хурал хийж аймгийн дарга Б.Батсүх намайг 30 минут үг хэлэхийг зөвшөөрлөө. Би ч “Бэлэгсэнгэ, Дугар гэдэг ах дүү алдарт аварга Дорнодоос төрсөн түүхтэй. Монгол бөхийн өргөө байгуулахад цуглуулах хандиваа ах, дүү аваргын өлгий нутгаас эхэлж байгаа юм” гэх мэтээр ярилаа. Хандив цуглуулах ажил амжилттай эхэлж Дорнодчуудаас 3 сая төгрөг, 37 куртиктэй ирж байлаа. Энэ мэтээр тойроход аймаг бүхэн нэг сая төгрөгийн хандив өгсөн. Монголчууд бөхөд хайртай, хүндэлдэг учраас найман настай балчраас, 80 настай буурал хүртэл чадах ядахаараа хандив өргөсөн.

Хөдөөгүүр явсан учраас мал хандивлах санал их гарсан байх даа?

Мал бараг аваагүй. Дорнод аймгийн Баян-Уул сумаас 100 хонь, Хэнтий аймгийн Галшараас 37 адуу хандиваар авсан. Хандив цуглуулахад намайг гэхээс илүүтэй бөх хүний хайрлах түмний сэтгэл байсан гэж боддог. Тиймээс намайг бөх гэж Бөхийн холбооноос сонгосон байх. 1998 оны хоёр дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Хандив цуглуулах шаардлага байхгүй болсон учраас гэсэн. Гэхдээ би “Тусгай үнэмлэх”-ээ өгөхгүй гээд аваад үлдчихсэн. Одоо ч хадгалаастай бий. Монгол бөхийн сайхан өргөөтэй боллоо. Улс, аймаг, цэргийн цолтой, залуу бөхчүүдийн барилдаан байнга болж байна. Бөхийн өргөөг Даваасамбуу, Данзан, Нямдорж бид хэд л босгосон юм шүү дээ. Энэ бол түүх.

Бөхийн өргөө байгуулахад хандивыг нь гуйхаас эхлээд зүтгэсэн хүн чөлөөтэй орж, гарна биз?

Заримдаа ирэхээр оруулдаггүй л юм. Залуу хүмүүс таньдаггүй биз дээ. Хүү минь, ах нь орох ёстой юм гээд учирлана. Бөхийн өргөөг бариулахад оруулсан түүхээ эхнээс нь ярилтай биш. Улсын цолтой бөх хүн гэж учирлахаар оруулна, оруулна. Бөхийн холбооны удирдлага маань сайхан хүндэлнэ.

ХОР ШАРАНДАА ТОМ САНЖААГ ЧИРЖ ДЭВСЭН ЮМ

Эргээд таны бөхийн түүх рүү ороё. Таныг самбо бөхөөр хичээллээгүй, самбо бөхийн олон тэмцээнд оролцоогүй бол “Улсын заан” цол хүртэх байсан гэх яриа байдаг. Хэр үнэний хувьтай вэ?

Самбо бөхийн олон улсын тэмцээн улсын наадамтай ойролцоо болно. Москва, Сочи, Алма-Атад болсныг санаж байна. Голчлон долдугаар сарын 4-5-ны өдрүүдэд тохионо. Эх орондоо долдугаар сарын 8, 9-нд ирж ямар ч бэлтгэлгүйгээр барилдана. Хоёрдугаарт, багш- дасгалжуулагч учраас тамирчдынхаа төлөө гэхээс өөрийнхөө бэлтгэл сургуулилтад анхаарах боломж хомс.

Заан болох боломж байсан байх?

Шавь нараа гуйвал Заан цолыг амархан авах байсан. Надад тийм хүсэл төрөөгүй.Бидний үеийн бөхчүүдэд бууж өгөх тухай ойлголт байгаагүйтэй холбоотой.

Таныг С.Цэрэн аварга “Заан” болгохоор битүү үг хэлсэн гэх яриа ч байдаг?

Аварга Цэрэн намайг заан болгох гэснийг би ойлгоогүй бололтой юм билээ. 1967 оны начин төрөөгүй наадам. Мөнхбат, Баянмөнх, Дэмүүл, Дагвасүрэн ,Пүрэв заан би гээд найман. Цэрэн аварга чамайг амлах уу гэхэд нь би юу ч хэлээгүй. Тухайн үедээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байхгүй юу.


Та 1963 оноос зохиогдсон Цагаан сарын барилдаанд түрүүлсэн анхны начин цолтой бөх?

1969 оны явдал. Дархан аварга Дамдин, Цэрэн аварга Бээжин арслан бид үлдээд Би Цэрэн аваргыг давсан. Нөгөө талд арслан Бээжин, Дамдинд тахимаа өгч байгаа бололтой. Намайг давбал Дамдинг давах, Цэрэн аварга давбал Дамдин аварга давахаар тооцсон байсан болов уу. 1968 онд намайг “Алдар” нийгэмлэгт очиход Бээжин багш байсан. Би 1969 онд багш нь болсон. Миний Бээжин гуайд багшлах гэж ч юу байхав дээ. Дөрвөн жилийн дараа Бээжин гуай аварга цол хүртсэн. Манай “Алдар” нийгэмлэгээс төрсөн анхны аварга л даа.Цэрэнтогтох, Хадбаатар аварга, Санжаадамба аварга, Ганбаатар арслан, Ганхуяг арслан нар улсын наадамд түрүүлсэн. Миний онцлох гавьяа ч биш. Учир нь, Алдар нийгэмлэгт эртнээсээ цэргийнхэн бэлтгэгдэж, хамгийн сайн тамирчдыг шигшиж, сургаж авч ирсэн уламжлалтай холбоотой. Улсын цол бөх хүнийг хүмүүжүүлдэг. Арми сургадаг. Тэндээс бөх болоход ойрхон байдгийг мэдэрсэн хүн дээ, би.

Таныг уран барилдаант Өвгөнхүү харцага гэж дууддаг. Дархан мэх юу вэ?

Миний уран барилдах ч гэж юу бол. Хөлд гүйсэн хүнд бол унадаггүй байсан. Угтуулж хавираад, дагуулж тонгороод, давуулж шиднэ. Залгаа мэх юм. Одоо залгаа мэхтэй бөх их ховор.

Уран мэх, олноос өгсөн нэрээрээ онцлог, алдаршсан бөх олон. Өмсдөг Дамдиндорж ч гэх юм уу?

Өөрийн биеийн онцлог, мэхний хувилбар, ааш, араншингаараа дурсагддаг олон сайхан бөх бий. Тэдний нэг нь Хөвсгөлийн “хулгар” Дамдиндорж. Барилдах бөхийнхөө өөдөөс хоёр гараа энгэртээ зөрүүлэн, бага зэрэг бөгтийж орсон буур ингэ рүү тэшиж байгаа юм шиг тунтганан гүйж очдог их сайхан өвөрмөц бөх байлаа. Чойжилсүрэн арслан байна. Их сонин барилдана. Өрсөлдөгч бөхөө татаж урдуураа гүйлгээд араас нь амбаардаад (өшиглөөд) хөөргөчихнө. Эргээд дэвж явахад нөгөө хөөрсөн бөх ард нь газарт бууж байх жишээтэй. Хөвсгөлийн “Өмсдөг” Дамдиндорж заан өмсөхдөө янз бүр. Өөрөөсөө хүчтэй өндөр бөхийг шилээрээ түрж арагш нь хөөнө. Арагшаа түрэгдсэн хүн хол явж чадахгүй хөл алдахад элгэн дээр нь толгойгоороо тогтоод дэвхэрч буучихна. Унасан тохиолдолд бөхөд тахимаа өгөхдөө алгаа тосон гуйж байгаа мэт хэлбэр үзүүлнэ. Үнэхээр бахархууштай. Энэ бүхэн хүндэтгэл, дэг, ёс жаяг байхгүй юу.

Одоо бол....

Өмнөөс нь очиж гуйх мэт тахим өгөх бүү хэл дор нь орж уначихаад босч ирээд хэнэг ч үгүй дэвээд явчих юм. Ахмад бөхийг их хүндэлдэг байв. Заавал дор нь сууна. Одоо бол өөр. Залуу бөхчүүдийн зарим нь намайг таньдаг хэдий ч мэндлэхгүй зөрдөг тохиолдол бий.

Ингэж ёс жаяг алдагдаад байгаагийн шалтгаан юу вэ?

Мэдээж цаг үе нөлөөлнө. Хамгийн том шалтгаан өөрөө хүч гаргаж, хөдөлмөрлөж, ухаан зарж бөхийн цолонд хүрэхгүй байгаа учраас бусдыг хүндлэх сэтгэл дутаад байгаа юм. Том компанийн мөнгөөр цол авчихдаг нь нөлөөлдөг гэсэн хувийн бодол бий. Начин болоод орхих биш түүнийгээ батлах нь гол шүү дээ. Бидний үед Начингаа баталж байж, начин цолтонд тооцогддог байв.

Та ид барилдаж байх үедээ голчлон тунадаг байсан уу?

Ихэнх тохиолдолд тунана. Хоёр удаа зургаа давсан. Үнэндээ тухайн үед “том” Санжааг хаяна гэдэг хэр баргийн бөхийн давдаг даваа биш байсан юм шүү. 1967 оны наадмаар зургаагийн даваанд “том” Санжаатай хоёр удаа барилдсан. Эхлээд би давсан боловч “хайн” гээд дахин барилдуулсан. Дахин барилдуулахад би унагачихаад зориуд гарыг нь элэг бүсэндээ хавчуулж чирээд дэвсэн юм. Хор, шарандаа л байхгүй юу. 1967 оны наадмыг мэдэх хүмүүс хэлэх байх. Түүнээс биш одоо бол “Өвгөнхүү “том” Санжааг чирээд дэвсэн гэнэ. Сайхан худлаа ярьж байна даа” гэнэ. Буруутгах ч аргагүй. Өөрсдийн нүдээр хараагүй юм чинь. Энэ бүхнийг би ярьдаггүй юм. Эрдэнэ- Очир баавай (Эрдэнэ-Очир арслан) “Бээжин аваргыг хүмүүс худлаа ярьдаг гэлцдэг юм. Миний хүү барилдаж байснаа хүмүүст битгий их яриарай гэж захисан. Бөх мэддэг хүнд болно.

ДЭМҮҮЛИЙГ АМЛАВАЛ ХАРААЖ, ЗҮХЭЭД ХАЛХ, ДӨРВӨДИЙН АСУУДАЛ БОЛГОНО БИЗ ДЭЭ

Хамгийн олон амлуулсан, бас өвдөг шороодсон бөх гэвэл?

Улсын арслан Хайдав. Хөл нь газраас хөндийрөхгүй. Удаан зөөж гишгэнэ. Хий гарахгүй. Хөдөлгөж барилдахад хэцүү. Хурдан хөдөлгөөнтэй хүнд унахгүй. Хайдав намайг гурван удаа амласан. Хоёрт нь би унасан.

Гурав дахь удаагаа амлуулахад хор шар хөдлөнө биз?

Хайдавт хэлсэн. Улсын цолтой бөхийг улсын наадамд гурван удаа амлана гэж байх уу. Өс хонзонтой л юм байх даа. Одоо чи намайг хаяна гэж бодож байна уу. Би унахгүй шүү. Намайг шуудагдаж хаядаг биз дээ гэлээ. Би шуудагдуулаад шуудгаа жийж гарыг нь алдуулаад байсан. Нэг жийхэд Хайдавын хөл өндөсхийнгүүт нь татсан элгэн дээр гараад ирэнгүүт дүүгүүрдээд тавьчихсан. Хайдавыг дүүгүүрдэж байгаа зураг бий дээ. Хайдав томоотой, дөлгөөн бөх учраас юу ч дуугараагүй тахимаа өгөөд явсан. Барилдаан таардаг, давдаг гэж бодоод л гурван удаа амласан юм болов уу даа. Өөр бөх намайг гурван удаа амлаагүй.

Баянмөнх аваргад хоёр удаа амлуулж өвдөг шороодсон тухайд?

Х.Баянмөнхийн буруу биш л дээ. Дэмүүл, Дагвасүрэн, бид гурваас намайг л амлана. Өөр аргагүй. Баянмөнх Дагвасүрэнтэй оюутан цагийн өвөр түрийдээ орж өссөн найзууд. Амлахгүй. Дэмүүлийг амлахаар харааж зүхнэ биз дээ. Чи муу яахаараа намайг амладаг юм бэ. Халх, дөрвөд гээд элдэв юм болно. Хэл, ам хийхгүй нь Өвгөнхүү л байхгүй юу. Тэгээд авсан. Хайдав бид хоёрыг барилдаж дуусаагүй байхад намайг амлачихсан байгаа юм. Дараа нь хэлсэн, уучлаарай, Өвгөнхүү Хайдавыг давдаг болохоор нь давна гэж бодоод амласан юм гэж.

Баянмөнх аваргад амлууллаа. Унана гэж бодоод гарсан уу?

Үгүй. Тэрүүхэн хооронд гэнэдэхгүй юу. Баянмөнхтэй өрөхөөр өөдөөс нь очтол мэндлэх гэж байгаа бололтой гараа сунгаж байна. Гар барих нь гээд хариу мэндлэх гэтэл тэр чигт нь атгаж дагуулж татаад, тойгдож хөөгөөд яах ийхийн зуургүй л даваад явчихсан. Сунгасан гарыг нь барихгүй цохиж зайлуулаад барилдах байсан юм билээ. Гар барьдаг буруу. Гэхдээ би Баянмөнхийг дийлэхгүй л дээ. Дараа нь армийн барилдаанд Баянмөнхтэй үлдэж, түрүүлсэн юм. Долоогийн даваанд хоёр удаа амласан юм гэж унаж өгсөн үү, яасан, мэдэхгүй. Дараа нь Багшийн сургуулийн 20 жилийн ойн барилдаан болж, би түрүүлчихлээ. Түрүүлсэн бөхийн үнэмлэх дээр Х.Баянмөнх гээд бичжээ. Түүнийг нь солиулах жишээтэй.

Төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа барилдав уу?

Нутагтаа 1980-аад оны үед сумынхаа 70 жил, аймгийнхаа наадамд очиж түрүүлсэн. Тухайн үед аймгийн наадам хэсээд явах боломжгүй байсан үе.

Танай нутгийн аймгийн арслан Мөнгөнбаатар байна. Улсын цолонд ойрхон бөх гэлцдэг?

Сайн бөх. Хүүхэд байхаасаа багшаар дамжаагүй. Өөрөө сонирхлоороо барилдсаар өдий зэрэгт хүрсэн. Энэ жилийн наадмаар нэг гал болж гарсан. Энд нэг зүйлийг хэлэхэд аварга С.Мөнхбат намайг “багш” гэж дуудаж байсан. Алдар дээр гурван жил бэлтгэл хийсэн. Сүхбаатар аймгийн наадмаас аймгийн Заан цол хүртсэнээ ч ярьж байсан.

Улсын залуу аварга Санжаадамба таны шавь уу?

Би Санжаадамбыг 18 настай байхад нь ӨМӨЗО-д барилдуулахаар дагуулж явсан. Тэгэхэд би “Санжаадамба улсад хоёр түрүүлэх бөх болно” гэж хэлж байсан. “Алдар” спорт хороонд бэлтгэл хийж байхад нь зааж, зөвлөх тохиолдол байлгүй яах вэ.

Өнгөрсөн зун улсын наадмаар болсон барилдааных нь тухайд?

Засуул, цэцүүдэд хайн боллоо гэсэн. Би шоо барьж явсан. Хамгийн итгэлтэй шударга хүнээр шоо бариулдаг юм. Үнэнээрээ бол хайн, нарийн яривал начин болсон бөхийн тохой түрүүлж хүрч харагддаг. Заан Баярсайхан, Мягмар, начин Сэрээтэр, засуул олонхиороо Санжаадамбыг унасанд тооцсон. Дахиж барилдуулах л байсан юм. Санжаадамбын засуул нь манай нутгийн хүн. Би хэлсэн. Чи яагаад зассан бөхөө унасан гээд байна гэхэд “Унасан л юм чинь” гэж байгаа юм. Бөхийн засуул чинь дасгалжуулагчтай адилхан. Тамирчныхаа л төлөө явдаг байх ёстой. Хажуугаас Мягмар заан шоо барьдаг хүн ярианд оролцохгүй гэснээр би больсон.

Дасгалжуулагчаар олон жил ажиллалаа. Танд ямар зүйл ажиглагдав?

Баянмөнх, Мөнхбат аварга, би бүгдээрээ л барилдахын хажуугаар багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан. Эргээд бодоход багшийн хувиар биднээс шинэ содон зүйл юу гарсан бэ. Өөрсдөө барилддаг, байнга дотор нь байдаг учраас алдаагаа олж хардаггүй юм байна. Бөх хүний бяр хаанаа байдаг вэ. Мөрөндөө, шуундаа, хүзүүндээ, хөлөндөө, ууцандаа бяртай гэх мэт. Мөн өрсөлдөгч нь ямар алдаатай байна. Дасгалжуулагч хүн энэ бүхнийг гаднаас, хөндлөнгөөс ажигладаг. Гэтэл бөхчүүдэд тийм боломж хомс. Дасгалжуулагч 20- 30 тамирчин зэрэг бэлтгэл хийгээд гарахад нь чи тийм хөдөлгөөн, ийм дасгал хийгээрэй гэж нэг бүрчлэн хэлээд явуулдаг. Бөх биш мөртлөө сайн дасгалжуулагч багш нар маш олон гарч ирж байгаа нь миний ярианы нотолгоо. Одоо техник технологи хөгжихийн хэрээр дасгалжуулагч нарын ур чадвар улам сайжирч байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Танд баярлалаа.

Ярилцсан Д.Дамдиндорж

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

зочин [ 66.181.160.8 ]      |     4-р сарын 25 -нд, 23:33 минутанд

төрөөс 800 сая төгрөг гаргасныг ер нь ярьдаг хүн бараг байхгүй дээ.

Зочин [ 103.212.119.228 ]      |     4-р сарын 25 -нд, 14:12 минутанд

Эрдэнэтэд манай үйлдвэр дээр очиж хандив цуглуулах ажлаар очиж билээ.Өөрөө сайхан барилдаж байсан бөх болохоор бид нар хүндлээд ярилцаад хандиваа өгөөд явуулж байсан.Өдөр нь хоолонд орцгоогоод архи задлаад хундага өргөхөд Өвгөнхүү гуай ах нь ердөө хэрэглэдэггүй юмаа гээд уруулаа хүргээд тавьж билээ.Биеэ их сайхан авч явдаг сайхан яриатай сайхан бөх дөө.

Бек [ 112.72.14.247 ]      |     4-р сарын 25 -нд, 08:45 минутанд

Өвөөд буруу байхгүй. Гэхдээ боловсролын салбарт олгодог Ардын багш цолыг тамирчдын багш нарт өгдөгөө болиох хэрэгтэй.

уншигч [ 202.9.47.177 ]      |     4-р сарын 25 -нд, 08:42 минутанд

Өвгөн ахад баяр хүргэе. Урт наслаарай. Бөхийн өргөөг барихад төрөөс ч мөнгө гарсан, түмэн олон ч сэтгэлээрээ хандив өгсөн. Тэрийг ямар ч зураг төсөлгүй өөрсдийнхөө ухаанаар хэлбэр дүрс, багтаамж зэргийг нь гаргаж бариулж өргөө болгоод өдий хүртэл авч яваа нь Нямдорж, Данзан нарын ухаан шүү дээ. Шуналтай байсан бол нийлээд аль эрт хувьчилж аваад дуусгах байсан байх. Одоо шунаад байгаа нөхдүүд зайлах хэрэгтэй. Сүхбат гэж голоосон амьтан өөрийгөө их хурлын гишүүн том амьтан гээд бодчихсон дурак ухаан муутай боловсролгүйгээ мэдмээр юм даа.

Эрдэнэтийхэн [ 122.201.22.64 ]      |     4-р сарын 25 -нд, 08:20 минутанд

Манай Эрдэнэтэд Даваасамбуу гуай үргэлж ирээд л хотын дарга Доржпаламыг сахиад суучихна.Хотын дарга маань албан газрууд руу мөнгө өг гээд бичгэн дээр нь цохож өгөөд бултчихна.Бид ч боломжоороо өгсөн шүү.Хандив бол нилээд цугласан байнх ёстой.За тэгээд барилгын зураг төсөл,цалин хөлс,материал энээ тэрээ гээд зардал их гарна шүү дээ.Ямарч байсан эд дөрөв нилээд хөөцөлдөж босгосон .Гэтэл хуруугаа хөдөлгөөгүй хүмүүс хушуугаа цорвойлгож бөхийн өргөөнд шунаад байхаар нь шал дургүй хүрэх ч шиг.Манайхны өгсөн мөнгөний баримт одоо ч бий шүү.

Зочин [ 103.212.117.19 ]      |     4-р сарын 25 -нд, 08:06 минутанд

Бид гурав монго тогрог гаргасан гэсэн утгаар хэлээгуй байна шуу дээ. Оргоог барих уйл ажиллагаанд оролцож, ард тумнээс хандив цуглуулах уйлст нэмэр хандив болж аймгуудаар явж байсан гэж байгааг гуйвуулах хэрэггуй болов уу

зочин [ 182.160.3.15 ]      |     4-р сарын 25 -нд, 07:53 минутанд

Өвгөнхүү харцагадаа эрүүл энхийг хүсье. Хэл аманд орооцолдоогүй гүдүүгүй сайхан бөхчүүдийн нэг гэж хүндэлж явдгаа уламжилъя

заан [ 139.5.219.226 ]      |     4-р сарын 25 -нд, 07:43 минутанд

бөхийн өргөөг төсвийн хөрөнгөөр босгосон хандив бага хөрөнгө цугласан шүү дээ

ZOCHIN [ 202.21.106.156 ]      |     4-р сарын 25 -нд, 07:02 минутанд

BID OORSDOO II MUUHAI AVIR GARGAJ BAIGAA YUM CHIN OROSUUD ORJ IREED BUTEESEN BOSGOSON BUHNEE BI SANAACHILSN BIHNEE AVII GEVEL BOLOH NI EE YUAMAR IKH SHUNAL YAMAR ARCHAAGUI HONOTSIIN SETGELTEI KHUUUS VE AYAGUI BOL UHEHDEE AVAAD UHEH NI L DEE

ZOCHIN [ 202.21.106.156 ]      |     4-р сарын 25 -нд, 06:58 минутанд

bid sanaachilsan bosogoson geed tor ard tumnii handivaar bosson bohiin orgoog huviin yum shig zaidalj boldog yum uu. TSEDENBAL DARGA IIM MUUHAI HOGIIN AVIR GARGAAGUI DEE.YAMAR MUUHAI HONOTSIIN SETGELTI HULGAICH NAR VE. ICHIJ AMIDARAARAI MONGOLD BUTEESEN BOSGOSON BUHNEE AVAARAI GEJ UE UEIIN BUTEEN BAIGUULALTAND OROLTSOJ YAVSAN KHUMUUST URIALMAAR YU BAINA.

56899 [ 202.21.100.211 ]      |     4-р сарын 25 -нд, 06:57 минутанд

odoo tegeed yax geed bgaa uxna ve barixad ni setgeleeree tuslasan bj bolno barix mongiig chin ulsyn tosovoos xeden tsaas deerees ni ard tumnii xandivaar bosgoson yum

зочин [ 64.119.25.134 ]      |     4-р сарын 25 -нд, 06:52 минутанд

Мөнгөөс гадна сэтгэл зүтгэл гэж гол юм байдгийг ойлгох хэрэгтэй. Тэд үнэхээр их зүтгэж байж боссон. Улсын эдийн засаг их хэцүү байсан одоотой адилгүй. Энэ 3-н гавьяаг мартаж болохгүй тэнэгүүдээ.

zochin [ 66.181.191.208 ]      |     4-р сарын 25 -нд, 06:48 минутанд

Buhiin urguug barihad Mongoliin barag byh hyn handiv ugsun. Ulsiin umch bolgoh heregtei. Uvgunhyy guai yneniig helsen baina. Odoo heden buhchyyd Buurunhii barilgiig huviin bolgochih geed ulairaad baigaa um.

Зочин [ 64.119.16.35 ]      |     4-р сарын 25 -нд, 06:33 минутанд

Ард түмний хандиваар улсаас 800 сая төгрөг гаргасан.Бид 3 гэчихжээ. ккккк

ТЭНЭГ ЧУКЧА [ 202.179.26.140 ]      |     4-р сарын 25 -нд, 04:45 минутанд

МОНГОЛЧУУДЫН ХАНДИВ ХААШАА ОРЧИХСОН ЮМ БОЛ?

Тэнэг чукчад [ 112.72.14.3 ] 4-р сарын 27 -нд, 04:38 минутанд

Чам шиг тэнэг бол сохор зоос ч өгөөгүй дээ, атаархуу новшийн нэг юмаа даа чи

Go to top of page