Газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс иргэдэд газар өмчлүүлэх хуулийг үр дүнд хүргэхийн тулд эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, нийслэл хотод өмчлөх газар байгаа эсэх, цаашдаа улсын хэмжээнд бэлчээр, тариалангийн бүс, тусгай хэрэгцээт газраас бусад иргэд өмчлөх газрын нийт талбай нөөц хэр байгаа талаар тодруулав. 


Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариултдаа, Иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацааг өмнө нь гурван удаа сунгасан бөгөөд энэ хугацаанд манай улсын нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байна. Иргэдийн хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон газрыг өмчлөх сонирхолтой байдаг. Нөгөөтэйгүүр, 1997 онд баталсан газрын суурь үнийг өнөөдөр хүртэл мөрдөж байгаа учраас эдийн засгийн эргэлтэд оруулах  боломж, нөхцөл тааруу байна гэдгийг онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс, одоогоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд иргэдэд өмчлүүлэх газар байхгүй. Харин Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдэд өмчлөх газар бий. Түүнчлэн нийслэлийн иргэд аль ч аймаг, сум, дүүргийн нутагт газар өмчилж авах эрх хуулиар нээлттэй. Ер нь шинэ суурьшлын бүс байгуулахдаа дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ байгуулах асуудлыг тусгах шаардлагатай байна. Одоогоор 840 орчим мянган га газар өмчлүүлэх боломжтой. Засгийн газраас улсын хэмжээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвийг гаргах ажлыг эхлүүлээд байна гэж хариулав. 


Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

irgen [ 103.26.195.122 ]      |     2018 оны 4-р сарын 25 -нд, 07:09 минутанд

temuulen darglaad suhbat alga tsoohor tsamts umsuud kkk iim hural bdag yumuu,kkk aria arai

Go to top of page