О.Баасанхүү: Бусдыг гүтгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулдаг болъё

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

Тэрбээр " Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө хүн бүр эрх тэгш гэдэг утгаар нь гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байгаад  дэмжиж байна. Гэхдээ бид нөгөө талаасаа улс төрийн албан тушаал хашиж, ард түмнийг төлөөлдөг. Жишээ нь манайд хүн гүтгэх нь хуульгүй болчихсон. Дагалдсан хууль оруулж ирмээр байгаа юм.  Ялангуяа онц гэмт хэрэгт  бусдыг гүтгэх нь Эрүүгийн хариуцлага  оногдуулна   гэж оруулахгүй юм бол улс төрчид нь санхүүжүүлээд, өрсөлдөгчөө намнах аргад ашиглах вий. Нөгөө талд хууль шүүхийн байгууллага нь шалгаж байна, нягтлах хэрэгтэй байна гээд  хугацаа алддаг.  Тийм учраас  УИХ-ын тухай хуульд дагалдах хуулийг нь хамтад нь өргөн барьж болдоггүй юм уу" гэв. 

Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

"О.Баасанхүү гишүүн бид хоёр нэг байнгын хороо болон ажлын хэсэгт байгаа. Бид хоёр бие биедээ асуулт тавьж хариулах нь их олон удаа болж байна.  Хэргийн газар нотлох баримттай   баривчлагдсан бол гэдэг заалтыг Үндсэн хуулийн цэц гурван удаа авч хэлэлцээд зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж хоёр удаа хүчингүй болгожээ. Улс төрийн албан тушаалтныг хэргийн газар нотлох баримттай баривчилснаас бусад тохиолдолд заавал түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулж ирнэ. Мөн хэргийн газар нотлох баримттай нь баривчилсан тохиолдолд нэн даруй УИХ-аар хэлэлцэнэ гэдэг энэ заалт бол зайлшгүй байх ёстой заалт юм гэдэг үүднээс оруулж ирсэн. Цэц энэ заалтыг өмнө нь яагаад хүчингүй болгов гэхээр 6.9.2 дахь заалт  нь байхгүй болчихсон учраас ганцхан тохиолдолд л гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх нь Үндсэн хуулийн 27-р зүйлийг хэт  явцууруулж тайлбарласан байна гэдэг асуудал яригдсан.

О.Баасанхүү гишүүний асуултын тухайд Эрүүгийн хуулийг  шинэчлэн боловсруулахдаа  гүтгэх гэдэг асуудлыг сонгуулийн үеэр сонгуультай холбогдуулан гүтгэсэн бол гэмт хэрэг  гэж үзээд бусад тохиолдолд зөрчил болж байна гэж чуулганы үеэр ярьж байсан.  Удахгүй Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Мөн үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон бусад хуульд улс төрийн зорилгоор хэн нэгнээ нүхэнд оруулж, нэр төрийг нь гутааж, захиалгаар бусдын нэр хүндэд халдах асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргээсэн заалтуудыг оруулж өгөх нь зүйтэй. Тэр үед энэ саналаа оруулаарай" гэв.

Ингээд санал хураалтаар гишүүдийн олонх нь  тус хуулийн төслийг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа УИХ-ын чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хэлэлцэж батлав.

Яг одоо чуулганы хуралдаанаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Ш.Адъяамаа



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gvl(202.9.40.132) 2018 оны 04 сарын 27

Xoninii xonxoriin buldugdvvltsen xebeere shib de

0  |  0
ЗОЧИН(103.212.119.9) 2018 оны 04 сарын 26

БААСАНХҮҮ ГИШҮҮНЭЭ - ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ТОХИОЛДОЛД БАС ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХУУ

0  |  0
ЗОЧИН(103.212.119.9) 2018 оны 04 сарын 26

БААСАНХҮҮ ГИШҮҮНЭЭ - ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ТОХИОЛДОЛД БАС ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХУУ

0  |  0
Top