А.Маргад: Энэ уран бүтээлийн хүнд очих цаад санаа нь, “байхгүй, өнгөрсөн” гэсэн утгатай

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

 

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга /ХЦДБЧ/-ын морин хуурч, хөөмэйч Агваанцэрэнгийн Маргад. Өнгөрсөн онд Монгол Улсын Хөгжим Бүжгийн Консерваторийг морин хуурчаар дүүргэсэн тэрбээр “Гүр хааны магтаал” нэртэй бие даасан шинэхэн уран бүтээлээ барьсаар манай редакцаар зочлов. Залуу уран бүтээлч хүн цээжиндээ олон зууны тэртээх өвөг дээдсээ багтааж, үүх түүхээ сэрээн аялгуулан хуурдаж, хөөмэйлэн  магтаж, эгшиглүүлж явна гэдэг бахархууштай. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Гүр хаан Жамухын тухай бие даасан уран бүтээл тэр бүр байдаггүй. Олзуурхууштай сайхан уран бүтээлийн ард гарсан санагдана. Баяр хүргэе! Шинэ уран бүтээлийнхээ тухай эхлээд ярих уу?

-Баярлалаа. Гүр хаан Жамухын тухай уран бүтээл ховор байдагтай санал нэг байна. Их Монгол Улсыг байгуулахад, өөрийн бие, сэтгэл, оюун ухаан бүхнийг зориулсан, алдар нэр гавьяа бүхнийг умартаж, тэнгэрт хоёр нар манддаггүйн адилаар өөрийгөө золиосолж, Монгол улсыг нэгтгэхийн төлөө цаашлаад их гүрэн улс болгохын төлөө зүтгэсэн хүн юм. Монголын тал нутгийн баатар, Гүр хаан сэцэн Жамухын тухай яагаад уран бүтээл хийх болсон бэ гэвэл. Жамухын тухай хүмүүс “Монголын нууц товчоо” түүхэн сурвалж эсвэл Чингис хааны тухай кино, ном зохиолоос голдуу олж хардаг. Тэгэхдээ ихэнхдээ эсрэг талын дүр байдлаар харуулсан нь олон. Бидний хувьд харин энэ хүн Монголын төлөө сэтгэлтэй явсан юм шүү гэдгийг эхлээд харуулахыг зорьсон. Нөгөө талаас өнөөдрийн залууст  өвөг дээдсээ таних, андын нөхөрлөл гэдэг чухам юу юм бэ, ямар хатуу байдаг  юм бэ... гэдгийг үзүүлэхийг зорилоо. Нэгнийхээ төлөө өөрийн байр суурийг тавьж өгч, тэр нь эцэстээ Монгол улсын ирээдүй хойчийн төлөө хийсэн үйл хэрэг болж өргөжиж байгаа нь бахархал төрүүлдэг. Зургаан сар гаруй хугацаанд судалж хийж дуусгалаа. Бүрэн хэмжээний клиптэй уран бүтээл болсон.    


-Хамтарч ажилласан уран бүтээлчдийн тухайд?

-Шүлгийг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Цэнд-Аюуш ах маань бичсэн. “Болор цом” наадамд олон жил эхний тавд шалгарсанаар нь хүмүүс сайн мэднэ. Мөн олон наадмын тэрүүн шагналтай сайхан яруу найрагч. Залуу үеийн нэлээн том төлөөлөл. Намайг тоож шүлэг бичиж өгсөнд маш их баярладаг. Уран бүтээлийн санааг бол “Загасан ширээт тамга” хамтлагийн ахлагч Баатар ахтай хамт ярьж сууж байгаад олсон. Бид уран бүтээлийн ах дүүс юм. Түүний дараагаар Баатар ах намайг Цэнд-Аюуш ахтай холбож өгсөн. Цэнд- Аюуш ах ч сайхнаар хүлээж авч, “ах нь чамд Гүр хаан Жамухын тухай шүлэг бичиж өгье.” гэж хэлсэн. Шүлэг гарсны дараа Ганбаатар /Гаанжи/ ах маань аялгуу, хөгжмийн найруулгыг зохиож өгсөн. Залуу уран бүтээлч, хувиараа студи ажилуулдаг хүн байгаа юм.

-Уран бүтээлийн тань дотоод мөн чанар гэвэл?

-Ер нь энэ уран бүтээл инээд баясал баяр хөөрөөр бялхсан зүйлгүй л дээ. Хүнд очих цаад санаа нь, “байхгүй, өнгөрсөн” гэдэг утгатай. Тухайн хүний намтраас эхлээд эмгэнэлтэй учраас жаахан харууслын шинж чанартай. Гэхдээ түүнийгээ өнөөдрийн залууст сонсгох зорилгоор хөгжмийн хэмнэл талаас нь орчин үеийн хөгжмийн дуугаралтуудыг нэлээн ашигласан. Мөн чанар нь ерөөсөө их түүхээ эргэн сануулах, өвөг дээдсээ таниулахад л оршиж байгаа юм.

-Өөрийн тань бие даасан анхны уран бүтээл үү, Дараагийн хийж буй уран бүтээл гэвэл?

-Тийм, миний анхны бүтээл. Үүний араас есөн дуутай си ди-ний ажилд орчихсон талдаа ороод байна. Энэ ондоо багтаагаад дуусгах санаатай ажиллаж байгаа. Миний есөн дуутай си ди-ний онцлог гэвэл Монголын түүх уламжлалыг сэргээж, орчин үеийн хөгжимтэй холбосон бүтээлүүд юм. Гол нь орчин үеийн залуус маань ардын урлагаа сонсоосой, түүх уламжлалаа дээдлээсэй гэсэн үүднээс уран бүтээлийнхээ сэдвийн сонголтыг хийж байна. Ер нь нэг үеэ бодвол ардын урлагаа өдөр тутамдаа сонсоод байдаг болчихлоо.

-Клипний зураг их сонирхолтой санагдсан. Хэн хэн гэдэг уран бүтээлч ажилласан бэ?

-Найруулагчаар Ганхүү ах ажилласан. Зураглаачаар сүүлийн үед авьяас чадвараараа олонд танигдаад буй Өвгөөдэй ах минь ажилласан. Графикыг Түвшинбаатар /Төвшөө/ ах хийсэн. Энэ дашрамд, хамтарч ажилласан бүх уран бүтээлчдээ чин сэтгэлээсээ баярлалаа... гэдгээ хэлье. Та бүхнийхээ цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.


Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цоозоо(103.212.118.157) 2018 оны 11 сарын 15

Мундаг уран бүтээлч болсонд нь баяр хүргэе. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж байг.

0  |  0
Top