Иргэд ээ, төрөгтүн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

1960-аад оны үеэд БНСУ төрөлтийг багасгах бодлого баримталж байжээ. Эрх баригчид иргэддээ цөөхөн хүүхэдтэй байхыг уриалж, үр хөндөлтийг зөвшөөрдөг байв. Гэвч энэ бодлого нь өнөө үед нийгмийн салбарт ноцтой нөлөөлж байгаа учраас төрөлтийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх болжээ. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд бий болгосон тогтолцоо, амьдралын хэв маяг нь төрөлтийг нэмэгдүүлэхэд саад болж байгаа аж.

Япончуудын дунд ихэд дэлгэрсэн целибатын хамшинжэд солонгосчууд ч ихээр нэрвэгдэх болсон байна. Өнөөдөр залуу солонгос охидын 70 хувь нь их, дээд сургуульд суралцдаг гэсэн статистик бий. Тэд бүгд л мөнгө төлж суралцсаныхаа хэргийг гаргаж, амжилтад хүрэхийг тэмүүлэхээс амьдрал зохиоё, үр хүүхэдтэй болъё гэх нь цөөн. Солонгос гэр бүлд эхнэр нь гэртээ сууж, нөхөр нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг уламжлал хадгалагдаж үлдсэн. Тиймээс хүнтэй сууж, гэрийн буг болохыг охид үл хүснэ. Эрчүүд харин амьдрал зохиовол бүх ачаа мөрөн дээр ирэх учраас аль болох их хөрөнгө хуримтлуулах, өндөр цалинтай ажилд хүрэхийг гол зорилгоо болгосоор гэр бүл оройтдог байна.

Төрөлт багассаны харгайгаар тэтгэврийн сангийн орлого бүрдэхгүй, эдийн засгийн алдагдалтай гарах болжээ. Энэ байдал иргэдийнх нь дундаж наслалт өндөр Сингапур, Япон, Хонконг, Тайвань зэрэг улсад ажиглагддаг байсан бол хэдэн жилийн өмнөөс БНСУ-ын эрх баригчдын санааг зовоох болсон байна.

Тус улсад хүн амын дундаж наслалт 1945 онд 44 байсан бол 2015 онд 82.5 бол бараг хоёр дахин нэмэгдээд зогсохгүй, цаашид ч өссөөр байгаа нь түгшүүр төрүүлж байгаа аж. Хэрвээ энэ янзаараа байвал ойрын 20-30 жилийн дотор “тэтгэврийнхний улс” болж хувирах эрсдэл бодитоор нүүрлэжээ.  2030 онд БНСУ-ын хүн ам 52.5 саяд хүрээд түүнээс хойш буурч эхлэх гэнэ. Учир нь тэр үед хүн амын 25-аас багагүй хувийг 65-аас дээш насныхан бүрдүүлнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Харин 2060 онд нийт хүн амын 40 хувийг тэтгэврийн насныхан эзлэх ажээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны 100 хүнд тэтгэврийн насны 80 хүн ногдоно гэсэн үг юм байна. Одоогийн байдлаар БНСУ-д хөдөлмөрийн насны 100 хүнд 18 тэтгэврийн хөгшин ногдож байгаа аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.177) 2018 оны 05 сарын 02

эмэгтэйчүүдээ олон хүүхэдтэй болоорой.

0  |  0
Иргэн(112.72.14.52) 2018 оны 04 сарын 28

ХҮҮХЭД БОЛ УЛСЫН ХОЙЧ ГЭДГЭЭР НЬ АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ЮМ .ӨНӨӨГИИН БАЙДЛААР НЭГЭН ГЭР БҮЛИИН АСУУДАЛ ЮМ ШИГ БОЛОВЧ ТӨРӨӨС ХҮН АМЗҮЙН ЗОХИСТОЙ БОДЛОГО АВАХГҮЙ БОЛ ХҮҮХДИИГ ХҮСЭХ ГЭР БҮЛ НЭГ ИХ БИШ БАЙНА ДАА.ТӨРД АЖИЛД АВАХДАА ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИИГ АВЧ БАЙХ ХҮҮХДИИН МӨНГӨӨР ДЭМЖИХ ГМ . ОДООГИИН ХҮҮХНҮҮД ОХИДУУД ЭРТ ҮР ХӨНДҮҮЛСНЭЭС ҮР ТОГТООХ ЧАДВАРГҮЙ БАЙХ НЬ ИХ БАЙНА .ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДЭГ ЯМАР Ч БАЙСАН. ХҮҮХЭД ГАРГАЖ БАЙЖ ЭМЭГТЭЙ ХҮН НИИГМИИН ХАРИУЦЛАГА АМЬДРАЛЫН АЗ ЖАРГАЛЫГ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА.АЖИЛ АЛБАТАЙ. МӨНГӨТЭЙ МӨРТЛӨӨ ҮР ХҮҮХЭДГҮЙ ХҮМҮҮС ХАРАХАД САЙХАН ЮМ ШИГ ДОТРОО БОЛ АГУУ ИХ ЭМГЭНЭЛ

0  |  0
Top