Сурагч Б.Билгүүн: Ирээдүйд би инженерийн бүтээж болох хамгийн өндөр цэгийг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 28

Нийслэлийн 40 дүгээр сургуулийн нэгэн шавилхан хүү өөрийн сэтгэл оюунаа зориулан урласан бүтээлүүдээ дэлгэжээ. Сургуулийнхаа зүүн жигүүрийн  багахан зайг ашиглан үзэсгэлэнгээ дэлгэсэн 10 в ангийн сурагч  Б.Билгүүнтэй уулзлаа. Тэрбээр сургуульд орохоосоо өмнө техникт сонирхолтой, аливааг эвлүүлж, угсрах, задалж салгахдаа гаргууд нэгэн байсан гэнэ. Одоо Б.Билгүүн хүү маш том зорилго өвөртлөн гэгээн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шамдан бүтээж эхлээд байна.

 

-Хэддэх удаагийн үзэсгэлэн бэ?

-Энэ бол миний анхны үзэсгэлэн. Зургадугаар ангиасаа хойш бүтээсэн бүтээлүүдээсээ сонгож үзэсгэлэн гаргалаа. 12 бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа.

-Инженерийн бүтээлүүдээс бүтсэн үзэсгэлэн юм байна. Ирээдүйнхээ мэргэжлийг сонгочихсон уу?

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ мэдээж сонгочихоод байгаа. Инженер болно.

-Анх ямар бүтээл хийж байв?

- Би анх мотор холбож үзэж байсан. Түүнийгээ машин болгосон. Машинаа сэнс болгосон. Тэгээд л бүтээл маань өргөжиж, би амтанд нь орсон доо.

-Ер нь багадаа ямар тоглоомоор голдуу тоглож байсан бэ?

-Багадаа тоглоомон машин, буу, зэр зэвсгээр их тоглодог байсан. Тэднийгээ бас задалж эвлүүлэх дуртай байлаа. Тэрнээс бас миний энэ хобби эхэлсэн гэж боддог.

-Дараагийн зорилго гэвэл?

-12 дугаар анги төгстөлөө улирал болгон, жил болгон үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаа. Үзэсгэлэнгээ илүү хөгжүүлж, өнөөдөр мод байгаа бол маргааш хуванцар, төмөр зэргээр бүтээл хийж хөгжүүлэх зорилготой байна.

-Хамгийн том бүтээл тань ямар бүтээл вэ?

-Уулан дээрээс ус урсаж буй үзэгдлийг гаргасан, “Голын эх” гэж бүтээл бий. Тэр их сайхан болсон санагддаг. Тэгээд кранууд маань байна. Энд бүх бүтээлээ авчираагүй. Харин цаашдынхаа үзэсгэлэнгүүдийг улам өргөжүүлнэ.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ. Ямар зорилго тавьсан бол?

- Ирээдүйд би инженерийн бүтээж болох хамгийн өндөр цэгийг бүтээнэ.

-Танай сургуульд чамтай адилхан хүсэл мөрөөдөлтэй, ийм бүтээл хийдэг хүүхэд олон уу?

-Байгаа байх аа. Тэдний авьяасыг нь л нээж өгөх хэрэгтэй болов уу. Авьяасыг нь нээж дэмжихэд Улсын их хурлын ах эгч нар анхаараасай гэж хэлмээр байна.

 

Л.Цэлмэг: Ер нь төлөвшил сайтай, аливаад идэвхтэй оролцдог хүүхэд

 

Дээрх үзэсгэлэнгийн талаар тус сургуулийн Нийгмийн ажилтан Л.Цэлмэгээс тодрууллаа.

-Энэ үзэсгэлэнг сурагчийнхаа саналаар олонд хүргэж байна уу, аль эсвэл...?

-Билгүүний маань бие даасан үзэсгэлэн сургуульд дэлгэгдэж байна. Хүүхэд багачууд их сонирхож байна. Өөрөө долоо хоногийн өмнө  надад үзэсгэлэн гаргамаар байна гэдэг саналаа хэлсэн. Тэгээд түүний саналыг дэмжиж өнөөдөр зохион байгуулж байна.

-Танай сургуулийн хэмжээнд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байх шиг. Ямар нэгэн үйл явдалтай давцуулан Б.Билгүүний уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ дээ?

-Тийм шүү. Өнөөдөр тав болон есдүгээр ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нээлттэй өдөрлөг зохиогдож байна. Үүнийг ашиглаад сурагчийнхаа бүтээлийг олон нийтэд танилцуулах, сурталчлахыг зорилоо.

-Ер нь үүнээс өөрөөр хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Заах аргын тэнхим нэг бүр дээр клубүүд ажиллаж байна. Монгол хэлнийхэн шүлэг, уран зохиолоо дагнаж байхад, технологийнхон дүрслэх урлаг, бүтээлийн дугуйлан хичээлүүлж байна. Гаднаас өөр сургалтуудыг мөн сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулдаг. Ер нь бүтээлч сэтгэлгээг дэмжихэд анхаарч ажилласнаар хүүхдийн ирээдүйн зорилгод тодорхой хэмжээний тус дэм үзүүлнэ гэдэг үүднээс хандаж ажилладаг.

- Билгүүнийг багшийн хувьд хэрхэн тодорхойлж байна вэ?

-Намайг ажилд орсноос хойш анхны үзэсгэлэнгээ гаргаж байна. Ер нь төлөвшил сайтай, аливаа зүйлд идэвхитэй оролцдог хүүхэд л дээ. Өнөөдрийн үзэсгэлэнгээс харахад өөртөө тавьсан зорилготой, ирээдүйдээ итгэлтэйгээр хандаж байгаа байдал ажиглагдаж байна. Бүтээлдээ үнэнч, тууштай байгаад баярлаж байна.




Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болормаа(103.57.92.185) 2018 оны 05 сарын 02

Үнэхээр төлөвшил сайтай мундаг хүүхэд шүү

0  |  0
ХОШИН ШОГЧИН(202.179.26.196) 2018 оны 04 сарын 30

АМАР АМЬДАРЧ БОЛОХ НЬ УУЛ НЬ ХӨДӨЛМӨР ЗАРАХ ХЭРЭГГҮЙ МАРЗАГАНАХ ШҮҮ ДЭЭ.БАТАА ШАГАЙ АХ НАР ШИГЭЭ БААХАН ТОМ ТОЛГОЙТОЙ АГУУ ТОМ ОРК НҮҮР ЦАРАЙТАЙ БОЛ БҮҮР ОК.

0  |  0
zochin(66.181.161.28) 2018 оны 04 сарын 28

Saihan temuuleltei uhaalag huu bna. Ireeduid Mongoliinhoo neriiig gargah mundag hun bolooroi. Amjilt husie.

0  |  0
gerlee(66.181.161.64) 2018 оны 04 сарын 28

songoson zvildee vnench baina gedeg hvvhdiin hamgiin zub zamd hvreh zvil baidag bolhoor hvvhdeesee sain asuuj sonirholiin daguu demjeed zorigjuulaad uguh etseg eh bidnii gol uureg baih gej bi boddog yum hvv mini ene chigeeree tuushtai uragshaa ireedvid ihiig bvteesen injener boliin tuluu

0  |  0
Top