“Үндэсний бичиг үсгийн баяр-2018”

2018 оны 05 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ 2018 оны 5-р сарын 01-06-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
“Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриатай уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан, хамтран зохион байгуулагчаар Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей болон аймаг орон нутгийн номын сан зэрэг боловсрол, соёлын байгууллагууд ажиллаж байна.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байна.
Мөн үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байна. 
Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах “Үндэсний бичиг үсэг-2018” арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Уран зургийн галерейд болох “Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар эхэлнэ. Харин албан ёсны нээлт 2018 оны 5-р сарын 4-ний 11.00 цагт Үндэсний номын санд болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top