”Зөрчлийн хууль” СЭТГҮҮЛЧДИЙГ ажил үүргээ гүйцэтгэхэд саад болж байна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өдөр бус,  эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм.

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж хэлсэн байдаг. Сэтгүүлчид бол үнэний дуу хоолой болж, олон нийтэд өрнөж буй үйл явдал, мэдээллийг ил тод, үнэн бодитой хүргэх хоточ нохойн үүрэг хүлээсэн хүмүүс билээ.

Гэвч сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэх замд ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ том саад болж байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш тус  хуулийн гүтгэх хэмээх 6.21-р зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 49 хэрэгт 98 сая төгрөгний торгууль тавьсан байна.  Түүнчлэн 2006 оноос хойш сэтгүүлчийн гэр бүлийг нь сүрдүүлсэн, дарамталсан 20 тохиолдол гарсан байдаг. Тиймээс Дэлхийн хэвлэн нийтлэх эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчид  “Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга” сэдвээр хэвлэлийн хурал хийж, хууль санаачлагчдад Зөрчлийн тухай хуулийг эргэж харахыг шаардлаа.

 “VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш  миний тойронд  хэд хэдэн сэтгүүлч эрүүгийн яллагдагчаар татагдсан харамсалтай мэдээ байна. Зөрчлийн тухай хууль зөвхөн сэтгүүлчдийн төдийгүй нийт иргэд ч гэсэн халтай хууль болсон. Сэтгүүлч  хүн мэргэжлийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу баримт материалыг олж ард түмэнд хүргэснээрээ шууд хэрэгтэн болох нөхцөл бүрдсэн. Эрх мэдэлт албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийснийгээ хувийн нууцад халдлаа гэж сэтгүүлчдийг ялладаг болох нь.  Энэ нь Монгол Улсын иргэд мэдээлэл олж авах эрхээ эдлэж чадахгүйд хүрэхийг илтгэж байна. Монгол Улсад эрэн сурвалжлах баримт материалыг дэлгэх болон сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх  огт байхгүй болсон.

 "News Channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Бид энэ өдрөөр чөлөөтэй дуугарах, өөрсдийнхөө эрхийг хамгаалах өдөр гэж ойлгодог. Тиймээс сэтгүүлчийн ажил мэргэжлээ хийж гүйцэтгэх үед бидний өмнө тулгамддаг асуудлуудыг хөндөхийг хүслээ. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчид нийгмийн хамгийн  их өвчилсөн асуудлын идээ бээрийг гаргаж ирдэг онцлогтой. Гэтэл Эрүүгийн хуулиар хувь хүний нууцад халдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн яллагдагч болгож байна. Сэтгүүлчид өнөөдөр баримттай, нотолгоотой мэдээллийг ч олон нийтэд мэдээллэх эрхгүйд хүрч байна.  УИХ-ын нэр бүхий гишүүний ёс зүйгүй үйлдэлтэй  холбоотой мэдээллийг  баримт нотолгоотой гаргасныхаа  төлөө би өнөөдөр эрүүгийн яллагдагч болчихоод байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үндсээрээ устсан нийгэмд сэтгүүлч бид ажиллаж байна. Нөгөө талд хууль хяналтын байгууллага нь сэтгүүлчдийг яллах шинжтэй болж хувирсан.

"ТВ-9" телевизийн сэтгүүлч М.Батбилэг

Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хумьсанд маш харамсалтай байна.  Анх би 350 мянган төгрөгийн цалинтай байхдаа гурван хүнээс нэг өдөр, нэг дүүрэг дээр, нэг цагдаагийн хэлтэс дээр зуу зуун сая төгрөг нэхэмжилсэн зарлан дуудах хуудас хүлээн авч байсан. Сэтгүүлч Билэгээ ер нь хэн ч бай өөртөө хэрэгтэй нэг ч зүйлийг хэлдэггүй юм. Өнөөдөр баярын өдрөө ч гэсэн би  мэдэгдэл хүлээж авлаа.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top