ТОЙМ: АТГ-ыг хэн удирдах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өрнөлөө. Олон нийтийн анхаарлын төвд Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан хуулийнханд шалгуулж байгаа эрхмүүдийн асуудал болон АТГ-ын шинэ даргын сонгон шалгаруулалт яах аргагүй байлаа. Мөн энэ долоо хоногт онцгой нэгэн үйл явдал болсон нь "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдөр тохиосон явдал байв. Ингээд үйл явдлын хураангуйг хүргэе.

АТГ-ын шинэ даргын нэрсийг тодруулж эхлэв

АТГ-ын шинэ даргын нэрс Даваа-Очир зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын дарга, дэд даргын албанд тушаалд нэр дэвшүүлэх ажиллагааг олон нийтийн санал асуулга нэрийн дор хийж, хоёр хүний нэрийг пүрэв гаригт УИХ-д өргөн мэдүүлэв.  

Тодруулбал, АТГ-ын даргад Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулахаар санал болгосон юм. Тус газрын удирдлагуудыг өөрчлөх тухай яриагаа төрийн тэргүүн мэдэгдэхэд  олон нийтийн зүгээс ”Ерөнхийлөгч өөрийн хүнээр АТГ-ыг удирдуулах нь” гэх таамгыг дэвшүүлсэн. Үүнийг батлах мэт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг АТГ-ын даргад санал болгосон нь хардлагыг улам өдөөгөөд байна. 

Хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарын нэрийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ баталдаг. Энэ удаад Ерөнхийлөгч олон нийтийн санал асуулга оруулж ирсэн, мөн энэ нь хаалттай горимоор явсан гэх хэл ам дагуулаад буй.

Нэг үгээр хэлбэл, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг санал болгох процесс хуульд заасан хэлбэрээс өөрөөр явсан тул УИХ хэрхэн хүлээн авах вэ гэдэг хамгийн их анхаарал татаж буй юм. Дээр нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байсан зэргээс үзвэл Ерөнхийлөгч, УИХ хоёрын дунд гал авалцсан тулаан өрнөж мэдэхээр байгаа юм.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа

С.Баярцогт, Б.Бямбасайхан зурган илэрцүүд

Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 1-нд хуралдаж,  С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын асуудлыг хэлэлцлээ. Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан бол Б.Ариунсаныг эрүүл мэндийн улмаас суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон юм.

Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдэгдсэн. Тэрбээр  “Прокурор цагдан хорих үндэслэлээ дахин гэмт хэрэг үйлдэх гэж тайлбарлаад байгаа. Энэ хэрэг дээр олон нийт тодорхой хэмжээнд мэдэх ёстой байх. Оюутолгойн гэрээг байгуулахдаа дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэл яриад байгаа. Хорих үндэслэлд авлига авсан гэх зүйл заалт байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг татдаг. Гэрээг тогтвортой байлгана гэсэн болохоос энэ татварыг авах авахгүй заачихсан юм биш. Улсад ашигтай заалт оруулаад байхад алдаатай дүгнэлт хийчихээд хүнд ял тохоод байдаг. Прокуророос ганцхан удаа байцаасан” гэсэн юм.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгууллаа

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнгөрч буй долоо зохион байгууллаа.  Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монголын сэтгүүлчдийн эвлэл “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шанг татаж, шавыг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэлээ.

Мөн “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогсдод, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хотын дарга ярихдаа "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж байгаад талархаж байна. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон" барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардуулсан юм. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдэг сэтгүүлчдэд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” хэмээх цол тэмдгээр шагналаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(180.149.78.75) 2025 оны 03 сарын 13

Энхжаргал АТГ-г удирдахад болохгүй юм гэж алгаа. Хуулиа л дээдлэх хэрэгтэй. Хууль унүиж ойлгодоггүй Ерөнхийлөгч гэж арай байхгүй байлгүйдээ???...

1  |  0
Zochin (103.212.119.11) 2025 оны 03 сарын 13

ATG iig jinhene utgaar ne ajilluulah heregtei .Enhjargal tomilogdood udaagyi. esvel ATG gyi baisan ne deer Sanal avch bna gesen yum yariafor teneg jijig toglohoo bolioch. Irgediig teneg gej boddog yum bh daa Zika

1  |  0
Ghi(172.58.41.183) 2025 оны 03 сарын 13

Gadaad huniig taviya

1  |  0
БАТболд(64.119.22.48) 2025 оны 03 сарын 13

Баттулга Баасан ажаагаа шахаж чадсангүй. Хаин З энхболд нэг Алтанхуяг нэг хүнээ шахав бололтой

1  |  0
Хуулиа мөрд(66.181.181.18) 2025 оны 03 сарын 13

Энхжаргалын хугацаа аль хэдийн дуусчихсан нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа өмнөх хүнийхээ хугацаагаар дуусдаг номтой хууль тайлбарлах эрх хэн нэгэнд байдаггүй Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ хэлсэн бандан тас өөр хэнд ч ийм эрх байдаггүй юм. Жишээ УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд ялсан хүнийг гишүүнээр томилоход үлдсэн хугацаагаар нь дуусдаг шүү дээ. Энхжаргалыг 6 жилээр томилоогүй

1  |  0
Zochin(66.181.178.98) 2025 оны 03 сарын 13

Одоогийн дарга н. Энхжаргалын хугацаа нь дуусаагүй бол цаашид ажиллах нь зөв биз дээ. Улс төрийн сонирхолоор даргыг нь солиод байвал Авилгалтай тэмцэх газао биш улс төрчдийн өш хонзонг биелүүлдэг газар болно.

1  |  0
Top