Х.Хүрэлбаатар: Хараалын эцсийн шат хорт хавдар байдаг

“Бөөгийн тавилан” хэмээх 87 мянга гаруй гишүүдтэй группийн админ, Мөнх тэнгэрийн улаач Хурамхааны Хүрэлбаатартай ярилцлаа.

 


  - Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. 

-За баярлалаа чамд болон танай уншигч мөнх тэнгэрийн улаач монголынхоо бүх дээд заяат хүмүүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. 

-    Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Зарим нь таныг "Бөөгийн тавилан" группын админ гэдгээр эчнээ мэдэх байх?
-За баярлалаа. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хөвсгөл нутгийн уугуул, одоо 38 настай. Нэмж хэлэхэд хүүхүүдийг маань хоёр хувааж хэлэх нь зүйтэй байх. Миний өөрийн хүүхдүүдээс гадна дээд тэнгэрээс гуйж хүний заяанд мэндэлсэн олон хүүхэд бий. Миний хүүхдүүдээс ялгаагүй тэд маань эрүүл саруул, энх өсөн торниж байгаа. Хамгийн сүүлийнх нь гэхэд ихэр охин хүү хоёр хорвоод мэндлэхэд, эцэг эхээс нь дутуугүй баярлаж урам авч байлаа. Тиймээс би өөрийгөө энэ хүүхдүүдийнхээ аав нь л гэж бодож явдаг. Буурлуудын минь буян юм даа, үнэхээр хүн төрлийг олж энэ орчлонд мэндлэнэ гэдэг асар их хувь тавилан юм болов уу гэж боддог юм.      

-    Бөөлөөд, бөөгийн ёсыг дагаад хэдэн жил болж байна даа?

-Мэдрэмжээр мэлмийдээд таван жил, явган бөөлөөд долоон жил, хуяглаад найман жил гэхээр нийтдээ арван жил юм уу даа. Дөнгөж хөлд, хэлд орж л байна даа. Яагаа ч үгүй зайран гэдэг алдар хүртэх болоогүй ээ, өөрийгөө ч тэгж хэлүүлэх дургүй, улаач хүн үхэн үхтлээ суралцдаг.  Тиймээс сурч барахгүй хязгааргүй шавхагдашгүй нөөц юм даа. 

-  Анх та бөө болно, тэнгэрийн тамгатай улаач гэдгээ яаж мэдсэн юм бэ?

- Ерөнхийдөө бөө болох хүнийг онгод тэнгэрүүд нь шахаж эхлэдэг л дээ. Энэ бол онгодоо залж буй бөө болох улаач хүний туулах ёстой замын эхлэл юм. Хэн ч тойрохгүй дайраад л гарна. Өвдөж зовлоо л гэдэг. Би бол өвдөж зовж байгаагүй ээ. Оюун бодол минь их хурц болж, онгод тэнгэртэйгээ холбогдож, харах харахгүй зүйлийг харж, хүн амьтныг мэдэрч, учир зүйг нь тайлж анх мэдэрсэн дээ.

-   Та дээр явган бөөлөөд долоон жил болсон гэлээ. Явган бөөлөө гэж чухам ямар утга учиртай, онцлогтой зүйл болохыг манай уншигчдад хэлж өгөөч?

-Явган бөөлөө гэдэг чинь бясалгалын дараагийн үе шат буюу их бие юм шүү дээ. Явган бөөлөх нь улаач хүний биеийг цэгцэлж, ухаан бодлыг нь төвлөрүүлж, хуяглан буух бэлтгэл болж өгдөг. Мөн онгод тэнгэрүүдтэйгээ ч илүү их холбогдож, хөөрөлдөж аливаа зүйлсийн учир зангилааг тайлахад хамгийн дөхөм багш болж өгнө. Би явган бөөлөө хийдгийн хувьд өөрийн туулсан мэдэрснээ л өгүүлж байна. Яагаад мэдэрснээ ярьж байна гэхээр явган бөөлөө хийх гэж эргэлзэж буй улаачдад нэмэр болох болов уу гэсэндээ тэр юм.


-  Бөө бөөгийн бөөлөө өөр, бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг. Бөө нар өөрсдийн гэсэн дэг жаягтай гэж сонссон юм байна. Таны хувьд ямар дэг жаягтай вэ?

- Эрт цагтаа бөө хүний ёс жаяг, дэг хийж буй үйл бүгд өөр өөр арга барилтай байлаа. Харин одоо цагт энэ үг үндсээрээ өөр болсон юм шиг санагдаж байна. Миний харж байгаагаар бөө бүгд ижил нэгэн хэвэнд цутгасан мэт, бүжин туулайн дэгдэлт ч ижил, өрөөлдөж ухарч харайхгүй нь лав байх. Учраа л сайн олохгүй байна уу даа гэж харж байна. Би өөрөө хоймор нутгийн хүү. Өвөг дээдэс, онгод тэнгэрүүд маань тэр зүгийнхээр буюу дархад жаягаар гэж явдаг. Ер нь онго тэнгэрүүд ямар жаягтайгаас шалтгаалан хэд, хэдэн жаяг нэгтгэж болдог. Сонсоход сонин байх боловч нэг жаягандаа баригдаж болохгүй. Хүмүүс хоорондоо өөр өөр байдагтай адил онгод тэнгэрүүд ч өөр өөр юм шүү дээ. Тиймээс бүх жаягт хөрвөж буудаг гээд ойлгож болно. Би групп дээрээ бүх зүйлийг авах гээхийн ухаанаар хандаарай гэдэг маань ийм учиртай. Улаач болж байгаа хүн нэг жаягт хамаарч баригдахгүй, олон талд хөрвөөж чаддаг байх хэрэгтэй. Тэнгэрийн үйлэнд зүтгэх, эрхэм хувь оноосон л бол өөх ч биш булчирхай ч биш жаяг гэдэг зүйлийг урдаа барин жалга довны хэрүүл хийдэг нөхдүүд жаахан ухаантай байвал ядаж энэ бөөгийн нэр хүнд унахгүй шүү дээ. Нэг жаяг насаараа судлах бус, бүгдийг л судлаж сурч мэдэж байж тэнгэрийн үйлэд зүтгэсэн шиг зүтгэх хэрэгтэй бус уу.

-   Улаач хүний эрхэмлэх зүйл, цээрлэх зүйл гэж бий юу. Ер нь тэнгэрийн улаач хүн ямар байх ёстой юм бэ?

- Мэдээж улаач хүний хувьд дээдийн дээд эрхэмлэвэл зохих зүйл бол эцэг эхээ хайрлах, бусдыг хайрлах, нинжин сэтгэлтэй байх юм. Хамгийн энэрэнгүй бас хамгийн хатуу гээд хүнд байж болох сэтгэлээс гарах бүх зүйлийг оюуны дээд түвшинд мэдэрч байх учиртай. Тэгээд мэдээж онгод тэнгэрээ хүндлэн, байгаль эхтэйгээ зөв шүтэлцэхэд оршино доо.

-    Таныг онгод тэнгэртэй чинь холбож өгсөн багшийнхаа талаар хуучилбал?

- Миний хувьд сонирхолтой асуулт байна. Надад буруу зөвийг минь зааж, сургаж зөвлөж хэлцэж, мэтгэлцэж, түшиж, тулж өдий хүртэл дэргэд минь явсан буурлууд, ах, эгч, найз нөхөд бүхнийг миний багш гэж бодож явдаг. Харин онго тэнгэртэй холбогдохын хувьд андгай тангараг тавьж, багш шавийн барилдлага барьсан хүн байхгүй ээ. Онгод минь өөрсдөө залж, өөрөөр минь босгосон “ТЭЭРИН БӨӨ” гэх үү дээ.

-     Онгод тэнгэрийн тань хэлдэг мэргэн үгнээс мөн хийж байсан нэг сайхан үйлийн талаар ярьж өгөөч?

- Манай онгодууд учир зүйг тайлбарлах талдаа тулж ажилладаг шүү. “Нэгийг бодож, хоёрыг тунгаан, гурвыг гээ” гэдэг. Энэ адагт нь хэлдэг ам асуудаг цэцэн үгний нэг нь гүн утгатай төгс үг л дээ. Би хэлэх дуртай. Сайхан үйл гэхээр хийж буй бүх л үйл нь нүдээ олсон, үнэнийг харсан үр дүнгээ өгсөн, дараа нь тэгсэн шүү дээ гээд онгод тэнгэрээрээ бахархах сэтгэлтэй ярих, дурсах, дуулдах гавьяа нь дээд тэнгэртэй ч, доод хөрстөө ч түгсэн байдаг л даа.

-   Мөнх Тэнгэрийн шүүлт гэж байдаг гэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Онгод улаачийн махан болон сүнсэн бие нэгэн бүхэл цогц юм л даа. Энэ нь үнэнд гүйцэгдэж, үйлээ дийлэхээ болиод, оюуны хоосрол мухардалд орохыг хэлээд байгаа юм л даа. Нөгөө талаар улаач зөв явах ухамсар, сэтгэлгээний доройтол, учраа сайн ойлгохгүй бол тэнгэр нь хаядаг бас хийсэн үйлэндээ ороогдож хорлогдох, онгод бааллан дуусдаг. Тиймээс тэнгэрийн үйлэнд алдаа, оноо, хайнга, санамсаргүй гэсэн ойлголт байх учиргүй. Хатуу, өршөөл, танил тал, хамаатан садан, авилгал гэж тэнд байхгүй.

-   Өргөл барьц гэж байх ёстой юу?

-Өргөл барьц буюу ацаг байх учиртай. Үйлийг тэнцүүлнэ гэж байдаг. Өгөөтэй бол аваатай гэж буурлууд минь ярьдаг. Үйл хийсэн бол дүйцэх өргөл барьцыг авдаг. Авахгүй бол үйл тэнцэхгүй, үйл хүрэхгүй, хийсэн хийлгүүлсэн хоёрт тээгтэй, онгод догширч сулрах, үйл эргэх олон хүчин зүйл нөлөөлдөг. Энгийн сүсэгтэн хүмүүс ойлгохгүй байх аа. Учир нь улаач биеэрээ хүний хийсэн үйлийн үрийг нь үүрч, үйлийн өр тээдэг нь уршигтай байдаг. Ханш тариф яриад эхлэвэл буруудаж байгаагийн шинж. Тиймээс аль аль талдаа ухамсартай хандаж, ач холбогдол өгөн, өөрийгөө болон үйлийн үр, амь насаа үнэ цэнэтэй яаж үнэлэх нь чин сэтгэлийн чинь өргөл болдог юм гэж л хэлье дээ.

-   Бөөгийн хамгаалалт эрх, толь, бөгж, хонгинуур, хонх зэрэг зүйлүүдийг хэрхэн амь оруулж хамгаалалт болгодог юм бэ. Мөн онцлог шинж чанар гэж байдаг юм болов уу?

-Би хамгаалалтын талаар хоёр бодолтой явдаг. Учир нь онгод тэнгэртэй улаач хүн энгийн хүмүүст орж буй гадны сөрөг муу нөлөөг бодлоор татчихдаг. Эерэг сайхан бодолтой хүн бодлынхоо хүчээр аливаа муу бүхнийг өөрөөсөө үргээж саринуулж чаддаг. Харин онгод тэнгэр,  сахиустай хүмүүсийн хувьд бүхий л орон зайд хөрвөх чадвартай учир хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Онгод тэнгэрүүд хүчээ аваад зөв сайхан явах тусам хамгаалалт багасаж ирдэг. Гэхдээ орчин цагт онгод сахиустай хүнтэй эн зэрэгцэн хамгаалалт олон янзаар хийн зүүх болсон нь энэ цөвүүн цагийн өнгө аяс, үүнийг онгодууд мэдэрч улаачаар дамжуулан өөрсдийн тэмдэгт, хамгаалалтыг ч заах болсон.


-      Зарим бөө зул барин бөөлдөг шүү дээ. Зултай бөөлөх зулгүй бөөлөхийн тухай та юу хэлэх вэ?

- Бөө хүн эртнээс зул гэдэг зүйлийг хэрэглэдэг байсан юмуу, Түшээ ч байсан юм уу, бүгд л байгаагүй. Хээр, гадаа байгалийн хүчинд автах үе бишгүй таарна. Зулгүй гээд сууж байх уу бодох л хэрэгтэй.

-      Бөөлөх үед улаачийн мэдрэмж тасардаг гэж үнэн үү?

- Олон хүмүүсийн байнга ярьдаг асуулт. Тасарч болно, гэхдээ ховор тохиолдол. Учир нь тасрахын тулд оюуны төвлөрлийн дээд цэгт тулж байж тасрана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, улаач хүн хорвоо ертөнцөөс бүрэн ангижирсан мэт тогтуун тайван, дотоод сэтгэл, гадаад орчин хоёрыг нэгэн чигт барьсан үед тасрана даа.

Дийлэнх бөө нар албин тийрэн залчихаад, түүнийгээ сахиус, өвөө гэж нэрлээд хүн хуураад байна гэх шүүмжлэл сүүлийн үед нэлээд явах болжээ. Тэднийг бөө гэж нэрлэх үү. Жинхэнэ онгодоос яаж ялгаж мэдэх вэ?

-Албин тийрэн ялгах гэж хүмүүс их ярих юм. Онгодоо зөв залаад, дээд тэнгэртээ холбогдож чаддаг л бол энэ ялгаж салгах асуудал биш л дээ. Хүнийг амьд уу үхсэн үү гэдгийг ялгаж харахтай ижил юм.

- Жатга гүйлгэх, хараал хийх үйлийг их хар мөртэй гэдэг. Таны бодлоор хараал гэж яг юуг хэлэх вэ? 

-Хараал жатгын тухай одоо цагт мэдэхгүй бөө хүн байхгүй байлгүй дээ. Би ийм зүйлээр наадаж үзээгүй ээ. Мэдэж судлахын хувьд бүгдийг мэднэ. Үүнийг хэрэглээд байгаа улаач нар маань онгодын сайндаа хийгээд байна гэж бүү бодоорой. Үүнийг хийдэг онгод, хийдэггүй онгод гэж тусдаа бий. Гэхдээ ямарч дээд түвшинд заларч буй онгод тэнгэр тийм амар үүнийг хийгээд суухгүй. Хийгээд байгааг нөгөө зүгийхэн гээд ойлгочихож болно. Удмын тийм өвчин, тэгж өнгөрдөг гэдэг чинь хараал шүү дээ. Хараалын эцсийн шат хорт хавдар. Тиймээс юундаа байна гэдгийг эхлээд сайн хянах хэрэгтэй юм шүү.

- Та өөрийн группдээ онгод тэнгэрийн тухай, улаач хүний тухай, зайран, удгадын тухай байнга нийтлэл бичдэг. Бичсэн зүйлийг тань шимтэн уншдаг хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Миний бичсэн нийтлэл миний өөрийн туулсан, явсан, мэдэрсэн бүхэн. Тиймээс бүх хүнд хамаагүй байж болох л юм. Хэрэгтэй нь аваад хэрэглэж явбал үнэнд ойртох сургамж юм даа гэж хэлэх байна. Мянга мянган гишүүдэд хандаад бүх цаг үед сэтгэл зүрхээрээ хамт сайнтай муутай, хэрүүлтэй уруултай, хөгтэй хөгжилтэй санаа бодлоо уралдуулан, мэдэхээс мэдэхгүйг хүртэл тэмцэж, мэтгэлцэж явсан та бүгд миний анд, найз нөхөд юм шүү. Хатуу үг хамаагүй чулуудаж байсан бол өршөөгөөрэй. Ухаан цэлмэг, уужуу бодолтой байхад энэ бие сэтгэл булингартдаггүй юм аа.

Тиймээс, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэхчээр Төө биеэ түмэндээ
Төрсөн биеэ газар шороондоо

Тавилан заяагаа онгод тэнгэртээ даатгаад
Туушдаа энэ жимээр дээшээ дүүлцгээе.

Б.Баргужин

www.zindaa.mn

Go to top of page