Гаррет Вилсон: Халуун усгүй, модон жорлонтой гэр хорооллын Монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн

“Вагнер Ази Автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсонтой монгол хүний мөн чанар, аж байдлын талаар нээлттэй ярилцлаа. Тэрбээр Монголд суурин амьдраад таван жил гаруй болж байгаа юм. Монгол нийгмийн эерэг талаас нь хардаг боловч зарим Монгол хүний мөн чанарыг нэлээд хатуу үгээр тодорхойлсон түүний байр суурийг энэхүү ярилцлагаас уншаарай.


 

 

Сайн байна уу? Гаррет Вилсон. Та Монголд анх 1998 онд ирж байсан гэж сонссон. Ямар зорилготой ирж байв?

Сүмийн сайн дурын ажилтнуудтай хамт хоёр жилийн хугацаатай ирж байсан. Бид их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж Орхон их сургууль, Оюу гадаад хэлний дээд сургууль, МУИС-ийн оюутнуудад англи хэл сайн дурын маягаар заадаг байлаа. Харин оройн цагаар сүмийн сайн дурын ажилдаа анхаарна. Ингээд хоёр жилийн хугацаа дуусч 2000 онд буцсан. Нутагтаа эргэж очоод аавынхаа бизнест тусалж зургаан жил ажилласан. Гэтэл нэг өдөр Вагнер гэсэн хаягаас “Над руу залгаарай” гээд утасны дугаар бичсэн шуудан ирсэн. Залгатал эхнэртэйгээ хамт ажлын ярилцлагад орохыг урьсан байлаа. Эхнэр бид хоёрыг Монголд амьдарч, ажиллах боломжтой эсэхийг мэдэх зорилготой байсан юм билээ. Ингээд Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг санал тавьсан. Тэр үед би шууд татгалзсан.

Яагаад...

Яагаад гэвэл аавынхаа бизнесийг орхих, бүх эд хөрөнгөө зарахаас гадна гэр бүлээсээ хол газар автомашины борлуулагч болохыг хүсээгүй л дээ. Дээрээс нь миний хувьд автомашины тоног төхөөрөмжийн талаар ямар ч мэдлэггүй байсан. Тиймээс шууд Монголд ирж ажиллахын оронд Денвер хотод “Вагнер Ази” ХХК-ийн төв оффист нэг жил дадлага хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Авто машины тоног төхөөрөмжийн талаар ямар ч ойлголтгүй байж бусдыг удирдана гэдэг хэцүү. Ингээд нэг жилийн хугацаанд автомашины тоног төхөөрөмжийн талаар илүү сайн ойлголттой болж, ажилтайгаа танилцаж суралцсаны дараа Монголд ирж ажилласан.

12 жилийн дараа Монголд дахин ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв. Өөрчлөлт шинэчлэлт хэр байв?

Маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Нийгмийн хөгжлийг барьсан барилгаар нь хэмждэггүй ч гэсэн 1998, 1999 онуудад Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга нь Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын банк байсан. Дээрээс нь дөрөв, таван давхар хуучны орос орон сууцнууд их. 1999 онд хүүхдийн 100-д хүнсний дэлгүүр нээгдэж нэгдсэн тооцоогоо хийдэг худалдагчтай болсон. Ийм болсныг нь хараад одоо л хөгжих гэж байна даа, барууных шиг болж байна гэсэн бодол төрсөн. Урьд нь намайг Монгол байхад дэлгүүрүүд бүгд тус тусын лангуутай байсан. Юм авах бүрт түрийвчээ гаргаж ирэх нь үнэхээр төвөгтэй ядаргаатай санагдана. Тухайн үед монголчууд ТҮЦ-ээс гөөхий их авдаг байсан. Мөн жижиг шилтэй ундааг авсан газартаа ууж дуусгаад шилийг нь буцаж тушааж мөнгө олдог байсан. Гэтэл 12 жилийн дараа ирэхэд маш олон өндөр барилгууд баригдаж, ТҮЦ дэлгүүр нь ч өөрчлөгдсөн байсан. Эдийн засгийн хувьд асар их хөгжил харагдаж байлаа. Гэхдээ мэдээж шүүмжилмээр зүйл надад байдаг. Улаанбаатар төлөвлөгөөтэй хот байсан. Гэтэл улстөрчдийн шуналаар газрын наймаа дэлгэрсэн. Жишээ нь Орос 3-р сургуулийн хүүхдийн тоглоомын талбайн оронд орон сууц барьчихсан байна. Би энэ талбай дээр хөл бөмбөг тоглож байснаа сайн санадаг. Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгааг монголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэгийн алдаа. Хотын инженерүүд нь хаана байна. Хот төлөвлөлт гэдэг маш чухал асуудал. Уг нь хот төлөвлөлтөөр нарийн мэргэшсэн хүн монголчууд дунд олон бий. Гэвч тэднийгээ төр нь ажиллуулдаггүй. Улаанбаатарын замбараагүй хот төлөвлөлтийг харахад тун харамсалтай байна.

Тийм шүү, хот төлөвлөлтийн энэ замбараагүй байдлыг юутай холбож тайлбарлах вэ?

Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын гэрчилгээг нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн гарын үсэг зурсан бэ гээд л барьж аваад шууд шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.

Зориг гэхээсээ илүүтэй монголчууд бидний уужуу тайван занг илтгэж байгаа юм болов уу.

 Шууд хэлэхэд, зарим талаар монголчууд хулчгар зан гаргадаг гэж хэлж болно. Сарын өмнө цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад гавлаагүй юм бэ. Уг нь тэр цагдаад эрх нь байсан. Цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан нь ёс зүйгүй, хууль бус явдал. Яагаад тэр цагдаа тэвчээртэй зогсоод байсан юм бол гэж одоо ч гэсэн боддог. Айдастай, хулчгар зангаасаа болоод юу ч хийгээгүй. Энэ хүн олон танил талтай гэж бодсон байх. Тэгээд ажлаас халагдана гэдгээсээ тэр цагдаа айсан байх.

Таныхаар Монгол хүмүүс хулчгар зантай харагддаг байх нь ээ?

Гэхдээ би бүх монгол хүнийг хулчгар гэж хэлэхгүй. Мэдээж ийм олон зуун жилийн түүхтэй, Хятадаас хараат бус бие даасан байдлаа хадгалан авч үлдэж чадсан ард түмнийг бүгд хулчгар гэж хэлэх нь буруу. Монголчууд цусандаа маш их зоригтой. Дээр нь баатарлаг. Гэхдээ гол асуудал нь шуналдаа автан үүнийгээ нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсныг харахад үнэхээр харамсалтай байна. Хэдийгээр эдийн засаг, хөгжлөөс хамаараад өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүр тавих нь зайлшгүй боловч, үүнийг хянаж зохицуулах, хязгаарлах юм бол нийгмийн эрх ашгийг хувь хүнийхээс дээгүүр тавих боломжтой гэж боддог.

Түрүүн та, монголын цагдааг айдастай ажлаа хийдэг гэсэн санааг хэллээ. Хэрэв Америкт цагдаагийн өөдөөс дээрх үйлдлийг гаргасан бол яах байсан бол?

Америкт бол хатуу. Гэхдээ зурагтаар гардаг шиг буудах ч юм уу, тийм зүйл байхгүй л дээ. Америк цагдаагийн хувьд айх юм уу, тийм үйлдэл огт байхгүй. Гэхдээ нэг онцлог гэвэл бүх юм шударга, торгууль нь өндөр. Хариуцлага нь өндөр. Хэрэв хурд хэтрүүлбэл хамгийн багадаа торгууль нь 100-150 ам.доллар. Энэ нь жолооч нарт их хүнд тусдаг учир хурд хэтрүүлэхээс айдаг. Харин Монголд хурд хэтрүүлбэл ердөө 19 мянган төгрөг. 10 доллар ч хүрэхгүй.

Өөр бидний сул тал юу байна вэ?

Миний хувьд болж бүтэхгүй бүхнийг нь харах гэхээсээ илүүтэй аль болох эерэг бодлоор, эерэг нүдээр харахыг хүсдэг. 1998, 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот маш их хөгжсөн. Миний хүссэн хурд, хүссэн хэмжээнд арай хүрээгүй гэсэн ч засаж сайжруулах зүйл зөндөө байна.

Тухайлбал юуг сайжруулмаар байна?

Номер нэг асуудал бол авлига хээл хахууль. Тухайлбал, заримдаа улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ? 10 хувь илүү төлж байна гэдгээ яагаад хүлээн зөвшөөрөөд байдаг юм бэ? Тэр чинь миний төлсөн татварын мөнгө. Би Монгол Улсын иргэн биш ч гэсэн татвар төлдөг. Та нар ч гэсэн татвар төлдөг. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад үнэхээр гайхдаг.

Яагаад гэвэл үүнийг шимтгэл гэж ойлгодог.

Яг тийм. Эмчтэй адилхан. Эмчид мөнгө өгөхийг хахууль гэж ойлгодоггүй, гар цайлгах мөнгө л гэж ойлгодог. Манай барууны нийгэмд рестораны зөөгчдөд л гар цайлгах мөнгө өгдөг шиг, эмчид үзүүлэхийн тулд мөнгө өгдөг явдал нь зүгээр л гаршсан байна. Надад бол эвгүй байдаг. Хэрэв мөнгө өгөхгүй л бол үйлчилгээ авч чадахгүй, эхнэрээ төрөхөд тусгай өрөөнд байлгахгүй байх ч юм уу энэ бүхэн надад маш хэцүү санагддаг. Миний хувьд жилийн хугацаанд харахыг хүссэн нэг өөрчлөлт гэвэл Монголын эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлт юм. Эрүүл мэндийн тогтолцоогоо яаралтай өөрчилмөөр байна. Хэрэв Монголд мөнгөгүй хүн өвдвөл эмчлүүлж чадаагүйгээсээ амиа алдах зэрэг олон жишээнүүдийг би өөрийн нүдээр харсан. Бид аливаа асуудлыг шүүмжлэхдээ гарц гаргалгаа, шийдлийг нь ердөө хэлдэггүй бол зүгээр л гонгинуур хүн болно.. Би өөрөө тийм гонгинуур хүн баймааргүй байна, шийдэлтэй хүн баймаар байна.

Тэгвэл таныхаар Монголын эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ?

Ажил олгогч байгууллага бүрийн хариуцлагаас эхэлнэ. Жишээ нь манай компани ажилчид тус бүртээ 35 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн үйлчилгээ авах хувийн даатгалд хамруулсан. Манай ажилтан хүнд өвчин тусаад эмнэлэгт хэвтэх юм бол нийт зардлынх нь 80 хувийг даатгалаас шийдэж өгнө. Зарим хагалгаа 10-20 саяын үнэтэй байдаг. Энэ мөнгө нь байхгүй бол хагалгаанаас татгалзах л сонголт бий. Зарим нь байраа барьцаанд тавьж, хүүхэддээ хадгалж байсан мөнгөө аваад зарцуулах гэх мэт үнэхээр хэцүү байдалд ордог. Үүнийг шийдэхийн тулд даатгалтай байвал түүний тогтолцоогоор шийдэж болдог. Уг нь даатгалын шимтгэл маш бага шүү дээ. Гэтэл бид Улсын эрүүл мэндийн даатгалд цалингаасаа хэдэн хувийг төлдөг билээ. Тэгээд жилдээ зөвхөн 1 сая 920 мянган төгрөг хүртэл үнийн дүнгээр эмчилгээ авдаг. Хэрвээ хувийн эмнэлэгт үйлчлүүлэх юм бол тухайн эмчилгээний 60 хувийн төлбөрийг авдаг гэх мэт маш хязгаарлагдмал. Энэ нь нөгөө өндөр үнэтэй эмчилгээний зардалд хаанаа ч хүрэлцэхгүй. Дээр нь улсын эмнэлэг олонтоой ч маш хүнд сурталтай гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Дан ганц эмнэлэг гэлтгүй төрийн байгууллагуудад ч ийм байдал харагддаг. Хэрэв манай ажилтан ийм зохисгүй үйлдэл гаргах юм бол би шууд сахилгын арга хэмжээ авч сануулга өгнө. Хоёр гурван удаа ийм алдаа гаргавал ажлаас нь хална. Өөрөөр хэлбэл, компанийн дотоод журмыг зөрчсөн, хэрэглэгчдэд сайн үйлчилгээ үзүүлээгүй, ёс зүйгүй хандсан гэдгээр нь. Энэ мэт хариуцлагын тогтолцоо төрийн байгууллагуудад дутмаг байна.

Үүнээс харахад, улсын байгууллага гэхээс илүүтэй Монголын хувийн хэвшлийн байгууллагад та илүү итгэдэг гэсэн үг үү?

Тийм ээ. Хувийн хэвшилд итгэл найдвар тавьдаг. Мэдээж хувийн хэвшил төгс биш, ямар нэгэн эрсдэл байж болно. Үүнд хяналт тавьж зохицуулах боломжтой. Хэрэв манай компани шиг ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулбал хувийн даатгалын тогтолцоо өргөжих тусам, илүү олон хувийн эмнэлэг баригдаж эхэлнэ. Би ХУД-т байрлах жижиг хувийн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм. Эмч нар нь маш их сэтгэлтэй, үйлчилгээ сайтай. Дөрвөн жилийн өмнө манай охин хүндээр өвдөж яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай болсон юм. Шөнийн 12 цагт, өвлийн ид хүйтэн үе байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үнэхээр харамсалтай зүйлийг харсан. Хүмүүс үүдэнд зогсож, зарим нь бүр гадаа нь дугаарлаж байсан. Ийм хүйтэнд хүнд өвчтэй хүмүүс гадаа дугаарлаж зогсохыг хараад үнэхээр харамссан. Аз болоход би машинтай байсан. Хүүхдээ машинд халаалттай орхиод би өөрөө гадаа дугаарлаж зогссон. Мэдээж тэр хүмүүс санхүүгийн боломжгүй учраас л улсын эмнэлэг бараадаж байгаа шүү дээ. Түүнийг өөрийн биеэр мэдэрсэн учраас үүний дараа нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани Эх Нялхсын нэг тасгийн өрөөг болон улсын эмнэлгүүдийн тасгийн олон өрөөг тохижуулж өгч байсан.

ДӨНГӨЖ ТАЛХНЫ МӨНГӨТЭЙ БОЛТОЛ ХҮҮХЭД НЬ ӨВДВӨЛ ТАЛХ АВАХ УУ, ЭСВЭЛ ХҮҮХДЭЭ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ҮҮ ГЭДЭГ СОНГОЛТТОЙ ТУЛГАРДАГ


Манай ихэнх компаниуд зөвхөн менежерээс дээш түвшний албан тушаалтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулж, жирийн ажилчдаа орхигдуулдаг явдлыг та олж харсан нь сайшаалтай байна...

Манай компани гурван жилийн өмнө энэ хувийн даатгалыг авч эхэлсэн. Ажил олгогч байгууллага сайн дураар бүх ажилчдаа эрүүл мэндийн ийм даатгалд хамруулдаг болвол өрсөлдөөн бий болно. Улмаар төлбөрийн тогтолцоотой болно. Хүмүүс аль болох сайн үйлчилгээтэй байгууллагыг сонгоно. Энэ хэрээр үйлчилгээ чанаржина. Хүүхэд өвчин тусвал томчууд их стресстдэг. Дөнгөж талхны мөнгөтэй болтол хүүхэд нь өвдвөл талх авах уу, эсвэл хүүхдээ эмчид үзүүлэх үү гэдэг сонголттой тулгардаг. Их хэцүү сонголт. Уг нь тийм сонголт баймааргүй байна шүү дээ. Харин даатгалтай байвал даатгал ядаж төлбөрийнх нь 80 хувийг шийдэж өгч болно.

Гэр хорооллоор явж үзсэн үү?

Үзэлгүй яахав. Сүмийн ажлын хүрээнд саяхан хүртэл Яармаг, Нисэх орсон. Сүүлийн дөрөв, таван жил өглөө эрт Яармаг, Нисэх орчмын хүүхдүүдийг машинаараа сургуульд нь хүргэж өгч байна. Гэр хороолол их утаатай, гэрэлтүүлэг муу, зам халтиргаатай. Анх 1998 онд Монголд хүмүүнлэгийн ажлаар ирж байхдаа гэр хорооллын настай зүдэрсэн хүмүүст мод түлээ бэлдэж өгч байсан. Үүнээсээ маш их урам аваад маргааш, нөгөөдөр нь ч очиж айлуудад мод хөрөөдөж өгч байсан. Хүмүүст туслах нь угаасаа л миний үндсэн сонирхол гэж ойлгодог. Монголд бие биедээ туслах шаардлага маш элбэг, хаа сайгүй байдаг. Одоо ч манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох олон байгууллагуудтай хамтарч, тэдэнд туслах хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Улаан чулуутын “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгт үргэлж туслалцаа үзүүлдэг, Хүүхдүүд зөөх автобус бэлэглэж байсан. Тэнд үнэхээр хэцүү байдалтай. Тэр хүүхдүүд ямар ч буруугүй шүү дээ. Тэдний зарим нь ямар ч бичиг баримтгүй болохоор хүүхдээ сургуульд сургах боломжгүй, эмчид үзүүлэх ч боломжгүй их хэцүү. Энэ бүхнийг хараад монголчуудын хэлдгээр өр эмтэрдэг. Тэр хүмүүсийг энэ байдлаас нь гаргах шийдлийг бид олох хэрэгтэй.

Тэгэлгүй яахав. Монголчууд ер нь хэр итгэл даах хүмүүс вэ?

Ерөнхийд нь хэлэх хэцүү. Миний дор ажилладаг менежерүүд маш мундаг хүмүүс. Өндөр боловсрол эзэмшсэн, гадагшаа сураад эргэж ирээд ажиллаж байгаа хүмүүс ч байна. Бүх хүмүүсийг ийм тийм гэж дүгнэх хэцүү. Даяарчлалын нэг давуу тал нь хүмүүс олон улсын менежмент, компанийн удирдлагын арга барил, бодлогыг нээлттэй сурах боломжтой байна. Тухайлбал саяхан нэг сургууль дээр лекц уншихад тухайн сургууль Харвардын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу ажиллаж байгааг нь харахад надад үнэхээр сайхан байсан. Хүн өөрөө л хичээж чадвал мэдээллийн бүхий л эх сурвалж нээлттэй байна. Монголын ирээдүй маш сайхан гэрэл гэгээтэй байх шалтгаан олон байна.

Монголд утааны улирал эхэлж байна, утааг шийдэх гарцыг та хэрхэн харж байна вэ?

Эрт орой хэзээ нэгэн цагт зоригтой удирдагч гарч ирээд хотод түүхий нүүрс түлэхийг хориглох ёстой. Энэ нь зөвхөн Монголд гарч байгаа асуудал биш, Угаасаа 100 жилийн өмнө дэлхийн бусад томоохон хотууд ч яг адилхан утааны асуудалтай байсан. 100 жилийн өмнө Лондон хот бас л нүүрс түлдэг байсан. Сүүлдээ түүхий нүүрс хотод түлэхийг хориглосон. Ийм л хууль гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ нь эхэндээ их хүнд тусна гэж бодож байна. 80 хувь нь нүүрс түлээг хэрэглэдэг. Эдийн засгийн шийдлүүд байгаа. Утааны уршиг хүний амь насанд заналхийлж байна. Энэ тоглоом биш. Зарим хүмүүс тоодоггүй анзаардаггүй, гэхдээ сүүлийн үед утааны эсрэг нэгдэж байгааг нь хараад баярлаж байгаа. Утаан дунд байгаа цэцэрлэгүүдэд агаарын шүүлтүүр байдаггүй. Бид цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй агаарын шүүлтүүр авч өгч хүүхдүүдийг маск зүүж байхыг уриалж байгаа.

ХЭРВЭЭ БИ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН БОЛ ТЭДЭНТЭЙ НЭГ ТАНХИМД СУУЖ ЧАДАХГҮЙ, МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРААД ЖИХҮҮДЭС ТӨРЖ, ДУРГҮЙ ХҮРЭХ БАЙСАН

Монголын улс төрийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

Бага зэрэг. Зарим шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, дургүй хүрнэ. “Манай улсыг та хохироож байна. Удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л уурлаж би тэвчихгүй байх байсан.

Хамгийн сайн мэдэх улс төрч хэн бэ?

Хэд хэдэн гишүүдийг нэрлэж болно. С.Зориг агсны дүү Оюун. Би С.Зориг агсныг үнэхээр хүндэлдэг. Хүүдээ Зориг гэдэг нэр хүртэл өгсөн. С.Зориг амь насаа алдахад би Монголд байсан. Энэ хэргийн хувьд намынхантай холбоотой гэж л боддог. Тэр хүн ардчилсан шударга нийгэм байгуулахад маш чухал хувь нэмэр оруулж үүргээ биелүүлсэн гэж би боддог. Мөн Ц.Оюунгэрэл эгчийг хүндэлж явдаг. Ард нэгдлийг тэргүүлдэг Х.Ганхуяг, Defacto Жаргалсайхан гэх мэт дурдаад байвал хүндэлдэг хүн олон байна. Улс төрд гэлтгүй хувийн хэвшилд ч шударга удирдагчид олон байгаа.

Та гэр бүлээрээ Монголд суурин амьдарч байна уу?

Би эхнэрээсээ салсан. Хүүхдүүд ээж дээрээ Америкт байгаа. Гэхдээ би улиралд нэг удаа очиж уулздаг. Тэдэнтэй байнга холбоотой байдаг.

Нууц биш бол яагаад салсан юм бэ?

Яривал урт түүх болно л доо. Би өөрийгөө их буруутгадаг.

Гэр бүл салалт Монголд ч маш их байна. Салалтыг биеэрээ мэдэрсэн хүний хувьд их эмзэглэнэ биз?

Монголд байтугай дэлхийд ганц бие ээжүүд хамгийн түгээмэл харагддаг. Хариуцлагатай аавууд хаана байна вэ. Аавын үүрэг маш чухал. Надад ямар ч албан тушаалаас илүү аав байх үүрэг хамгийн чухал. Хүн аз жаргалыг юунаас их мэдэрдэг вэ гэхээр гэр бүл, үр хүүхдээс л мэдэрдэг. Зарим Монгол эрчүүд арчаагүй зангаасаа татгалзаж, хариуцлагатай байж, PC тоглохоо болих хэрэгтэй. Мэргэжил карьертай болж, биеэ дааж амьдралаа авч явахыг сурах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд яаж жентелмений хандлагаар хандах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл сонсоод зүрх шимширмээр. Энэ гэхдээ ганц Монголд биш өөр улс орнуудад ч ялгаагүй байна. Тэднийг ийм муухай жигшмээр зүйл хийхэд хүргэдэг ямар хүчин зүйл байдгийг би мэдэхгүй. Тэр хүмүүсийг шүүх эрх надад байхгүй. Бурхан тэр хүмүүсийг шүүх болно. Энэ мөн гэр бүлийн хямралтай холбоотой. Эцэг эх үүргээ сайн биелүүлэхгүйгээс болоод байна. Хүмүүжил сайн байвал хүүхдийг амьдралын зөв замаар нь явуулах боломжтой юм. Ийм байвал гэмт хэрэг багасах боломжтой байх. Гэхдээ л аав, ээжгүй хүүхэд хүмүүжлийг хаанаас олох вэ гэхээр интернетээс олно. Гэтэл уруу татагдах, сөргөөр нөлөөлөх зүйл олон байдаг. Ийм тохиолдолд ёс зүйг сурах боломжгүй юм.

ХАЛУУН УСГҮЙ, МОДОН ЖОРЛОНТОЙ, ШАВАР ШОРООТОЙ ГЭР ХОРООЛЛЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮРТЭЛ ЦЭВЭРХЭН

Та монгол хүнийг ямар онцлог зан чанар нь тодорхойлно гэж боддог вэ?

Би монголчуудтай маш их нийцдэг учраас энд байх дуртай. Надад маш дотно мэдрэмж төрүүлдэг, амархан ойлголцдог. Монголчуудын онцлог нь боловсролд их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Ой тогтоомж маш сайн. Гурав, дөрвөн хэлээр ярьдаг монгол хүн зөндөө бий. Гайхамшигтай шүү. Эрс тэс уур амьсгал, өвөг дээдсийн маш хэцүү хэлмэгдүүлэлтийг туулсан болоод ч тэр үү их хатуужилтай санагддаг. Маш их зочломтгой, дулаан зан чанартай ард түмэн. Энэ зангаа цаашид авч үлдээсэй гэж хүсэж байна.

Хөдөөгүүр хэр явж үзсэн бэ?

Үзэлгүй яахав. Би өөрөө Америкийн хөдөөнийх. Багаасаа морь унаж сурсан, үхрийн баас байнга цэвэрлэж л өссөн. Би хэт үндсэрхэг хүн биш, аль нэг улсын харьяат иргэн байхаас илүү би өөрийгөө дэлхийн иргэн гэж үзэхийг хүсдэг. Тэнгэрээс харвал ямар ч хил хязгаар байхгүй, бүгд нэг л гэр бүл. Үндсэрхэг үзлээс болоод дайн самуун их гардаг. Оюун бодлын зөрчилдөөн л юм даа. Үүнээс болж эдийн засгийн дайн зарлах, хориг тавих гээд энэ бүгд маш хэцүү. Найрсаг өрсөлдөөн л хамгийн сайхан шүү дээ. Улс төрийн, үндсэрхэг үзлийн өрсөлдөөнд маш дургүй. Энхтайван, амар амгалан амьдралыг үр хүүхэддээ үлдээхийн тулд бид бүхэн, бидний үе хичээх хэрэгтэй.

Та нэлээд шашинлаг санагдлаа. Монголын бөөгийн шашныг судалж үзсэн үү?

Ямар ч шашин өөр өөрийн онцлогтой. Сонин зан үйлтэй шашин олон байдаг. Сайн талыг нь олж харах юмсан гэж хичээдэг. Аль ч шашин сайн талтай байдаг. Гол нь туйлширсан, шашнаар түрээ барьсан зүйлсийг харахаар харамсдаг. Уг нь шашин сайн сайхныг л тунхагладаг шүү дээ.

Монгол эмэгтэйтэй гэрлэнэ гэж боддог уу?

Сайн мэдэхгүй. Би монгол эмэгтэйчүүдэд татагддаг. Бусад орны бүсгүйчүүдээс зүс царайны хувьд илүү зөөлөн, нүдэнд дулаахан санагддаг. Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч ялгаагүй биеэ маш сайхан авч явдаг. Гадаад байдалдаа маш их анхаардаг. Халуун усгүй, модон жорлонтой, шавар шороотой гэр хорооллын монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн. Бүр өсгийтэй гутал өмсчихсөн байхыг нь хараад би гайхдаг. Усаа худгаас зөөгөөд биеэ тэгэж гоё авч явж байгааг нь хараад хүндлэх сэтгэл үнэхээр төрдөг. Гэтэл манай Америкчууд хүлээн авалтад очих гээгүй л бол унтлагын өмдтэй, үсээ самнаагүй,нүүрээ будаагүй явж байдаг. Энэ нь ч энгийн үзэгдэл.

Гэрлэх тухайд?

Би одоохондоо гэрлэх гэдэг үгнээс татгалзаж байгаа. Гэхдээ л би ганцаараа удаан байж чадах хүн биш. Сэтгэл санаа нийцсэн хүнтэй учрах болно гэдэгт итгэж байгаа. Хүнийг хайрлах, халамжлуулах дуртай. Олон эмэгтэйчүүд тамхи их татдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүд надад таалагддаггүй. Тэд яг тамхины ишний сав шиг үнэртдэг.

Нээлттэй ярилцсанд баярлалаа, Гаррэт Вилсон?

Зөв талаас нь ойлгоно гэдэгт найдаж байна. Монголын нийгмийг асуудалтай талаас нь ярьсан болохоор монголчууд надад дургүйцэх байх. Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй. Гэхдээ шүүмжлэлийг гарц шийдэлтэй нь ярихыг хүслээ. Аливааг шүүмжлэх амархан. Хамгийн гол нь бодитой шүүмжлэл байгаасай гэж хүсдэг. Эргэн тойрноо шүүмжлэх гэхээсээ илүүтэй эхлээд өөрийгөө таньж мэд, сонж. Би бусдыг шүүмжлэхээр, өөрөө төгс хүн мөн үү гэдгээ тунгаах хэрэгтэй. Ингэж байж л нийгэмдээ нөлөөлж чадна. Бэрхшээл, зовлонг дааж чадахгүй бол амжилтыг ч дааж чадахгүй гэдэг үгээр ярилцлагаа дуусгая.

Ярилцсан: Ш.Адъяамаа

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 18 )

Б [ 202.179.24.226 ]      |     5-р сарын 16 -нд, 18:05 минутанд

Хүнийг нь биш үйлдлийн, үйлдлээс үгийн тань

А [ 175.223.18.53 ]      |     5-р сарын 16 -нд, 08:23 минутанд

Өөрөө гэр бүлдээ хариуцлагатай бж чадаагүй бж юу заагаад бгам бэ яагаад чмд 4ын 4н хүүхэд гаргаж өгсөн монгол эмэгтэйг орхиж бга юм дургүй хүрчлэ

Erka [ 211.36.159.29 ]      |     5-р сарын 16 -нд, 03:12 минутанд

Unen shuu SHUNAL ni niigmiin erh ashgaas denduu davsan mongolchuud niiteeree

zochin [ 202.21.97.30 ]      |     5-р сарын 16 -нд, 02:09 минутанд

mongol shuur unasan shulmastai yavaldaj baigaad garduulchihaagui baigaa ehnertee. Manai huuhnuud medne shuu haragdaj baigaa shigee ch dulaahan amitad ch bish dee

Бат [ 202.179.27.152 ]      |     5-р сарын 15 -нд, 13:06 минутанд

ЯГ ТАМХИНЫ ИШ ШИГ,,,

Зочин [ 223.39.189.32 ]      |     5-р сарын 15 -нд, 12:31 минутанд

Сайн хүн болох гээд монголчуудын толгойг эргүүлчих гээд гэнэт гэнэт нээх уярмаар уйлмаар хайлмаар өрөвдмөөр яриа өгөхиимаа.хятадаас ялгаагүй новш до

Zochin [ 223.39.189.32 ]      |     5-р сарын 15 -нд, 12:25 минутанд

ВАГНЕР АЗИ компаний хүүхнүүдийг банзал болгож байгаа гожиг.

Zochin [ 223.39.189.32 ]      |     5-р сарын 15 -нд, 12:23 минутанд

Дандаа худлаа шаанаа энэ пизда.вагнер ази компаний бас нэг албан тушаал хэн нэгэнд амлаж хүүхнүүдийг нь *** болгож эрчүүдийг нь бөгсөө долоолгож байгаа монголд амьдарч буй цөөвөр чоно до.

turd xeregte xun bai [ 202.179.26.251 ]      |     5-р сарын 15 -нд, 10:23 минутанд

iim mongol xun olon boloosoi

od [ 27.123.212.136 ]      |     5-р сарын 15 -нд, 09:48 минутанд

yag unen um heldeg hun

ner [ 66.181.176.199 ]      |     5-р сарын 15 -нд, 09:11 минутанд

ene teneg ger bulee avch yavj chadgui baij uun olon um yaridiin 4 huuhedtei mongol ehnereesee salj amidarchaad yajch dongodood saihan bish l bna shuu

amjilt husiye [ 112.72.14.67 ]      |     5-р сарын 15 -нд, 06:29 минутанд

mongol hunees iluu mongoliig gesen setgelteid n urgelj talarhaj yavdag shuu, iim uhaalag bolgoj usgusun aav eejid n bas talarhiya

FF [ 202.55.191.205 ]      |     5-р сарын 15 -нд, 04:30 минутанд

Тэд яг тамхины ишний сав шиг үнэртдэг.

Амжилт [ 66.181.161.17 ]      |     5-р сарын 15 -нд, 03:51 минутанд

Мундаг юмаа. Адилхан эр хүн алдаж онохыг аль тэр гэхэв

Zochin [ 112.72.11.104 ]      |     5-р сарын 15 -нд, 03:24 минутанд

Mongol huuhentei suuj bsan hun dee

Zochin [ 64.119.26.196 ]      |     5-р сарын 15 -нд, 02:21 минутанд

Uhaantai l zaluu baina uniig zov saihan heljee

у [ 150.129.142.163 ]      |     5-р сарын 15 -нд, 02:12 минутанд

мундаг

болд [ 203.91.115.35 ]      |     5-р сарын 15 -нд, 02:01 минутанд

үнэн бодитой ярьсан байна

mm [ 202.179.24.211 ] 5-р сарын 15 -нд, 04:07 минутанд

монгол хүнээс илүү мэдэрэмж сайтай ухаантай хүн бн. ӨӨдрөг үзэлтэй хүн бн. Их сайхан зүйлийг дэлхийд хийх байх. Амжилт хүсье

irgen [ 103.206.195.163 ] 5-р сарын 15 -нд, 09:01 минутанд

zuragtaar haaya yarij baihiig ni sonsson. baruun aimgiinhnaas iluu tseverhen yaridag hun bna lee

Нэр [ 122.201.24.115 ] 5-р сарын 15 -нд, 12:43 минутанд

Юу л бол хорин жилийн өмнө эд нар байхгүй байхад монгол монголоороо байлаа ардчилал гарлаа ашиг хайсан шунасан гадныхан ирлээ муу монголчууд суралцлаа тэгээд ёстой монголын самарч гарсан вагнёр ази юу монголд өгсөн юм газрын хөрсөн доорх баялагийг гадаадын шуналтангуудад авахад нь л тусалсан хог дээрх хэдэн хүүхдэд автобус өгөөд яахийн монголын ирээдүйг булшилж ашиг олж л байгаа хүн шүү дээ хорин жилийн өмнө нэг муу багш одоо монголорс ямар амархан хичнээн их ашиг олсон бол бодохоос ой гутмаар

baatar [ 139.5.219.209 ] 5-р сарын 15 -нд, 19:53 минутанд

chi oorooo wu hiisen be busdiin toloo

Zochin [ 119.40.100.222 ] 5-р сарын 16 -нд, 04:25 минутанд

Zugeer l ooriin ajlaa hii. Bid nar buhel buten uls neeh chamaar zaalgahgui

Go to top of page