Цэц хүртэл өндөр авсан Хүүхдийн мөнгө хаа хүрэх вэ

2018 оны 05 сарын 15

Сүүлийн үеийн улстөрийн талбарт болж буй үйл явдлын гол цөм нь хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөг тойрсон асуудал юм. Эрх баригч намынхан эдийн засгаа сайжиртал тусгай судалгааны үндсэн дээр нийт хүүхдийнхээ 80 хувьд нь энэ мөнгийг олгож байгаад тодорхой хугацааны дараа нөхөн олгох байр суурийг илэрхийлж байгаа. Харин сөрөг хүчний хувьд хүүхдүүдээ алагчлах ёсгүй хэмээн улстөржүүлж байна. “Хүүхдийн мөнгө”-өөр улс төр хийдэг бүлэглэл ч сөрөг хүчинтэй хамтран хадуурч байна. Нэгэнт хямарсан эдийн засагт ачааны нэмэр болохуйц “Хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход болохгүй зүйлгүйг судалгаа харуулсан. Тэр ч бүү хэл эдийн засагт нэмэр хандив болох зорилгоор хэсэг эцэг эхчүүд “Улс орны эдийн засаг сайжиртал хүүхдийн мөнгөө авахгүй байх” байр суурьт ч нэгдэн улс орныхоо эдийн засгийн аргагүй байдлыг дүгнэсэн  мэдээлэл бий. Гэтэл улстөрчид нь үүнийг мэдэж байгаа ч ард олонд таалагдах аян дайнд мордож байгаа нь харамсалтай юм.  

Тэгвэл сөрөх зүйлгүй цөхөрч суугаа АН-ын бүлэг хуралдаад  "Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, 80 хувьд олгох Засгийн газрын санаачилсан төслийг нэгтгэн хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулаж ажиллаж байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Үндсэн хуулийн цэцэд хандана” хэмээн мэдэгджээ. Ямартай ч Цэц хүртэл өндөр авсан Хүүхдийн мөнгө бүрэн утгаараа олгогдох эсэх нь яг өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэгэн цагийн үг тэртээ хол үлдэж буй бололтой. Хулгай хийсэн ч Цэцэд хандана, худлаа хэлсэн ч цэцэд ханддаг болжээ. Ардчилсан нийгмийн нэг ололт нь энэ хэдий ч хэтэрхий эрх дураараа аашлах нь хэрээс хэтэрч байгааг л харуулсан явдал. Нөгөө талаар төр засаг нь ч төр засаг шиг байж чадахгүй байгаагийн нэгэн илрэл биз ээ.

Ямартай ч энэ тал дээр албаны байр суурь сонирхоод үзье.  

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

Онолын хувьд 100 хувь олгох боломжтой. 80 хувийг 100 хувь болгоход 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Төсвийн тодотгол хийгээд 100 хувь олгох боломжтой

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

Хүүхдийн мөнгөөрөө амьдарч байгаа өрхүүдэд халамжаа илүү чиглүүл гэж Дэлхийн банк, ОУВС-гаас зөвлөж байгаа. 80 хувьд өгөх нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай өрхүүддээ 100 хувь өгч байгаа юм. 76 гишүүн хүүхдүүддээ 20 мянган төгрөг авах гээгүй биз дээ. 20 мянган төгрөг өгсөн ч тэр мөнгийг авдаггүй, мөнгө нь дансандаа байдаг нэг хэсэг байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж байгаа учраас тодорхой судалгааны үндзсэн дээр олгох ёстой хэсэгт нь олгохоох болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд дуулгасан. Тэрбээр “Ерөнхийлөгч хүүхэд бүрт алагчилалгүй мөнгө олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн барьсан” хэмээсэн.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ариуна(45.117.35.3) 2018 оны 05 сарын 15

энэ энгийн амархан шийдэх асуудлыг яасан ч их ярьж яасан ч их маргадаг юм дээдсуудийн 1 едрийн л бензиний менге ш дээ нэг их менге егех гэж байгаа юм гиг

0  |  0
Top