С.Батболд: ХОТ РУУ ШИЛЖИХ ХОРИОТОЙ

Улаанбаатарчууд утааны тухай сайн мэднэ. Гэхдээ шинжлэх ухааны хэлээр тайлбарлах хүн тун цөөхөн. Тэгвэл “Нэг мм-ийг 100-гаас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг УТАА” хэмээн шинжлэх ухаанд томьёолжээ. Харьцангуй бүдүүн ширхэг бүхий тоос, тоосонцортой харьцуулахад дээрх биетүүд/ Утаа/ хүндийн хүчний нөлөөнд орж, газар суудаггүй дэгдэмхий байдалтай байдаг бөгөөд улмаар агаарын чийгтэй холилдсоноос конденсацын цөмүүдийг бий болгон утаан мананг үүсгэдэг байна. Үзэгдэх орчинг хязгаарлаж, хар саарал МАНАН өвлийн улиралд үүсдэг нь ийм учиртай ажээ.


УРШИГТ УТАА

 

Утаатай агаараар амьсгалснаас хүний эрүүл мэндэд асар олон төрлийн өвчин эмгэг үүсэх шалтгаан НЭМҮТ-ийн тоо баримтуудад тулгуурлан танилцуулж байна

АРЬС ГЭМТЭХ: Утаанд агуулагдсан хорт бодисууд хүний биед олон төрлийн харшил үүсгэх ба арьсны төрөл бүрийн өвчний үндэс нь болдгийг анагаах ухааны судалгаа шинжилгээгээр тогтоожээ.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧИН ТУСАХ: 2016 оны байдлаар нялхсын эндэгдэл 810, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 953 бүртгэгджээ. Мэргэжилтнүүд нялхсын эндэгдлийг улаан бурхан болон амьсгалын тогтолцооны өвчнөөс шалтгаалсан гэж дүгнэсэн юм.

УУШИГ ГЭМТЭХ, ӨВЧЛӨХ: Агаарын бохирдол хүн амын нас баралтын 9.2 хувь, уушгины хавдрын 39.9 хувь, бүдүүн ширхэгт тоосонцор амьсгалын замын өвчлөлд 52.9 хувь, хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 24.1 хувиар нөлөөлж буйг Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн судалгаагаар тогтоосон байна. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ ИХСЭХ: Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 6-7 дахин их үзүүлэлт юм. Үүнээс шалтгаалж зүрх судас, амьсгалын замын өвчлөлүүд, хорт хавдрын эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судлан тогтоожээ. ЭХИЙН ХЭВЛИЙ ДЭХ УРАГТ НӨЛӨӨЛӨХ: Улаанбаатар хотод 2016 оны байдлаар 400 гаруй хүүхэд амьгүй төрсөн байна. НЭМҮТ-ийн судалгаагаар Улаанбаатар хотод 2016 онд тохиолдсон нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн дүн гарчээ.

УТАА БА УЛААНБААТАР

ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулан хийсэн судалгаагаар агаарын бохирдлын түвшингээрээ дэлхийн хотуудаас Монгол Улсын нийслэл хоёрдугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл, өдгөө Улаанбаатарын УТАА гамшгийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.


Утаа “үйлдвэрлэж” буй эх үүсвэрүүдээс харахад гэр хороолол хамгийн том хүчин зүйл болж байгаа нь харагдаж байна. Улсаас төрийн бодлогоор утаатай тэмцэхийн тулд “Гэр хороолол”-д чиглэсэн олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн нь тун чамлалттай.

УТАА БА ТҮҮХ

Улаанбаатар хотод хүн амын суурьшил үүссэн цагаасаа л утаатай байжээ. Энэ талаар нэрт нийтлэлч Баабар: “Түүх шастирт тэмдэглэснээр Хүрээ нь Туул голын хөвөөнөө 100 орчим жил нүүдэллэжээ. Одоогийн баримжаагаар Уу булангаас Шувуун фабрикийн хооронд 70 орчим км газар голоо дагаад нүүгээд байсан гэсэн үг. Нүүсэн гол шалтгаан нь түлээ түлш ховордсон гэх. Мэдээж нүүдэлчид нэг газар олуулаа цуглахаар аргал хомоолоос авахуулаад түлээ түлш олдохоо больж таараа. Шүтлэгээсээ болоод мод огтлохгүй. Гандан баригдсанаар 1854 оноос нүүхээ больсон. “Тунгалаг Тамир” романд Хүрээний утааны тухай Эрдэнэ, Гэрэл нар хөөрөлддөг. Улаанбаатар дөнгөж 1960 онд 100 мянган хүнтэй болсноор утааны асуудал хурцаар тавигдах болжээ. 1980-аад онд Улаанбаатарын утааны асуудлыг Улс төрийн товчоогоор хэлэлцсэн баримт бий” хэмээн бичсэн байдаг. Үүнийг ч гэрчилж, Монголл Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа” Улаанбаатарын агаарын бохирдлыг тодорхойлох гэж 1981 оны 3 дугаар сарын 26-нд “Улаанбаатар гэдэг туршилт хийсэн юм. Агаарын бохирдлын хэмжээг ямар байгааг хэмжихийн тулд 26-ны шөнө Уланбаатар хотыг гэрэлтүүлж өгсөн. Зайсан зэрэг хотын гол хэсгүүдээр гэрэл асааж, Зөвлөлтийн цэргийн ангийн том прожекторууд тусгаад Болгарын Спектр-15 багажаар хотын агаарын бохирдлыг тоодорхойлсон. Тэр үед бохирдлын хэмжээ өндөр боловч талбай нь дөрвөн уулынхаа дунд өчүүхэн бага байсан. Одоо бол арай өөр тоо гарна л даа” хэмээн ярьсан байдаг. Ингээд үзэхээр Улаанбаатарын утааны түүх эртнээс эхэлжээ. Гэхдээ өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд яригдах түүх нэлээн хожуу. Тэрхүү түүхийн товчоонтой танилцана уу

НЭХЭЭСГҮЙ ЭДЛЭЛ БА “ГОМБОДОРЖИЙН” ГЭХ ЗУУХ ТАРААВ (2000-2008 он)

Байгаль орчны яамны дэргэд утааны эсрэг албан ёсны байгууллага буй болж, утаа арилгах хамгийн анхны арга хэмжээ нь Яармагийн айлуудад “нэхээсгүй эдлэл” гэх эсгийтэй төстэй нимгэн материалыг тарааж эхэлжээ. Айлууд энэ материалаар гэрээ давхарлачихаар гал түлэхээ больдог юм байлгүй хэмээн ард түмэн “андуурав”. Байгаль орчны сайд 15 мянган зуух үнэгүй тараахаар шийдвэрлэж, Японы Жайка төслөөр мянган тонн ган лист бэлгэнд авснаар Гомбодоржийн гэх зуух хотод тараагдаж байжээ. Гэвч утаа уугисаар.

УЛААНБААТАРЧУУД “УТААГҮЙ” ЗУУХААР АМЬСГАЛАВ (2008-2012 он)

Хас, Өлзий гэхчилэн хачин сайхан нэртэй зуух гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй үнээр тараагдлаа. Яндангаас нь бараг ямар ч утаа гарахгүй мэтээр рекламдсан зуухнуудыг монголчууд өөрсдөө хийж, үүнээс илүү дэвшилттэй хэмээн Турк зуухнууд түрж орж ирэв. Үр дүнд нь хэсэг бүлэг хүмүүсийн халаас түнтийж, Улаанбаатарын яндангийн утаа олгойдсоор...

САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР УТААНЫ ТҮҮХ ҮРГЭЛЖЛЭВ (2012-2016 он)

Угаар гаргадаггүй, шингэн утаатай, коксжсон, хагас коксжсон гэх мэт хүмүүс дур дураараа нэрлэсэн олон төрлийн түлш дэлгэрэв. “Утаагүй” гэж цоллосон ч уугих утаа хэвээрээ л байлаа. Өртөг өндөртэй энэ түлшийг “Заагдсан бүсэд амьдарч байгаа айл өрхүүд заавал түлэх ёстой” гэсэн хотын даргын захирамж гарсан ч үр дүн муутайгаас гадна өндөр өртөгтэй байсан тул иргэд уламжлалт “Утаатай нүүрсээ илүүд үзлээ. Ийнхүү “утаатай” нүүрс хямдаар тарааж ард түмний амьдралыг дээшлүүлэх хөдөлгөөнийг Н.Алтанхуяг Ерөнхий сайд өрнүүлэв. Үр дүнд нь баахан хүн шоронд орж,. Ерөнхий сайд гэр бүл хамаатан садангаараа буруутав. Байдал хэвээрээ. Улаанбаатарын утаа нэмэгдсээр...

Утааны үндэс суурь болсон гэр хорооллыг орон сууцжуулснаар Улаанбаатар утаанаас сална хэмээн үзэв. Энэ асуудлыг зах зээлийн аргаар шийдэх гэсэн санаа нь зөв боловч цэвэр бохирын магестрал шугам байхгүй газар өнөө зах зээл нь залхуутайгаар хөдөлж ядсаар унтрах шат руугаа орж, баатар Бат- Үүл ч ажлаа өглөө. Улаанбаатарын утаа нүүгэлтсээр.... Үнэгүй юманд нугасгүй ард түмэн үүнийг алга ташин хүлээж авлаа. Ингээд айл дулаацуулдаг гэх импортын цахилгаан халаагуурыг “Овсгоотой” нөхдүүд олоод иржээ. Яг л зуух тараадаг бизнесийн адил замаар өрнөх нь тодорхой болоод явчихав. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ ажилд 30 тэрбум төгрөг зарцуулсан ч гамшгийн хар утаа бахь байдгаараа... Гайгаа тарьсаар....

УТАА БА МӨНГӨ

“Утаа гэдэг чинь өөрөө мөнгө байхгүй юу” хэмээн нэгэн бизнесмен уулга алдсан гэдэг. Үнэхээр ч үе үеийн Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын Улаанбаатарын утаатай тэмцсэн түүх тэр чигээрээ “МӨНГӨ УГААХ” бизнес байсныг цаг хугацаа харуулаад өглөө. 2000 оноос хойш улсын төсөвт их, бага хэмжээгээр “Утаатай тэмцэх мөнгө” гээчийг тусгаж иржээ. Энэ төсөв 2012-2015 оны үед оргил үедээ хүрч, ганцхан жилд 100 гаруй тэрбумыг зарцуулсан байх жишээтэй. Баримт түшье.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛД ЗАРЦУУЛСАН МӨНГӨ


Сүүлийн 17 жилд нийслэлийн утааг бууруулахад 170 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Үр дүнд нь Улаанбаатарын утаа урьд урьдын жилүүдээс улам илүү их нэмэгдэж байна. Үүнээс дүгнэвэл, монголчууд сүүлийн 17 жилийн хугацаанд Улаанбаатарын утааг нэмэгдүүлэхийн тулд 170 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. Салхинд хийссэн тэр мөнгөний замыг “Зальжин нөхдүүд” засаж орхижээ.

УТАА БА ГЭМТ ХЭРЭГ

Утаатай холбогдсон мөнгийг мөшгөөд үзвэл бүгд “Но”-той байх магадлалтай. Ганцхан жишээгээр нотлоод үзье. 2011 онд “Цэвэр агаар сан” гээчийг байгуулж, улсын төсвөөс 93.2 тэрбум төгрөг гаргуулж, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан байдаг. Энэ их мөнгө утаанд зарцуулагдсан гэх боловч начир дээрээ хэсэг бүлэг хүний халаасыг түнтийлгэж өгсөн нь ил болов. 2013 оны долдугаар сард Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн 11 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэд “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс нийт 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 2014 оны “Цэвэр агаар“ сангийнхны шүүх хурал онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар тус тус гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Энэ бол утаатай холбогдох мөнгө буруу замаар орсны хамгийн том баримт. Яг үүн шиг он, оны төсөвт тусгагдсан, тэрбум тэрбумаар яригдах мөнгө буруу замаар амьдрагчдын будаа нь болсныг үгүйсгэх аргагүй үндэслэл олон бий.

УТАА БА БАЙР СУУРЬ

Улаанбаатарын утааны хор уршиг, холбогдох түүх, төсөвлөгдпсөн мөнгө, түүнд холбогдох хэргийн тухай цухас дурдахад дандаа л үл бүтэх үйл явдал, үр дүн гарч ирж байна. Гэвч “Булавч бултайна, даравч далдайна” гэгчээр уршигт утаа үгүй болтол энэ сэдэв нийгэмд онцгой яригдах нь ойлгомжтой. Иймээс ч утааны өнөөдрийн бодит байдал ямар байгаа талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: ХОТ РУУ ШИЛЖИХ ХОРИОТОЙ

"Улаанбаатар хотод өмнө нь жилдээ 30 мянган хүн шилжиж ирдэг байсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаад шилжилт хөдөлгөөнийг хориглосноос хойш энэ жил хөдөө орон нутгаас 7,800 орчим хүн шилжиж ирсэн байна. Шилжилт хөдөлгөөн 3 дахин буурсан гэдэг нь яндангийн тоо тэр хэмжээгээр буурч байгаа гэсэн үг юм. Шилжилт хөдөлгөөнийг 50 хүртэлх хувиар бууруулах зорилттой. Хамгийн гол нь шилжилт хөдөлгөөнийг зогсоож, гэр хорооллыг тэлэхгүй байх хэрэгтэй" гэв.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар:  “2020 ОН ГЭХЭД 180 МЯНГАН АЙЛ ОРОН СУУЦАД ОРНО”  

“Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээнүүд хийгдэж байна. Үүн дотроос гол асуудал бол гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг шалгарсан байршлуудад хийхийн тулд 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг авах ажлууд хийгдэж байгаа. Нийслэлийн хэмжээнд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэнэ. Энэхүү төлөвлөлт бүрэн хэрэгжээд дуусахад 2020 он гэхэд 180 мянган айл орон сууцад орно. Бодлогын алдаанаас болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байна. Тодруулбал хууль эрх зүйн орчин тодорхой болоогүй байна. Мөн хот суурин газрыг хөгжлүүлэх тухай хууль 2015 оны 8 сард батлагдсан. Үүнийг дагаад 7 журам батлагдах ёстой. Эдгээр журмаар иргэд, төсөл хэрэгжүүлэгч, нийслэлийн хооронд зохицуулалтыг хийх учиртай. Гэвч одоо хүртэл эцэслэн батлагдаагүй байна” гэв.  

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ:  “ШӨНИЙН ТОГИЙГ 170 МЯНГА ОРЧИМ ХЭРЭГЛЭГЧ ХЭРЭГЛЭНЭ”

“11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Мөн бусад аймгийн төвүүд болоод 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газруудын гэр хорооллын хэрэглэгчид дээрх хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Оройны 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд гэр хорооллын орой, шөнийн тариф 0 төгрөг болж байгаа. Гэхдээ бид аюулгүй ажиллагаа, цахилгаан шугам сүлжээний нэвтрүүлэх чадвартай уялдуулаад хэрэглээний хязгаарыг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл 180 вольтын хэрэглэгчдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1,500 квт/цаг байхаар тогтоосон. 220 вольтын хэрэглэгчдийн хувьд цахилгааны дээд хэрэглээ 700 квт/ цаг байна. Ер нь бол айл өрхийн цахилгааны дундаж хэрэглээ 220 квт/цаг байдаг. 170 мянга орчим хэрэглэгчид энэхүү хөнгөлөлтөд хамрагдах болов уу? гэсэн тооцоо байна” хэмээн тайлбарлалаа.

БОАЖЯ, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа:  “АВСАН ТАТВАРАА АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ”  

“Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн БОАЖЯ юм уу нийслэлээс хийх ёстой ажил биш. Үүнд оролцох боломжтой бүхий л байгууллагуудын хамтарч хэрэгжүүлэх ажил юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хугацаа алдахгүйгээр ажил хийх хэрэгтэй байна. Ямар нэгэн ажлыг зохион байгуулахад санхүүгийн боломжит нөхцөл нь хязгаарлагдмал болчихсон ийм цаг үед юу хийх вэ? гэдэг нь чухал байна. Дотоод нөөц боломжууд бий. Эхний ээлжид бид агаарыг бохирдуулсны төлөө автомашинаас, нүүрснээс, химийн болон органик бодисоос хурааж авах татваруудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зорилготой зарцуулдаг болох хэрэгтэй. Үүнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ингэснээр жилд бид 25 орчим тэрбум төгрөгийг ийм чиглэлд зарцуулах боломж бүрдэнэ. Ингэхгүйгээр дээрх татварууд улсын нэгдсэн санд орчихоод байгаа учраас жилд дунджаар таван тэрбум орчим төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байна. Бусад нь өөр зүйлүүдэд зарцуулагдчихаад байна. Уг таван тэрбумаас 3.5 тэрбум нь эрчим хүчний хэмнэлтэд зарцуулагдаад бусад олон чиглэлээр хийгдэх ажил хязгаарлагдаад байна. Жишээлбэл ЕБС-ийн дунд сургуулиудад дотоод агаарыг цэвэршүүлэгч тавьж өгөх зэрэг хийх ажил их байна. Мөн бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зориулалтын хяналтын багуудыг ажиллуулж байгаа” гэсэн юм.  

УТАА БА ТУЙЛШРАЛ

Утаа Улаанбаатарын “Толгойны өвчин” болсноос хойш олон үйл явдал өнгөрлөө. Үүн дундаас хамгийн хөгийн гэх үү хөгжилтэй гэх үү нэгэн үйл явдал нь “Утааны эсрэг элч” нарыг томилсон явдал байлаа. БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролын утаатай тэмцсэн энэ арга нь олон нийтийн дунд элэг доог болон өндөрлөсөн юм. Батламж гардуулж, бөөн сүрийг бадруулж томилогдсон элч нар утааны эсрэг яг юу хийв? гэдэг нь тун хачирхалтай.

УТАА БА ШИЙДЭЛ

Сэтгэл байвал шийдэл олддог гэсэн сайхан үг бий. Үнэхээр ч Улаанбаатарын утааг арилгахад төрөөс бодлогын зөв шийдэл гаргаж, түүнийг нь ард түмэн дэмжээд өгвөл утаанаас ангижрах арга зам буй. Судлаачдын үзэж буйгаар Улаанбаатарын утаанаас салах хамгийн үр дүнтэй аргаар “Дагуул хот” байгуулахыг нэрлэж байна. Өдийгөөс төдий хүртэл зуух, түлш, цахилгаан гээд олон хэлбэрээр тэмцэж үзлээ. Тэглээ гээд дорвитой үр дүн гарсангүй. Арга ч үгүй юм утааны ул суурь нь Улаанбаатарын хүн амын төвлөрөлтэй шууд холбоотой. Тэр тусмаа нийслэлийн иргэдийн ихэнх нь буюу 51 хувь нь утаа үйлдвэрлэгч “Гэр хороолол”-д амьдарч байгаа нь утаа улам нэмэгдэхийн үндэс болдог. Тэгвэл хүн амын төвлөрлийг сааруулж, нийслэлийн гэр хорооллын хүрээллийг тэлэхгүй байх хамгийн том хөшүүрэг нь “Дагуул хот” болж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө болсон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыхан ч “Дагуул хот”- ыг дуу нэгтэй дэмжиж байсан. Төрийн тэргүүн ч энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлж байлаа.  

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга:  “УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР УТААНААСАА САЛЪЯ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ”

...“1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх аа гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ... ...Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх... ...Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг би ЗТХБ-ын сайд байхдаа ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн. Энэ нь Төв аймгийн нутагт байрлах Майдар хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно. Яамд, гадаадын Элчин сайдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая. Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг УИХ, Засгийн газарт оруулсан байгаа....Өнөөдөр улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм...” хэмээн тодотгон хэлсэн юм.

УТАА БА ДЭЛХИЙН ТҮҮХ

Утааны асуудал ганцхан Улаанбаатарт тулгараад байгаа юм биш. Дэлхийн улс орнууд яг манай улс шиг агаарын бохирдлын асуудалд толгойгоо гашилгаж иржээ.

БЭЭЖИНГИЙН ИРГЭДИЙГ ГАДУУР ГАРАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ

Хятадад аж үйлдвэр асар хурдацтай хөгжихөд агаарын бохирдол ч дагаад нэмэгджээ. 2012 онд тус улсын барилга байгууламжийн 25 хувийг нүүрсээр дулаацуулдаг байсан бөгөөд 22 хувь нь агаар бохирдуулдаг байлаа. Хятадын засаг захиргаа 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2100 үйлдвэрийг хаах тогтоол гаргаж, хотын иргэдээ шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг уриалж, үе үе хичээл сургуулийг хаадаг болжээ. Өдгөө тус улсад үе үе агаарын бохирдлын улмаас аюулын улаан, шар түвшнийг зарладаг. Тус улс 2020 он гэхэд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж, зургаан муждаа нүүрс худалдах, түгээхийг хориглохоор төлөвлөж байна. Бээжинд цахилгаан болон байгалийн хийг түлхүү ашиглахыг уриалж эхэлжээ.

УТААНД ХАРАГДАХАА БОЛЬСОН ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ

Франц улсын нийслэл Парис хотын иргэд 2015 оны хавар нийслэлийнхээ агаарын чанарыг муудсан тухай гомдол тавьж эхэлжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больсон байна. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд болон гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрт уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэсэн судалгааны үр дүн гарчээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм. Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж. Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар 3-аас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, иргэд машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж, тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ.  

ЛОНДОНГИЙН ИХ УТАА

Их Британийн нийслэл Лондон хотын иргэд будан манан татсан хотоороо нууцхан бахархдаг байсан гэвэл та итгэх үү. Тэдний энэ нь эдийн засгийн цэцэглэлт, хөгжлийг бэлгэддэг байсан гэнэ. Байшин бүрийн зуухнаас утаа гарна гэдэг нь тэдний хувьд бүгд ажил эрхэлдэг, нүүрсээ авах, гал голомтоо дулаан байлгах чадвартайг илтгэдэг байлаа. XX зууны эхээр тэдэнд үүнийг манан биш, утаа гэхэд хэн ч итгэхийг хүсдэггүй байв. Харин 1952 оны арванхоёрдугаар сард эрс хүйтэрсний улмаас Лондон хотын иргэд нүүрсийг их хэмжээгээр түлж эхэлжээ. Хүйтэн хэр нь салхигүй цаг агаарт хүйтэн агаар дулаан агаарын давхаргад үлдэж, зуухнаас гарах нүүрс, хийн утаа нийслэлийг тэр чигт нь бүрхжээ. Лондонд манан гэдэг энгийн нэгэн үзэгдэл болохоор хэн ч уг асуудалд онцгой ач холбогдол өгсөнгүй. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Хожим нь судалгаагаар утаанаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 12,000 хүрсэн гэсэн баримт гарчээ. Түүхэнд энэ тохиолдлыг ИХ УТАА гэж нэрлэдэг. Утааны зовлонг гашуун туршлагаараа мэдэрсэн лондончууд ч нэлээд хэдэн арга хэмжээ авчээ. Тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэхэд хүн амаа санхүүгээр дэмжсэний хүчинд утаанаасаа салжээ.

Улаанбаатарын утааны тухай өнгөрснөөс өдий хүртэлх үйл явцаас түүвэрлэн хүргэхэд ийм байна. Энэ бүгдээс үндэслэн дүгнэхэд утааны хор уршгийг хэмжих аргагүй бөгөөд хүний эрүүл мэнд, эд мөнгөнд хамгийн их хохирол учруулж байгаа нь тоодорхой байна. Үүнийг ч нотолж, “Угаартсан” улаанбаатарчууд бухимдлаа илэрхийлж эхэллээ. “Боож үхлээ” лоозонтой “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ- ынхан Сүхийн талбайд сүрийг бадруулж байсныг уншигч та санаж буй бизээ. Тэд “Утаа бол алуурчин”, “Утаа бол хүчирхийлэгч юм”, “Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй””, “Бид амьдармаар байна”... гэсэн бичигтэй лоозон барин жагсацгаасан юм. Нялхсын эндэгдэл, хорт хавдар, амьгүй төрөлтийн хамгийн том шалтгаан болсон Улаанбаатарын утааны бодит байдлын илэрхийлэл олон нийтийн энэхүү бухимдал байлаа. Гэхдээ хэчнээн бухимдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин утааны асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл л бидэнд хэрэгтэй байна. Дээр дурдсан “Дагуул хот”-ыг байгуулахаас гадна дэлхийн улс орнуудын утаатай тэмцэж байгаа аргуудыг эх орондоо “нутагшуулах” ажлыг төрийн бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирж байна. Хамгийн гол нь утаатай тэмцэх төрийн ажил өөр хоорондоо уялдаа холбоотой, бие, биенээ дэмжсэн цогц ажил байх нь чухал билээ.

Нийтлэлч: С.ӨЛЗИЙБАЯР

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Гоша [ 66.181.161.29 ]      |     5-р сарын 16 -нд, 22:46 минутанд

Хөдөөнийхөнөөс илүү хотын оркууд маш их байгаа

зочин [ 59.153.114.85 ]      |     5-р сарын 16 -нд, 05:37 минутанд

Ер нь энэ хөдөөгийнхөнийг хот руу ороход нь хязгаарлалт тавих хэрэгтэй байна. Хотод ирээд байр хөлслөж суухдаа байрны гадна талбайд машинаа засч байгаа нь энэ гээд тос маслоо асгууд орчинг тэр чигээр нь бохирдуулж байна. Хэлэхээр юун сүртэй юм бэ гээд огт юу хийснээ ойлгохгүй тэнэг юм байна.

Go to top of page