1975 онд болсон Вьетнамын дайнаас хойш олон арван жил өнгөрсөн хэдий ч түүний тухай дурсамж олон америкчуудын ой тоонд хадагдан үлдсэн аж. Энэ бол Америкийн армийн түүхэн дэх хамгийн их сүйрэл, гамшиг дагуулсан байлдааны ажиллагаа болсон юм.
Уг дайны талаарх олон нууцуудыг америкийн эрх баригчид хүмүүст түгээхээс нууцалж байдаг хэдий ч хувиараа сонирхож мөрддөг сайн дурынхан олон байдаг бололтой.
Тэдгээрийн нэг жишээ нь, Вьетнамын дайны үед алга болоод, 40 жилийн дараа олдсон цэргийн тухай түүх юм.
Жон Робертс бол цэрэг байхын тулд төрсөн мэт залуу байжээ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үед өссөн бөгөөд 17 настайдаа их сургуульд орохын оронд армид алба хаахаар явсан байна. Жон өөрийгөө чадварлаг цэрэг гэдгийг илтгэж чадсан учраас удалгүй “Ногоон малгайтан” болж Вьетнам руу илгээгджээ.
ТТГ-ын тусгай салааны бүрэлдэхүүнд Робертс орсон бөгөөд түүний отряд огт оршдоггүй мэтээр үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Иймээс тэндхийн цэргүүд биедээ ямар ч бичиг баримт, нэр хаягтай зүйлс авч явдаггүй байсан гэнэ.
1968 онд Робертс Лаос дахь нууц ажиллагаанд оролцохоор илгээгдсэн байна. Америкчууд тэнд байх хориотой байсан үе учраас нисдэг тэрэг нь сүйрэхэд хэн ч эрж хайсангүй.
Түүнийг сураггүй алга болсон хэмээн албан ёсоор тооцсон бөгөөд хэзээ хойно 1978 онд АНУ-ын засгийн газар Робертсын үхлийн тухай ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Вьетнамын дайны өөр нэгэн ахмад зүтгэлтэн Том Фаунс Вашингтон дахь Вьетнамын дайнд оролцогсдын дурсгалын цогцолборын дэргэдүүр байнга явдаг байжээ. Тэрээр уг дайнаас амьд эргэж ирж чадсан боловч тэнд харсан аймшигт зүйлс нь он жилүүдийн туршид тарчлаан зовоож байсан аж.
Хэдэн жилийн өмнө Том өөрийн амьдралаа эрс өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр Вьетнамд эргэж ирээд, нутгийн иргэдэд тусалж эхэлжээ. Тэр худаг ухаж, хүмүүсийн аж ахуйн ажилд тусалдаг байж.
Тэнд түрүүч Робертсын тухай гайхалтай түүхийг олж сонссон байна. Жон Робертс нисдэг тэрэг сүйрсний дараа вьетнамчуудад олзлогдсон бөгөөд дайны дараа ч түүнийг суллаж явуулаагүй гэнэ. Ингээд дөрвөн жил олзонд байсны эцэст оргож зугтан, ширэнгэ рүү орж нуугджээ. Тэнд нэгэн эмэгтэйтэй тааралдан, түүнтэйгээ гэрлэж, аюулгүй байдлын улмаас вьетнам нэртэй болсон гэнэ.
Фаунс энэхүү түүхийг сонсоод, ширэнгэд амьдардаг Робертсыг хайхаар явжээ. Ингээд орон нутгийн иргэдээс сурагласаар яваад Данг Тан Нгокийг олж уулзсан байна. Нөгөөх нь ч түүнд сонссон түүхийг нь ярьж өгч.
Харин гайхалтай нь, Данг англиар ярьдаггүй, үүнийгээ олон жил өнгөрсөн учраас төрөлх хэлээ мартсан хэмээн тайлбарлаж байсан гэнэ. Мөн АНУ-д байдаг хамаатнуудынхаа нэрийг ч санахгүй, тэдэнтэй холбогдохыг ч оролдохгүй байжээ.
Том Фаунсад болгоомжлол төрөн, тэрхүү өөрийгөө түрүүч Робертс хэмээн нэрлээд буй Нгокийн талаар ухаж судалж эхэлсэн байна. Гэтэл нөгөөх нь жирийн л нэгэн залилан мэхлэгч байсан аж.
Тэр этгээд 1982 оноос хойш өөрийгөө түрүүч Робертс хэмээн нэрийдэж, америкийн засгийн газраас тэтгэмжийн мөнгө авахыг оролдож байсан франц залилагч болох нь илэрсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )