Эль Фаннинг: Сургуульд байхдаа өөрөөсөө их ичдэг байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Жүжигчин Эль Фаннинг сахиусан тэнгэр мэт харагддаг. Гэвч кино болон театрт бүтээсэн дүрүүд нь муу охин байх нь бий. Америкийн эгч, дүү жүжигчин Дакота болон Эль Фаннинг нь сүүлийн үед эрчээ авч байгаа залуу уран бүтээлчид юм.

Ингээд “Zindaa-Time Out” буландаа 20 настай, ид гялалзаж яваа жүжигчин Эль Фаннингийн “Cosmo”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Чи 2010 онд София Копполатай “Хаа нэгтээ” кинонд хамтран ажилласан. Харин одоо “Муухай уруу таталт” бүтээлд нь тоглолоо. Энэ хугацаанд та хоёрын харилцаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Долоон жилийн өмнө тэр миний хувьд “София эгч” байлаа. Харин би түүний хувьд 11 настай хүүхэд байв. Одоо би түүнтэй ижил түвшинд байна гэж бодохгүй байгаа ч София Коппола надтай насанд хүрсэн жүжигчин шиг харьцаж байгаа. София над руу залгаад “Чамайг тачаангуй бүсгүйн дүр бүтээгээсэй гэж хүсч байна” гэж хэлсэн. Энэ кинонд би тийм байх ёстой юм. Зохиолын дагуу Колин Фарреллтай хамт задгай тоглох ёстой. Ерөнхийдөө энэ бүтээл дээр гайхалтай баг бүрдсэн. Тэр дундаа Кирстен Данстыг нэрлэмээр байна. Би түүнийг хүндэлдэг. Бид гэр бүлээрээ найзалдаг юм. Лос-Анжелест Кирстенийг Фаннингийнхны том эгч нь гэж наргиан болгож ярьдаг.

-Колины дүр бүсгүйчүүдийн дунд их зөрчилдөөн үүсгэдэг. Зарим үзэгч танай киног “сексийн” гэж тодорхойлж байна...

-Үзэгчид дэндүү секси бүсгүйг хараад дасчихаж. Манай кинонд бол эсрэгээрээ /инээв/. Эрчүүдэд зориулж бүсгүйчүүдийн зурагтай календарь гаргадаг шүү дээ. Харин бид зураг авалтын талбайд Колиныг календарь дээр гаргах гэж байгаа юм шиг л зүйл болж байлаа. Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан календарь шүү. Тэр нүцгэнээрээ усаар цацуулж, бид камерын араас түүнийг харж байсан. София түүний биеийг илж байгаа мэтээр гараараа зангаж “Өө, яг наадах чинь” гэж байлаа /инээв/. Колинд таагүй байгаагүй гэж бодож байна. Олон эмэгтэйчүүд дунд ганц эрэгтэй байх нь тийм ч муу зүйл биш.

-“Муухай уруу таталт” болон “Үдэшлэг дээр бүсгүйчүүдтэй хэрхэн ярилцах вэ” кинонд чи Николь Кидмантай хамтран тоглосон. Тэр чамтай туршлагаа хуваалцсан уу. Ямар нэгэн хэрэгтэй зөвлөгөө өгөв үү?

-Хүний эргэн тойронд түүнийг ойлгодог, чи түүнд бүрэн дүүрэн итгэж болох дотны найз, “өөрийн хүн” байхын чухлыг бид ярилцаж байлаа. Энэ бол хүн бүрт зайлшгүй хэрэгтэй зүйл. Жүжигчдэд бол бүр ч илүү. Яагаад гэвэл алдартай хүмүүсийн дэргэд тэднийг өөрсдийнхөө хэрэгцээ сонирхлын төлөө ашиглахыг хүссэн шунахайчууд дүүрэн байдаг. Надад өөрийн гэсэн хүрээлэл бий. Ээж, эмээ, Дакота эгч, нагац эгч маань болон түүний охин.

-Чи хүүхэд байхдаа карьераа эхэлсэн. Дакотатай хамт рекламд тоглодог байсан. Одоо найруулагч нар чамайг илүүтэйгээр урьдаг болж. Эгчтэйгээ өрсөлдөх үе байдаг уу?

-Мэдээж үгүй. Дакота бид хоёр их дотно. Хамтдаа байх нь их. Түүний ачаар би жүжигчин болсон. Эгч кинонд тоглож, харин намайг аав ээж хоёр маань теннисчин болгох гэдэг байсан. Манай ээж залуудаа тамирчин байсан юм. Гэвч нэг удаа би Дакотагийн тоглож байсан “Би-Сэм” киноны зураг авалтын талбайд очлоо. Найруулагч нь эгчийн 3-4 насны үеийг харуулчих охин хайж байсан. Дакотатой надаас илүү адилхан хүн олдоогүй. Бид төрсөн эгч дүүс болохоор гайхаад байх юу байхав. Тэгээд би Шон Пеннтэй хамт савлуур дээр сууж, өвсөн дээр хэвтэх хэрэгтэй болсон. Би гэртээ хариад ээж аавдаа бас жүжигчин болохыг хүсч байгаагаа хэлсэн.

Дакота и Эль Фаннинг

-Ээж чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний толгойд тийм тэнэг бодол орж ирсэнд тэр гайхсан.

-Чамайг кинонд тоглож байхад найзууд чинь хэрхэн ханддаг байв?

-Хэвийн. Би сурагч бүр жүжигчин, продюсер, найруулагчийн хүүхдүүд байдаг Лос-Анжелест өссөн шүү дээ. Амьдрал кино бизнесийг тойрч эргэлддэг газар. Иймээс зураг авалтаас болж хичээл таслахыг хэн ч гайхахгүй. Би их ажилтай байсан ч ахлах сургуульдаа сайн сурсан. Надад нэг асуудал байсан нь биеийн өндөр. Жил ирэх бүрт би 17 см-ээр өсч байсан. (Эль одоо 175 см өндөр) Үүнээсээ болж их ичдэг байсан. Би 2016 онд аттестатаа авсан. Төгсөлтийн баяртаа очоогүй нь гомдмоор. Каннийн кино наадамтай давхацсан болохоор би төгсөлтийн баяртаа очиж чадаагүй.

-Кинонд муу охидын дүрийг бүтээх юм. Харин амьдрал дээр хэр зүггүйтэж байна даа?

-Үнэндээ бол би галзуу зан араншинтай. Гэхдээ ажил дээрээ үүнийгээ харуулдаггүй. Зураг авалтаас гадуур бол дураараа байдаг. Би дурлахаараа түүнийгээ үүрдийнх гэж итгэдэг. Гэхдээ би бусдын адил гомддог. Надаас уучлалт гуйх гээд үз л дээ. Алтан дундаж гэж мэдэхгүй. Би амархан сандардаг болохоор эцэг эх маань намайг жолоо барихыг хориглодог. Өөрийгөө хянаж чадахаа больчихно гэж тэд айдаг.

-Би үүнийг чинь өчигдөр үдэшлэг дээр анзаарсан юм байна...

-Битгий сануул! Бүх зүйлд Жон буруутай. (Найруулагч Жон Кэмерон Митчелл) Тэр намайг дижейг орло гэсэн. Бас дуул гэсэн. Би нэлээд уусан байсан болохоор дуулсан. Гэхдээ хоолой өвдөж тийм ч сайн дуулаагүй. Тэгсэн ч гэсэн хөгжилтэй байсан. “Үдэшлэг дээр бүсгүйчүүдтэй хэрхэн ярилцах вэ” киноны зураг авалтын үеэр ч бид багагүй дүрсгүйтсэн шүү.

-Ингэхэд залуус Эль Фаннингтай үдэшлэг дээр хэрхэн ярих ёстой вэ?

-Чамайг энэ талаар асууна гэж би мэдэж байсан юм аа. Залуус надтай бага ярихад дуртай. Тэгэхгүй бол хоолой цуцна шүү дээ (инээв). Хоёр хүн харцаараа ойлголцоод бие биедээ таалагдвал ямар ч үгний хэрэггүй юм шиг санагддаг.

-Саяхан 20 нас хүрлээ. Шинэ, насанд хүрсэн амьдралынхаа талаар юу бодож байна даа?

-Ингэж нэг юм өөрөө гэрээнд гарын үсэг зурдаг боллоо. Өмнө нь ээж миний өмнөөс гэрээ хийдэг байсан. Би тусдаа гарахыг хүсдэг ч урьдын адил эцэг эхтэйгээ амьдарч байгаа. Гэхдээ гэр бүлтэйгээ ойролцоо байшин худалдаж авахыг хүсч байна. Би Лос-Анжелест хайртай. Дэлхийд миний дуртай хоёр л хот байдаг. Лос-Анжелес болон Лондон.

-Яагаад Лондон гэж?

-Тэнд дэлгүүр хэсэхэд сайхан!

-Чамайг өөрөө хувцасны дизайнер болохыг хүсдэг байсан гэж сонссон...

-Тийм шүү, үнэн. Хүүхдийн тийм мөрөөдөл байсан. 11 настайдаа би ориг хувцаслахыг хүсч, өөртөө зориулж хувцас бүтээхийг оролддог байсан. Гэхдээ энэ мэргэжил минийх биш. Каннийн кино наадмын нээлтэд өмссөн даашинзыг маань хэдэн сар чимэглэснийг мэдсэн. Үүнийг хийхэд миний тэвчээр л лав хүрэхгүй байх байсан.

-Загварын тал дээр ойлгомжтой. Гоо сайхны бүтээгдэхүүний талаар ярьцгаая. Чи саяхан “L”Oréal Paris”-тай хамтран ажиллаж эхэлсэн. Өөртөө хэрхэн анхаардаг вэ?

-Өглөө бүр нүүрээ нойтон алчуураар арчдаг. Тос түрхэж, нарны туяанаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэдэг. Би их цайвар арьстай. Ажиллаагүй үедээ байгаагаараа харагдахыг хичээдэг. Өө дарагч түрхэж, бага зэрэг гэрэл сүүдэр хэрэглээд “L”Oréal Color Riche” уруулын будаг түрхээд би бэлэн. Толгойгоо байнга угаах дургүй. Иймээс үсээ шууж боох юмуу сүлждэг. Би Калифорнийн охин болохоор наран шарлагын газраас дөнгөж ирж байгаа юм шиг харагдах зүгээр байдаг.

Эль Фаннинг попала в неловкую ситуацию во время съемок - фото 1

Эль Фаннинг - фото Каннского кинофестиваля

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бресида(112.72.14.69) 2018 оны 05 сарын 16

Ямар хөөрхөн золиг вэ.

0  |  0
Top