С.Амарсайхан: Надад намын хорооны даргад өрсөлдөхгүй байх хэд хэдэн шалтгаан бий

2018 оны 05 сарын 17

 

НИТХ-ын дарга С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Урин дулаан цаг эхэлж байгаа учраас нийслэлд бүтээгдэхүүн байгуулалтын ажил аль хэдийн эхэлсэн байна. Энэ жил  ямар ажлууд хийж байна вэ?
-Хаврын урин дулаан цагтаа уралдаж, хийж бүтээхээр төлөвлөсөн төслүүд нэлээд олон бий. Одоо эхнээсээ хэрэгжээд явж байгаа хөтөлбөрүүд байна. Зарим талаар хэл ам дагуулаад байгаа зам дэд бүтэц гүүрэн гарц, замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр, Баянзүрх дүүргийн Туулын гүүр. Мөн Баянзүрх, Гацуурт, Налайхын 20,9 км замын төсөл хөтөлбөр гэх зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлээд явж байгаа. Нөгөө талаар сургуулийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ иргэд орчин суугчдын байнгын асуудал болж байдаг. Мөн зарим хороо дүүрэгт цэцэрлэг сургуулийн хүртээмж байхгүй болж хүүхдүүд хэдэн километр алхаж явдаг асуудал байгаа учраас энэ жил нийслэлийн хэмжээнд 50 гаруй сургууль цэцэрлэгийн барилга байгууламж ажлууд байгаа.Эдгээрээс гадна бусад бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдөөд хийгдэж байгаа. Эдгээр ажлуудын ихэнх нь энэ жилдээ хийгдээд ирэх жил ашиглалтад орох хэмжээний төслүүд юм. Өмнө нь хийгээр явж байсан хэдий ч удаашралтай зүйлүүд байсан учраас бид 2018 ондоо гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг цаг алдахгүй богино хугацаанд хийж хэрэгжүүлж, үр өгөөжөө үзэхээр ажиллаж байна. Эдгээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилго төлөвлөгөө тавьж , шахан ажиллаж байгаа.
 

-Төсөв мөнгөний хувьд ямар байгаа вэ?
-Дээр дурдсан дөрвөн том дэд бүтцийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа. Нийтдээ 100 сая гаруй долларын төсөл хэрэгжиж байна. Нөгөө талаар нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа нийт сургууль, цэцэрлэг болон бусад төсөл хөтөлбөр 150 гаруй сая тэрбум төгрөг. Улсын хэмжээнд засгийн газрын, нийслэлийн төсвөөр нэлээд томоохон дүнтэй төслүүд хэрэгжиж байгаа учраас бид цаг алдахгүйгээр төслүүдийг хэрэгжүүлээд үйл ажиллагааг эхлүүлэх, үр дүнгийн нь үзэх асуудал нэн тэргүүний зорилт байгаа гэж ойлгож болно.


 

-Хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор уулнаас мод авч ирж суулгах ажлыг иргэд их шүүмжилж байна. Мөн дугуйн зам байгуулна гээд замын нэг хэсгийг бороор будчихаад дугуйн зам гэж ярилаа гэх мэт шүүмжлэлүүд их байна. Эдгээр ажлыг хийхдээ баталсан төсөл төлөвлөгөөний дагуу хийдэг биз дээ?
-НИТХ-аас төсөл санхүү баталж өгөхдөө мэдээж мод ногоо тарих, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэлт хийх, дугуйн, зам явган зам барих гэх зэрэг зам барих төсөл хөтөлбөр гэдгээр баталж өгдөг. Харин хэрэгжих шатандаа иргэдийн гомдол чирэгдлийг дагуулж байгаа зүйл зөндөө бий. Жишээлбэл дугуйн зам гээд будчихдаг. Хоёр хаврын салхи, хоёр зуны борооны ус даахгүй будаг нь арилдаг. Мөн стандарт шаардлага гэдэг зүйлийн зөрүүтэй төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл аргацаах байдлаар яваад ирсэн асуудлууд байгаа нь үнэн. Бид үүнийг өөрчилж шинэчлэх ёстой. Иргэдийн гаргаж байгаа гомдол, саналууд бодитой зүйлүүд байгаа учраас нийслэлийн хэмжээнд хөгжлийн стандарт бий болгох хэрэгтэй. Тухайлбал, явган хүний зам ямар материалтай байх, өнгө будаг нь ямар байх ёстой, дугуйн зам нь ямар стандарттай байх ёстой гэдгээр хийх хэрэгтэй. Харин модны тухай шүүмжлэл дагуулж байгаа зүйл бий. Зарим нь ургадаг, ургахгүй гэж байгаа. Захирагчийн ажлын албанаас мод зүлэгний асуудлыг хариуцаад ажиллаж байгаа.
 

-Мод, цэцэг, зүлэгжүүлэх ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн байдаг вэ?
-Нийт Улаанбаатар хотын тохижилтын ажилд төсвийг төсөвлөж өгдөг. Энэ төсвийн хүрээнд хүртээмж хомс зүйл байгаа. Гэхдээ байгаа зүйлээ зөв ашиглах нь бидний үүрэг хариуцлага учраас Монгол орныхоо эрс тэрс уур амьсгал, цаг агаарын нөхцөлд тохирсон ургах боломжтой эсэхийг судалж төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байгаа зүйл бий. Гэхдээ дадлага туршлага нөөц боломж дээр анхаарах зүйл байгаа.
 

-Нийслэлд зүлэгжүүлнэ гээд бут сөөг тарьдаг. Заримд нь хиймэл зүлэг хийчихдэг. Мөн явган хүний замыг ч гэсэн олон янзаар хийж байна. Эдгээр ажлыг хийхэд ямар стандарттай байдаг вэ?
-Энэ асуудлыг ярьж байгаа. Иймээс замын ажлыг хийхдээ аюулгүй байдлыг хангасан материал хэрэгслийг хэрэглэх, ийм стандарттай бай гэсэн нэг хэмжээтэй байх ёстой. Стандартыг дагаж мөрдөж байгаа нь ховор байна. Дагаж мөрдлөө ч гэсэн эргээд өнөөгийн цаг үеийн шаардлага хангахгүй байна.

Иргэд газар авахдаа дураараа очоод  сайдын өмнөөс, хотын захирагчийн өмнөөс гарын үсэг зураад газар авдаггүй

Хашаа арга хэмжээ гээд баахан хашаа буулгасан. Бас явган хүний зам чөлөөлж байна гээд нэлээд юм болсон. Мөн ТҮЦ ажиллагаа гээд баахан ТҮЦ буулгасан. Саяхан Зайсанд зөвшөөрөлгүй баригдсан барилга нураана, нураахгүй гээд бөөн юм болсон. Яагаад анхнаас нь зөв төлөвлөж болдоггүй юм бэ?
-Нэг нэгэндээ төвөг учруулсан, ойлгомжгүй, тогтворгүй зүйл манай хөгжлийн тушаа болчихоод байна. Анхнаасаа газар олголтоо ямар ч төлөвлөгөө, зохион байгуулалтгүйгээр олон арван жил олгоод ирчихсэн. Хамгийн сүүлд 2012-2016 оны хооронд цахим газар олголт гээд иргэдэд газар өгч байгаа нэртэй, нэг нь авч байгаа нэртэй. Очиж буугаад амьдрах орчин боломжгүй, тог цахилгаан байхгүй. Худаг ус байхгүй, нийтийн тээвэр байхгүй. Энэ бүү хэл үерийн жалганд газар олгочихсон. Харин иргэд нь тэрийг авахгүй гэдэг асуудал тавьж байгаа. Сэтгэл хөөрөл болон улс төрийн зорилгоор сонгуулиас сонгуулийн хооронд аргацаах байдлаас болсон энэ байдлыг өнөөдөр зохицуулахад хүндрэлтэй болчихсон. Үүнийг шийдэх гэж байна гээд нэг дарга нь баахан асуудал ярьдаг. Ингээд баахан иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг хохироодог. Уг нь бид төртэй, засагтай, удирдлагатай улс орон. Иргэд газар авахдаа дураараа очоод  сайдын өмнөөс, хотын захирагчийн өмнөөс гарын үсэг зураад газар авдаггүй. Авчихлаа гэхэд ажил болгоод явахаар хашаа барилгыг нь буулга, эсвэл ийм юм болохгүй байна, тийм ч юм болохгүй байна гэдэг. Анхнаасаа цэгцтэй зүйл хийсэн бол өнөөдөр ийм байдал бий болохгүй.


-Та тэргүүлэгчдийн хуралдаан дээр нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг түргэн шуурхай, үр дүнтэй хий гэдэг чиглэл үүрэг өгсөн. Таны өгсөн үүрэг даалгавар хэр биеллээ олж байна?
-Биелүүлэх гээд үзэж байна. Араас хяналт тавьж байна. Тодорхой шийдлүүд гаргаж байна. Гэхдээ энэ шийдлүүд цаг үеийн гэхээс илүүтэй тооцоо судалгаатай, бодит. Бидэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд бидний өөрсдийн давуу тал нь юу байгаа нь, эерэг, сул талыг тооцоод аль болох бодитой шийдвэр гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

-Таныг НИТХ-ын даргаар сонгох үеэр хууль бусаар сонгогдсон гэдэг асуудал үүссэн. Шүүхтэлцсэн гэсэн. Энэ асуудал нэг тийш болсон уу?
-Анхнаасаа тиймэрхүү юм болсон. Нэр бүхий хэдэн төлөөлөгчид “С.Амарсайхан хууль бусаар сонгогдлоо” гэдэг асуудал гаргасан. Энэ асуудал шүүхээр яваад эцэслэн шийдвэрлэгдсэн. Бүх шатны шүүхээр яваад хуулийн дагуу томилогдсон байна гэдгийг тогтоосон. Одоо энэ асуудалтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй.

-Удахгүй нийслэлийн намын хорооны даргыг сонгох хурал болно. Үүнтэй холбоотой янз бүрийн яриа гараад байна. Зарим улс төрчид янз бүрийн мэдэгдэл гаргаж байна. Энэ асуудалтай холбоотой нам дотор нэлээд хөдөлгөөн орж байх шиг. Та намын хорооны даргад өрсөлдөх үү?
-Надад нийслэлийн намын хорооны дарга болох бодол байхгүй. Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт НИТХ гэдэг бол МАН, АН, МАХН гэж аливаа асуудлыг улс төржүүлэхгүйгээр ажиллах. Хоёрдугаарт надад хийх ажил их байна. Мөн НИТХ-аар гарч байгаа шийдвэр өнөөдөр гараад маргааш мартдаг биш, хэдэн жилээр  тогтвортой хэрэгжих хэмжээнд байлгахын төлөө ажиллана. Иймээс надад хоёр морь унаж ийш тийш явах бодол төлөвлөгөө байхгүй.


-Нийслэлийн МАН-ын дотор зөрчил байгаа юу ?
-Нам дотор их айхтар зөрчил байхгүй гэж бодож байна. Тодорхой тооны улс төрчид болон намын хорооны гишүүд нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүсийн хоорондын үзэл бодол болон намын даргын өрсөлдөх өрсөлдөөнтэй холбоотой үл ойлголцол байхыг үгүйсгэхгүй. Намын асуудал яаж шийддэг байсан ч хотын асуудал хөлд нь чирэгдэж болохгүй. Хотын ажил явагддагаараа явах ёстой. Харин намын асуудал улс төрийн намынхаа дотоод дүрэм журмынхаа хүрээнд шийдэгдээд явах ёстой.

-Хотын үе үеийн иргэдийн хурлын дарга болон хотын дарга нар хотоо сайхан болгоно гэж боддог байх. Харин улс төрийн шалтгаанаас болоод зарим зүйл хэрэгждэггүй. Иргэдийн хурлаас гарсан шийдвэр залгамж халаатай байдаг уу. Иргэд энэ асуудлаар төв талбай дээр жагсаал цуглаан хийж байгаа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-НИТХ болон төрийн бусад байгууллагаас гарч байгаа бодлого шийдвэр залгамж чанар, бодлого нь  хэрэгжээд үргэлжлээд явдаг. Тухайн гаргасан шийдвэр нь  цаашид хэрэгжээд явах боломжтой байна уу гэдэг нь бодох ёстой. Эргэж харах ёстой зүйлүүд ч байдаг. Мөн гаргасан шийдвэрээ зөв шийдвэр олон бий. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал болон улс төрийн шалтгаан, албан тушаалтны үзэл бодлоос болж хэрэгжээгүй зүйлүүд ч байдаг. Аль намын хэн ч санаачилсан байсан, олон нийтийн эрх ашигт нийцсэн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх зөв гарц байхын бол улс төржилгүйгээр хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Та дахин төлөвлөлтийн асуудлыг асуугаад байх шиг байна. Дахин төлөвлөлтийн асуудлыг хэрэгжүүлэх нь зөв. Анх хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөгүй хэрэгжүүлсэн учраас зарим иргэд орох оронгүй болчихсон асуудал байгаа. Энэ асуудал дээр аль алинд алдаатай зүйл байгаа. Өнөөдөр бид энэ төслийг цааш үргэлжлүүлээд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийн гол хүчин зүйл томоохон зах худалдааны төвүүд гээд байгаа. Иймээс “Зуун айл”, “Нарантуул” болон томоохон автомашиныг захыг хотоос гаргах асуудлыг ярьж байгаа. Энэ асуудлыг өмнө ч ярьж байсан. Одоо ч гэсэн ярьж байгаа. Хэзээ шийдэгдэх вэ?
-Хотын хөгжил, төлөвлөгөөтэй холбоотой учраас томоохон зах худалдааны төвийг гаргахаас өөр арга байхгүй. Бид хот аюулгүй амьдрахын тулд суурьшлын бүс болон үйлдвэр үйлчилгээнийхээ асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Зуун айлыг нүүлгэх асуудал олон жил яригдаж байгаа. Одоо зуун айл дээр 400 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.  Иймээс бид энэ  асуудал дээр анхаарч ажиллаад явж байна.

Цаг гаргаж ярилцсанд  баярлалаа


Top