А.Эрдэнэ-Очир “АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ”

2018 оны 05 сарын 17

Та бүхэнд “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, МУСГЗ Арлааний Эрдэнэ-Очирын “АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬшүлгийг сонордуулъя.

АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ

Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь

 

Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа

Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй

Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж

Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас,

амталж явсангүй

 

Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас

Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй

Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж

Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй

 

Аар саархан зовлон зүрх тархийг идэж

Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж

Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар

Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.

 

1999.11.16.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top