Д.Лхагвасүрэн: Монголчуудын амьдралын буруу хэвшил нь артерийн даралт ихсэх өвчинд хүргэж байна

 “Артерийн даралт ихдэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Гэрэлт Гудамжинд “Артерийн даралтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн аяныг зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд 12:00-18:00 цагийн хооронд иргэдийн даралтыг үнэгүй үзэж, даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийж, артерийн даралт ихдэлтийг оношилж байсан юм. Биднийг Гэрэлт гудамжинд очиход “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ, “Монос фарм трейд” ХХК болон АШУҮИС-ийн “Зүрх судасны клуб”-ийнхэн иргэдэд амьдралын зөв хэв маягийг хэрхэн сахиж, зүрх судасны өвчлөлтөөс урьдчилан сэргийлж, даралтаа хэрхэн хянах талаар нээлттэй зөвлөгөө өгч байлаа. Даралтаа үзүүлж, цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулж байгаа иргэдийн дунд залуусаас эхлээд өндөр настнууд, түүнчлэн гадаадын иргэд ч харагдаж байв.

“Артерийн даралт ихсэлтгүй иргэдийн төлөө” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал Ё.Нямжав юм. Таван жилийн өмнө байгуулагдаж байсан энэхүү байгууллага нь иргэдийн эрүүл мэндийн төлөө, тэр дундаа хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг болж байгаа артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхийн тулд жил бүрийн тавдугаар сарын 19-нд болдог “Артерийн даралт ихдэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр “Артерийн даралт ихсэлтгүй иргэдийн төлөө” хүмүүнлэгийн аянаа зохион байгуулж байх аж.

Энэхүү өдөрлөгийн үеэр бид “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнгээс артерийн даралт ихсэх өвчнийг хэрхэн эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх талаар дараах тодруулгыг авсан юм.

-“Артерийн даралтгүй иргэдийн төлөө” өдөрлөгт олон хүн иржээ. Иргэдийн эрүүл мэндийн төлөө танай байгууллагаас цаашид ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь “Артерийн даралтгүй иргэдийн төлөө” гэх аянаа дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Эмэгтэйчүүдийн байгууллага болохоор бид өмнөх гурван жилд зургадугаар сарын 1-нийг тохиолдуулаад “Артерийн даралт ихсэлтгүй ээжүүдийн төлөө” гэсэн аяныг зохион байгуулдаг байсан. Энэ жил Артерийн даралт ихсэхтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулаад энэ амралтын өдрөөр иргэддээ үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж үйлчилж байна. Бид энэ жил илүү өргөн хүрээтэйгээр, АШУҮИС-ийн дэргэдэх “Зүрх судасны клуб” болон “Монос фарм трейд”-тэй хамтран иргэдэд анхан шатны үзлэг хийж байгаа. Иргэд биеийн жингийн индексээ тодорхойлуулаад, даралтаа үнэгүй үзүүлээд цусан дахь сахар буюу глюкозоо тодорхойлуулж, зөвлөгөө авч байна. Даралт ихсэх өвчин нь хөгжиж буй орнуудын халдварт бус өвчний гуравны хоёр хувийг эзэлдэг. Манай орны нийт халдварт бус өвчний 27.5 хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлж байна. Үүн дотроо 72 хувь нь артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилснөө мэдэхгүй явдаг ба даралтны эмийг тогтмол хэрэглэдэггүй байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн нас баралт ихэсч байна.

-Гэнэтийн нас баралт нь ихэвчлэн цус харвалт байна гэсэн үг үү?

-Осол гэмтэлтэй холбоотой ч гэнэтийн нас баралт байж болно. Гэхдээ манай оронд зүрх судасны шалтгаант нас баралт 10 мянган хүн тутамд 20.91 хувь байгаа нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Жилд дунджаар 5000 орчим хүн тархины цус харвалт өвчинд нэрвэгдэж, 59.6 хувь нь нас бардаг гэсэн 2016 оны судалгаа байдаг. Эдгээр өвчнийг эрт оношилвол бүрэн эдгэх боломжтой. Гэвч манай иргэд тогтмол эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах нь бага байдаг төдийгүй цусны даралт ихэссэнээ мэдэлгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь их байдаг. Тиймээс дараах шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Сэтгэл тавгүйтэх, хэт стрессдэх, хамраас цус гарах, ядарч сульдах, хараа муудаж бүрсийх буюу нүд бүрэлзэх, цээж хөндүүрлэх, зүрхний цохилт хэвийн бус болох, толгой өвдөх гэх мэт.

-Хүмүүс “толгой эргэж байна, даралт ихэсчихлээ, эсвэл багаслаа” гээд ярьдаг. Энэ нь даралт ихэссэнийг илтгэх шинж тэмдэг мөн үү?

-Толгой эргэж, хүзүү, мөрөөр хөших нь даралт ихэссэний шинж. Гэхдээ энэ нь даралт багассан үед ч тохиолдож болно. Бас өөр өвчний үед ч тохиолдох шинж тэмдгүүд. Тэгэхээр эмнэлэгт хандан эмчид үзүүлж байж оношоо зөв тогтоолгох хэрэгтэй. Нэг удаагийн хэмжилтээр даралт ихэссэнийг тогтооно гэж байхгүй. 7-14 хоног өглөө болон орой тогтмол даралтыг нь хэмжиж байж тогтоодог. Артерийн даралт ихэсч байгаагаа ямар нэг өвчний улмаас ихдэж байна уу, эсвэл анхдагчаар уу гэдгийг нь тогтоох хэрэгтэй л дээ. Гэх мэтчилэн илүү нарийвчлан үзүүлж оношлуулах шаардлага гарна. Оношилгооны үр дүнд шинж тэмдгийн эсрэг биш эмгэг жамын эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг.

-Өнөөдөр даралтаа үзүүлж, сахарын хэмжээгээ тодорхойлуулж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь хэвийн биш даралттай байна вэ?

-Өнөөдөр үзүүлсэн хүмүүсийн ойролцоогоор 60 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байна. Даралтыг нь газар дээр нь хэмжиж үзэхэд ойролцоогоор 50 хувь нь хэвийн хэмжээнээс илүү даралттай байна.


-Иргэд артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Артерийн даралт ихсэх өвчний гол шалтгаан нь манай монголчуудын хувьд амьдралын буруу хэв маяг байдаг. Мөн хорт зуршлын хэрэглээ, дээрээс нь маш их калори, өөх тостой хоол хүнс хэрэглэчихээд тэр калорио шатаах хөдөлгөөн хийхгүй байна. Үүнээс болж биеийн жингийн илүүдэл үүсч байна. Биеийн жингийн илүүдэл үүсч, цусанд өөх тос ихэссэнээр судасны хананд өөх тос хуримтлагдана. Ингээд судас нарийссанаар цусны судасны хананд үзүүлэх даралт ихэснэ. Гэхдээ сүүлийн үед манай улсын иргэд эрүүл мэнддээ маш их анхаарч, хүнсний хэрэглээгээ ч хянадаг болж байна.

-Ер нь ямар газар амьдардаг хүмүүсийн даралт ихсэх хандлагатай байдаг вэ?

-Хөгжингүй орнуудад их байдаг өвчин. Хэрэглэж байгаа хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой.


-Танай Төрийн бус байгууллага энэ жил олон салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилт тавьсан гэсэн. Энэ талаар?

-“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь улс төр, нийгэм, бизнесийн чиглэлд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилттой ажиллаж байна. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд манай байгууллага хүмүүнлэгийн олон ажлыг зохион байгуулж байсан. Тэр дундаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнийг манай байгууллага санаачлан зохион байгуулж байсан. Мөн эмэгтэйчүүдийн олон чуулганыг 21 аймагт зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 21 аймагт салбартай. “Мянган ээжүүдийн чуулган”, “Мянган залуу ээжүүд”, “Мянган оюутны чуулган”-ыг 21 аймаг болон нийслэл хотод нэгэн зэрэг хийсэн. Энэ жил бид бизнесийн чиглэлд эмэгтэйчүүдээ дэмжих, мөн мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

-Танай зохион байгуулж байгаа “Хэлний марафон” аян хүмүүсийн анхаарлыг их татаж байна...

-Манайх энэ жил “Хэлний марафон” аяныг эхлүүлсэн нь эмэгтэйчүүдийнхээ мэдлэг боловсролыг сайжруулах зорилготой. Энэхүү аян маань Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ сард Хэнтий аймагт үргэлжилж байна. Бүх аймагт зохион байгуулахаар ажиллаж байна.

-“Хэлний марафон”-д хамрагдах хүсэлтэй хүн олон байгаа байх. Насны хязгаар заасан уу?

-Насны хязгааргүй. Хамрагдах хүсэлтэй бүхий л эмэгтэйд нээлттэй аян.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page