Шинэ Ирак: Агуу номлогч түүнийг хааш нь дагуулах вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Иракт явагдсан сонгуульд сөрөг хүчний удирдагч Муктада ас-Садр ялалт байгуулжээ. Одоо Ирак улс эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь нэлээн хүндрэлтэй үйл явц болж магадгүй нь. Ирак улс хямралыг даван туулж, улс орноо сэргээн босгож чадах болов уу?

Ирак улсад явагдсан парламентын сонгуульд сөрөг хүчний “Ас-Саирун” /”Шинэчлэлийн төлөөх хувьсгалчдын эвсэл”/ хэмээх шийтийн  шашны зүтгэлтэн Муктада ас-Садр толгойлдог эвсэл ялалт байгуулсан байна.

Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх сонирхол өмнөх 2014 оны сонгуулиас харьцангуй нэмэгдсэн аж. Тухайн үед буюу 2014 онд Иракийн томоохон газар нутаг “Исламын улс”-ын мэдэлд байсан тул санал өгөгчдийн идэвх ихээхэн тааруу байсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, ас-Садр эвсэл иракийн 18 мужаас 16-д нь ялалт байгуулсан байна. “Ас-Саирун” ас-Садр бүлэг Коммунист намтай хамт эвсэл байгуулахаар шийдвэрлэсэн аж.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ас-Садр популист үзэл санааны давалгааг өрнүүлж чаджээ. Тэрээр Иракт төдийлөн алдартай бус Коммунист намтай хамтран нийгмийн хувьд тулгамдсан асуудлуудыг дэвшүүлсэн байна.

Өнгөрөгч 2017 онд болон 2018 оны эхнээс авахуулан ас-Садр өөрийн дэмжигчдийн хамтаар Засгийн газрын болон авлигын эсрэг олон тооны жагсаал цуглааныг зохион байгуулсан аж. Эдгээр үйл ажиллагааны эргэн тойронд болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам дээр түүний сонгуулийн кампанит ажил тулгуурлан явагджээ.

Тус орны хүн амын ихэнх нь өнөөгийн удирдагч улстөрчдөдөө итгэхгүй байгааг санал хураалтын үр дүн харуулсан байна. Үүнээс гадна, АНУ-ыг үзэн ядагч ас-Садр “Исламын улс”-тай хийх тэмцэлд АНУ-тай эвсэхийг зөвшөөрч буйгаа олон нийтийн өмнө зарласан аж. Мөн Иракийн тусгаар тогтнолыг хөндөхгүй тохиолдолд ирак цэргүүдийг америк сургагч нар хөгжүүлэн боловсруулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top