Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гаригт явагдсан төрийн тэргүүний сонгуульд ахин ялалт байгуулжээ. Энэ тухай Үндэсний сонгуулийн хорооны дарга Тибисай Лусена мэдээлэл хийсэн байна.
Одоогийн байдлаар, нийт саналын 90 хувь дүгнэгдээд байгаа бөгөөд Мадуро 5,8 сая сонгогчдын саналыг аваад байгаа бол, түүний хамгийн ойрын өрсөлдөгч Энри Фалькон 1,8 сая санал авсан аж.
Сонгууль ямар нэгэн хэл ам, будилаан шуугиангүй явагдсан талаар Лусена дурдаад, “одоогийн үр дүнгийн мэдээлэлд үлдсэн хувь нөлөөлөх боломжгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Нийтдээ 20,5 сая хүн сонгуульд саналаа өгөх ёстой хэдий ч ирц нь 46% ялимгүй давжээ.
Николас Мадуро өөрийг нь төрийн тэргүүнээр ахин сонгосон ард түмэндээ хандан талархал илэрхийлжээ. “Өчнөөн их тэмцэл тулааны үед надтай хамт байж, 2019-2025 он хүртэл ахин төрийн тэргүүнээр сонгосон явдалд та бүхэндээ их баярлалаа” хэмээн Мадуро өгүүлсэн байна.
Дашрамд дурдахад, энэ удаагийн сонгуульд Венесуэлийн сөрөг хүчний томоохон намууд оролцоогүй бөгөөд түүний гол өрсөлдөгч Энри Фалькон санал хураалтын үр дүнг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Мөн Николас Мадурог төр барьж байх өнгөрсөн хугацаанд түүний боловсрол муутайг шагшин шүүмжилж, өмнө нь автобусны жолооч байсан хүн улс орныг удирдаад сүйрэлд оруулж байна гэлцэж байсан билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
за ямарч байсан пролетарийн удирхдагч сонгогдсонд баяр хүргэ?