“Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ: Яг үнэнээ хэлэхэд би алийг нь ч дэмждэггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг байлдан дагуулж, дараагийн дугаар хүртлээ хүмүүст ихээхэн хүлээлт үүсгээд буй “Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлэг цацагдаж эхлээд чамгүй хугацааг үджээ. Бид энэ удаад шоунд оролцогчдыг “яг түүн шиг” болгохын тулд өөрийн авьяас, ур ухаанаа шингээдэг, нэг ёсондоо ар талыг “бат” хариуцагч  “make up” артист, Мэргэжлийн нүүр хувиргалтын багш Г.Хос-Эрдэнэтэй уулзахаар "Сити" их сургуулийг зорилоо. Тэрээр биднийг очиход “жүжиг” ангийнхаа оюутнуудын нүүрийг хувиргаж, нүх сорвийг “бүтээж”, хөөрхөн охидыг хөгшин эмгэн болгосоор угтсан юм.   


 - Сайн байна уу. Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. “Яг түүн шиг” шоутай хэрхэн холбогдох болов оо гэдгээс бидний ярилцлага эхлэх ёстой гэж бодогдож байна?

Би ер нь кино уран бүтээл дээр нүүр хувиргалт хийгээд явж байсан. Тэгээд ар араасаа саналууд ирж, “Боловсрол” суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоуны анхны дугаараас эхлээд өдийг хүртэл үндсэн найман оролцогчдын “Make up”-ыг хариуцаж ажилласан байна. Мөн Оросууд нэмэлт маскан дээр нь ажилладаг. Бид ерөнхийдөө нийлээд хамтраад ажилладаг гэсэн үг. Зурагтаар дийлэнхдээ Оросуудыг зарладаг болохоор “make up” хийж байгаа хүмүүсийг Орос гэж ойлгоод байдаг тал бий.

- “Яг түүн шиг” шоунаас хамгийн амархан нүүрний хувиргалт авч байгаа хүн хэн байна?

Хамгийн амархан авдаг гэхээсээ илүү тухайн дуурайж буй хүнтэйгээ анатомын хувьд дух, эрүү, шанаа төстэй байвал илүү дөхөм байдаг. Түүнээс шөвийсэн хүн байлаа гэхэд би өргөн болгож чадахгүй шүү дээ, гэрэл сүүдрээр мянга хуураад яах юм. Заавал бид нар нэмэлт маск хийж байж өргөн шанаатай болгох жишээний. Ази хүмүүс чинь ихэнх нь хавтгай байдаг гэтэл манайх чинь ихэнхдээ Европын одуудыг дуурайж байгаа ш дээ. Тэд чинь бүгдээрээ өндөр хамартай, хүнхэр нүдтэй, том духтай учир тэр болгонд бид “Т” хэлбэрийн хамар, духны маск хийж, нааж байж яг тэр одтой адилхан болж байна. Зарим хүмүүс нь төстэй байвал “Make up”-аар шийдэж болно. Жишээ нь, сүүлд Жон Ленноныг дуурайсан “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн гэхэд зөвхөн нүүр будалтаар тэр хүнтэй төстэй болсон.  

- Нүүр хувиргалтын багийнхан хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

Үндсэндээ бол 10-12 хүн ажиллаж байна. Тэднийг би ахлаад, миний туслахууд гэсэн үг байхгүй юу. Сахал үсийг нэхдэг, хумс янзалдаг хүн тус тусдаа, харин бусад бүх “Make up”-уудаа би өөрөө хийдэг. Ерөнхийдөө ажлуудаа хуваагаад хийнэ л дээ. Багийн ажиллагаа л гэсэн үг. Тэгээд жишиг зургаа харж байгаад, яг түүнтэй адилхан болгоно. Хүнийг халзалж болно, хөгшрүүлж болно, залуужуулна, маск наах дээрээ наана, зүгээр жирийн будалтаар нь хувирчих хүмүүс байдаг.

 

- Эрэгтэй хүнийг эмэгтэй, эмэгтэй хүнийг эрэгтэй болгоход юу хамгийн хэцүү вэ?

Эмэгтэй оролцогчид нь эрэгтэй болохоор бие нь жижигдээд, туранхайдаад, хүзүү нь нарийдаад, нүүр нь жижигдээд анатоми нь зөрөөд хэцүү байдаг. Яг эрэгтэй болж өгдөггүй. Харин залуучууд нь эмэгтэй болоход амархан хувирчихдаг. Ер нь бол эрэгтэйгээс эмэгтэй болгох амархан. Эмэгтэй хүнийг эрэгтэй болгоно гэдэг л хэцүү. Ихэнхдээ эмэгтэйчүүдэд тусгай эффектийн маск ашиглаж байж л эрэгтэй хүн болдог.

- Нэг хүнийг будахад яг хэдэн цагийн хугацаа зарцуулж байна вэ?

Масктай “маке up” бол нэг хүн дээр нэг цаг 30 минут болдог. Энгийн make up бас 30 минутаас нэг цаг орчим болно. Заримдаа үс, сахал ажилбар ихтэй хүн дээр удна, бараг хоёр цаг орчим болдог. Гэхдээ цагийн хуваарийн дагуу яг ар, араасаа сахилга баттай, дэг журамтай ордог учраас гайгүй л дээ. Шууд бичиж байгаа учраас.

- Энэ жилийн оролцогчдоос өөрийн чинь хувьд хэнийг илүү дэмжиж байгаа вэ?

Миний хувьд оролцогчдоо ийм, тийм гэж ялгадаггүй л дээ. Ерөөсөө л эцсийн байдлаар будалтанд орлоо, эцсийн байдлаар чекэллээ яг болсон байна гэсэн нөхцөлд л тайз руу гарна. Яг үнэнээ хэлэхэд би алийг нь ч дэмждэггүй. Аль болох төстэй болсон нь түрүүлээсэй гэж боддог. Манай хэд хоорондоо яаж оноо энэ тэр өгдөг гэдгийг би сайн мэдэхгүй. Тэмцээн чинь өөрөө дүрэмтэй. Би аль болох энэ рүү ингэж тулж ажиллая, энийг ингэе гэсэн зүйл байхгүй, эрх тэгш бүгдтэй нь ажиллах үүрэгтэй, тийм хариуцлагатай ажилд оногдсон. Ялгаварлан гадуурхах зүйл гарвал угаасаа мэдэгддэг л дээ.

Image may contain: 7 people, including Hoserdene Hoze, people smiling, people standing and indoor
- Гэр бүлд чинь урлагийн ч гэдэг юмуу гарын дүйтэй хүн байсан уу?

Манай удамд бол байхгүй. Өвөө, эмээ маань Сүхбаатар аймгийн Дарьгангийнх. Сүхбаатар чинь урчуудын нутаг шүү дээ. Өвөг дээдэст маань байсан байж магадгүй л байх. Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч, аав ээж, өвөөд зургийн хүн байхгүй. Хамаатнуудад бол байгаа л даа. Манай үеэл дүү нар гэхэд “Шанз-3”-ын охидууд байна.

- Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ, ямар сургууль төгсөв?  

Би 2008 онд ШУТИС-ийн Барилгын интерьер дизайнер, зураачийн анги төгссөн. Тэгээд зурган дээрээ түшиглэж байгаад киноны янз бүрийн шарх сорви, хувиргалтуудыг харахад гоё санагддаг байсан. Монголд тусгай эффекттэй, хувиргалттай кинонууд бараг байдаггүй байсан л даа. Тэгээд л анх сонирхож эхэлсэн. Ер нь анх шарх сорви, цус нүдэнд туссан гэх үү дээ. Яг жинхэнэ юм шиг. “Make up” байгаа учраас ингэж хийдэг юм байна гэж ойлгосон. Зураг зурдаг, гарын дүйтэй учраас сурахад арай дөхөм байсан. Одоо яг тав дахь жилдээ энэ мэргэжлийг эзэмших гээд явж байна. Тиймээс одоо л яг мэргэжлээ эзэмшиж байна гэж ойлгож байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд суралцсан гэсэн үг. Монголоос анхны багш Цэнгүүн гээд залуу байгаа, одоо Германд амьдардаг. Тэр багш маань анх тусгай эффектийн шарх сорви, театрын будалт, гоёлын будалт, боди артыг зааж байсан. Тэгээд би Хонконгийн “RBFX” эффекс мэргэжлийн студийн тусгай эффектийн ангийг сарын хугацаанд суралцаад төгсөж ирсэн. Энэ чиглэлээр урт хугацааны сургалт байдаггүй л дээ. Түргэвчилсэн сургалт гэж хэлж болно, мэргэжлийн суурьтай хүмүүст заадаг гэсэн үг. Яг нарийн хэв авалтууд, хүнээс яаж хэв авах уу, яаж хиймэл шүд хийх үү, эрүүл ахуй ямар байх уу, үс сахал яаж хийдэг юм, яаж наадаг юм, яаж буддаг юм гээд бүх зүйл нарийн. Яг энэ тусгай эффект хөгжиж байж энэ урлагийн, дэлгэцийн бүтээлүүд хөгжинө. Тэгэхгүй бол нэмэлт маскгүй, дан нүүр будалтаар кино хийнэ гэдэг утгагүй л дээ.

Өөр ямар уран бүтээлүүдийн нүүр хувиргалт дээр ажиллаж байсан бэ?

Бүрэн хэмжээний 10-аад кинон дээр ажиллаж байсан. Яг ерөнхий “Make up”-ыг нь хариуцаж ажиллаж байсан. Мөн Ромео Жульеттагаас эхлээд драмын театрын сүүлийн үед тоглож байгаа бүх л жүжгүүд дээр ажилласан. Дээрээс нь “Яг түүн шиг” шоу бол нүүр хувиргалт гэж яг ямар байдгийг хүмүүст тодорхой харуулж, бүрэн ойлголт өгч байгаа. Давхар хичээл болж байгаа гэж би үзэж байгаа. Монголд “Make up” хийдэг охид харж байгаа байх. Оросууд маскан дээрээ нэлээд туршлагатай. “Один” телевизийнхээ бүх нүүр хувиргалтыг хийдэг, тэндээ нэлээд алдартай лаборатори юм билээ. Тэдний хоёр залуу ирнэ. Би ч маскан дээрээ хамт ажилладаг. Нэг нэгнээсээ суралцаад л явж байна.

атганд үлдсэн эрдэнэ зурган илэрцүүд
 

- Хамгийн анх ямар кинон дээр ажиллаж байсан бэ?

Хамгийн анх би Германд курс төгсчихөөд хувиараа юм хийдэг байсан. Тэгээд л фэйсбүүкээр янз бүрийн хийсэн юмнуудаа постолдог байлаа. Тэрийг киночид анзаарсан байсан. “Кино цамхаг” студийн найруулагч Цогт-Эрдэнэ гээд залуу холбогдсон. Хамгийн анхны кино “Хүүхэлдэй” гээд аймшгийн кино байлаа. Сүнс, сүүдэр нэг их байхгүй. Дан шарх сорви, гар хуруугаа зоож, тасдаж, биеэ сийчиж байгаа хувиргалтууд ихтэй байсан. Тэгээд ар араасаа “Хувьсал”-ын “Атганд үлдсэн эрдэнэ”, “Шуугиан таригч”, “Өртөө”, “Бумеранг”, “Хавцалд” зэрэг кинонууд дээр ажилласан даа.

- Монголд тусгай эффектийн чиглэлээр ажилладаг танаас өөр хүн байдаг уу?

Энэ тусгай эффектийг “S-Effect” гэж нэрлэдэг. “Special Make up artist” гэсэн үг. Монголд “Make up”-ын студитэй Оюунсувд гээд найз маань байгаа. Маш олон бүтээл дээр ажиллаж байна. Мөн энэ тусгай эффектийн маскийг хөгжүүлж явж байгаа бас нэг манай найз байгаа, ерөнхийдөө гарын таван хуруунд л багтахаар хүмүүс ажилладаг. Хөгжихийн тулд киночид маань өөрсдөө фантастик маск ашигласан сцен, дүр олж байж юм хийнэ. Тэгэхээр киночид, найруулагч хүмүүс гоё адал явдалтай кино санал болгож байж бид ажиллана гэсэн үг л дээ.

- “Make up” хийдэг хүмүүс ихэнхдээ студи ч юм уу, хувийн карьер хөөхийг илүүд үздэг байх. Таны хувьд яагаад багш мэргэжлийг сонгох болсон юм бол?

Хувийн студи гэхээс илүү бакалаврын зэргийг мэргэжлийн өндөр түвшинд олгодог гэдэг утгаараа юун түрүүнд “Сити” их сургуулийг сонгосон гэдгээ онцлоё. Гадуур студи ажиллуулсан ч ялгаа байхгүй багшилна. Хамгийн үр дүнтэй нь их сургуульд багшлах. Манай сургууль гол нь мэргэжлийн, материал сайтай, шинэ юмыг Монголд нэвтрүүлэх гэж байгаа гэдгээрээ онцлог. Тусгай эффектийн яг энэ төрлийг манай гоо сайхны сургууль төрөлжүүлж байгаа. Үүнийг сонирхож байгаа залуучуудад маш сайн боломж олгож байгаа гэж боддог. Яагаад гэхээр, энэ мэргэжил гадаадад маш өндөр үнэтэй. Гурван жил суръя гэвэл 80-100 сая төгрөг шаардагддаг. Төлбөр нь 40 гаруй сая төгрөг болно. Тийшээ очиж амьдрах, ажиллах, хоол унд, байр гэх мэт зардлууд ороогүй байгаа шүү дээ. Сарын сургалтанд суурь мэдлэггүй хүмүүс очвол юу ч сурахгүй. Зүгээр л ангайж байгаад л ирнэ. Тэгэхээр суурь сайтай байж түргэвчилсэн сургалтанд хамрагдахын тулд 30 сая төгрөг шаардлагатай. Нүцгэн үнэн бол тэр. Монголын зах зээл жижиг, гадаадын зах зээл том учраас тэд нартаа хямдхан байдаг юм байна лээ. Боломжийн үнэтэй гэсэн үг. Ашиглаж байгаа материал нь бүгд тусгай бөгөөд асар өндөр үнэтэй. Монголд олдоц муутай учир дандаа захиж авдаг болохоор олсон мөнгөний бараг тал хувь нь материалдаа явчихдаг. Тэгэхээр Монголын зах зээлд тохируулаад захиалж байгаад, тодорхой хөөрхөн боломжийн үнэ ханш гаргаад сургалт явуулж эхэлж байгаа. Элсэлт нь 3 хүнтэй явж байна. Яг төгс заана. Монгол багш нар, Монгол хэлээр нь асар олон төрлийн химийн бодисууд янз янзын нэршилтэй материалуудыг яаж зөв, хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж байгаа.

- Материалуудаа хаанаас авдаг вэ?

Тусгай эффектүүд дээр янз бүрийн материал байдаг. Хямдхан, үнэтэй, яг амьд харагддаг, жоохон хиймэл харагддаг гээд олон төрлийн материал байгаа, натурал, театрт зориулсан гэж бас янз янз байдаг. Яг юу хийх гэж байгаа вэ гэдгээсээ хамаарч материалаа сонгодог. Жишээлбэл, “Яг түүн шиг” шоун дээр цэвэр силикон ашиглаж байгаа. Тэр бол яг натурал харагддаг. Хүн шиг, арьс шиг. Хөөсөн материал ашиглавал хиймэл болох талтай. Хөөсөн материалаа кинон дээр, мангастай, зомбитой, буг чөтгөртэй, театрын нөхцөлд тохиромжтой. Тэр нь арай хямд тусдаг. Ихэнх материалыг АНУ-аас авчирдаг. Их хэмжээгээр авч ирэх боломжгүй, бичиг баримт шаарддаг их нарийн л даа. Бизнесийн зорилготой ажиллана гэсэн юм байхгүй. Зөвхөн албан ёсны эрхтэй сургууль нь захиж байж авч ирдэг. Жижиг сажиг юм нь Монголд байгаа. Яг үндсэн материалууд маань бүгдээрээ Америкийнх.

- Өдийг хүртэл явсан зам дардан байгаагүй байх. Шантарч байсан удаа байгаа юу?

Яг үнэнээ хэлье. Шантарч байсан удаа зөндөө бий. Би чинь өөрөө шартай гэхээсээ илүү тууштай юм уу даа.  Загнуулж л байдаг, буруу хийж л байдаг, алдаж л байдаг. Тэгсэн ч гэсэн алдаан дээрээсээ суралцаад буцаад босч ирдэг. Юун дээр вэ гэвэл, гурван жилийн өмнө “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг анх эхэлж байхад “make up” талаасаа эрдэм мэдлэг дутуу байсан үе л дээ, маскаа хийж чадахгүй алдаж байлаа. 

- Шантарч байхад юу зоригжуулж энэ хүртэл авч ирэв?

Шантраад “make up”-чин болохоо больё гэтэл загнуулж үзсэн. Намайг бүр мэргэжлээ хаятал, сэтгэл зүйн хувьд тийм хэцүү үе байсан. Тэгэхэд би зорилгынхоо төлөө л явсан. Юуг, яаж буруу хийчихэв гэдгийг ганцаараа бясалгаад бодно. Яавал зөв  гарц байна гэдгийг бодоод, ирээдүй, зорилгоо урдаа тавиад цаашаа явдаг л даа. Зорилтуудаа бодож, төсөөлж, эрч хүчийг авсаар өдий хүрсэн байна. Тэр бүхний хүчинд одоогийн би энд дуртай зүйлээ хийгээд, илүү хичээсээр явж байна.

- Хамгийн ойрын зорилго юу байна?

Уран бүтээл л байна. Эффектийг төгс ашигласан маш гоё уран бүтээлд ормоор байна. Би яг мэргэжлийн талаасаа ярьж байна л даа. Үүнийг илүү түлхүү уран бүтээлчид ашиглаад, Монголын үзэгчдэд гоё гоё юм харуулмаар байна.  Жишээлбэл, янз янзын фантастик, үлгэрийн сэдэлтэй кинон дээр хийх ч юмуу. Илүү үнэмшилтэй хиймээр байгаа юм. Харахад яг л жинхэнэ юм шиг, тэгж байж кино чинь гоё болно шүү дээ. Тэгэхээр кино ч бай, юу ч бай ялгаа байхгүй, яг энэ төрлийг хөгжүүлээд л, цааш нь сайн багтай болоод, гадаад дотоодын кинонд ажиллах хэрэгтэй. Гадаадын студиуд Монголд ирж зөндөө зураг авалт хийдэг. Бидэнд мэдэгдэхгүйгээр. Тэд чинь Монголын нутаг дээр, байгаль дээр зөндөө зураг авна. Манай сургууль дээр алдартай сериал хийдэг Солонгосын студи ирж, санал тавьсан. Тэгээд шалгуулаад тэнцэж, намраас Солонгосын кинонд ажиллахаар болсон байгаа. Монголоос зөвхөн “make up” -чидаа хайж ирсэн юм билээ. Дайны сэдэвт, түүхэн кино учраас бараг 5-8 “make up”-чин ажиллана. Та нар хэр хурдан хийх вэ, жишээ нь сэлэмний зүсэлт байлаа гэхэд чи хэр хурдан хийх вэ гэсэн. Таван минутад хийнэ гэсэн чинь хэтэрхий хурдан байна гээд их сэтгэл хангалуун байсан. Хурдтай юманд дуртай юм байна лээ. Солонгос кино чинь мангас гэхээсээ илүү хөхрөлт, цус, сахал, зүсэлт, хутга, мэсний жижиг ажилбарууд маш их учраас ажиллахад ерөнхийдөө хөнгөн гэсэн үг. Тиймээс Монголд киночид ирлээ гэхэд эрдэм чадлын хувьд гологдохгүй байхын тулд бид сайн байх ёстой.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

Д.Атарцэцэг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Браво(112.72.14.60) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр мундаг бна шүү! Энэ эрчээрээ бүүр мундаг болоорой. Удалгүй Холливудын жүжигчдийн нүүрийг хувиргаад явж байхыг хүсэн ерөөе!

1  |  0
Чимка(202.9.40.87) 2025 оны 03 сарын 13

Мaku up artist маань арай бараан өнгө сонгоод бна уу үгүй юү... хүмүүсийг хувиргаж бгаг харахаар арай л бараан бараан царайтай болгоод байх юм

1  |  0
Ganhuu(73.239.110.215) 2025 оны 03 сарын 13

Am barij duulaad bsan uu ugui ui oroltsogch nar.

1  |  0
самбуу.бямбасүрэн(66.181.160.72) 2025 оны 03 сарын 13

мундаг хувиргадаг шүү .зорьсондоо хүрээрэй.амжилт

1  |  0
ах(103.206.193.66) 2025 оны 03 сарын 13

хөөрхөн л байсан шд тэр жижиг хүнийг өөрөөр яаж хувиргах вэ харин ч хөгжөөд аятайхан болж байгаа бид бүх материалаа гаднаас авдаг харин ч монгол залуучууд маааань сайн байнаа өөрсдөөө л хөгждөг тэмцдэг

1  |  0
Uher mongol(66.181.160.67) 2025 оны 03 сарын 13

Ene jiliin nuur budalt shal mangar bsan mongoluud hiij bgaamuu kkkk ter Zangad mangad yu be

1  |  0
Close menu