Тансаг хэрэглээний Монгол аяганы түүх соёлоор аялцгаая

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

“Өв соёл” булангийн энэ удаагийн дугаарт Монголын үнэт эдлэл цуглуулагчдын нэгдсэн холбооны дэд тэргүүн А.Алтангэрэлийг урьж оролцууллаа.

“Зиндаа” сэтгүүл өв соёл булангийнхаа энэ дугаарт “Монгол аяганы соёл, тансаг хэрэглээний сав, ваар”-ны тухай сурвалжлага бэлдлээ. Монголын аяганы соёл, тансаг хэрэглээний ваар савны түүх хэдэн мянган жилийн өмнөөс яригдах агаад ямар аугаа соёлыг дагуулж ирсэн тухай энэ сурвалжлагаараа хүргэхийг зорилоо. . Монголын нутагт оршин тогтнож байсан үе, үеийн Эзэнт гүрний өв уламжлал, ёс заншлыг харуулах түүхэн үнэт, дахин давтагдашгүй тансаг хэрэглээний ваар, сав, аяганы соёлтой танилцах ховор боломжийг “Монголын үнэт эдлэл цуглуулагчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн А.Алтангэрэл олгосон юм. Түүний 20 гаруй жилийн туршид судалж, цуглуулсан аяга, сав, ваар, мөнгөн завъяа тэргүүтнийг дэлгэсэн үзэсгэлэнгээр аялъя.

ТӨРИЙН ТҮҮХЭН ЗҮТГЭЛТНҮҮДИЙН ЭДЭЛЖ БАЙСАН АЯГА ТАВАГ

Үзэсгэлэнгийн хамгийн сонирхол татахуйц хэсэг бол төрийн түүхэн зүтгэлт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан аяга таваг байлаа. Энэ дунд Монгол төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргын хэрэглэж байсан гурван хос болор байлаа. Үүнийг А.Алтангэрэл өдгөө 20 гаруй жил хадгалж байгаа гэнэ. Мөн Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан мөнгөн таваг үзэсгэлэнд тавигджээ. Тухайн үед энэхүү мөнгөн тавагтай хамт хаан, хатан сүйхтэй хос халбага, сэрээ хийлгэж байсан түүхтэй аж. Төрийн түүхэн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан аяганууд дотор АИХ-ын депутат Ж.Самбуу даргын 70 насны ойд зориулагдан хийгдсэн кофены хэрэгсэл тавигджээ.

ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ УРЧУУДЫН ОХЬ БОЛСОН БҮТЭЭЛҮҮД

Сүүлийн 300 жилийн түүхэнд монгол хүн тансаг хэрэглээний, дахин давтагдашгүй савыг хийгээгүй гэнэ. Харин 2012 онд таны харж буй энэхүү “Мөнгөн завъяа”-г монгол дархчууд бүтээжээ. “Хүний оюун ухааны хамгийн өндөр мэдрэмж, мэдлэг тансаг хэрэглээн дээр л гарч ирдэг. Тансаг зэрэглэлийн эд бол үе дамжин хадгалагдаж, дахин давтагдашгүйгээр бүтээгдсэн зүйл байдаг. Би тийм зүйлийг хийлгэхийг зорьж гурван жилийн хугацаанд таван дархны ур ухаан шингэсэн энэхүү савыг бүтээлгэсэн” хэмээн үнэт эдлэл цуглуулагч А.Алтангэрэл ярьж байна.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН АЯГАНЫ СОЁЛ

Монголын нутагт оршин тогтнож байсан үе, үеийн Эзэнт гүрнүүд өөр, өөрсдийн түүхэн цаг үе онцлогийг харуулсан аяганы соёлтой байжээ. Түүний нэгэн жишээ бол 13-р зууны үеийн соёлыг харуулсан аяганууд юм. Энэ үед хаан, хатан хүний аяга, хоол, цай, архины гээд олон төрлийн аяга хэрэглэж байсан нь тухайн үеийн хэрэглээний соёл өндөр хөгжсөн байсныг гэрчлэх юм. Юань улсын үед хэрэглэж байсан аяганы хээ нь маанийн үсгээр дүрслэгдсэн байдаг байна. энэ нь тухайн үед монголчууд буддын шашинд орж байсныг нотлох ажээ.

ТҮРЭГИЙН ҮЕИЙН ТҮҮХЭН ОЛДВОРУУД

Монгол аяганы соёл, тансаг хэрэглээний савыг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгийн хамгийн оргил хэсэг нь Түрэгийн үед хэрэглэж байсан аяга, савнууд байсан юм. Энэ үеийн аяга Монголд бараг байхгүй, ихэвчлэн гадны зах зээл дээр гарсан гэдгийг үнэт эдлэл сонирхон судалж, цуглуулдаг хүмүүс хэлдэг юм билээ. Харин үнэт эдлэл цуглуулагч А.Алтангэрэл таван жил гаруй хөөцөлдөж байж, Бээжингийн дуудлага худалдаанаас Түрэгийн үеийн ховор аягыг Монголдоо авчирч чаджээ. Түрэгийн үеийн аяганы загвар ихэвчлэн бүслүүртэй, сэнжин бариултай хийгддэг байжээ.

АЯГЫГ АНХ МОДООР ХИЙЖ БАЙЖЭЭ

Аяганы хэрэглээ анх модон аяганаас үүсэлтэй гэнэ. Мэдээж хүн төрөлхтний хувьд металл олборлож эхлээгүй байсан болохоор модоор хоол, цайныхаа аягыг хийж байсан нь тодорхой юм. Үзэсгэлэнд тавигдсан модон аягнууд дотор монголчуудын хамгийн сайн мэддэг айрагны хул, архины модон тагш харагдаж байлаа. Харин хамгийн үзүүштэй нь мянган жилийн түүхтэй архины модон сав байсан юм. Энэхүү савыг хадгална гэдэг хамгийн том асуудал тухай А.Алтангэрэл ярьж байлаа.

Нийгмийн хөгжлийн гол шалгуур нь соёл юм. Бид соёлоо сайн мэдэж бас судлах хэрэгтэйг энэ үзэсгэлэнгээс ойлгосон юм. Учир нь монголчуудын аяганы соёл асар эртний түүхтэй аж. Монголын Эзэнт гүрний хаад ноёдын хэрэглэж байсан аяга, ваар, сав тэргүүтнийг цуглуулсан цуглуулга одоогоор дэлхийн хаана ч үгүй, ганцхан Монголд байгаа нь бахархмаар. Өнгөрсөн үеийн соёлыг судалж, энэ цаг үедээ танин мэдүүлж, ирээдүй үедээ өвлүүлэн өгөх үнэтэй үүргийг өөрийн биеэр гүйцэтгэж яваа үнэт эдлэл цуглуулагч, судлаач А.Алтангэрэл танд талархъя. “Хэрвээ би цуглуулахгүй бол энэ бүхэн чинь устаад алга болно. Монголын түүхийн ховор үнэт бүтээлүүдээ бидний үе цуглуулж хамгаалахгүй бол ирээдүй хойч маань мэдэхгүй өнгөрнө. Тийм л учраас би энэ бүхэнд сэтгэл зүрхээ, цаг заваа, эд хөрөнгөө зориулж байгаа юм” гэж хэлсэн түүний үгээр энэхүү сурвалжлагаа жаргаая.

Сурвалжилсан: С.Өлзийбаяр

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top