”Хурал ихэдвэл ажил муудсаны шинж”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

“Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэж ямар мэргэн үг вэ. Энэ өдрүүдэд болж буй “Монголын эдийн засгийн чуулган”-д дээрх дүгнэлтийг өгвөл дургүйцэх хүмүүс олон л байх. Гэхдээ яая гэхэв, бодит үнэн энэ хойно. “Монголын эдийн засгийн чуулган” өнөө жилтэй нийлээд найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа.

Анх 2010 онд  “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онуудад “Хөгжилд хамтдаа”,  2013 онд”Монгол Улсын хөгжлийн стратегийн хэлцэл”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе”,  2015 онд “Итгэлцэл”, 2016 онд “Сургамж, сорилт, шийдэл”, 2018 онд "Хүчээ нэгтгэе/ гэх зэрэг ганган чамин уриан дор олон жил хуралдлаа.

Сайхан, сайхан уриа лоозон урдаа барьсан “Монголын эдийн засгийн чуулган”-аас энэ хугацаанд ямар үр дүн гарав?

Хэлсэн ярьсан, хэлэлцэж тохиролцсоноороо Монголын эдийн засаг өндийж дээшлэв үү?

Дотоодын эдийн засгийн чадамж дээшилж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэв үү?  гээд нэг асуугаад үз дээ. 

Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр энэ олон жил сүр дуулиантай хуралдлаа гээд өнөөгийн байж байгаагаа хараад үзэхээр үнэхээр ичмээр.

Чуулаад л байдаг, чуулаад л байдаг чухал үр дүнд хүрсэн юм даанч алга, эрхэм эдийн засагч, улс төрч нөхөд минь.

Чуулганд оролцож үг хэлж буй төрийн өндөрлөгүүдийн үгээр бол бүх юм болж, бүтэж байгаа. Эдийн засгийн энэ чуулган Монголын ирээдүйг тодорхойлох ач холбогдолтой юм байх. Үнэхээр тийм байсан бол мөн сайхан аа. Уриа шигээ хамтдаа хөгжөөд, хамтдаа чадаад, эдийн засгийн итгэлцлийг бий болгоод, боломж нээгдээд, шийдэлд хүрээд явсан бол өнөөдөр ингэж бичихийн үндэс үгүй байлаа.

Гэвч ам ажил хоёр нь зөрдөг жишиг энэ чуулганд нэгэнт тогтчихож. Асуудал ганцхан чуулгандаа ч байгаа юм биш. Гагцхүү манай улсын бодлого тодорхойлогчид болоод эдийн засагчид хэт улс төржиж, ард түмэнд таалагдахын тулд амьдралаас тасархай “худал” мэдээлэл ярьж буй нь харамсалтай. Эдийн засаг сайнгүй, иргэдийн амьдрал хүндхэн байхад ичих ч үгүй “Эдийн засаг хэвийн. Иргэдийн амьдрал сайжирч байна” гэж ярих улс төрч, эдийн засагчдыг олонтаа үзлээ. Олон нийтийн тархийг угаахын тулд зориуд зорилготойгоор ийм мэдээлэл хийж байгааг  иргэд маань ялгаж,салгах хэрэгтэй. Монгол Улсынхаа эдийн засгийг иргэд, хэвлэл мэдээллийнхэн бид л эрүүл нүдээр харахгүй бол эрх баригчид, тэдний гар хөл болсон эдийн засагчид зохиомлоор худлаа ярих нь энүүхэнд болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(139.5.219.64) 2018 оны 05 сарын 22

3 TULGUURT EDIIN ZASAG N TULGUURTAA BNA

0  |  0
Top