“Кино ба Оюуны өмч”: “Байтаг богд”-ыг орууллаа, гялс хадгалаад аваарай!!!

2018 оны 05 сарын 22

Сүүлийн үед оюуны өмч зөрчигчдийн эсрэг уран бүтээлчид ч, албаныхан ч нэлээн дуугардаг болжээ. Бид л оюуны өмчийн зөрчил гэж нэрлээд байгаа болохоос үнэндээ энэ бол “хулгай” юм.  Амины болон улсын өмч хөрөнгө, эд юмыг зүй бусаар нуун авах завшихыг хулгай хэмээн нэрлэдэг. Баригдах зүйлгүй ч оюуны өмчийг зүй бусаар нуун авч, завшихыг ч мөн хулгай гэнэ. Орчин цагт сошл сүлжээг хүн бүр ашиглах болсон учир оюуны өмчийн хулгай зах замбараагаа алдсан гэхэд хилстэхгүй.

Дэлхийд нээлтээ хийгээд долоо ч хоноогүй киног манайхан орчуулаад интернетэд тавьчихдаг. Эгээ л нээлтээ хийхээс нь өмнө хулгайлаад тавьчихдаг гээгүй байгаа даа. Харин энэ үзэгдэл манай дотоодын уран бүтээлчдэд асар их алдагдал авчирдаг билээ.

Жишээлбэл,  хошин урлагийн “Маск” продакшн өнгөрсөн оны сүүлээр шинэ жилийн баярын хөтөлбөр болох “Баярлалаа ээжээ” кино төлбөртэй видео санд байршсан. Харамсалтай нь “Баярлалаа ээжээ”-г баярын дараахнаас фэйсбүүкийн зарим хэрэглэгч цахим орчинд төлбөргүй байршуулсан билээ. Энэ тухай жүжигчин М.Баярмагнай “Монголд оюуны өмчийг хамгаалахгүй байна. Зарим үзэгч, уран бүтээлчид биднийг баян цатгалан улс гэж боддог. Өмнөх нийгмийн үед ямар нэг уран бүтээл хийхэд улсаас хөрөнгө мөнгийг нь гаргадаг байсан. Тиймдээ ч бүтээл нь үзэгчдэд төлбөргүй хүрдэг байсан. Харин одоо үед бид нэг бүтээл хийх гэж маш олон хүнийг цалинжуулдаг. Холбогдох газраас оюуны өмчийн хулгайчдыг үйлдэл дээр нь барьж чадаагүй, үүнээс үүдэн манай бүтээл алдагдсанд гомдолтой байна” хэмээж байсан юм.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж энэ тухай “Зөрчлийн тухай хуульд зааснаар зохиогчийн эрхийн зөрчил гарсан тохиолдолд хувь хүнийг 500, хуулийн этгээдийг 5,000 хүртэл нэгжээр, торгох, үйл ажиллагааг зогсоох, хохирол барагдуулах, зөрчил гаргахад ашигласан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураах гэх мэт хариуцлагын заалтыг зохицуулж өгсөн. Зохиогчийн эрх эзэмшигч буруутай этгээдийг олж, хохирлын хэмжээгээ тогтоож мэдэгдсэн тохиолдолд бүх учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Харамсалтай нь “Фэйсбүүк” Монгол Улсын нутаг дэвсгэрт хамааралгүй болчихдог. Энэ тохиолдолд олон улсын хэмжээнд яригдах асуудал. “Youtube", “Google’’-д зохиогчийн эрхийн зөрчилтэй контент байршсан тохиолдолд мэдэгдэл явуулдаг. Мэдэгдлийн дагуу цаад талаас хаах, хасах арга хэмжээ авдаг. Харин “Фэйсбүүк”-ийн асуудлыг олон улсын түвшинд зохиогчийн эрхийн мэргэжилтнүүд ярьж, хэлэлцэж байна” хэмээсэн юм.

“Маск” продакшны энэ хэрэг ердөө л ганцхан жишээ юм. Дурьдаад байвал үүний ард ийм байдлаар хохирсон өч төчнөөн уран бүтээлчид бий.

2018 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Маш нууц-2 буюу “Байтаг богд” уран сайхны кинон дээр ч оюуны өмчийн хулгай гарч, уран бүтээлчдийн зүгээс нэгэн анхааруулга гаргаж байсан билээ.

Энэ мэтээр өөрсдийн хийсэн уран бүтээлээ чадах ядахаараа хамгаалсаар байна. Монгол кино хөл дээрээ тогтох гэж нэлээд хэдэн жилийг ардаа үдлээ. Шинэ үеийн залуус монгол киноны шинэ эринийг эхлүүлж байна. Гэхдээ өөрсдийнхөө мөнгөөр. Жүжигчин М.Баярмагнайгийн хэлдгээр хуучин цаг шиг төрөөс мөнгө өгөөд, кино хийдэг цаг өнгөрсөн. Үүнийг ойлгодог ухамсартай үзэгч манайд ховор байгаа нь харамсалтай.

Оюуны өмчийн хулгай дийлэнхдээ фэйсбүүк орчинд явагддаг. Харин фэйсбүүк дэх хулгайг Монгол Улсын хуулиар зохицуулах боломжгүй тухай дээр албаны хүн өгүүлсэн шүү дээ. Манай улс дахь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1,7 сая байсан бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 2,1 саяд хүрчээ. Фэйсбүүк хэрэглэдэг нийт хүн амын 66% нь 18-34 насныхан байна. Энэ үзүүлэлт 2017 онд 70% байсан юм.


Манай орон тун саяхан л гурван сая дахь иргэнийхээ баярыг тэмдэглэж байсан шүү дээ. Тэгэхээр хүн амын талаас илүү хувь нь ашигладаг энэхүү сошл сүлжээг зохицуулахгүй л бол цаашид оюуны өмчийн хулгай гарсаар л байх болно. Уран бүтээлчид нэг киног багадаа л 500 сая төгрөгөөр бүтээдэг. Тэрхүү уран бүтээлд 150-200 хүн ажиллах нь хэвийн үзэгдэл. Тэгэхээр энэ их хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байя гэвэл хууль эрхзүйн орчныг сайжруулж, хамгаалах хэрэгтэй болж байна. Эцэст нь “Тийм нэртэй кино байна, чатаар авах нь найзын хүсэлт явуулна уу, энэ хуудсан дээр лайк дарна уу” гэх зэргээр бичсэн постод итгэхгүй байхыг эрхэм уншигчдаасаа хүсье. Энэ бол найзын тоо, хандалтаа нэмэх гэсэн зальжин нэгний арга гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз ээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтангадас(66.181.161.76) 2018 оны 05 сарын 24

Зөв

onisogo(103.229.122.184) 2018 оны 05 сарын 22

durvun tavin negj gej yu gesen ug ve?

зочин(202.179.25.161) 2018 оны 05 сарын 21

энэ Баярмагнайгийн Хамар улам л Томроод, Уртсаад байх юм, Хүүхэн шуухантай их орооцолдож явсаний Билэг тэмдэг Хамартаа гэж яасан үг вэ,

Top