“Оюутолгойг эцээж, түмнээ тураадаггүй” Баабар юу хэлэв

2018 оны 05 сарын 22

Оюутолгойн гэрээг ид хэлэлцэх үеэс эхлэн УИХ-аас батлагдах хүртэл нэрт нийтлэлч Баабар шууд бус утгаараа хамгаалагчдын нэг байсан тухай өдгөө ч ярьдаг. Тэгэхээр хамгийн их дуугарч байх ёстой нэрт нийтлэлч Баабар тэгтлээ сөрж байсныг уншигч та ч бас санахгүй байгаа биз. Тэрбээр 2011 оны үед “Оюутолгойн гэрээ тун тааруу болжээ” гэсэн гарчигтай нэг нийтлэл бичихдээ үндсэн асуудлаасаа баахан тойроод явчихсан байдаг. Түүнээс өөрөөр тэгтлээ анхаарал татахуйц зүйл бичиж олны хүртээл болгоогүйн цаана чухам ямар учир байсныг мэдэх юм алга. Тааварлах ч аргагүй.

Ерөөсөө Оюутолгойн гэрээг хэлэлцэх үеэс эхлэн батлагдах, хэрэгжих гээд өнөөдрийг хүртэл олон талаас нь шүүмжилж ирсэн нь үнэн. Эгэл жирийн иргэнээсээ эхлээд сэтгүүлчид, улстөрчид, мэргэжлийн багийнхан, иргэний хөдөлгөөнийхөн гээд муулаагүй хүн үгүй. Олон жилийн хойно Оюутолгойн гэрээний асуудлаас үүдэн Ерөнхий сайдаар ажиллаж асан хоёр нөхрийг албаны бусад хүмүүстэй баривчлан хориод байгаа нь хамгийн том жишээ буюу.  

Харин энэ тал дээр олон жилийн турш дуугүй явсан нэрт нийтлэлч маань өчигдөр өрнөсөн Эдийн засгийн форумын индэр дээрээс илтгэл тавихдаа Оюутолгойн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гэхдээ өмөөрөнгүй, бас голонгуй гээд “Эхийг нь эцээж тугалыг тураахгүй” мэдээлэл өгснийг харж болно. Хошигнож хэлэхэд “Оюутолгойг эцээж, түмнээ тураадаггүй” Баабар ийн өгүүлжээ.

Тэрбээр юуны өмнө Оюутолгой төслийн тухай дурдахдаа “Буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ” хэмээн нэлээд бодит байдалд дөхүүлсэн учирласан өгүүлбэр унагалаа.

Харин цааш өгүүлэхдээ “Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. Үүн дээр Дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь   520 сая доллар болж нийлбэрээрээ 2 тэрбум гаруй доллар болжээ. 5,7 тэрбум доллароор Монголд 1700 орчим компантай худалдаа хийжээ. Оюутолгойд өнөөдөр 14 мянган монгол хүн ажиллаж байгаа ба тэдний доод цалин нэг мянган доллар, дундаж цалин сард гурван мянган доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас арав дахин илүүд тооцогдож байна” хэмээн Оюутолгойг эцээх нэг ч өгүүлбэр унагасангүй.

Нэрт нийтлэлч маань үүгээр зогсохгүй “Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно” гэж цалингаа чамлагсадыг индэр дээрээс зад загнахадаа “Оюутолгойгоос орж ирж байгаа мөнгө Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан албан хаагч болон тэгтгэвэр авдаг нийт 398 мянган хүмүүсийн нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар болгон 110-120 сая доллар Монголын банкуудаар орж монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөртөө монгол төгрөгний ханшийг тогтоож байна шүү дээ” хэмээн хавчуулаад авав.

Эцэст нь тэрбээр “Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрснөө хийсэн” гэж Оюутолгойн гэрээг муу хийсэн учраас ядуугийн туйлд хүрсэн гэх ойлголттой ард түмнээ “тураахгүй” хариултыг ч өгөв. Мэдээж энэ гэрээг ард түмэн хийгээгүй учраас мөн муу удирдагчидтай учраас ядуурсан гэж үздэг ард түмэндээ тэднийг нь муулахаа бас мартсангүй.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.127.164) 2018 оны 05 сарын 23

Оюутолгойнхноос шавруу хүртдэг Баабар ингэж л элийрэхээс биш яах вэ дээ. Ингэхгүй бол эзэд нь хусмаа өгөхөө болино шүү дээ.

0  |  0
Монгол(112.72.14.77) 2018 оны 05 сарын 22

Захиалгат илтгэлийн сонгодог жишээ. Яг юу нэх гээд байгаа нь тодорхойгүй. Ямар ч логик авцалдаагүй. Ба эх орончоо гайхаад дуусгачихжээ. Адгийн амьтдын хоргодох газар эх оронч үзэл гэж нэг үг бий дээ

0  |  0
zochin(202.55.191.194) 2018 оны 05 сарын 22

Mash mundag hun yum aa yasan surhii iltgel v e

0  |  0
ЗОЧИН(202.131.230.238) 2018 оны 05 сарын 22

БААБАР ГУАЙ ТАНЫ ИДЭЖ БАЙГАА УГААДАС ЧИНЬ ИХДЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ. АРД ТҮМНИЙГ БАГА ШИГ ДОРОМЖЛООРОЙ.

0  |  0
иргэн(202.179.27.3) 2018 оны 05 сарын 22

Хөөрхий Их мэдэгч нар сүүлдээ Урьд нь юу гэж ярьж хамгаалж байснаа ч мартчихдаг, Илтгэл тавьж байгаа хэлж байгаа зүйл нь бөөн Бантан нэг Зөв ч юм шиг яриад л эсвэл бүүр Буруу ч болчихсон юм шиг зүйл яриад ёстой Мундаг нийтлэлчийн Элийрэл гэгч л энийг л хэлдэг байх дөө

0  |  0
Иргэн(66.181.180.157) 2018 оны 05 сарын 22

Баабар мэдэх ч юм байхгүй мэдэхгүй ч юм байхгүй .

0  |  0
ZEV(27.123.212.143) 2018 оны 05 сарын 22

Hamelion baabar tumnii tarhi ugaasan yalaa asuulganaa udahgui.

0  |  0
Top