Путины төмөр хүлэг бүхний анхаарлыг татаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Автомашин сонирхогчдоо анхаарлаа нааш нь хандуулаарай.Техник технологийн энэ эрин үеийг дагаад автомашины хурдацтай хөгжил улам цэцэглэсээр байна. Ингээд уншигчдадаа зориулж, дэлхийн томоохон улс гүрний удирдагчдын унадаг хүлэг хийгээд Монголын хамгийн үнэтэй машины эзний тухай мэдээллийг дэлгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчдийн онцгой унаа

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын удирдагч нарын унаж байсан бүх цаг үеийн хамгийн шилдэг автомашинуудыг сонирхуулъя. АНУ-ын тагнуулын газраас Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний хэрэглэдэг автомашины талаар тэр бүр мэдээлэл өгдөггүй ч энэхүү баримт нэгэнт ил болсон юм.  
            
1939 оны Линкольн "Саншаяне Спешиэль"

 

Автомашин үйлдвэрлэлийн эхэн үед АНУ-ын Ерөнхийлөгч нар энгийн зориулалттай автомашин хэрэглэдэг байжээ. Харин 1939 оноос тусгай зориулалт бүхий "Саншаяне Спешиэль" автомашиныг тагнуулын тусгай албаны үйлчилгээнд анх нэвтрүүлжээ. "Линкольн К" загварын V-12 хөдөлгүүртэй автомашины үндсэн хэв маягт тулгуурлан бүтээсэн энэ машины дээд хэсэг нь онгодог байсан учир "Саншаяне Спешиэль" гэж нэрлэсэн байна. Энэ машин тохь тух болон аюулгүй байдлыг хангасан төмөр хүлэг болжээ. Энэ үед Ерөнхийлөгчийн аюулгүй байдал хамгийн чухал зүйл байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт 1933 онд гэмт этгээдийн халдлагаас амьд үлдсэн билээ. Тэрээр дээд хэсэг нь задгай "Буик" машинаасаа олон нийтэд үг хэлэх үед амь насанд нь халдахыг завдсан байна. Сум нэвтэрдэггүй энэ машиныг 1942 онд дахин шинэчилж, сум нэвтэрдэггүй цонх гэх мэт хамгаалалтын хэд хэдэн эд анги нэмж суурилуулжээ. Ерөнхийлөгч Рузвельт 1945 онд өөд болсны дараа "Саншаяне Спешиэль" машиныг 1950 он хүртэл Ерөнхийлөгчийн үйлчилгээнд ашигласан юм. Уг машин одоо Мичиган дахь Хенри Фордын цуглуулгын музейн үзмэр болжээ.
           
            

1972 оны Линкольн "Континентал"
Энэ төмөр хүлгийг бүтээхэд Форд мотор компани гурван жил зарцуулжээ. Энэ лимузин нь АНУ-ын Ерөнхийлөгч Форд болон Рейган нарыг бууны сумнаас хамгаалж байжээ.
    
1975 онд Сара Жэйне Мооре гэх этгээд Ерөнхийлөгч Жеральд Фордын амь насанд халдахыг завдах үед тусгай ажилтнууд Ерөнхийлөгчөө 13 мянган фунтын жинтэй Линкольн машин руу түлхэн оруулж, амийг нь аварсан аж. Зургаан жилийн дараа тагнуулын газрынхан энэ машиныг дахин ашиглаж, Рональд Рейганы амийг гэмт этгээдийн халдлагаас аварч байсан юм. "Континентал" нь  Ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн дээд хэсэг нь нээгддэг лимузин болсон байна.
            
1983 оны Кадиллак "Флийтвууд"
АНУ-ын хуучин Ерөнхийлөгчийн нэр бүхий Линкольн загварын автомашин олон жилийн турш Ерөнхийлөгчийн үйлчилгээнд явсны дараа Кадиллак загварын машин хүч түрэн орж ирсэн юм. 1980 оны эхээр "Кадиллак"-ийн үйлдвэр тагнуулын газрын үйлчилгээнд зориулан лимузин үйлдвэрлэж эхэлжээ. Автомашин зохион бүтээгч Хесс, Эйзенхард нарын 1983 онд бүтээсэн хоёр "Флийтвууд" машин 1984 оноос олны өмнө гарчээ. Жирийн машинаас урт хэмжээтэй энэ төмөр хүлэг нь Ерөнхийлөгчийг гэнэтийн халдлагаас маш сайн дагалдлах зориулалтай аж. Энэ машин нь сумны хамгаалалттай шил, хүчирхэг агааржуулалтын системээр тоноглогджээ. Хоёр машин тэтгэвэрт гарах үед нэгийг нь Женерал Мотор компанид эргүүлэн өгсөн байна. 1993 оны Клинт Ийствуудын тоглосон "Галын шугам" киноны уран бүтээлчид энэ машиныг түр хугацаагаар зээлж, кинондоо ашиглаж байжээ. Харин нөгөө машин нь Калифорни дахь Рейганы Ерөнхийлөгч номын сангийн нэгэн үзмэр болсон аж.
            
2001 оны Кадиллак "Девилле"
Ерөнхийлөгч Жорж Бушийн АНУ-ын засаг захиргааны үед "Кадиллак" Ерөнхийлөгчийн лимузинг тэр бүр үйлдвэрлэхээ больсон үе байжээ. Харин тагнуулын газрын үйлчилгээний хувьд Ерөнхийлөгчийн аюулгүй байдал тун чухал байсан юм. Тиймээс энэ үед "Девилле" лимузиныг анх үйлдвэрлэсэн байна.
    
Энэ машин нь Кадиллак Эскаладе, Юкон, Чевролет Субурбан гэх мэт машинуудын адил дээвэртэйгээс гадна, таван инчийн зузаан хуяг бүхий хаалгатай, сумны хамгаалалттай шил зэргээр тоноглогджээ. Буш хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болох үед Кадиллакийн энэ загварыг дахин шинэчилсэн байна.
            

2009 оны Кадиллак "Пресидентиал Лимузин"

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Барак Обамагийн шинэ унаа Бушийнхаас тийм ч том биш аж. Гэвч гадаад үзэмжээрээ бол нилээн жинтэй мэт харагддаг байна. Барак Обамагийн аюулгүй байдлын асуудал учир Женерал Моторс компани Ерөнхийлөгчийн шинэ унааны үзүүлэлтийн талаар тодорхой мэдээллээгүй юм. Гэвч хүмүүсийн таамаг яриагаар энэ машин нь 6,6 литрийн багтаамжтай V8 турбодизель хөдөлгүүртэй аж. Тиймээс энэ нь ачааны хүнд даацын автомашинаас ч хүчтэй гэсэн үг юм. Уг машины урд гэрэл, толь гэх мэт эд анги нь Эскаладе загвартай ижил юм. Энэ төрлийн хэд орчим лимузин үйлдвэрлэсэн тухай тагнуулын газраас мэдээлээгүй аж.

Путины төмөр хүлэг

Саяхан ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путин Орос орныг удирдах дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн билээ. ЗХУ нуран унаснаас хойш Оросын бүх удирдагчид зөвхөн гадаад үйлдвэрийн машин хөлөглөдөг байв. Путины шинэ төмөр хүлгийн үзүүлэлтүүдээр Чөлөөт Европ Радио Станц инфографик бүтээжээ.

Энд дурдсанаар бол шинэ лимузин нь 860 морины хүчин чадалтай, 6.6 литрийн V12 бензин хөдөлгүүртэй, 1.68 м өндөр, 2 м өргөн, 6.84 м урттай, хуяглагдсан, 6 тонн жинтэй, дөрвөн дугуй нь хөтлөгчтэй унаа юм байна. Дэлхийн удирдагч нарын автомашинуудаас хамгийн томд тооцогдож байгаа гэнэ.

Монголын хамгийн үнэтэй машиныг хэн хөлөглөдөг вэ?

Монголын баячууд нэг хэсэг сайн моринд үнэ хайрладаггүй байсан. Харин сүүлийн үед сайн машинд үнэ хаядаг болоод байна.  Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 450.000 долларын үнэ бүхий “Мaybach 62” маркийн машин унадаг.  Харин “АПУ “компанийн захирал П.Батсайханы “Мansory Bentley” 350.000 ам.доллароор үнэлэгддэг аж. Харин Монголд хамгийн үнэтэй машиныг  их аварга Д.Дагвадорж хөлөглөж байна. Түүний 0068 улсын дугаартай  “Maybach 62S” машин  Монголд төдийгүй дэлхийн хамгийн үнэтэй машины жагсаалтыг тэргүүлдэг гэнэ. “luxury” ангиллын уг машины үнэ 550.000 ам.доллар аж. Үүнээс гадна МАК-ийн Нямтайширын гараашид дэлхийн үнэтэй автомашинууд өрөөстэй байдаг гэх мэдээлэл буй.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top