Харь гаригийн хөлөг болон хүмүүсийг харсан бодит тохиолдлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1977 оны хоёрдугаар сарын 04-нд английн Брод Хейвен тосгоны сургуулийн 10 настай хүүхдүүд тоглож байхдаа үл мэдэгдэх нисдэг биет харжээ. Энэ нь тухайн үед  Уэльсд болсон ээдрээтэй үйл  явдлуудаас хамгийн шуугиан тарьсан “хэрэг” нь  байлаа. Хоёрдугаар сарын эхээр энэ явдлыг дурсаж,  Дэвид Дэвис гэдэг хүн  Британийн “Би би си” телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Нисдэг таваг харсан тэр хүүхдүүдийн нэг Дэвид Дэвис “Тэгэхэд бөмбөгөр оройтой, янжуур шиг хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй хөлөг хоёр секунд орчим харагдаад модны цаагуур орчихсон. Надад ямар нэг айдас төрөөгүй гэхдээ гайхаж, бас зугтмаар санагдсан. Бусад хүүхэд ч гайхаж байсан. Энэ тухай багш, аав ээждээ хэлсэн чинь тэдний хэн нь бидэнд итгээгүй” гэж ярьжээ. Хүүхдүүдийн энэ яриа төд удалгүй сургуулийн захирлын сонорт хүрсэн байна. Захирал багш нь хүүхдүүдийг дуудаж авчраад  ширээний ард тус тусад нь суулгаад “Та нар тэр харсан зүйлээ зур” гэж хэлжээ. Хүүхдүүдийн зурсан зураг хоорондоо бараг ялгагдахааргүй их адилхан байсан гэдэг. Хүүхдүүд харсан хөлгийнхөө оройг  хөмөрсөн таваг шиг дүрсэлсэн байна. 
Үүнээс гадна хоёр сарын дараа  Брод Хейвений зэргэлдээх Литл-Хевен тосгоны зочид буудлын эзэн Роза Грэнвилл “хөмөрсөн таваг”-тай төстэй биет мөн шовгордуу толгойтой хүн дүрстэй учир нь үл мэдэгдэх хоёр амьтныг харснаа ярьсан байна. Роза Грэнвиллийн хэлснээр бол тэрхүү нисдэг биет нь ер бусын их дулаан ялгаруулсаны улмаас түүний нүүр нь жигтэйхэн халуун оргижээ. Зочид буудлын эзэн цааш нь ярихдаа  “Тэндээс ялгарч буй хурц гэрлээс солонгын бүх өнгө цацарч байсан. Би айснаасаа болоод энэ туяанаас дээрх биет хэрхэн гарч ирснийг ойлгоогүй. Хэсэг хугацааны дараа нисдэг биетийг анх  харсан тэр талбай руугаа очсон чинь газрынх нь гадаргуу халчихсан байсан ”гэжээ. Харь гаригийн ер бусын биет энэ газарт үзэгдсэн талаар мэргэжилтнүүд хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн хэдий ч тодорхой дүгнэлт гаргаагүй байна.  Тухайн газарт ирсэн Британийн агаарын зэвсэгт хүчний нэг офицер “Бид тун удахгүй “нисдэг таваг”-наас энд буудалласаны хөлсийг  авах болно” гэж тоглоом шоглоомоор хэлсэн гэдэг. Зарим нь хүүхдүүд усан хоолойн ус агуулах савны таглааг нисдэг тавагтай андуурсан байж болзошгүй гэж үзжээ. Гэвч хөдөө аж ахуйн бүс нутагт өссөн хүүхдүүд техникийн мэдлэг сайтай байсан юм. Энэ явдлыг зэвсэгт хүчнийхэнтэй хамтран шалгасан  шинжээч Эмлин Уильямс “Нэг хүүхэд худал хэлж болно. Харин нэг ангийн бүх хүүхэд ингэж зохиож ярина гэдэг юу л бол...” гэжээ. Үүний учир шалтгааныг одоо болтол тайлбарлаж чадаагүй байна.

Нисдэг таваг, “Оддын хаалга” төсөл

Нисдэг тавагны домгийг АНУ-аас “гаралтай” гэх нь бий.  Анх 1947 онд Америкийн нисэгч, бизнесмен Кеннет Арнольд Вашингтон мужийн уулан дээгүүр онгоцоор нисч явахдаа өмнө нь огт харж байгаагүй таваг мэт хэлбэртэй үл мэдэгдэх есөн биет хажуугаар нь асар хурдтай өнгөрөхыг харжээ. Арнольд энэ үл мэдэгдэх биетийг нисдэг таваг гэж нэрлэснээр “нисдэг таваг” хэмээх нэр томьёо бий болж, АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчин албан ёсоор хэрэглэж ирсэн байна.  “Нисдэг таваг” гэсэн нэр томьёог анх Дональд Кихоу 1953 онд  өөрийнхөө бичсэн номонд ашиглажээ. Тэрээр Америкийн тэнгисийн цэрэгт алба хааж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас чөлөөнд гарсан байна. Дараа нь тэрээр нэгэн сэтгүүлийн газар ажиллан нийтлэл бичиж эхэлжээ. Дональд Кихоу 1953 онд “Сансраас ирсэн нисдэг таваг” гэсэн ном гаргасан нь уншигчдын сонирхлыг ихэд татсан гэдэг. Тэр цагаас хойш нисдэг тавагны тухай домог шиг мэдээлэл түгэн тарсаар өнөөдрийг хүрчээ. Энэ 2017 оны эхээр АНУ-ын Тагнуулын Төв газрын нууцлах хугацаа нь дууссан 13 сая хуудас бүхий дотоод баримт бичгээ хэвлүүлжээ. Нийтэд ил болгосон энэхүү баримт бичигт Солонгос, Вьетнамын дайны явцын тухай жирийн лавлагаанаас гадна байдлаас нь харахад Тагнуулын Төв газрынхны анхаарлыг  олон жилийн турш татсан нисдэг таваг,  далдын хүчтэй холбоотой  сонирхолтой зүйлийг тусгасан байна. 1960,1970-аад онуудын баримт бичгүүдийг тухайлбал,  АНУ-ын засгийн газрын албан ёсны төсөл “Хөх цэнхэр ном”-ыг ирээдүйгүй гэж тооцсон тул хаажээ.Тэдгээр баримт бичгүүдийн нэгэнд нь Олон улсын нисэхийн хорооны оролцооны талаар дурдсан байна. Үүнд Тагнуулын Төв газар нисдэг тавгийг ажигласаны 20-иос доошгүй хувь нь тохиолдлын шинжтэй байсан, үүнтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. “Олон улсын нисэхийн хороо  хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, засгийн газрыг тодорхой хэмжээнд авч үзвэл зохих  нисдэг тавагны асуудлыг судалж байна. 1947 оноос хойш бид нисдэг тавагтай холбоотой 1500 орчим албан ёсны илтгэл авсны 20 орчим хувь нь ямар ч  тайлбаргүй байна” гэж баримт бичигт тэмдэглэжээ. Тагнуулын Төв газар анх удаагаа ийнхүү нисдэг тавагтай холбоотой баримтыг нийтэд дэлгэж байгаа юм биш.  Өнгөрсөн жил 2016 оны нэгдүгээр сард Африкийн уран уурхайн бүс нутагт үзэгдсэн үл мэдэгдэх нисдэг биетийг  ажигласан талаар тухай  хэд хэдэн нийтлэл  гаргажээ. Оросын нэрт сансрын нисэгч Алексей Леонов нисдэг тавагтай холбоотой энэ мэдээллийг “тэр чигээрээ утгагүй зүйл” гэж нэрлэсэн байна. “ Энэ бүгд дэмий зүйл. Хэн ч хэзээ ч иймэрхүү юм харж байгаагүй. Энэ бол хэвлэл мэдээллийнхний “солиорол”. Тагнуулын Төв газар ямар сүрхий чухал байгууллага билээ дээ. Тус байгууллага өөртөө ашигтай гэсэн зүйлийг л хийнэ. Ямар ч захиалгыг биелүүлдэг байгууллага бол ТТГ. Би Хьюстон хотын сансрын төвд ажиллаж байхдаа энэ байгууллагатай харилцаатай байсан. Миний танил  “Эдвардс”гэсэн түшэц газрын ерөнхий захирал Том Стаффорд энэ талаар бас мэдээгүй байсан” гэж Алексей Леонов телевизээр ярихдаа хэлжээ. Үүнээс гадна баримт бичигт дурдснаар 1970-аад оны эхнээс Тагнуулын Төв газар   хүний далдыг харах боломж, зөн совин  мэдэрхүйн чадварыг сонирхох болсон байна. Тэндхийн мэргэжилтнүүд цэргийн буюу тагнуулын зорилго хүний далдыг харах чадварыг ашиглах боломжийг судлах, “Оддын хаалга” төсөл хэрэгжүүлэх ажил эхлүүлсэн байна. Жинхэнэ далдыг харах чадвар эзэмшсэн гэгдэж байсан Израилийн илбэчин Ури Геллерт ихээхэн анхаарал тавьдаг байжээ. Тэрээр 1970-аад оны эхээр АНУ, Баруун Европын телевизийн олон нэвтрүүлэгт оролцож оюун ухааны хүчээр ган халбагыг нугалж болох мэтийн үзүүлбэр үзүүлжээ. ТТГ Геллерийн чадварын тусламжтайгаар янз бүрийн нууц обьектууыг “ажиглах”, эсрэг этгээдийн зүгээс ийм явдал гаргуулахгүй байхад  түүнийг ашиглахыг төлөвлөж байсан аж. ТТГ-ын баримт бичгээс харахад 1973 оны наймдугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Геллерийг оролцуулан хэд хэдэн туршилт хийснийхээ дараа израилийн илбэчин үнэхээр далдыг харах чадвартай юм байна гэж үзсэн байна. Гэхдээ энэ явдлаас гурав хоногийн өмнө Геллер америкийн “Tonight Show” шоу нэвтрүүлэгт уригдан  оролцож  хөтлөгч Жонни Карсоны  өгсөн тоглолтын хэрэглэгдэхүүн дээр авьяасаа харуулж чадсангүй. Тэр цагаас хойш худал хуурмаг үзэгдлийн талаар өгүүлсэн янз бүрийн баримтат киноны үеэр энэ нэвтрүүлгийг ашигладаг болжээ. Дээрх баримт бичигт “Оддын хаалга” хөтөлбөрийг хэзээ чухам хаасан тухай дурдаагүй байна. Албан ёсны бус эх сурвалжийн мэдээлснээр уг хөтөлбөрийг тодорхой үр дүн гаргаагүй гэсэн шалтгаанаар 1995 онд хаажээ. Харин нисдэг тавагны талаар ямар нэг бодитой нотолгоо юмуу эсвэл няцаасан тодорхой зүйл дээрх баримт бичгүүдэд алга байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(64.119.21.179) 2021 оны 01 сарын 03

rael

2  |  0
Top